Энэ удаагийн “Чухал хүн” буландаа Лондоны олимпийн 30 дугаар наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, МУГТ С.Батцэцэгийг урилаа.
-Олимпийн наадамд анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэн. Тэр болгон тамирчдын гаргаад байдаг амжилт биш. Тэр гайхалтай өдрүүдийг эргээд нэг дурсвал?
-Мэдээж сайхан байлгүй яахав. Монголд 63 кг-ын жинд өрсөлддөг олон хүчтэй бөхчүүд байгаа. Тэр дундаас би Олимпийн наадамд оролцох эрхтэй болсон нь маш том боломж байсан. Тэр боломжоо ашиглаж, Олимпийн дэвжээнд зодоглоод хүрэл медаль авсандаа үнэхээр их баяртай байгаа. Хүн болгонд олдоод байдаггүй аз завшаан шүү дээ. Тиймээс тэр өдрүүдийг санах бүр сэтгэл хөдөлдөг юм.
-Зооны аваргын төлөө Японы бөх Ичо Каоритай барилдсан. Уг нь тэр барилдаанд ялах боломжтой байсан юм шиг санагддаг. Юу болсонгүй вэ?
-Ялах боломж байсан. Гэхдээ л ялж чадаагүй. Олимпийн наадамд медалийн өнгө хувиргах арай л болоогүй байсан юм байлгүй дээ. Боломж байсан уу гэвэл байсан нь үнэн.
-Дасгалжуулагч чинь Ичог зүүн хөлд тойрдог гэдгийг барилдааны өмнө сануулаагүй нь миний алдаа болчихлоо гэж байсан?
-Би ч өөрөө тэрийг нь мэдэж байсан. Угаасаа Японы бөхчүүд хөл авна, зүүн хөлд тойрч авдаг барилдаантай. Гэхдээ хүний сурсан юм гэдэг хэцүү юм билээ. Мэдэж байгаа хэрнээ л хоёрдугаар үед хөлдөө алдаад оноо алдчихсан. Ичо Каори үнэхээр туршлагатай сайн тамирчин байсан болохоор надад барьц өгөхгүй байсан тал бий.
-Хүрэл медалийн төлөө Канадын бөх, дэлхийн аварга Мартинтай барилдсан. Тэр бөхтэй барилдахын өмнөх уур амьсгал ямар байсан бэ. Ялагдвал медальгүй үлдэх учир түгших, эмээх зүйл байсан уу?
-Би ажлаа хийж байгаа хүн шүү дээ. Чөлөөт бөхөөр барилдах чинь миний ажил. Тийм болохоор айх, эмээх зүйл байхгүй. Айгаад яах вэ дээ, тэглээ гээд би хожихгүй шүү дээ. Харин ч эмээж, сэтгэл хөдлөл гаргаснаараа алдаа гаргах л болохоос амжилт авчрахгүй. Тийм болохоор айж, эмээх гэсэн зүйл надад огт байдаггүй. Өрсөлдөгч бүхнээ ялахын төлөө барилддаг. Тэр ч утгаараа ялж, хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байгаа.
-Хүрэл медалийн төлөөх барилдааны өмнө хөл авахад жийж тавиулах мэхийг их олон давтсан гэсэн. Барилдаан яг тийм маягаар болж, ялсан шүү дээ. Багш нар чинь Канадын бөхийн барилдааныг сайн мэдэрсэн байна шүү?
-З.Дүвчин багш өөрөө хөл аваад, жийж тавиулж давтсан. Мөн Б.Болд багш маань бас хөл авч жийлгээд нэлээд бэлтгэл хийсэн. Ер нь хоёр багш маань ээлжилж хөл авч, жийлгэж давтуулсан. Тэр дагуу барилдаад ялсан. Мэдээж олимпийн наадамд оролцож байгаа бөхчүүдийн бүгдийнх нь барилдааныг судалсан. Тэр тамирчдын олон дэлхийн аварга болсон, олимпийн наадамд хэд түрүүлсэн бэ гэдгийг нь тоож судлахгүй шүү дээ. Зөвхөн барилдааныг нь судалж байгаа юм чинь. Тэгж судалж байхдаа Канадын бөхийн барилдааны онцлогийг мэдсэн. Багш нар ч сайн анзаарсан байх. Надтай барилдахаас өмнө нэлээд хэдэн барилдаан хийхэд нь ч харсан байх. Тэгээд л надад зөвлөж, тэр дагуу бэлтгэл хийсэн хэрэг.
