Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилж, түүх бичигддэггээрээ бичигдэж байна. Харин Монголын улс төр, нийгмийн амьдралыг түүхтэй салшгүй холбоотой МАН энэ удаа улс төрийн тавцан дээр үлдэх үү арчигдах уу гэдэг нь нэг л бүрхэг. Өөрийгөө боловсон хүчний илүүдэлд орсон гэж байнга зарладаг байсан энэ нам өнөөдөр удирдлагын гацаанд орчихоод байна.
Атгасан гар шиг нэгдмэл байж чаддаг энэ нам Монголын улс төрд олон арван жил өөрийнхөө ноёрхлыг тогтоож байсан МАХН / хуучин нэрээр/ 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, тэр үед энэ намыг дахин өндийж сэргэхгүй хэмээн олон хүн үзэж байлаа. Энэ үед МАХН-д томоохон бүтцийн өөрчлөлт орж, удирдлагууд солигдож, МАХН-ын дөрвөн Э, “Хэцүү гурван Дорж” гэдэг нэр тухайн үедээ л нийгэмд тун хурдан тарахсан. МАХН-ын хасар, басар, асар гэдэг нохойны нэр хүртэл зүүж байсан Хэцүү гурван Дорж нь Ц.Нямдорж, Д.Бямбадорж, Ц.Шаравдорж гурав. Улаан хэлтнийг урдуураа гаргадаггүй гурван хуульч эр тухайн үед намдаа хамгийн үнэнч зүтгэж байлаа. Тэгвэл МАХН-ын дөрвөн Э буюу дөрвөн залуу лидер. Д.Энэбиш, Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Б.Энхмандах нар байлаа. Харамсалтай нь дөрвөн Э-гийн дунд томоохон хагарал үүсэж, албан тушаал эрх мэдлийн дайн өрнөх болсон. Тухайн үед Н.Энхбаярын нөлөө хүрээгээ тэлж, Ө.Энхтүвшин өнөөх гурваасаа зайгаа барьж, Энхмандах казиногийн хэрэгт холбогдож, удалгүй Л.Энэбиш дарга таалал төгссөнөөр МАХН-ын дөрвөн Э-гийн хамтын үйл ажиллагаа бүрэн задран унасан.
Л.ЭНЭБИШ
Л.Энэбиш агсан Улаанбаатар хотын АДХГЗ-ны орлогч дарга, АДХ Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, Засаг захиргааны сайд, УИХ-ын гишүүн, УИХ-ын даргаар тус тус сонгогдон ажиллаж байсан ба тэрбээр 2001 оны есдүгээр сарын 29-нд нас барсан. МАХН-ын хамгийн нөлөө бүхий энэ эр сүүлд Н.Энхбаяртай ил цагаан сөргөлдөх болсон гэдэг. Түүний гэнэтийн үхлийг зарим хүн улс төржүүлж, бас МАХН доторх албан тушаалын дайн түүнийг хөнөөсөн гэж үздэг хүн олон бий. Л.Энэбиш 1992 оноос МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 1997 оноос намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж 2000 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болж улмаар Улсын Их Хурлын даргын алба хашиж байсан. Түүний үхлийн талаар алдарт “Аалзны тор” нийтлэлд тун сонин баримт дурьдсан байдаг. 2001 оны намрын чуулганы нээлтэн дээр хэлэх үгээ дотроо бодож, эртнээс бэлтгэж байжээ. Тэр өөрийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Өвгөнхүүгээ Хууль зүйн байнгын хороон дарга Ц.Шаравдоржтой уулзуулж намрын чуулганы нээлтэнд их хурлын даргын хэлэх үгэнд танай байнгын хорооноос ямар санал оруулах вэ? гэж асуулгав. Ц.Шаравдорж “Банк, санхүүгийн удирдлагын ард гэмт хэргийн бүлэглэлүүд байна. Боловсон хүчний бодлогод нэн хүчтэй нөлөөлж байна. Энэ талаар илтгэлд оруулмаар байна” гэжээ. Зөвлөх нь үүнийг нь даргадаа ёсоор нь дамжуулав.
