antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 16, 2012 Comments are off

Э.Чинбаатар: Нэг хүн бусдын гарт амь тавьж, нэг өрхийн голомт унтарсан

нийтлэсэн Admin

Одоогоос долоон сарын өмнө Төв аймгийн Жаргалант сумын нутагт орших Газар хот хэмээх газарт иргэн Э. Чинзориг бусдын гарт амиа алдсан аймшигт хэрэг гарчээ. Эл хэргийг талийгаачийн найзууд үйлдсэн гэх ч шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож, “хэрэгтнүүдийг” цагаатгаад буй юм. Энэ хэргийн талаар хохирогчийн дүү Э.Чинбаатартай ярилцлаа.

-Таны ах бусдын гарт амиа алдсан гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-2012 оны гуравдугаар сарын 12-ны шөнө талийгаач ах маань бусдад зодуулан амь насаа алдсан. Энэ хэрэгт хуулийн байгууллага эрүү үүсгэн шалгасан. Тухайн үед талийгаач ахтай маань найз гэх гурван хүн хамт явж байсан. Харин Төв аймгийн шүүх эдгээр гурван хүний хоёрыг нь сэжигтнээр татаж улмаар нэгийг нь гэрч гэх үндэслэлээр гадуур байцаасан. Харамсалтай нь сэжигтэн гэх хоёр хүний нэг нь мөн адил дээрх үндэслэлээр хуулийн гадуур шалгагдаж улмаар цагаадсан. Тэгээд хоёрыг нь сэжигтнээр шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн ч нэг нь хуулийн гадна үлдсэн.

-Болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Тухайн үед миний бие Улаанбаатарт байсан юм. Манай ээж, талийгаачийн эхнэр хоёрын ярьж буйгаар гэртээ байхад нь Ц.Өнөрбат утсаар дуудсан. Ингээд ах машинаа асаагаад гаргаад явсан гэсэн. Тэгээд л буцаж ирээгүй.

-Хүн амины хэрэг үйлдсэн гэх нөхдүүд чухам хэн хэн байсан юм бол. Хэрэг гарсан өдрөөс хойш бараг хагас жил өнгөрчээ. Хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Эрхэлсэн тодорхой ажилгүй О.Отгонбаяр, Ц.Өнөрбат, Н.Отгонбаатар гэдэг хүмүүс байсан. Гэтэл энэ хүмүүсээс зөвхөн О.Отгонбаярыг хорьж бусдыг нь гадуур байцааж хэрэг замхруулах шалтгаан болгосонд үнэхээр их гомдолтой байгаа. Үхсэн хүн үг хэлэх биш гэсэн байдлаар хандаж байгаад гомдож байна. Хамт явсан гурван хүнийг сэжигтнээр татаад шалгасан бол өнөөдөр арай л өөр зүйл ярих байсан байх. Ц.Өнөрбат, О.Отгонбаяр нарыг сэжигтнээр татсан. Гэтэл шүүх хурал болохоос өмнө Ц.Өнөрбатын хэргийг хэрэгсэхгүй болгоод гаргачихсан. Харин О.Отгонбаярт холбогдох хэргийн шүүх хурал болж хэргийг нь цагаатгасан байгаа.

-Бусдын гарт зодуулан амиа алдсан гэх. Тэгэхлээр шүүх хурлын явцад нотлох баримт хангалттай биш байсан хэрэг үү. Талийгаач биедээ гэмтэл, бэртэлтэй байсан уу?

-Талийгаач маань тархиндаа хүнд гэмтэл авсан. Тархиных нь 99 хувь гэмтэлтэй тэр чигтээ бяцарчихсан байсан. Гэтэл талийгаачийг өөрөө уначихсан гэж үзээд байгаа. Ах минь хүн унаад гэмтэж бэртчихээр газарт яваагүй. Хад асга, чулуу байгаагүй. Жаахан хэвгий газар байсан. Зөв зүгээр эрүүл саруул хүн чинь явж байгаад унахдаа тархи нь бяцарна гэж байхгүй. Гэтэл сэжигтнүүд өөрөө унаад гэмтчихсэн гэдэг. Хэн ч бодсон байж болшгүй зүйл.

-Талийгаач гэр бүлтэй байсан уу?

-Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан. Бага хүүхэд нь хоёр сартай, том нь ой гарантай л үлдсэн. Гэтэл өнөөдөр дээрх хэрэгт холбогдсон гэх хүмүүст талийгаач ахын минь үр хүүхдийн ирээдүй сонин биш зөвхөн амиа хоохойлох гэсэн л нөхдүүд байна. Тэд ч гэсэн үр хүүхэдтэй. Адилхан нутаг нэгт ахын минь найз гэсэн нэр зүүгээд л явж байсан шүү дээ. Гэвч өнөөдөр бидний хэнтэй ч ирж уулзсангүй. Ядаж хүний ёсоор ирж эмгэнэл ч илэрхийлээгүй.

