2011 оны зургадугаар сарын 22-нд Норвегийн нийслэл дэх Засгийн газрын байрны дэргэд бөмбөг дэлбэлж найман хүнийг,
мөн Утойя аралд 69 хүнийг буудаж хөнөөсөн Андерс Беринг Брейвикт тус улсын шүүх 21 жил хорих ял оноов. Хэрвээ түүнийг нийгэмд аюултай гэж үзвэл энэ 21 жилийг хугацаагүйгээр сунгах боломжтой аж. Ингэснээр шүүх А.Брейвикийн ч, амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхний ч хүсэлтийг биелүүллээ. Алан хядагч шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгээ хэлсэн байна.
Ялын тогтоол уншихаар товлогдсон 24-ний өглөө А.Брейвик шүүхийн танхимд орж ирээд, гавыг нь тайлангуут нацист маягаар гараа өргөн мэндчилжээ. Тэрбээр шүүхийн өмнөх хуралдаанууд дээр ч мөн ингэсэн юм. Таван хүнтэй шүүх бүрэлдэхүүн түүнийг эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай хэмээн үзэж Норвегийн хуулинд заасан ялын дээд хэмжээг санал нэгтэйгээр оногдуулав. Гэхдээ энэ нь А.Брейвик 2032 онд суллагдана гэсэн үг биш бөгөөд нийгэмд учруулах аюул нь арилаагүй гэж үзвэл ялыг нь таван жилээр хэдэн ч удаа сунгаж болох юм.
Шүүхийн шийдвэр гаргах явцыг адармаатай болгосон гол зүйл нь А.Брейвикийг сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоох явдал байжээ. Норвегичуудын олонх нь түүнд ялын дээд хэмжээ оногдуулахын тулд сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэх ёстой гэсэн бодолтой байсан бөгөөд хэрэгтэн ч өөрийгөө эрүүл хэмээн зүтгэж байсан юм. Хэрвээ эрүүл бус гэж үзвэл энэ нь түүний хувьд үхэхээс ч долоон доор доромжлол болох байсан нь мэдээж. Улсын яллагч л түүнийг эрүүл бус хэмээн мэтгэж байсан бөгөөд эсрэгээр нь гаргасан шүүхийн шийдвэр хэрэгтэн ба хохирогсдын аль алины хүсэлд нийцжээ. А.Брейвикийг эрүүл гэж үзсэн шүүхийн шийдвэр шинжээчдийн хоёр ч удаагийн дүгнэлт дээр үндэслэсэн юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хийгдсэн эхний дүгнэлт нь түүнийг хурц шизофрени өвчтэй гэж гарсан бөгөөд хэрэгтэн болоод түүний өмгөөлөгчдийн баг энэ дүгнэлтийг хүлээж авах дургүй байв. Энэ оны нэгдүгээр сард шүүхээс томилогдсон шинжээчдийн хоёр дахь баг А.Брейвикийг гурван долоо хоног тасралтгүй ажиглаад, өмнөхөөс тэс ондоо буюу “эрүүл, хэрэг хариуцах чадвартай” гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэхдээ хэрэг үйлдэх үедээ бухимдлын байдалтай байсан гэдгийг нь онцлон тэмдэглэсэн бөгөөд энэ бүхэн нь хэрэгтний санаанд бүрэн нийцсэн байна.
Шүүхийн шийдвэр хохирогч, хохироогч хоёр талын аль алины хүссэнээр гарсан төдийгүй Норвеги улсын төсөвт ч ашигтай тусчээ. Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд А.Брейвикийг хориход Засгийн газар 12.5 сая крон буюу бараг хоёр сая доллар зарцуулсан бол цаашид жил тутам таван сая доллар буюу ойролцоогоор 700 мянган евро зарлагадах юм. Хэрвээ түүнийг эрүүл бус буюу хэрэг хариуцах чадваргүй гэж шийдсэн бол шоронд нь сэтгэцийн эмгэгийн тусгай тасаг шинээр байгуулж эмчлэх ёстой байв. Тэгвэл эмчилгээний зардал нь дээрхээс дөрөв дахин үнэтэй тусах байжээ. Гэхдээ л түүнийг одоо хорьж ял эдлүүлэх зардал нь жирийн ялтныхаас 15 дахин өндөр болж байгаа юм. Үүнээс гадна А.Брейвик улсынхаа төсөвт хэдийнэ 600 сая крон буюу 82 сая долларын хохирол учруулчихаад байгаа, учир нь түүний дэлбэлсэн Засгийн газрын байрнаас зарим яамдыг нүүлгэхэд ийм хэмжээний зардал гарсан байна.
А.Брейвикийн ял эдлэх газар нь Осло хотоос холгүй орших “Ила” шорон юм. Энэ шорон дээд тал нь 124 хүнийг хорих багтаамжтай. “Ила”-д түүнийг хориход зориулан бүтэн жигүүрийг тусгайлан тоногложээ. Энд тус бүр найман квадрат метр хэмжээтэй унтлагын, биеийн тамирын, ажлын гурван өрөөнөөс гадна салхинд гарах зориулалттай талбай бий. Шүүхийн шийдвэр гарахын урьд өдөр шоронгийн удирдлага тэдгээрийн зургийг хэвлэлд нийтэлсэн юм. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс унтлагын өрөөний зургийг гаргаагүй. А.Брейвик хоригдох үедээ бусад ялтны адилаар захидал илгээх, хүлээж авах, зурагт үзэх эрхтэй. Норвегийн хуулиар түүнийг удаан хугацаагаар ганцаарчлан хорихгүй ёстой бөгөөд жирийн ялтныг түүнтэй хамт байлгаж “айлгаж ичээхгүй”-н тулд тусгай бэлтгэгдсэн хүмүүсийг хөлсөлж магадгүй талаар хэвлэлд бичиж байв. Өнгөрсөн 22-ны өдөр “Ила” шоронгоос гаргасан хэвлэлийн мэдээнд энэ талаар дурьдсан зүйлгүй, харин А.Брейвик өөрийн жигүүрийнхэнтэй харилцаж болно, шоронгийн бусад хэсгийнхэнтэй харилцахыг нь бол хориглоно гэдгийг тэмдэглэсэн байв. Биеийн тамирын хэрэгсэл, зэвсгийн зориулалтаар ашиглуулахгүйн тулд шалтай нь хадсан тавилгаас гадна түүний өрөөнд Интернэтэд холбоогүй нөүтбүүк бэлджээ. Өмгөөлөгчдийнх нь мэдэгдсэнээр А.Брейвик намтраа бичихээр шийдсэн тул нөүтбүүк хэрэгтэй нь гарцаагүй юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 28, 2012 10:28:40 am )
Jargachihsan shaar ve shuud l buudchihgui
-
Anonymous (August 28, 2012 11:12:05 am )
amraltiin gazar bnadaa
-
Anonymous (August 28, 2012 11:12:34 am )
shoron gj shn yumaa
-
Anonymous (August 28, 2012 1:26:40 pm )
Норвегийн шоронд байх Монголд дунд чинээнд амьдрах 2 ижил юм уу да
4 Comments