Үүнийг сонссон Л.Энэбиш дарга Ц.Шаравдорж, С.Төмөр-Очир, Тамгын Газрын ерөнхий нарийн бичгийн дарга Батбаатар, Б.Өвгөнхүү нарыг орой цуглахыг даалгав. Цуглаад “Банк санхүү, боловсон хүчний бодлогод эрүүгийн элементүүд хүчтэй нөлөөлж байна. Үүнийг таслан зогсоох шаардлагатай /энд үнэндээ сиамын ихрүүдийн тухай асуудлыг л ярьж байсан хэрэг/… Мөн ЗГ-ийг шахан сайн ажиллуулна” гэсэн томъёоллыг илтгэлд оруулахаар тохиролцжээ. Шөнө нэлээд орой болтол сууцгааж.Гуравдахь өдрийн орой БНХАУ-ын ЭСЯ-ны хүлээн авалтанд оролцоод харьж явсан Л.Энэбишийг “ОУВС Монголын асуудлыг авч хэлэлцэх гэж байгаа. Ямар шийд гарахыг хамтдаа намын байранд байж сонсвол яасан юм бэ?” гэж урьжээ. Спикер ч зөвшөөрсөн байна. Гайгүй нааштай шийдийг үүрээр сонсоод их баярлацгааж, Сангийн сайд Ч.Улааны гаргасан ганц шил вискийг уугаад 05 цагийн үед таржээ. Спикер гэртээ хариад 2 цаг болсны дараа цус харваж, нас барлаа. УИХ-ын намрын чуулган жаахан хойшилж нээгдэв. Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж үг хэлэв. Энэ үгнээс Л.Энэбишийн хэлэх гэж зүтгээд байсан томъеолол оргүй болсон байлаа…гэсэн хачирхалтай өгүүлбэрүүд бий. Тухайн үед Н.Энхбаяр Япон явсан, эрүүгийнхэнтэй мөнгө төгрөг хуваалцсан, банкны системд гадныхан гар хөлөө дүрж эхэлсэн гэх мэт олон баримтууд ч бас бий. Тиймээс Л.Энэбишийн үхэл ердийн зүйл байгаагүй гэдэгт бүгд эргэлздэггүй.
Н.ЭНХБАЯР
Монголын ард түмний хайр хүндлэлийг хамгийн их хүртсэн хүн бол Н.Энхбаяр. Эзэн Чингис хаан ч ийм их хайр хишгийг амьд сэрүүндээ халгаадаггүй байсныг түүхийн шарласан хуудас гэрчилнэ. Харин шинэ цагийн Монголд Н.Энхбаярын өмнө аз хийморь, албан тушаалын ногоон гэрэл ямагт асаалттай байсан юм. 90 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үед түүний үзэл бодол юу ч бичээгүй цагаан цаас шиг байжээ. Москвад Горькийн Утга зохиолын дээд сургуулийн орчуулагчийн анги дүүргээд ирсэн тэрээр зах зээлийн нийгэмд хөлөө олоогүй залуу хүний адил “намайг Америк явуулж өгөөч” хэмээн нэгэн нэрт орчуулагч дээр очиж байсан гэдэг. Гэвч залуус олноороо төрийн албанд дэвшиж байсан болохоор Н.Энхбаярын аз гийн Соёл, урлагийн хорооны даргаар томилогдож, үүдэнд нь мөн л Горькийн будаг нь ханхалсан боловсон хүчин Ц.Анандбазар сууж байсан юмдаг.
Тэр МАХН-ын удирдлага өөд алгуурхан мацах бус бүр шаргуу гэгч нь зүтгэж, 1997 онд Н.Багабандийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад төрийн тэргүүнээр сонгогдоход сайхан боломж олдсон. Юу гэвэл, УИХ-ын нөхөн сонгуульд Завханы тойрогт нэр дэвшин эрхэм гишүүний сэнтийд заларч, бүр цөөнхийн бүлгийн дарга болов. 1996-2000 онд цөөнхийн бүлэг чуулганы хуралдааныг 100 гаруй удаа хаяж тасалдуулан, “Ардчилсан холбоо” эвслийн гурван Засгийн газрыг огцруулахад голлож, ардчиллын алтан хараацай С.Зориг алагдсан. Казиногийн хэргээр “Ардчилсан холбоо” эвслийн гурван гишүүн шоронд шомбойж, Н.Энхбаярыг “казиногоос” багагүй доллар авсан хэргээр прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий сайд зөвшөөрчихөөд УИХ-д оруулах гэж байхад Ж.Наранцацралт танхимынхаа гишүүдийн хамт огцорч, энэ асуудал замхарсан. 2000 оны парламентын сонгуулиар дөрвөн жилд дөрвөн засгийн нүүр үзсэн ардчиллынхан тун муухай харагдаж, МАХН УИХ-д 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгууллаа.
