antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 20, 2012 2 comments

Өрөмийн нуурыг өндөлзүүлэн наадлаа

нийтлэсэн Admin

Булган аймгийн Сайхан сумын нутаг дахь Өрөмийн нуурт хүн зоны хөл, хүлэг машины хөдөлгөөнд умбасан нэгэн өргөн дэлгэр баяр наадам  болж түмэн олныг баясгалаа. Энэ нутгийн эгэл жирийн малчин Т.Найдангийн хүү сар гаруйхны өмнө Лондонгийн олимпийн торгон дэвжээнээс Булганчуудын төдийгүй монгол түмнийхээ омогшлыг  бадрааж бахархуулсан амжилт нь тэр олон хүмүүсийг газар газраас Өрөмийн нуурт даллан ирүүлжээ.

Морин дээр туг намируулсаар аварга орж ирлээ

Монгол түмэн хүн төрөлхтөний спортын их баяр-олимпийн алдартан төрүүлэхээр 1964 оноос хойш буюу 44 жил тэсч ядан хүсэн хүлээж байсан мөрөөдлийг 2008 оны Бээжингийн олимпоос Найдангийн хүү биелүүлж зон олныхоо магнайг тэнийлгэн баяр хөөрт умбуулсан бол энэ жил Лондонгийн олимпиос мөнгөн медаль хүртэж бас дахин баярлуулсан. Н.Түвшинбаярын энэ удаагийн мөнгөн медаль бол монголчуудын олимпийн анхны алт, мөнгөн хос медаль, жудогийн анхны мөнгөн медаль гээд олон сайхан амжилтын анхдагч болсноороо онцлог болсон. Энэхүү мөнгөн медалийн болзол хангасны дараахь сэтгэлийг илэрхийлсэн агшин нь Лондонгийн олимпийн шилдэг 100 зургийн нэгэнд орж түүхэнд үлдсэн гээд сайхан дурсамжаар дүүрэн учир Булганчуудын бахархал болж байна.
-Аварга маань аав, ээждээ иржээ. Алдартан маань нутагтаа байгаа гэнэ.
-Аваргын алдрын мялаалга хэзээ болох бол хэмээх яриа ард иргэдийн дунд ам дамжин өртөөлж байв. Аймгийн төр захиргааны байгууллагаас түмэн олны хүсэн мөрөөдсөн тэрхүү арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Харин шинэчлэлийн Засгийн газраас цаг үеийн их ажлуудыг цалгардуулахгүйн тулд аливаа баяр наадам, ёслолын арга хэмжээг хязгаарлахаар албан даалгавартаа заасан тул төрийн бус байгууллагууд, нутгийн зөвлөлүүдээс ард иргэдийн оролцоогоор Н.Түвшинбаярын алдрын мялаалгын энэхүү “Аварга” наадмыг зохион байгууллаа.
Баяр наадамд үндэсний 128 бөх зодоглож, гурван насны морьд уралдуулж эрхий мэргэн харваачид сур, шагайгаар цэц мэргэнээ сорьцгоосон бол хултай айргийг хурдан уух, хуалж дэмбээдэх, амт нь чимчигнэсэн сайхан айраг тодруулах, хуарлан ижилдсэн хосуудыг шалгаруулах зэрэг наргиан цэнгээнд умбуулсан уралдаан тэмцээн болсон нь баяр наадмыг улам ч хөгжөөлөө.
Бээжингийн олимпоос анхны алтан медалийг энгэртээ гялалзуулсаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолтойгоор Булганчуудынхаа мялаалгад задгайлан зассан машинаар хөлөглөн багш дасгалжуулагчтайгаа аймгийн цэнгэлдэх хүрээлэнд орж ирж байсан бол энэ удаа дэлий нь засч дэгжин хийцтэй эмээл хазаараар гангаруулсан морин дээр олимпийн бэлгэдлийн тугийг намируулсаар бөхийн дэвжээний бяр хүчтэн нөхдийнхөө төлөөллийн хамт орж ирэн хуран цугларагчдыг бахархууллаа. Морьтой монгол мохошгүй зоригтой. Найдангийн хүү няцашгүй тэсвэртэйн энэ бэлгэдлээр наадам эхэллээ.

