antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 28, 2012 3 comments

Их аваргад эрүү үүсгэж, шинэхэн фракцийнхнийг намын гишүүнчлэлээс хасч, сарны хүн таалал төгссөн өдөр

нийтлэсэн Admin

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудад гарсан онцлох үйл явдлын мэдээ, мэдээллийг тоймлон хүргэж байна.
Сенсааци 1: Өнгөрсөн баасан гарагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын хил гаалийн хамгаалалтын бүс багтсан олон улсын явагчдын танхимаас тэсрэх бодистой төстэй зүйл илэрсэн гэх мэдээлэл яах аргагүй олныг цочроосон. Энэ дагуу цаг алдалгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд газар дээрээс нь сурвалжлан мэдээлсэн билээ. Тухайлбал, “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Нийгмийн толь” сонинуудад энэ талаар мэдээлжээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өглөө “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хамгаалалтынхан сэжиг бүхий ууттай зүйл илрүүлж, үүнийг тэсрэх бөмбөг байж болзошгүй хэмээн таамаглажээ. Тиймээс онгоцондоо суун байраа эзлээд байсан зорчигчдыг буулгаж, ирсэн нислэгүүдийг буудал руу орох хоолойд залгахгүй хүлээлтийн байдалтай байсан юм. “Чингис хаан” нисэх буудалд тэсрэх бөмбөг байршуулсан байж магадгүй гэсэн шалтгаанаас болж, өглөөний Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг хойшилж, орон нутгийн болон олон улсын нислэгүүд хоёр цаг гаруй саатжээ. Учир нь онгоцны буудлын зорчигчдыг бүртгэх танхимын хогийн савнаас ууттай үл мэдэгдэх тэсрэх бодис олдсон байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн мэргэжлийн хяналтын газар, “Чингис хаан” нисэх онгоцны буудлын хамгаалалтын албаныхан хамтран шалгалт явуулсан аж. Шалгалтаар дээрх зүйл сургуулилтын зориулалтаар ашигладаг тэсрэх бодис буюу дуу чимээ гаргагч байсан нь нотлогдов. Тиймээс тэр зүйлийг хэн авчирсан болохыг тогтоохоор шалгаж байгаа аж.
Сенсааци 2: Эксийн эзгүйд МАХН-ын албан тушаалын бужигнаан өрнөж, М.Энхсайхан, Н.Энхбаярын нөхөрлөл гишүүдийнх нь уланд гишгэгдэх болсон талаар “Нийгмийн толь” сонинд мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр тус намын бага хурал болж, зарим нэгийгээ хөөж, нөгөө хэсгийг нь албан тушаалаар урамшуулсан байна. Түүнчлэн МАХН фракци болон жигүүрийн аль алиныг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бага хурлынхаа шийдвэрээр баталгаажуулсан байна. Шинэхэн фракцийнхнийг намын гишүүнчлэлээс хасч, хөөсөн бол “Улаан сарнай” жигүүрийг татан буулгажээ. Ямартаа ч МАХН-ын дотоод бүтэц, зохион байгуулалт өргөжин, шинээр нарийн бичгүүд томилогджээ.
Сенсааци 3: Өнгөрсөн долоон хоногийн дуулианы эзэн яах аргагүй их аварга, монгол түмний хайртай хүү Д.Дагвадорж байв. Учир нь тэрбээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодож, улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуугисан. Тодруулбал, Японы үндэсний бөхийн их аварга Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 80 жилийн баяр дээр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон хэрэгт холбогдсон. Тиймээс Өвөрхангай аймгийн цагдаагийн байгууллага дээрх хэрэгтэй холбогдуулан түүнд эрүүгийн хэрэг үүсгэх болсон талаар “Нийгмийн толь” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Хэдийгээр М.Наранбаатар цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй ч Д.Дагвадоржид гэрчүүдийн мэдүүлгээр түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Тус зүйл ангид “Албан байгууллагад орж иргэдийг зодож, танхайрч, бусдын бие эрхтэн, эрүүл мэндэд халдсан, хуулийг үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг зөрчвөл 2-5 жил хорих ялаар шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна. Түүнчлэн  “Ер нь их аварга маань мэргэжлийн сумогоос зодог тайлж, эх орондоо ирсэнээс хойш үргэлж зодоон, цохионд оролцож, хэрэг тарьж явдаг болсон. Магадгүй эрүүгийн хэрэг үүсгэснээр түүнд сануулга болох юм”  хэмээн бусад өдөр тутмын сонинд мэдээлжээ.
