antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 Comments are off

Хонхэрээдийн Б.Энхбат: Би Н.Энхбаярын бээлий байсан

нийтлэсэн Admin

hon1980 оны сүүлээр яруу найрагч Б.Лхагва­сүрэн “Чин сэтгэлийн захи­дал” хэмээх шүлгийн оршилд “Алтан нар цац­рагаа наранд ч,  нарсанд ч алаггүйгээр ээдэг юм. Энэхүү шүлгээ би байнга захидлаар харьцдаг Банз­рагчийн Энхбат, ба­га­даа нэг ангид байсан ч олон жил шоронд суусан,  одоо барилгачин болсон Цэвээний  Лхамсүрэн  бо­лон бусад хоригдол за­лууст зориулав” хэмээн бичиж байв. “Соц” нийг­мийн үед Б.Энхбат хята­дуу­дыг бүлэглэн дээ­рэмд­сэн хэргийн толгой­логч хэмээн ял эдэлж бай­сан гэдэг. Энэ үеэс эхлэн Б.Энхбат гэдэг залуугийн ном зохиол, нийтлэлүүд  зохиолч Л.Түдэв гуайн өмнөтгөлтэй хэвлэлд гарч байсныг санаж байна.

Тэрээр шоронд ч, ний­гэмд ч үргэлж шуу­гиан тарьдаг нэгэн бай­сан. 1990 онд “Ургийн бичгээ сэргээх” санаа­чилга гаргаж байв. 2000 оны дундуур үндсэрхэг үзэлтэй залуусын бүлгэм байгуулж хятад ханз бүхий хаягуудыг буулгаж байлаа. Түүнийг “Даяар монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийн үзэл санааны эцэг гэх хүмүүс ч байсан юм. Б.Энхбатын  “Захиалгат аллага” хэмээх зургаан дэвтэр роман нь нэгэн үе хам­гийн их уншигчтай ном байж байсан.  Улс төрийн чиг баримжааны хувьд МАХН-ыг дэмжигч байсан бөгөөд жанжин Д.Сүх­баатарын удмын хүн гэгд­дэг.

Ингээд түүнтэй чанга дэглэмтэй Мааньтын хо­рих ангид хийсэн ярилц­лагын үргэлжлэлийг хүргэж байна.

-Ингэхэд гянданд ган­­­цаараа тусдаа өрөөнд байдаг гэсэн мөртлөө бусад  хоригд­лууд­тайгаа яаж ярьдаг байсан юм бэ?

-Бохирын цооногийн хоолойгоор л  хоорондоо ярина шүү дээ. Хэнтэй ч ярихгүй ганцаараа бай­на гэдэг чинь айм­шигтай шийтгэл. Ер нь ганцаар­чилсан өрөөнд олон жил суу­сан хүмүүс солиор­чихдог юм билээ. За­рим­даа  өөрөө өөртэй­гөө хэрэлдээд, хааяа нэг дуу чимээ, хөгжим сон­сохоороо хөг­жим­тэй­гөө хэрэлддэг хүмүүс болчихдог.

-Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тухай та юу гэж боддог вэ.  Харьцангуй ойр байсан хүний хувьд асууж байна л даа…

-Энэ цаг үед Монголын улс төрд төрсөн агуу хүмүүсийн нэг. Мон­голын агуу хүмүүсийн ихэнх нь бурхны оронд очсон. Амьд байгаа  цөөхөн мундаг хүний нэг нь Н.Энх­баяр. Би тэгж л ойлгодог. Миний нэг ярих дуртай үг байдаг юм. Уул том байх тусмаа сүүдэр нь том байдаг гэж. Агуу хүмүүсийн алдаа ч тэрийгээ дагаад том байдаг байх. Магадгүй Н.Энхбаяр гуай том хүн учраас олон том алдаа гаргасан байх гэж боддог. Гэхдээ өнөөдөр Н.Энхбаярт оноогоод байгаа ял бол инээдтэй л санагддаг. Бусад хүмүүсийн идсэний хажууд юу юм. Яагаад тэр хүнд том лиценз бай­даг­гүй юм. Яагаад том компанийн хувьцаа эзэмшдэггүй юм. Ийм хүнийг идсэн уусан гэх үү.  Н.Энхбаяр дөрөв, таван жилийн ял авлаа л гэж байна. Гэхдээ Н.Энхбаяр шоронд ял авлаа гэхэд хэзээ ч өлсөхгүй, цан­гах­гүй, ядрахгүй. Монголын шорон­гийн систем бол Оросынхтой адилхан  системээр явдаг.  Оросод тухайл­бал дархлагдсан хулгайч гэж байдаг бол тэрэн шиг л…

-Та Н.Энхбаяртай анх яаж холбогдсон юм бэ?