-Талийгаач гэр бүлтэй ч ээж, аав дээрээ амьдардаг байсан хэрэг үү?

-Гэр нь тусдаа ч нэг хашаанд амьдардаг байсан.

-Гэмт хэрэг шөнө гарсан гэсэн. Хэргийн газарт үзлэг хийх үйл явцад хохирогчийн ар гэрээс байлцсан уу?

-Хүмүүсийн ярьж буйгаар 22.00 цагийн орчимд хэрэг гарсан гэдэг. Харанхуй болчихсон байсан үе. Хэрэг гарсан газрыг нь мэдэж байгаа. Сумын төвдөө.

-Сэжигтнээр тооцогдоод байгаа хүмүүс талийгаачтай ямар холбоотой юм бэ. Найзууд байсан уу?

-Талийгаачаас насаар ах ч найзууд гэдэг байсан.

-Хэрэгт сэжигтнээр татагдсан хүмүүс цагаадчихаар хэргийг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Таны бодлоор энэ хэрэгт Ц.Өнөрбат, О.Отгонбаяр нар үнэхээр буруутай юу?

-Нэг хүн бусдын гарт нас барж, нэг өрхийн голомт унтарсан гэхээр яах аргагүй хүн амины хэрэг. Сэжигтэн этгээдүүд хуулийнхантай хуйвалдаж хэргийг замхруулж байна гэхээс өөр аргагүй. Хэрэг гарсны дараа өмгөөлөгчид нь хэргийн газарт очсон явж байсан гэсэн. Өмгөөлөгч нь гэрчүүд гэх хүмүүстэй уулзаж ярилцаад явж байх жишээтэй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрдөг. Төв аймгийн Жаргалант сумын хүний их эмч Н.Машбат гурван удаа мэдүүлэг өгсөн байдаг. Үнэн бодит мэдүүлэг бол анхныхаараа л байна биз дээ. Гэтэл дахин дахин өөр мэдүүлэг өгсөн.

Сэжигтнүүдийг гэм буруугүй гэдгийг харуулах гэсэн мэдүүлэг байдаг. Сэжигтэн О.Отгонбаяр мэдүүлэхдээ “Миний ард явж байгаад уначихсан. Би хараагүй” гэсэн бол дараагийн мэдүүлгэдээ “Миний урд явж байгаад rap сарвайгаад хойшоо нь уначихсан” гэж хэлсэн байсан. Харин гэмтлийн эмнэлгийн эмчид хэлэхдээ “Ноцолдож байгаад саваад унахдаа ингээд гэмтчихсэн” гэж ярьсан байгаа. “Машинаасаа буух гэж байгаад өнхрөөд уначихсан” мэтээр янз бүрийн байдлаар мэдүүлэг өгсөн.

-Эдгээр хүмүүсийн аав, ээж, ар гэрийнхэн нь тийм нэр нөлөө бүхий хүмүүс үү. Энэ талаар?

-Жаргалантад амьдардаг хүмүүс. Ер нь чинээлэг айлууд гэгддэг. Дам дуулахад, Ц.Өнөрбатын аав нь Төв аймгийн прокурорт танил талтай гэж яригдаж байсан. Төв аймгийн прокурортай суусан ч гэх яриа байдаг.

-Олон дахин мэдүүлэг өгсөн Н.Машбат эмчийн тухай ярихгүй юу. Талийгаачийг гэмтэл аваад ирэхэд амь насыг нь аврах боломж тэр хүнд байгаагүй юм болов уу?

-Эмчийнх нь талаар сайн мэдэхгүй. Сүүлд л манай суманд ирсэн эмч юм билээ. Тэр эмч талийгаачийн ээж. эхнэрт ярихдаа “Түргэний машинаар явуулах боломжтой байсан” гэж хэлснээ дараа нь “Боломжгүй байсан” гээд ярьсан байдаг. Мөн мэдүүлэгтээ хүртэл зодолсон байсан, хувцас нь шороо болчихсон байсан гээд олон янзаар ярьдаг. Гурван сард гарсан хэргийн мэдүүлгийг тавдугаар сард авсан байсан. Түүнчлэн сувилагч Н. Батцэцэг гэж хүн бий. Тэр сувилагчаас манай аавын төрсөн дүүгийн эхнэр юу болсон талаар асуухад “Түргэний машинаар явах боломжтой байсан” гэж хэлсэн байдаг.

-Талийгаачийг яагаад түргэний машинаар зөөгөөгүй сэжигтнүүдийн машинд суулгаж Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн юм бол?

