Оюутолгойн гэрээ УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцсэн төдийгүй Монголд ашигтай байгаа талаар Сангийн сайд С.Баярцогт тайлбар хийлээ. Өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээ Монголд гэхээсээ илүүтэй гадныханд ашигтай, тэдний эрх ашигт илүүтэй үйлчлэх болсон талаар нэр бүхий гишүүдээс эхлээд эрдэмтэн, судлаачид хүртэл мэдээлэл хийх болсон. Улмаар нэр бүхий 20 гишүүн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолд нийцүүлэх нь зүйтэй хэмээн Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ нь тэрхүү 20 гишүүний л байр суурь болохыг салбарын сайд нь онцоллоо.
Иймээс гэрээг тойрсон ээдрээтэй асуудлыг нэг мөр болгож цэгцлэх үүднээс он дарааллаар нь нэг бүрчлэн тайлбарласан юм. Оюутолгойн зэс, алтны ордыг ашиглах талаар Засгийн газартай тогтвортой байдлын болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлтийг Канадын “Айвенхоу Майнз Монголиа” ХХК урьд өмнө хэд хэдэн удаа ирүүлжээ.
Улмаар 2006 онд хүсэлтээ дахин ирүүлж, хэлэлцээ хийсний үр дүнд хөрөнгө оруулалтын гэрээний төслийг 2007 оны зургаадугаар сард УИХ-д хэлэлцэн шийдвэрлүүлэхээр өргөн барьсан байдаг. 2008 оны эхээр яриа хэлэлцээг дахин үргэлжлүүлсэн боловч сонгууль дөтөлсөн байсан тул хойшлуулжээ. Сонгуулийн дараа 2008 онд УИХ-аас 40 дүгээр тогтоолыг баталж яриа хэлэлцээг дахин эхлүүлсэн байна. Улмаар Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрх баригч хоёр нам хамтарсан Засгийн газрыг байгуулав. Ийнхүү өнөөгийн парламент 40 жил бууринаасаа хөдлөөгүй чулууг ганхуулж чадсан гавьяатнуудтай гэгддэг. Тэрхүү цаг мөчтэй холбогдох хуанлиг эргэн сөхвөл:
2009.07.16 УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай 57 дугаар тогтоол батлагджээ.
2009.07.21 Ерөнхий сайдын Оюутолгойн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх батлах тухай 73 дугаар захирамж гарсан байна.
2009.08.13 Засгийн газраас УИХ-д хуулийн төслийг өргөн мэдүүлэх тухай 1/115 тоот албан бичиг: Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Ус, Авто замын тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт орсон.
2009.10.06 Засгийн газраас гэрээнд гарын үсэг зурах эрх олгох тухай 308 дугаар тогтоол гарчээ. Гэрээг үзэглэв.
2010.03.31 Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр боллоо.
Дээрх он дарааллын үйл явдлын талаар салбарын сайд ярих бүртээ Оюутолгойн гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн, Монголын талд хамгийн ашигтай болохыг тодотгож байсан юм. Тухайлбал, Монгол Улс 34 хувиа үнэ төлбөргүй эзэмшихийн зэрэгцээ татварын аргаар хэдийн ашгаа аваад эхэлсэн гэнэ. Өнгөрсөн жил 40 сая ам.доллар авсан бол энэ жил 60 орчим сая ам.доллар авчээ. Энэ мэтээр 19 тэрбум ам.долларыг татвараар авна. 2009-2059 он хүртэл эдийн засгийн тооцоо гаргаж, зэсийн үнийг 4408 ам.доллар гэж тусгасан.
Ингэснээр 30 жилийн дараа манай улс 29 тэрбум ам.доллар буюу төслийн 53 хувийн ашигтай. Өнөөгийн ханшаар авч үзвэл 59 хувийн ашигтай гэсэн үг. Харин ордын 50 хувийг эзэмших байдлаар “Эрдэнэт”-тэй ижил нөхцөлөөр гэрээг үзэглэсэн бол манай улсад ашиггүй гэдгийг учирлав. Роберт Фрийдланд ийм нөхцөлөөр гэрээ хийхийг хэдэнтээ санал болгосон ч манай тал хүлээн аваагүй аж. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд гэрээг тойрсон асуудлаар гарч байсан элдэв сөрөг мэдээллийг тэрбээр үгүйсгэсэн юм. Жишээлбэл, Монголын эзэмшлийн 34 хувь долоо болтлоо буураагүй. Тэр ч бүү хэл, энэ хувь хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй болохыг онцолсон.