 
Баяр наадамд оролцогчдын бас нэгэн бахархал нь Лондонгийн олимпийн дэвжээнээ Чингисийн удмын монгол хүн ямар мохошгүй зоригтойг харуулж, мөн тэрээр өөрөө шантаршгүй тэсвэр, няцашгүй тэвчээр, сааршгүй хурд, даацтай мэхээрээ түмэн олныхоо бахархал болж баярын нулимстайгаар өмөлзүүлж байсан Н.Түвшинбаярыгаа дэргэдээс нь харан биширч байсан юм.

Баяр наадмын”хачиртай” мэдээллээс

“Аварга” наадмыг үзсэн иргэд дараагийн олимп хүртэл хуучлан хөөрөлдөх бахархал, дурсамж дүүрэн буцсан бол ажил алба, нутаг усны боломжоос шалтгаалан газар дээр нь үзэж амжаагүй иргэд баяр наадмын сонин сайхныг шалгаан сонирхож байна. Энэ бол олимпийн аварга, алт мөнгөн хос медальт,Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлсэн алдрын мялаалгын баяр ихээхэн дуулиантай, өргөн сайхан болсны илэрхийлэл юм. Тэр бүхнээс шигшин энэхүү баяр наадмын сонин сайхан буюу зарим “хачиртай” мэдээллээс уншигч танд дуулгая.
Хүний олноор хөгжилдлөө:

Энэ өдөр Өрөмийн нуур өвс ургамлаасаа дутахааргүй өнөр олны хөлд даруулсан гэхэд болно. Хөдөөд зохион байгуулсан болохоор зочин гийчнээ хүлээн авах, алдар гавьяатан, албаны хүмүүст хүндэтгэл үзүүлэх гээд олон ажил арга хэмжээ өвөг дээдсээс уламжлан ирсэн өргөө цагаан гэрүүдэд зохион байгуулснаараа онцлог байв. Баяр наадмыг зохион байгуулагчдын “контор” буюу албан ажлын удирдлага, зохицуулалтынхаас гадна сум бүр ачаа тээвэр нутаг усны холд бэрхшээлгүй гэр авчран барьж наадамчдыг угтан авч байв. Аймгийн төвийнхөн энд бараг тэр аяараа хуран цугласан гэхэд дэгсдэхгүй.
Зэргэлдээх Эрдэнэтээс авахуулаад төв суурин, нэн ялангуяа нийслэлээс зорин ирсэн хүмүүс ч их. Тэр дундаа спорт, олимпийн алдартнууд олон арваараа ирцгээсэн. Уралдаан тэмцээний сэтгэл догдлуулсан мөчүүд, амжилт ололтод ямагт хамт байлцан баяр хөөрийг хуваалцдаг, арван жилийн төгсөлтийн анд Э.Энхбатаас нь эхлээд Хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч, ардын багш, зөвлөх дасгалжуулагч Насантогтох, гавьяат дасгалжуулагч, жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин хүрэл медальт С.Ням-Очир, Д.Нармандах, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, аваргын багш, гавьяат дасгалжуулагч Ш.Эрдэнэ-Очир гээд олон алдартнуудтай наадамчид Өрөмийн нуурт учран мэндэлцгээж, баяр хөөр болцгоов.