-Эндээс явахдаа мэдээж алтан медаль авах зорилготой байсан нь тодорхой. Гэхдээ санасандаа хүрч чадсангүй. Сэтгэл дундуур байгаа юм шиг харагдаад байсан?
-Олимпийн хүрэл медалийг хэн дуртай нь авчихдаг юм биш. Гэхдээ мэдээж алтан медаль авах боломжтой байсан, надад тийм нөөц, бололцоо байсан учраас бага зэрэг сэтгэл дундуур үлдсэн. Гэхдээ дараа дараагийн олимпийн наадмаас алтан медаль авахын төлөө бэлтгэлээ сайн хийнэ. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Надад нас байна, боломж ч байна.
-Хүрэл медалийн тавцан дээр зогсч байхад төрсөн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Мэдээжийн хэрэг сайхан байлгүй яах вэ. Би хожигдсон бол медалгүй үлдэх байсан. Надад хожигдох эрх байгаагүй. Заавал хожих ёстой байсан. Тэгж ч чадсан. Яг медалиа зүүгээд зогсч байх мөчид хамгийн түрүүнд эх орноо бодсон. Олимпийн наадмын медалийн тавцанд гарахад эх орон, аав, ээж л санагддаг юм билээ. Монгол Улсын төрийн далбаа Лондоны тэнгэрт мандах үе хамгийн сэтгэл хөдлөм мөч байсан.
-63 кг-ын жинд Олимпийн эрхийг МУГТ О.Насанбурмаа авч ирсэн. Харин Олимпийн наадамд өөрийг тань сонгож явуулсан шүү дээ. Лондон явж байх үед юу бодогдож байв. Нэг хүчтэй тамирчин Олимпийн дэвжээнд гарч чадаагүй шүү дээ гэж бодохоор том үүрэг хариуцлага ногдож байсан мэдээж?
-Надад маш том хариуцлага ирсэн. Монголын эмэгтэйчүүдийн 63 кг-ын жин дэлхийд хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Шилдэг бөхчүүд хүч үздэг жин шүү дээ. Тийм болохоор 63 кг-ын жингээ дэлхийд ямар хүчтэй гэдгийг нотолж харуулна гэж бодож байсан. О.Насанбурмаа маань ч гэсэн элдэв юм бодож, санаа зовсны хэрэггүй. Монголын 63 кг-ын жин ямар хүчтэй вэ гэдгийг харуулаарай гэж зөвлөж байсан. Тийм болохоор зөвхөн барилдаандаа анхаарлаа хандуулаад, үүрэг хариуцлагаа ухамсарлаж барилдсан даа.
-Чөлөөт бөхийн түүхэнд 32 жил тасраад байсан Олимпийн наадмын медалийг эх орондоо авч ирлээ. Гэхдээ чөлөөтийн эрэгтэйчүүд маань дахиад олимпийн наадмаас медаль авч чадсангүй. Таны хувьд энэ тал дээр нэгийг бодож байгаа байх?
-Яг нарийн учрыг нь хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Улсын начин Ж.Чулуунбат ах маань маш сайн барилдсан. Оросын бөх Маховтай сайн барилдсан. Бас л жаахан аз дутлаа. Уг нь сайн барилдсан шүү дээ. Би хувьдаа Б.Наранбаатар ах, Ж.Чулуунбат ах хоёрыг аваргын төлөө барилдах болов уу гэж бодож байсан. Гэхдээ миний бодсоноор болсонгүй. Медальд хүрсэнгүй. Аз дутлаа гэж бодож байгаа. Түүнээс бяр хүч, мэхээр дутсандаа хожигдоогүй нь тодорхой.