Сенсааци 4: Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч бямба гаригт бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа хуралдаж гаргасан шийдвэрээр Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгосон юм. Энэ талаар “Өнөөдөр”, “Зууны мэдээ”, “Үндэсний шуудан”, “Нийгмийн толь” зэрэг өдөр тутмын сонинууд мэдээлжээ. Ингэснээр өмнө нь Эзэн Чингис хааны хөшөөний урд зургаа авахуулах хүсэлтэй хүмүүс урамгүй буцдаг байснаа больж, наадмаар ганц удаа барааг нь хардаг Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэх боломжтой боллоо. Энэхүү шийдвэрийн дагуу бямба гаригт  морин цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээж, Төрийн түүхийн музейн зарим үзмэрийг дэлгэн үзүүлэв. Ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, Соёл, спорт,  аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон бусад албаны хүмүүс оролцжээ. Энэ үеэр ерөнхий сайд хэлэхдээ “Монголын төр түмэн олондоо нээлттэй тунгалаг байх эхний ёслолд ирсэнд баярлалаа. Бид анхныхаа хурлаар 10 гаруй асуудал авч хэлэлцсэний нэг нь төрийн ордныг нээлттэй болгосон явдал юм. Төрийн маань түүх 2000 гаруй жилийн түүхтэй. Төрийн ордныг нээлттэй болгосноор хүүхэд, залууст эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх, түүх соёлоо дээдлэн хүндэтгэх, гадаадын жуулчдад улсынхаа төрт ёс, төрийн түүх, үндэсний зан заншлыг таниулахад чухал ач холбогдолтой” гэлээ. Долоо хоног бүрийн бямба, ням гаригт Эзэн Чингис хааны хөшөөнд төрийн хүндэт харуул хүндэтгэл үзүүлж байх бөгөөд иргэд цаашдаа Төрийн ордонд тодорхой хуваарийн дагуу нэвтэрч, төрийн түүх, соёлын холбогдолтой үзмэрүүдийг үнэ төлбөргүй сонирхож байх аж.
Сенсааци 5: Лондон хотод зохион байгуулагдсан зуны XXX олимпын наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, жүдо бөхийн төрөлд амжилттай оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин С.Ням-Очирт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ. Энэ талаар “Монголын мэдээ”, “Өнөөдөр”, “Өдрийн сонин” болон бусад өдөр тутмын хэвлэлүүдэд мэдээлжээ. Тодруулбал, цол олгохдоо тэрбээр, олимпт амжилт гаргах нь сайн, хамгийн гол нь олимпт оролцогч байж чадах нь аливаа ард түмэн улс орны хувьд хамгийн чухал гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын Жүдо бөхийн холбооны дасгалжуулагч Ш.Бат-Орших, “Женко” клубийн жүдо бөхийн дасгалжуулагч Г.Энхбаяр зэрэг нэр бүхий дасгалжуулагчдыг шагнасан байна.
Сенсааци 6: Нийслэлд хийгдэж буй зарим зам засварын явцтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон хотын дарга Э.Бат-Үүл нар өчигдөр танилцсан талаар өдөр тутмын хэвлэлүүд мэдээлжээ. Тухайлбал, нийслэлд хийгдэж байгаа зам, барилгын  ажлууд хугацаандаа ашиглалтад ордоггүйгээс гадна чанарын гүйцэтгэл хангалтгүй байдагт иргэд шүүмжилдэг. Тэгвэл хотын шинэ удирдлагууд тендерийн хар дэвтэртэй болжээ. Уг дэвтэрт өмнө нь тендерийн ажил аваад, чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг тэмдэглэх гэнэ. Хотын хар дэвтэрт бичигдсэн компани дахин нийслэлээс ямар нэгэн тендерийн ажил авна гэж горьдолтгүй болохыг хотын дарга Э.Бат-Үүл сануулсан талаар  “Өдрийн шуудан” сонинд мэдээлжээ.