-1996 онд би “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа дампуурч байсан МАХН-ын ерөн­хий нарийн бичгийн даргын ажлыг дөнгөж аваад байхад нь Н.Энх­баяр­тай анхны ярилцлагыг хийж байлаа. Тэгж л албан ёсоор бид хоёр зам нийлсэн гэх үү дээ. Түүнээс өмнө бол таньдаг байсан л даа. Бид хоёрын холбоо бол хориод жилийн асуудал л даа. Би  Л.Түдэв багшийнхаа шавь учраас багшийгаа дагаад л “Үнэн” сонинд  ажиллаж байсан хэрэг. Ер нь би Б.Лхагвасүрэн, Л.Түдэв багш хоёроор номоо уншуулж өмнөт­гөлийг нь бичүүлж байлаа шүү дээ. Тэднийг багшаа гэж хүндэлж явдаг шавь нь.

МИНИЙ “ЧОНЫН ХҮҮ” НОМЫН САНААГ “ЧОНОН СҮЛД”-ИЙН ЗОХИОГЧ ХУЛГАЙЛСАН БАЙНА ЛЭЭ

-Та чинь Л.Түдэв гуайн шавь хэрэг үү. Мэдээгүй юм байна…

-Түдэв гуайн гарын шавь байл­гүй яахав. Миний “Чонын хүү” номыг редакторлосон шүү дээ. Одоо Хятадын зохиолч “Чонон сүлд” гээд ном гаргаад дуулиан тариад байгаа шүү дээ.  Тэр но­монд миний номын санааг  хул­гайл­сан байна лээ.

-Харин Бавуугийн Лхагва­сүрэн гуайтай захидлаар харил­цаж, тэрээр танд шүлэг зориулж бичиж байсныг мэдэх юм байна…

-Тийм тийм. Миний номыг ч дэмжиж хэвлүүлж өгч байсан,  хүндэлж явдаг хүн маань. Надад зориулсан шүлгэнд нь ийм мөрүүд байдаг. Заримыг нь мартсан байж магадгүй.

Өөрөөсөө болж алдсан эрх чөлөөгөө

Өршөөл уучлалаар буцааж авахдаа

Уйлсан ч,  дуулсан ч зоргоороо

Уулын салхи шиг дураараа

Бүдэрсэн гэж шоовдорлолгүй

Бүлээн хормойгоо дэвсэж

Эх орон чинь угтана

Цэцгээ дэвсэж, агаараа чамд цутгах

Цэнхэр эх орны чинь хайрын хариу нь болог… гэх мэтээр бичиж байсан.

-Сонин түүх байна. Өмнөх яриа руугаа эргээд оръё. Н.Энх­баяр гуай таныг ийм байдалд орсноос чинь хойш дэмжиж тусалсан уу?

-Тусалсаан, тусалсан. Бас ма­най нутгийн Ч.Улаан сайд, Сү.Бат­болд, Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан Эрдэнэцогт,  Монгол шуудангийн Чинзориг, эмч Бундан­гийн Болдсайхан, Бат-Энх, Иргэ­ний нисэхийн Т.Батжаргал, бур­ханч лам Г.Пүрэвбат, мисс Ган­тогоо, тэдний ээж нь гээд олон хүн тусалж дэмжиж байлаа. Даяар Монгол, Хөх Монгол бүлгэмийн залуус маань ирнэ. Намайг шорон оронд орлоо гээд нөхөрлөлөө хэвээр нь хадгалж үлдсэн хүмүүс бий бий. Би тэрэнд их баярлаж явдаг шүү.  Ийм үед хүний мөс чанар их танигдаж, шигшигдэнэ шүү дээ. Гэхдээ би ганцаарчилсан өрөөнд хүн амьтан­тай уулзах боломжгүй байсан шүү дээ. Одоо л ганц нэг хүн эргэж ирэх боломжтой болсон болохоос. Тэр байтугай миний хавтаст хэрэгт ч төрийн том алба хашиж байсан хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг юм ш дээ.