-Олимпийн наадамд оролцсоноор нэлээд туршлага хуримтлуулж, хий ч гарсан байх. Өмнө нь барилдаж байгаагүй дэлхийн шилдгүүдтэй гар зөрүүллээ. Дэлхийн хэмжээний бөхчүүдийн арга туршлагыг хажуугаас харж байхад манайхан юун дээр анхаармаар юм шиг санагдаж байв?
-Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүд дэлхийн төвшнөөс хоцрогдсон юм бол байхгүй. Хөл авдаг бол авдаг, бусдын хийдэг мэхийг бид ч хийж байгаа. Японы бөхчүүд мундаг барилддаг нь үнэн. Гэхдээ нэгэн хэвийн барилдаантай шүү дээ. Гэтэл манайхан бол огт өөр. Сугадаж тонгорно, хөл авч байна. Өөр өөр барилдаан хийдэг байхгүй юу. Хүмүүсийн нүдэнд харагдахдаа мэхгүй, бяртай хүмүүс л зүтгээд байдаг байх. Тэгж ойлгож, ярьж байгаа хүмүүс ч олон бий. Үнэндээ бол тийм биш. Барилдааныхаа дүрэмтэй зохицож барилдаж байгаа юм. Хүн хөл рүү явахад нь ард тойрч гараад, жийгээд оноо авчихлаа гэхэд оноогоо хамгаалахад л тэр үедээ хожиж байгаа шүү дээ. Тийм учраас дүрэмтэйгээ их зохицож барилдаж байгаа. Дүрэм шинэчлэгдсэнээр хурц барилдаан гаргах боломж байхгүй болоод тактик давамгайлсан болчихоод байна. Тийм болохоор үзэгчид, бөх сонирхогчид түүнийг ойлгох хэрэгтэй. Манай бөхчүүд ч гэсэн тактик тал руу анхаармаар юм билээ.
-Энэ удаагийн олимпийн наадамд барилдаж байгаа манай бөхчүүдийн ажиллагаа жаахан дутаад байгаа юм уу гэж анзаарагдсан. Тулж зогсч байгаад ялагдах жишээтэй. Гэтэл бусад орны бөхчүүд сүүлчийн секунд хүртэл оноо авахын төлөө зүтгэж байгаа юм. Энэ юутай холбоотой юм бол. Танд бас нэг бодож байгаа зүйл бий байх?
-Жаахан идэвх дутаж байгаа тал бий. Хамгийн гол нь бидэнд тактикын барилдаан дутаад байгаа юм. Түүнээс биш мэхтэй бол мэхтэй бөхчүүд шүү дээ.
-Та 59 кг-ын жинд дэлхийн аварга болж байсан. Яагаад эхнээсээ 63-т барилдаж, өөрөө Олимпийн эрхээ авч болоогүй юм бэ?
-Угаасаа миний жин 63-тай л байдаг юм. 59 кг руу дөрвөн кг хасаад орчихдог. Миний биеийн харьцаанд тохирч байгаа жин нь 59 байсан юм. Тэгээд энэ жинд 2-3 жил барилдсан. Дэлхийн аварга болсон. Гэхдээ тамирчин хүний мөрөөдөл бол Олимпийн наадамд оролцох шүү дээ. Гэтэл 59 кг нь олимпийн бус жин байгаад байдаг. 55-д барилдах гэхээр олон кг хасах шаардлагатай болно. Тиймээс 63 кг руу өгссөн юм.
-Одоо 63 кг-д барилдахад жин хасах асуудал гарахгүй юу?
-Би жин ерөөсөө хасдаггүй юм. Нэг бэлтгэл хийгээд жиндээ орчихдог. Тийм болохоор жин хасч ядарч, сульдана гэсэн асуудал гардаггүй. Ер нь 63 кг-д барилдахад хамгийн тохиромжтой жин гэж хэлж болно. Жин хасч, ядарч сульдахгүй, өндөр ачаалалтай бэлтгэл хийдэггүй болохоор бусад тамирчдаас илүү бяртай байдаг болов уу. Багш маань ч тэгж хэлдэг юм.