 
Улсын олон алдар цолтон хөдөөд ингэж зодоглосон нь ховор: Баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглов. 128 бол байдаг л тоо. Харин чанар нь онцлог. Улсын олон алдар цолтон хөдөөд ингэж зодоглосон нь ховор хэмээн олон нийт ярьж байна. Үнэхээр тийм. Тухайлбал, Ардын хувьсгалын  баяр наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Мөнхбаатар, мөн Бат-Эрдэнэ, Соронзонболд, И.Ёндонсамбуу, М.Өсөхбаяр, Баасандорж, Ш.Цогтжаргал, Бямбажав, Содномдорж, гээд улсын гарьд, заан, начингууд зодоглосон нь энэхүү барилдааныг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон. Нутаг дэвсгэр дээрээ наадаж байгаагийн хувьд аймгаас төрсөн хүчтнүүдээс, ялангуяа аваргын анд, улсын өсөх идэр начин Э.Энхбатыг түрүүлээсэй гэсэн хүслийг наадамчид өвөрлөж байв. Гэвч энэ нь горьдлого болсонд нэлээд наадамчдын сэтгэл дундарч бусад уралдаан тэмцээн сонирхохоор босоцгоон улсын харцага Содномдорж түрүүлж улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Тэр хоёр Дундговьд болсон барилдаанд зодоглоод Бат-Эрдэнэ нь түрүүлж байсан бол энэ удаа өгөө аваагаа дүйцүүллээ  гэх яриа ч ам дамжив.

 
Холын нутгийн хурдан хүлгүүд ч уралдав: Шандас сайт морьдын манлай их нас, од хиймортой соёолон, отгон хүлэг дааганы уралдаан хурдан морины хорхойтнууд болон наадамчдыг хөгжөөлөө. Зөвхөн Булганы уяачид төдийгүй хил залгаа аймгууд, нийслэлийн зарим дүүрэг, тэр ч байтугай хаа холын Сүхбаатар зэрэг алсын нутгийн хурдууд ч ирж тоосоо өргөсөн нь тоо, чанараар аймгийн баяр наадмаас илүү өргөн болов. Булганы уяачид соёолонгийн аман хүзүү, дааганы аман хүзүү, айргийн таваас бусдыг алдаж санаа алданхан үлдсэн бол Хөвсгөлийн Т.Болдбаатар, Т.Нямбаатар, Д.Хуягбат нарын сойсон их нас эхний гурван байг авч, Ч.Даваасүрэнгийн бор даага түрүүлж баяр хөөртэй буцацгаалаа. Мөн нийслэлийн Багануур дүүргийн Д.Баттулгын сартай хул даага түрүүлж Сүхбаатар аймгийн Уулбаянгийн А.Осгоогийн сойсон саарал соёолон айргийн гуравт алтан жолоо өргүүлж уясан эзнээ баярлууллаа.

Сайханыхан айраг ундаагаар илүүрхлээ. Энэхүү “Аварга” наадамд оролцогчдын сонирхлыг татсан зүйлийн нэг бол “Дэмбээ, сайн уу?” тэмцээн, мөн хамгийн сайхан айраг тодруулах арга хэмжээ байв. Айраг идээтэй айл өрхнийг хөгжөөдөг хуруудаж дэмбээдэх уламжлалыг зарим баяр ёслолын уралдаан тэмцээний нэг болгодог болсныг энэ наадамд сонгон авчээ. Өрөмийн нуурт наадагчид Сайхан сумын дэмбээчдийг “барсангүй”. Энэ тэмцээнд оролцсон 14 эрэгтэйгээс  тус сумын Б.Батчулуун, Д.Дамдинбазар, С.Төг нар эхний байруудыг авцгаасан бол эмэгтэй дэмбээчдээс мөн Сайханы Д.Алтанцэцэг аваргалж, Булган, Орхон сумын Д.Бадралмаа, Б.Ганчимэг нар удааллаа.
Сайхан айргаар Сайханы А.Лхагвасүрэнгийн исгэсэн айраг шилдгээр тодорч түүний дүү А.Хишигдорж, Орхоны Д.Отгонбатын айраг удаа нь шалгарав.
Хоёр литрийг 23 хоромд: Хэвлэл мэдээллээр зохион байгуулдаг зарим арга хэмжээнд ундаа ууж өрсөлддөг бол “Аварга” наадамд оролцогчид айраг ууж уралдлаа. Урьд нь болсон “Айрагны баяр”-аар нэг доор хэн их уусан нь шалгардаг байсан бол энэ удаа хэн хурдан уухаараа уралдсан нь онцлог болов. Хоёр гардан барихаас аргагүй том хултай айргийг хэн хурдан ууж чадахаараа өрсөлдсөн нь наадамчдын сонирхлыг татсан юм. Н.Түвшинбаяр аваргатай жудо бөхийн сургууль дасгал хамт хийж, тив, дэлхийн тэмцээнд цуг оролцож, олимпийн наадамд нэг баг болон хүч үзэлцэж байдаг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин А.Цагаанбаатар энэ тэмцээнд оролцож олон түмнийг хөгжөөв. Тэрээр хоёр литрийн хулаар мэлтэлзэх  айргийг 23-хан хором (секунт)–д “ховх сорж” аваргасан нь энэ наадмын нэг содон дурсамж боллоо. Гурванбулаг, Орхон сумын Д.Батболд Н.Мөнхбаяр нар 30-31 хоромд залгилж удааллаа.