-Та таван жил гянданд суу­гаад гараад ирлээ. Таныг давж гарч ирж чадах болов уу гэж бодох хүмүүс байсан л байх.   Гэтэл одоо манай энэ ял сонссон хурандаа нар, таны агуу гээд байгаа Н.Энхбаяр гуай нар ялан­гуяа өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс шоронгийн сургаар л бие нь муудаад байх юм. Уг нь гяндангийн дэргэд жирийн дэг­лэмтэй хорих бол анхан шат л гэсэн үг биз дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Итгэл үнэмшил, үзэл бодол нь төлөвшсөн хүн л ямар ч юманд тэсч гардаг юм байна гэж бодсон. Би санаатай хүний амь бүрэлгээгүй хэрнээ үүний учир нь олдоогүй байхад үхчихэж бас болохгүй шүү дээ. Үнэн мөн нь олдтол амьд байх ёстой.  Н.Энхбаярын тухай та хоёр надаас асууж байна. Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хононо гэдэг бол  аа яа яа хэцүү шүү дээ. За даа тэслээ тэслээ гэхэд долоо л хонож чадна. Би өөрөө өлсгөлөн зарлаж явсан хүн, мэднэ л дээ. Тэгэхэд хуурай өлсгөлөнг арав гаруй хоног тэсч гарна гэдэг бол аймаар. Чухам хуурай өлсгөлөн зарлахдаа  ямар орчинд яаж байсныг нь мэдэхгүй юм. Мань мэт ийм нөхцөлд өлсгө­лөн зарлах нэг өөр, төрийн том хүн зарлах нэг өөр байх. Гэхдээ л хэцүү. Ер нь би Н.Энхбаярыг  бол үзэл бодлын хувьд хүндэлдэг. Алдаагүй хүн байхгүй ээ. Хүний алдааг бас уучилж чаддаг байх хэрэгтэй юм шиг билээ.

-Саркози Каддафийг алуул­сан гэж ярьдаг шиг арай таныг Н.Энх­баяр нь ингээд түлхчихсэн юм биш байгаа гэж ярих хүмүүс бий л дээ. Яагаад гэвэл та Н.Энх­баярын сайн сайхныг мэдэхээс гадна муу муухай хийсэн зүйлийг ч гадарлана шүү дээ?

-Би ганцхан юм хэлье. Та нар анзаарсан уу, үгүй юу. Би бол олон сайхан шавьтай. Тэдний нэг Даяар Монгол хөдөлгөөнийг удирдаж байсан залуу дээд хэмжээ авсан.  Тэр чинь гурвуулаа хийсэн хэрэг шүү дээ. Ганцаараа хэрэг үүрсэн. Бид нар чинь бол өөрсдийнхөө дагаж байсан хүнийг хутга шааж байсан ч эсрэг хөдлөхгүй. Тэр бол эр хүний чанар. Тэр хүн нь түлхлээ ч үнэнч хэвээрээ л байдаг. Би тийм л хүмүүсийн  нэг. Эзэндээ үнэнч гэдэг шиг. Энхбаяр надад  “Би улс төрийн том алба хашиж байна. Би чамайг цэвэрлэнэ, чи надад хэрэг­гүй болсон” гэвэл би зөвшөөрнө. Тэртэй тэргүй улс төрчид юунаас болж үхдэг вэ гэвэл хэт их юм мэдсэнээсээ болж л үхдэг.  Н.Энх­баяр бол Монголын улс төрд дахин ирж тоглоно шүү. Наана нь элгээрээ яваад өгчихгүй л бол.

-Улс төрдөө эргэн орж, дахин том албан тушаал хашна гэж үү?

-Напелеон Бонапарт Элба арал дээр цөлөгдөж байгаад эргэж ирэхдээ хоёр дахиа хаан болдог  шиг. Н.Энхбаяр бол өрөөндөө амиа хорлоод үхчих хүн бол биш шүү. Ялангуяа шоронд орж байгаа хүн амиа хорлох нь бараг үгүй шүү дээ.

-Та Н.Энхбаярт үг дамжуулах бол юу гэж хэлэх вэ?

-Тэсээд гараарай, дахиад улс төрд босч ирээрэй л гэж хэлнэ.   Өөрөөр хэлбэл, алдсан алдаагаа ухаантай хүн давтдаггүй юм. Алдаагаа давтахгүй хүн л эр хүн шүү дээ. Нэг алдаагаа дахин,  дахин давтаад байвал тэр хүн болохгүй. Түүнээс биш Н.Энхбаяр бол маш их алдаа гаргасан хүн шүү дээ. Олон сайхан дотны хүмүү­сээ өөрөөсөө холдуулж байсан. Олон хэрэггүй хүнд бас итгэж байсан. Харин ажаад байхад нэг алдаагаа давтаад байдаггүй хүн шиг санагддаг. Ю.Цэдэнбал гуайг  олон жил төр барьсан л гэдэг. Н.Энхбаярыг бас тэгж хэлээд байгаа. Олон жил төр барьсан хүн Монголд төр бий шүү дээ. Пунсал­маагийн Очирбат аль 1972 онд монгол төрийн сайд хийж байсан хүн ш дээ. Өнөөдөр хамгийн том ажил хашиж л байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг чинь  Монголд бол хамгийн том албан тушаалын нэг  гэж боддог шүү дээ.  Ер нь улс төр гэдэг өөрөө бохир тоглоом. Улстөрчид бээлийгүй бол улс төрөө хийж чаддаггүй.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Бээлий болдог хүмүүс нь мань мэт шиг хүмүүс байдаг байхгүй юу. Гэхдээ би бол Н.Энхбаярын  бүл­гийн л бээлий байсан байхгүй юу. Тухайлбал Н.Энхбаяртай хамтарч ажилладаг хүмүүстэй би дамжуулж ажилладаг ч байсан байж болно гэсэн үг.

МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ НЬ ХАМААГҮЙ ЭЭ

-Одоо асуултаа арай өөр  тийш нь хандуулъя. Та  бол номоо бичээд л сууж байдаг их сайн хүмүүжигч байсан гэж сонс­сон?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, арми хоёр бол улс­төрж­дөггүй байгууллага гэж би боддог. Тиймээс хуулийн дагуу, ном журмаар нь л байхыг хичээж ирлээ. Одоо юу хийхэв. Номоо бичээд л сууж байна.

-Өмнө нь бичиж байсан ном­нууд чинь худалдаанд хараг­дахаа больсон байна лээ?

-Яахав, тэр үеийн номуудаа харахаар одоо үнэхээр голдог. Тэр бол зах зээлийн, борлуулалтын л номууд байж.

-Ер нь анзаараад байхад ял эдэлж байгаа хүмүүс “Миний хэрэг  буруу шийдэгдлээ,  ийм, тийм байна. Гэтэл  ингэчихлээ” гэх юм. Та  өөрийнхөө хэргийн талаар юу гэж боддог вэ?

-Би бол буруутай. Буруугүй гэж хэлэхгүй ээ. Хийсэн хэрэгт нь таарсан ял өгөөсэй л гэж боддог хүн. Ер нь Монголын шоронд бай­гаа олон залуучууд тэгж боддог юм билээ. Би ганцхан юм анзаард­аг. Яалт ч байхгүй хуулиар чанга ял авах түвшинд хүрсэн хүмүүс бий. Тийм хүмүүс бол цөөхөн ш дээ. Та хоёр  бол тийм хүмүүстэй уулзаж байгаагүй байх. Би амьд­ралдаа хятадын эрлийз хүнтэй гар барьж байгаагүй. Би гянданд байхдаа нэг тийм хүнтэй гар барьж байсан. Тэр залуу социализмын үеэс хойш долоон удаа шоронд орсон байгаа юм.  Сая орохдоо хүн хутгалж орсон. Би тэрнээс чи хэдэн жилийн ял авна гэж бодож байсан гэж асуухад “Хорин жилийн ял авна байх гэж бодсон. Илүү авчихлаа” гэсэн. Би тэрэнд  “За одоо чи бид хоёр гянданд таарлаа. Би хятадын эрлийз хүмүүст дургүй. Ийм газар таарчихаад бие биенээ үзэн ядаад яахав” гэж хэлээд гар барьж байсан.

-Та маш олон хүнийг Хятадын эрлийз гэж зарласан шүү дээ.

-Би Монгол Улс тусгаар тогт­нолоо алдчихгүй байгаасай л гэж боддогийм. Монголын төлөө, Мон­голын ард түмний төлөө сайн юм хийж байвал эрлийз байна уу, хурлийз байна уу падгүй ээ. Төрийн том албан тушаалыг өөрийн хувийн, бүр цаашлаад өөр улсын сонирхлын төлөө хийгээд байвал би эсэргүүцэж тэмцэнэ.

-Та хас тэмдэг анх зүүгээд л явдаг байсан. Одоо ч энд зүүгээд байгаа юм байна?

-Ер нь ийм л дээ. Би энийгээ дээдийн өрөөнд зүүж байлаа. Гянданд зүүж байлаа. Одоо ч зүүгээд явж байна. Уг нь  дээдийн өрөө, гяндан хоёрт  хүзүүндээ ийм юм зүүхийг хориглодог л доо. Хас тэмдэг гэдэг бол хүн төрөлхтний танин мэдэх гэж гээд байгаа тэр сансрын хар нүх энэ тэрийг чинь бэлгэддэг асар нарийн гүн ухаантай. Маш олон зуун жилийн түүхтэй эд. Гурван цэнхэрийн агуйд байдаг шүү дээ. Багшаас шавьд, амнаас ам дамжин нууц нь өвлөгдөж явдаг. Би энэ хасыг  үр хүүхдэдээ үлдээнэ гэж боддог юм. Яагаад гэвэл юманд энерги шингэх гэж ярьдаг ш дээ. Тэр утгаараа. Хасын нарийн утга ухааныг тайлбарлана гэвэл бүхэл бүтэн хэдэн боть ном болно.

Үргэлжлэл бий

Д.МӨНГӨНДАЛАЙ Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car