-Түргэний машинаар авч яваагүй хэрнээ сэжигтнүүдийн машинд суулгасан байгаа. Жаргалантаас нийслэл рүү ирэхэд 100 гаруй км газар шүү дээ. Гэтэл тэр хооронд 6-8 цаг явж ирсэн байгаа юм. Тэр хугацаанд юу болсныг хэн ч мэдэхгүй.

-Яагаад тийм удаан явсан юм бол?

-Машины пирда хий эргэсэн гээд байгаа юм. Гэтэл О.Отгонбаярын ах нь О.Бямбацогт “Машиных нь пирда гайгүй л байсан даа” гэж ээж, аавд хэлсэн байдаг.

-Бусдад зодуулж гэмтэл авсныг нь мэдсээр байж ар гэрийнхэнд нь дуулгаагүй шууд л нийслэл рүү явуулчихсан хэрэг үү?

-Хот руу явуулахаас нь өмнө гэрт ирж хэлсэн байсан. Тэгэхээр нь “Зүгээр байсан хүүхдийг дуудаж авч гараад гарыг нь гэмтээчихсэн. Өөрсдөө авч яваад боолгуулчих” гэсэн юм билээ. Учир нь ээж талийгаачийн хоёр нялх хүүхдийг харж байсан болохоор тэгээд хэлсэн байх.

-Ахыг чинь авч явсан сэжигтнүүдээс хот орох замдаа юу болсныг асуусан уу. Тэд юу гэж байх юм?

-Сэжигтнүүдийн ярьснаар замдаа 92-ын гуанз гэдэг газраар дайрсан гэдэг. Тэр үед ухаантай байсан. “Хоол идэх үү” гэхэд нь идэхгүй гэж хэлсэн гэсэн. Наашаа явж байхад чимээгүй болсон болохоор унтчихсан байна гэж бодсон гээд байгаа юм.
Үүр цайх үеэр нийслэлд ирээд эмнэлэгт очиход ухаангүй байсан. Гэмтэл согог судлалын төвд ирэхэд Н.Гантулга гэдэг эмч хүлээж аваад юу болсныг асуухад “Ноцолдож байгаад саваад уначихлаа” гэж хэлсэн байдаг.

-Хэдэн цагийн үед Жаргалант сумаас хөдөлсөн юм бэ. Цаг хугацаа нь зөрөөд байх шиг санагдах юм?

-Цаг хугацааны хувьд зөрүү гараад байгаа. Жаргалант сумын эмнэлэгт очихдоо 22.30 цагийн үед очсон байдаг. Гэтэл Гэмтэл согог судпалын эмч нарт 00.00 цагийн үед ноцолдож байгаад бэртчихпээ гэж хэлсэн байсан.

-Талийгаачийг суманд нь эмчлэх боломж байгаагүй хэрэг үү. Нааш нь явуулах шалтгаан байсан юм уу?

-Сумын эмнэлэгт өвчин намдаах тариа хийж, гаранд нь сойлт хийсэн. Тэгээд эгэм нь хугарсан байна. Яаралтай хот яв гэсэн юм билээ.

-Хэдийгээр сумын төвийн эмч нар хохирогчид анхан шатны тусламж үзүүлсэн ч сэжигтэн гэгдэх хүмүүст өвчтөнөө өгөөд явуулсан нь хачирхалтай санагдаж байна л даа. Яагаад түргэн тусламжийн машинаар хүргээд өгч болоогүй юм бол?

-Анхны тусламж үзүүлсэн гэхээр хувцас дунд нь сойлт хийсэн боолт байсан. Хамгийн гол нь мэдүүлэг зөрөөд байгаад гайхаж байна. Сувилагч Н.Батцэцэг “Шанаанаас нь гарсан цусыг цэвэрлэсэн” гэсэн байдаг. Тэгсэн мөртлөө хуулийн байгууллагын өмнө “Шалбархай төдий зүйл байсан” гэж хэлээд байгаа. Н.Машбат эмч “Шалбархай мэдэгдээгүй, гэхдээ зулгарсан юм байж магадгүй” гэх мэт зүйл ярьсан. Ар гэрийнхний зүгээс хэлэхэд тийм хүнд өвчтөн ирчихээд байхад хайнга үзсэн гэж дүгнээд байгаа юм. Шалбарсан байж магадгүй гэдэг чинь юу гэсэн үг вэ. Машин нь хүрэлцэхгүй байсан болохоор өгч явуулсан мэтээр яриад байгаа.

-Хэргийг шийдвэрлэхэд шүүх эмнэлгийн дүгнэлт чухал. Тэгэхээр эмч нарын дүгнэлт юу гэж гарсан байдаг юм бэ?

-Гадны нөлөөнөөс үүссэн гэмтэл, хатуу мохоо зүйлээс үүдэж гэмтсэн гэсэн. Зүүн мөрний эгэм хугарсан. Гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн байгаа. Мөн зүүн чамархай нь няцралттай, суурь яснаас хугаралттай, цус хуралт гээд олон онош гарч ирсэн. Ах маань эрүүл саруул хүн байсан.

