
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн гарснаас хойш ялж сураагүй нь хариугүй буцаад сөрөг хүчин болох гэж байгаа юм шиг адгаж, дайрч, довтолж, нэгэн цагийн хамтрагчаа доош хийж, харин ялагдаж сураагүй нь бухимдаж, гомдож, хууль журам зөрчиж, өндөр сэнтийгээс ховх унасандаа амь тэмцсээр өнөөдөр ийнхүү тэсэрч байна. Бүр өөрсдийнхөө баталсан хуулийг гишгэлээд шүү.
Ялж сураагүй нөхөд дээшээ гарахаараа их яаруу болдог ажээ. УИХ-д хууль ёсны бүлэг байгуулах нь гарцаагүй. Гэтэл МАН-ынхны бүлгийг байгуулж өгөлгүй өнөөг хүрэв. Өвөрхангайн шүүхийн шийдвэр эцэслэж гартал хүлээж л байхгүй АН-ын хоёр нэр дэвшигчээр тангараг өргүүлнэ гэж шуурав. Олон суудалтай болсон дээрээ амжуулъя гэсэн шиг холио солио хийж, хойно өмнөгүй бужигнуулав. Цөөнх байхдаа олонхид дарлуулж явсныхаа хариуг авах гэж зарим нь эсрэг намын генсек асны өмнөөс салаавч харуулав. Нэг танхим, нэг Засгийн газарт хамтарч явсан андуудаа голгүй муухай дээрэлхээд ч байгаа юм шиг.
Ялагдаж үзээгүй “ах” нар дандаа хүндлүүлж, гуйлгаж сурсан зангаараа үзэх гээд болохгүй болохоор гүн тэсрэлтэд оров. Хууль зөрчиж гөжүүдэлж суугаад бүлэггүй хоцров. Сонгуулийн хууль илт зөрчсөн баримт нь байхад зөрчөөгүй гэж тулгасаар Өвөрхангайн хоёроо унагав. Омогтой зарим нь салаавчны өөдөөс шанаадаж хариулав. Уулын оройгоос өнхөрч унах ямар эвгүйг буй биеэрээ мэдэрч шархныхаа халуун дээр жагсч, цуглаж, цамнаж, бүр байчихаад чуулганы хуралдааны танхимыг буйдангаар даран уриа лоозон гартаа атган эгнэн сууцгаав. Ордны гадна өрнөсөн жагсаал ордон дотор УИХ-ын гишүүдийн суултаар үргэлжлэв. Ард түмний 40 хувийн саналыг та нар хүндэлсэнгүй хэмээн АН руу бухимдав. Жагсагчдын дийлэнх нь өвөрхангайчууд. Бүр төрийн албан хаагчид нь хууль зөрчин иргэдийг дагуулж ирээд Төрийн ордныг гороолж явна. Тэд нэг нутгаас ирсэн нь мэнд уснаас нь андашгүй. “Хэзээ ирсэн бэ хө. Өчигдөр орой хө. Хэдүүлээ ирсэн бэ хө. Манай багаас арвуулаа хө. Аан. Манайхаас 15-уулаа хө” гэлцэн ордон тойрцгоож өнжив.
Дээр үед энэ бүхэн яг эсрэгээрээ өрнөж байсан юм. УИХ-ын 2000 оны сонгуулийг эргэж саная. Иргэдийн 50 гаруй хувийн саналыг авсан тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН парламентад 72 суудал авсан. Нөгөө 40 хувь нь яасан гээч. Ардчилагчдаас ганцаараа ялсан Ж.Наранцацаралт агсан. ИЗНН-ын С.Оюун, “Эрэл”-ийн намын Б.Эрдэнэбат, бие даагч Л.Гүндалай дөрөв л тэр 40 хувийг төлөөлж орж ирсэн. Гар тооллого, сонгуулийн цэвэр мажоритар системийн аюул бол тэр. Эрх бариг ч МАХН дарангуйлаад л 40 хувийг дөрөвхөн хүнээр төлөөлүүлсэн. Одоо бол харин ч 25 хүн тэр 40 хувийг төлөөлж байна.
Эрх баригчдын амлалт хоосон үг болон хоцорч, сөрөг хүчний дөрвийг даан ч хайргүй азаргалах үед эрхэм гишүүн Л.Гүндалай саарал даавуу дээлийнхээ энгэр, ханцуйнаас эрх мэдэлтнүүдийг шүүмжилсэн уриа лоозон гарган “илбэдэж” чуулганы нээлтийг тасалдуулж дөнгөдөг байсан юм. Хувь заяаны шоглоомоор өнөөдөр харин гишүүн асан Л.Гүндалай өөрийнх нь “патент”-ыг тухайн цагт өөрийг нь дарамталж явсан нөхөд өвөр дээрээ тавьчихаад эгнээд сууж байгааг харав. Юм ээлжтэй гэдэг энэ ажээ.