Дараагийн олимпоор дахин уулзацгаая:

Спортоор хичээллээд дөнгөж арав, жудогоор хичээллээд есөн жил болсон энэ богино хугацаанд олимп болон Ази, Зүүн Азийн аварга шалгаруулах, мөн дэлхийн цом, мастеруудын цуврал, Grand Prix, Grand Slam тэмцээнээс нийт зургаан алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн Монголын олимпийн анхны аварга, алт, мөнгөн хос медальтан, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэхээр нутгийн зөвлөлүүд, төрийн бус байгууллагуудаас иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан энэ арга хэмжээний бөх, морины бай шагнал аймгийн баяр наадмынхаа хэд дахин их байлаа хэмээн иргэд ярьцгааж байна. Олимпийн аварга, хос медальтандаа зохион байгуулагчид олон сайхан ерөөл өргөж бэлэг дурсгал гардуулсан бол олимпийн шагналт тамирчинд  урамшуулал олгож байхаар аймгийн Засаг даргын захирамжаар батлуулсан журмын дагуу анхны 30 сая төгрөгийн урамшууллыг хүндэтгэлтэйгээр өгч, сумдын малчин иргэдийн сэтгэлийн бэлэг мянган цагаан хонийг буянт сүргийн хишгийн дээж болон өргөн барилаа.
Ийнхүү өргөн дэлгэр болсон “Аварга” наадмын үйл ажиллагааны хөөр баяраар бялхсан ард иргэд манай аваргад хүч чадал, хурд самбаа, тэсвэр тэвчээр бий. Одоо хурдан хөлөө эмчлүүлээд дасгал сургуулиа шургуу хийж ирэх олимпод  амжилттай оролцоорой гэсэн итгэл өгч байв. Н.Түвшинбаярыгаа 2016 оны олимпод дахин аваргалах, наад зах нь хүрэл медаль авч алт, мөнгө, хүрэл гурван хос медальтан болох боломж ч бий хэмээн хөөрөлдөж дараагийн олимпоор дахин уулзацгаая гэсэн сэтгэл өвөрлөсөөр наадамчид буцлаа. Тийм ээ, Булганчууд, Монголын ард түмэн Найдангийн Түвшинбаяртаа бас дахин итгэл өгч байна.

Ж.Мөнх-Очир

Эх сурвалж: “Монцамэ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (September 21, 2012 9:21:26 am )

    Saihan delger naadam bolson shinjtei baina. Amjilt husie

  • Anonymous (September 23, 2012 2:30:23 pm )

    ОДОО ДАХИН ЗОДОГЛОХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД НЬ МУУГААР НӨЛӨӨЛӨЖ БОЛОХ ЮМ
    ХӨЛ НЬ МЭС АЖИЛБАРД ОРСОН ТЭМЦЭЭНЭЭС ӨМНӨ САЙН ИДГЭЭГҮЙ БАЙСАН БОЛОВЧ ТЭМЦЭЭНД БАРИЛДАЖ ГЭМТЭСЭН БОЛОВЧ МӨНГӨН МЯДААЛ АВЛАА ЭНЭ БОЛ ЭР ЗОРИГ ИХ ТЭВЧЭЭР ХАТУУЖАЛ ЮМ

antalya rent a car