Өмнөх УИХ-ын өнгөнд түүний оролцоотой Үндсэн хуульд гар дүрж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох заалтад дөрөөлөн ялсан намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд болов. Эхнэр О.Цолмонгоо бараг анхны тушаалаар шахам ТЕГ-т зөвлөхөөр томилж, долоохон хоносны эцэст түүний казиногийн хэрэгт холбогдох хавтаст хэргийн хуудсууд ор мөргүй алга болсон байлаа. Түүнийг засаглах үед УИХ ч гарынх нь дор орж, өөдөөс нь ам нээх аавын хүү бараг байсангүй. Арай зангарагтай нь Ш.Отгонбилэг байсан ч онгоцны ослоор амь үрэгдлээ. Дөрвөн жилийн дараа Н.Энхбаяр Ерөнхий сайдын суудлаас УИХ-ын дарга болов. Дахиад дөрвөн жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдов. Энэ бүх завсаргүй шат ахих төрийн дээд албан тушаал болгон дандаа ард түмний хайр хүндлэл дээр суурилж байсан юм. Хүмүүний насны нэгхэн үед буюу 12 жилд монголчууд энэ хүнийг төр, шашныг хослон баригч Богд Жавзундамба лугаа дээдлэн хүндлэв. Энэ хугацаанд Н.Энхбаяр биеэ засаад, гэрээ засаад, харин төрөө засч амжсангүй. Тэр хоёр дахь удаа төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихдээ, хэрвээ би дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол… гэж амлаж байлаа. Мань эрийн эхлүүлсэн Мянганы зам Монгол орныг хөндлөн гулд туулах их бүтээн байгуулалт болсныг ард түмэн өнөөдөр бодитой харж байна. Бас шинэ мянганы эхэнд нэгэн бут төдийхөн байсан авлигын сүлжээ ширэнгэ болтлоо ургасныг ард түмэн өнөөдөр бодитой мэдэрч байна. Амьд бурхан гэж дээдлэгддэг байсан Н.Энхбаяр ял эдлэж байгаа.
Б.ЭНХМАНДАХ
Анх 1996-2000 оны УИХ-ын үед одоогийн “Чингис” зочид буудалд хууль бус казино ажилладаг байв. “Улстөрд тарьсан казиногийн балагийг МАХН ч, АН ч амссан. 1996-2000 оны УИХ Казиногийн хууль баталсан. Уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсон билээ. Энэ нь Монголын түүхэнд 1937 оноос хойш өндөр албан тушаалтнуудыг цагдан хорьсон, бас шүүхээс ялласан хамгийн эхний тохиолдол байв. ИЗН-ыг үүсгэн байгуулагчид болох С.Оюун, Х.Хулан, Ц.Ганхуяг нар бол Казиногийн хуулийг хүчингүй болгоход гол үүрэг гүйцэтгэснийхээ төлөө тухайн үеийн олонх /МҮАН/-оос шахагдсан, парламент дотор нам байгуулсан анхдагчид юм. Тэднээс гадна нийслэийн АН-ын дарга С.Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Д.Хувьтөгөлдөр тэргүүтэй хэсэг гишүүд ч парламентын олонх дотор МоАН гэж нам байгуулж байлаа.
Ингэж гурав тасарсан эрх баригчид 2000 оны сонгуульд ердөө ганцхан суудал авсны шалтгааныг судлаачид “казиногийн хэрэг”, С.Зориг агсны эзэнгүй аллага, Засгийн газраа унагааж болон парламент дотор нам байгуулж тоглосон цуврал тоглоомтой нь холбож тайлбарладаг. Энэ хэрэгт МАХН-аас Б.Энхмандах холбогдов. Гэхдээ түүний ард Н.Энхбаяр нуугдаж байсан гэж үздэг. Тэр үед “Казино” хочит Л.Байгаль албан өрөөндөө улс төрч, өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсан гэдэг. Энэхүү дуулиант үед Намбарын Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан байж магадгүй гэж хэвлэлүүд шуугиж байлаа. өөр хоорондоо ярьдаг. Казиногийн хууль УИХ-аар батлагдахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол МАХН-ын дарга Н.Энхбаяр нөгөө нь намын даргын зөвлөх Б.Энхмандах. Хожим Б.Энхмандах “казино” Байгалиас 20.000 доллар аваад Н.Энхбаяртай Унгар улсад хуваасан гэдгээ хүртэл цагдаад өчиж байсан тухай мэдээлэл бий. Гэхдээ тэр энэ тоглолтонд ялагдсан. Шоронд суухгүй шиг салахын тулд гадагшаа явж, хожим дэд сайдын суудалд чимээгүйхэн сууж, энэ хүний улс төрийн амьдрал үндсэндээ төгссөн. Н.Энхбаяр казиногийн хэргээр өрсөлдөгч намаа ч, өөрийнхөө найзыг ч замаасаа зайлуулж чадсан нь энэ.