“Бидний байр солигдчихжээ” гэж гишүүн асан Л.Гүндалай нэг ангид сууж байсан нөхдөдөө хэлнэ лээ. Өөрийг нь уриа лоозон харуулдаг “алиа салбадай” хэмээн шоолж асан МАН-ын томчууд өнөөдөр албан тушаал, эрх мэдлээ халуулчихаад лоозон тэврээд сууж байдаг.
Хошин шогийн үзэгдэл гэмээр энэ явдал Монголд улс төрийн төлөвшсөн нам байхгүйг, улс төрийн соёлын үнэр ч ороогүйг дахин харуулав. Ялсанд нь төр, засгаа ноён нуруутай залж, сөрөг хүчнээ хүндэтгэх наад захын ухамсар дутаж байна. Ялагдсан нь “Эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдгийг санаж сөрөг хүчний хяналтын үүргээ гүйцэтгэмээр. Сонгуулиар хэн нь ч хэнийхээ тавагтай хоолыг булаагаагүй. Хуулиараа болж өнгөрсөн. Сонгогчид дүнгээ тавьсан байхад ялагдсан нь тахимаа өгдөг л газар баймаар.
Сонгогчид МАН улс орноо тааруу авч явлаа гэж муу дүн тавиад төрийн албанаас завсарлуулсан. АН-д итгэл хүлээлгэж төрийнхөө жолоог атгуултал харин сөрөг хүчиндээ хаалгаа таглуулаад хурлаа ч хийх тэнхээгүй суучихав.
Сонгогчид хоёр намд нэг нь эрхээ бариад нөгөө нь хяналтаа тавиад бидний амьжиргааг өөд татаж улс орноо үүрч яв гэсэн байхад “УИХ-ын сонгууль бол албан тушаалын төлөөх өрсөлдөөн” хэмээх ахархан бодолдоо хүлэгдээд сууж байна. Жирийн сонгогчдод бол тэдний үйлдэл ингэж л харагдаж байгаа. АН нь засагласан шиг засаглаж, МАН нь хянасан шиг хянахыг л иргэд тэдэнд даалгасан. Өвөл хаяанд тулж ирлээ. Хошин шогийн гэмээр үзэгдлээ улстөрчид орхиж төсөв, төлөвлөгөөгөө батлах ажилдаа орохыг сонгогчид хүлээж байгаа.
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 19, 2012 9:12:59 am )
НЯМДОРЖ ХЯМРАЛ ЯРИААААД Ч БАЙХ ШИГ
-
Anonymous (October 19, 2012 9:35:42 am )
Гүндалайд МАН хулгай хийсний төлбөр төлөөч ээ.
-
Anonymous (October 19, 2012 9:40:53 am )
vnen alban tushaalin toloo yaj vheldej bgaag harj bn MAN gishvvd barag am hamar ni chichreed dairaad bhin Vndsen ajlaa hiij uls oron ard tvmniihee toloo ajil gej ta narig songoson Ovorhangain 4 gishvvn oron nutgiin songuulitai hamt dahin songuuli og Gehdee yamar ch zardalgvi reklamgvigeer
-
Anonymous (October 19, 2012 10:34:57 am )
Mongol boh songuuli 2 ijijl yma kk unasan n tahima ogch chaddaggui
-
Anonymous (October 19, 2012 5:43:00 pm )
МАН ААС АН АРАЙ ДЭЭР АРДЧАЛАЛЫН ҮНЭРТЭЙ МАН БОЛ ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧ НАРЫН ЯЛЗАРСАН ҮНЭРТЭЙ
-
Anonymous (October 19, 2012 7:00:54 pm )
dahin songuul yawuul zardalig ni oorsdoosni yawuul man boloo yalagdaj sur lalaruudaa heleh haraal ch alga
-
Anonymous (October 19, 2012 10:48:27 pm )
Ter buidan deer suuj baigaa xeden xulgaich nar chinx arai oor gazar suuj baix estoi biz dee. Songochgui Nyamdorj icheesei. Eronxiilogchoo naad MAN- iin xed chinx xuulx busaar toriin ajil tasalduulj baina shuud barivchilj erxiig nx tudgelzuul. MAN bur iced nx ee. MAN gej naad xeden xulgaich nar l baigaa shuu dee tednii gar xoliin togloom bitgii bolood baigaachee ta minx ted darga bolj chadaaguidee buxmdaad ard tumniig turxiraad baigag oilgogsgoo.
7 Comments