Сенсааци 7: ҮДБЭЧ-ын үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд рок, попын одод Үндэсний хөгжмийн их найралтай хамтран “Их хуралдай” тоглолтоо Соёлын төв өргөөнд өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсныг өдөр тутмын хэвлэлүүд сурвалжилжээ. Тоглолт эхэлсэн даруйдаа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд “Их хуралдай”-н салхийг  төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг УДБЭЧ-ын их найрал  хөгжимдөн хагалж, улмаар төрийн соёрхолт дуучин Д.Болд алдарт “Хээрийн салхитай аялгуу” “Миний хоёр эрдэнэ” дуугаараа үргэлжлүүлсэн байна. Б.Сарантуяа “Ихэр саран”, “Зүүдний говь”,  “Sweetymotion” “Ингэн тэмээний дуу”-гаа дуулсан бол  продюсер, дуучин Б.Чинбат “Мандухай цэцэн хатан”, “Уулын сүүдэр аавыг минь дайрахгүй” зэрэг бүтээлээ эгшиглүүлсэн байна. Ийнхүү гурван цагийн турш үргэлжилсэн “Их хуралдай” үзэгчдийн сэтгэлийг оргилуулсаар байсан нь тоглолтын гайхамшиг нь байсан гэнэ.
Сенсааци 8: Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл замын хөдөлгөөнийг зохицуулах шинэ журам гаргасан билээ. Үүнд автозамын ачааллыг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. энэ журам өнөөдрөөс мөрдөгдөж байна. Тодруулбал, автомашины улсын дугаарын сүүлийн орны цифрээр ялгаж, ажлын өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд Их тойруу дотор Нарны замаас хойшхи хэсэгт замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон байна. Тухайлбал, Их тойруу болон түүний доторх замууд, Энхтайвны өргөн чөлөө Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, Наадамчдын гудамжны зам буюу Төв аймаг руу салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх замд,Чингисийн өргөн чөлөө ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайвны гүүр хүртэлх хэсэгт, Чингэлтэйн өргөн чөлөө 32-ын тойргоос Долоон буудлын уулзвар хүртэлх хэсэгт, Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт,Доржийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө, 120 мянгатын тойрог, ХААИС-ийн уулзвар Нарантуулын уулзвар хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлажээ.
Сенсааци 9: Саран дээр мөрөө гаргасан анхны хүн Нейл Армстронг өнгөрөгч Бямба гаригт 82 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн талаар “Монголын мэдээ”, “Өдрийн шуудан”, “Ардчилал” зэрэг өдөр тутмын хэвлэлүүдэд мэдээлжээ. Тухайлбал, сарны хүн хэмээн алдаршсан тэрбээр энэ сарын эхэнд орсон мэс заслын шарх нь хүндэрснээс болж нас барсан аж. Гэхдээ Нейл одоохондоо  “агуу” гэж  тооцогдсоор байгаа юм. Түүний талаар АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ “Нэгдсэн улсын түүхэн дэх агуу баатруудын нэг. Тэр зөвхөн тухайн цаг үеийнхээ бус,  бүх цаг үеийн агуу баатар байсан. Хүн төрөлхтөнөө төлөөлж, саран дээр хийсэн түүний анхны алхам хэзээ ч мартагдашгүй” гэжээ. Дашрамд дурьдахад 1969 оны долдугаар сарын 20-нд Нейл Армостронг саран дээр буусан анхны хүн болсон юм.

bolod.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (August 28, 2012 11:14:32 am )

    shine sedev ehlehdee dogol murnuus ehelchij chadahgui bna uu

  • Anonymous (August 28, 2012 11:21:07 am )

    batsaihan gej balai yum

  • Anonymous (August 28, 2012 11:21:48 am )

    hugshin nohoi batsaihan

antalya rent a car