-Талийгаачийн хувцас урагдсан ч юм уу гадны нөлөөтэй зүйл ажиглагдсан уу?

-Хувцас нь урагдсан байсан. Шинжилгээнд явуулахад фудволк нь нэлээд цус болчихсон харагдсан. Гэтэл шинжпүүлэх гэхээр цусны бүлэг нь тогтоогдохгүй болчихсон. Ямар ч байсан харахаар цус харагдаад.

-Яагаад хугацаа алдаж шинжилгээнд явуулсан юм бэ. Хэрэг гарсан даруйд талийгаачийн хувцсыг аваагүй юм уу?

-Хэргийг мөрдөн шалгаж байсан байцаагч хувцсыг нотлох баримт болгож аваагүй. Уул нь өмсч явсан хувцас нь нотлох баримт болмоор. Гэтэл сарын дараа хувцсыг авсан. Мөн хэргийн газарт үзлэг хийхдээ хохирогчийн талаас хүн авч явахгүй сэжигтнүүдийн өмгөөлөгчийг авч явдаг байсан. нутгийн хүмүүсээс сонсоод хэргийн газарт манай ар гэрийнхэн очсон байгаа юм. Тэгэхэд хоёр сэжиггэнтэй идэж уугаад инээж хөхрөлдөөд сууж байсан гэсэн. Энэ нь сэжигтнүүдийг үгсэн хуйвалдах замхруулах байдлыг үүсгэж байгаа хэрэг. Үүнд бид гомдолтой байгаа. Манай ээж хэргийн холбогдолтой зүйл ярих гэхээр хүлээж авдаггүй. Харин ч ээжид “Та нар хэргийн холбогдолгүй хүмүүсийг барьж хорьлоо. Сулла гээд байна” гэж ярьсан байсан.

-Хаанаас авсан гэж. Хохирогчийн хувцсыг хэн хадгалж байсан юм бэ?

-Гэмтлийн эмнэлэг талийгаачийн хувцсыг сэжигтнүүдэд өгөөд явуулчихсан байсан. Хувцсыг нь шуудайнд хийсэн байгаа юм. Мөрдөн байцаагч ажилдаа хариуцлагагүй хандсаны улмаас цусны бүлгийг тогтоох боломжгүй болсон.

-Хэрэг мөрдөх явцдаа нотлох баримтыг шалгаагүй нь алдаа гэлээ. Энэ талаар хуулийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Прокурорын дэргэдэх Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан ч хүлээж аваагүй.

-Хохирогч амиа алдах үедээ ямар хувцастай явж байсан юм?

-Ноосон цамц, өмдтэй явсан. Цамцнууд нь урагдсан. Куртик байхгүй зузаан цамцнууд давхарлаад өмсчихсөн байсан. Шүүхийн тогтоолд хувцасны урагдалтыг нь хэмжсэн байгаа.

-Хэрэг гарах үед талийгаач хэний машинд сууж явсан юм бэ?

-Талийгаач өөрөө машинаа барьж явсан юм билээ. Тэгээд Ц.Өнөрбат гэдэг нөхөртэй бага зэрэг маргалдаж, ноцолдсон, тэгээд О.Отгонбаяртай бас муудалдаж ноцолдсон гэдэг. Энэ бүгдийг мэдүүлгээс л харсан.

-Энэ хэрэгт нотлох баримт хангалттай болоод прокурор, шүүхэд шилжүүлсэн баймаар. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчтай уулзаж үзсэн үү?

-Энэ хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Д.Жанчивдорж шалгасан байгаа.

-Уг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр цагаатгах тогтоол гарчихсан юм байна. Дараагийн шатны шүүх хурал хэзээ болох вэ?

-Аймгийн шүүхэд давж заалдсан байгаа. Шүүх хурал өнөөдөр болно.

-Хэрэгт холбогдсон хүмүүсийн ар гэрийнхэн талийгаачийн эхнэр хүүхэд, ээж, аавтай нь уулзсан болов уу. Мэдээж бага насны хоёр хүүхэдтэй үлдсэн эхнэрт нь хаана хандаж, хэнээс тусламж хүсэх нь хэцүү байгаа байх. Тэр хүүхдүүдийн ирээдүйг төсөөлөхөд бэрх байна шүү дээ?

-Эргэж тойрч, уучлалт гуйсан юм алга.

-Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр хэрхэн гарах бол. Хэрвээ шүүхийн шийдвэр хэвээр батлагдвал яах бодолтой байна вэ?

-Дээд шүүхэд гомдол гаргана. Хэргийг эцэслэн шийдтэл явна даа. Үнэн гэж байдаг бол энэ хэрэг шийдэгдэх л учиртай.
А.Лхагва
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car