Ө.ЭНХТҮВШИН
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр ялагдал хүлээв. Төрийн ордноос ганц Ө.Энхтүвшин л түүний гарт баглаа цэцэг бариулаад машинд суулгаж өгч үдсэн гэдэг яриа бий. Бас Н.Энхбаярыг намынх нь нөхөд ч эргэж очилгүй байхад тэр л эргэж очсон. Ө.Энхтүвшин, Н.Энхбаяр хоёр МАХН-ын хамгийн том өрсөлдөгчид байлаа. Гэхдээ энэ өрсөлдөөнд дандаа Ө.Энхтүвшин ялагдаж явсан. Харин Н.Энхбаяр өөр нам байгуулж явангуут түүнд боломж олдож, МАН-ын дарга болсон нь энэ. Харамсалтай нь ялагдсан намын дарга. Тэрээр үй зайгүй найз Н.Энхбаяртай эртнээс жөтөөрхөж эхэлсэн нэгэн. Б.Энхмандахыг казиногийн хэрэгт хутгасан шиг Ө.Энхтүвшинг Гаалийн Баатарын хэрэгт золтой л аччихаагүй. Угийн чамбай эр энэ хэргээс мултрах гэж нилээд зүтгэж байж ял авалгүй салсан гэдэг. Үүний дараагаас л Ө.Энхтүвшин зайгаа барьж эхэллээ. Тэрбээр Уламжлал шинэчлэл, шударга ёс бүлэг байгуулж, намын дарга Н.Энхбаярын эсрэг байн байн мэдэгдэл хийж, түүнийг багагүй сандаргасан.Гэхдээ одоо тэр арай өөр бодолтой байгаа. Н.Энхбаяртай нэгдэх салж бутарсан намыг нэг тогоонд багтаах гэж хэр чадлаараа зүтгэж байгаа. Гэхдээ угийн шартай, бас хонзонч Н.Энхбаярыг юу ч өөрчилж чадахгүй гэдэгт Ө.Энхтүвшингээс бусад нь итгэлтэй байна.
http://shudarga.mn/?dazo=news&newsid=13131&catid=2
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 05, 2012 11:27:03 am )
Avilgin etseg yalnat nambartan bol mongolig zalgisan uvaigvi hvn muutai avilgach
-
Anonymous (October 05, 2012 5:07:28 pm )
монголд одоо МАХН МАН энхбаяр Энхтүвшин шиг хэрэггүй юм даан ч нэг алга.дурсахаа бол…хэн ч биш болсон юмнуудтай юу ярих вэ. монгол хөгжих хэрэгтэй байна.урагшаа харж монголоо хөгжүүлье.
-
Anonymous (October 05, 2012 5:29:56 pm )
арай ч дээ одоо бүр фашист 4 Г шиг болох гэж галзуурцгаахыг мөрөөдөөю эд нар шиг хэрэггүй зайрангууд алга
-
Anonymous (October 05, 2012 11:57:23 pm )
INGEED L YUM BUHEND ENKHBAYARIIN NER HUTGALDAJ ORJ BNA GEDEG CHIN 1 YUM HELEED BNA DAA, UGAASAA HAMAG BARIMTAA USTGASAN BOLOHOOR NOTLOHOD MASH HEZUU, TERIIGEE SAINMEDEJ BGA BOLOHOOR HUMUUSEER GEMGUI HUN BOLJ URUVDUULEH TAKTIK HEREGLEJ BGA NI HARAMSALTAI AMJILTTAI BOLJ BNA DAA
-
Anonymous (October 07, 2012 9:12:23 pm )
enkhmandakh ustaagui shuu bayartsogt, saikhanbileg 2 oor damjij yil ajillagaa ni yavagdaj baigaa.
5 Comments