Харин манай улс хэдийд ч 16 хувиа худалдан авах боломжтой. Гэхдээ үүнд яарах хэрэггүйг салбарын сайд хэлэв. Иймээс 70 настай ордыг хоёр ой хүрч байхад нухчих гээд байгаагаа үйлдлээ зогсоох хэрэгтэйг нөхөддөө уламжиллаа. Мөн тэрбээр шаардлага хүргүүлэгчдэд хандан УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжсэн гэдгийг онцоллоо. УИХ-ын байр суурь ч ийм гэнэ. Энэ нь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дүгнэлтээр нотлогдох болохыг хэлэв. Хэрэв асуудлыг урвуугаар нь хараад байвал эцэстээ манай улс Хойд Солонгос шиг болохыг анхааруулсан. Улмаар жилд 20 хувийн өсөлт гаргадаг ямар ч орон байхгүйг тэдэнд санууллаа. Монголын Засгийн газар, “Айвенхоу майнз”, “Рио тинто” компанийн хамтарсан мэдэгдлийн тухайд Оюутолгойн гэрээ УИХ-ын хууль тогтоомжид нийцсэн болохыг бататгасан зүйл. Түүнээс биш хэн нэгэн нь буулт хийсэн мэтээр ойлгох нь буруу гэв.
Тэрбээр энэ завшааныг ашиглан ширээний андтайгаа эвдрэлцсэн зүйл байхгүй хэмээн хэлээд амжсан. УИХ-ын гишүүн Н.Батбаяр Оюутолгойн гэрээг хурцаар шүүмжлэгчдийн нэг. Дугуй танхимдаа нэг ширээнд тохой нийлүүлэн суудаг эл хоёр нөхрийг Сангийн сайдын суудлыг булаалдан дийлдсэндээ нэг нь өширхөж явдаг талаар улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийдэг. Тэгвэл “Энэ нь цуурхал. Бид нэг зүйлийг хоёр талаас нь ярьж сайжруулахын төлөө явж буй нөхөд. Сонгуулиас өмнө хоёулаа нүүр тулсан ярилцлагад орохоор төлөвлөсөн” хэмээн ярилаа. Сайдын яринаас дүгнэхэд Н.Батбаяр гишүүн сонгуулийн сурталчилгаа хийж, Оюутолгойгоор шоудаж байна уу даа гэх өнгө аяс цухалзаж байлаа.
Түүнчлэн сайдын яриа бүрт боломж бий гэх үг цухалзаж байсан. Тэгвэл энэхүү боломжийг хэн бодит ажил болгох талаар сэтгүүлчийн асуултад “ТУЗ-ийн гурван гишүүн” хэмээн хээвнэг хариулав. Цаг төр өөрчлөгдөж, дараагийн парламент Оюутолгойн гэрээ хууль зөрчжээ хэмээн үзвэл Сангийн сайд С.Баярцогт хариуцлага хүлээх үү гэхэд “Хэрэв гэрээг хүчингүй болговол би биш бүгд алдана” хэмээн асуултыг нэлээд тойруулж ярьсны эцэст “Би хүлээнэ” гэв. Араас нь ийм зоригтой шийдвэр гаргаж байгаа нь анхны тохиолдол биш гэдгээ тодотголоо.
Магадгүй маргаан үргэлжилсээр “Рио Тинто”, “Айвехоу майнз”-тай тангараг тасарснаар монголчууд том хохирол хүлээх гэнэ. Хөрөнгө оруулагч тал Олон улсын Арбитрын шүүхээр эцэс төгсгөлгүй маргаан өдүүлж, хөрөнгө оруулсан таван тэрбум ам.доллараараа л шатна.
Харин манай улс Оюутолгойгоос олох 29 тэрбум ам.доллараар хохироод зогсохгүй, дэлхийн тавцанд нэр хүнд нь унаж, орж ирэх олон хөрөнгө оруулалт үгүй болно гэв. Учир нь “Рио тинто” манайхтай хамтарч ажиллахаар болсонтой холбоотой гадны хөрөнгө оруулагч нар Монгол Улсыг сонирхож эхэлснийг онцолсон юм.
Энэ өдөр Сангийн сайд өгөөмөр загнаж, Засгийн газарт байгаа бүхий л материалаа олны өмнө ил гаргав. Улмаар гэрээг үзэглэсэн өдөр болох аравдугаар сарын 6, гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн гуравдугаар сарын 31-нийг тодотгол болгон жил бүрийн эл өдөр Оюутолгойн гэрээг тойрсон асуудлаар нээлттэй ярилцлага өрнүүлж байх гэнэ.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.