-Хүрэл медаль авсны дараа хамгийн түрүүнд өөрт чинь бодогдсон хүн О.Насанбурмаа гавьяат болов уу гэж би таагаад байгаа юм. Медалийн болзол хангачихаад түүнтэй уулзахад юу гэсэн бэ?
-“Ямар мундаг юм бэ, нааш ир, үнсье” гээд өөдөөс гараад ирсэн. Өөрөө медаль авчихсан юм шиг баярлаж байсан. Би ч гэсэн түүний итгэлийг алдалгүй медалийн тавцанд зогсч чадсандаа баярлаж байсан. Хэрвээ медаль авч чадаагүй бол миний сэтгэлд их юм бодогдох байсан байх.
-Монголын чөлөөт бөхийн холбоо өөрт тань илүү боломж байгаа гэж харсаны үндсэн дээр сонгож явуулсан байх. Таны хувьд жингийнхээ өрсөлдөгчийг юу гэж үнэлдэг вэ. Хэрвээ О.Насанбурмаа явсан бол медаль авч чадах байсан болов уу?
-Мэдээжийн хэрэг медаль авна. Өнгө нь хаашаа байх байсан бол гэдэг нь л сонин байна. Магадгүй алтан медалийн тавцан дээр зогсч байх байсан ч юм бил үү. Тийм хүчтэй тамирчин. Ийм шилдэг өрсөлдөгч байгаа учраас түүний өрсөлдөгч нь амжилт гаргаж байгаа юм. Би түүнийг маш их үнэлдэг. Сүүлийн хоёр тэмцээнд би О.Насанбурмааг хожсон байсан. Тэр үзүүлэлтээрээ л Олимпийн наадамд явсан. 2011 оны дэлхийн аваргын өмнө би түүнд хоёр хожигдож байсан. Тэгээд О.Насанбурмаа дэлхийн аваргад явж, хүрэл медаль хүртэж байлаа. Энэ удаа надад илүү боломж гарсан л гэсэн үг. Чөлөөт бөхийн холбоо ямар ч маргаангүй шударгаар шийдсэн гэсэн мэдээллийг надад өгч байсан.
-Манай улсаас 29 тамирчин Олимпийн наадамд оролцсон. Та ч тэднийгээ зүрх сэтгэлээрээ дэмжиж байсан нь мэдээж. Гэхдээ олон сайн тамирчин санасанд хүртэл амжилт гаргаж чадаагүй шүү дээ. Хэнийг медальгүй хоцроход хамгийн их харамссан бэ?
-Ж.Чулуунбат ахыг медальгүй хоцроход нь үнэхээр их харамссан. Гоё мэх хийж өндөр оноо аваад, даралтад оруулчихсан мөртлөө хожил авч чадаагүй болохоор маш их харамссан.
-Ойрын үед оролцох тэмцээн уралдаан юу байна?
-Ирэх есдүгээр сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Гэхдээ би явахгүй. О.Насанбурмаа явах юм. Ерөөс Олимпийн наадамд яваагүй үлдсэн нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна гэж байсан юм.
-Олимпийн наадмаас медаль авчихаад, зорилгоо биелүүлчихээд эх орондоо ирэх тэр үеийн сэтгэгдлийг үгээр илэрхийлбэл?
-Гэр бүлийнхэн, найзууд маань намайг тосч авсан. Зорилгодоо хүрчихээд гэрийнхэндээ үнсүүлэх үнэхээр үгээр илэрхийлэх аргагүй тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Намайг дэлхийн аваргад түрүүлчихээд ирэхэд гэрийнхэн маань яг л саяных шиг тосоод л зогсч байсан. Үнэхээр сайхан байдаг юм. Бүгдээрээ л надаас илүү баярлачихсан. Тийм сайхан мөч олон хүнд тохиолдохгүй гэж бодохоор бахархмаар шүү.
-Саяхан Ерөнхийлөгч олимп, дэлхийн медальтай тамирчдад сар бүр урамшуулал олгох зарлиг гаргалаа. Та олимп, дэлхийн медальтай тамирчны хувьд санаа бодлоо хуваалцах нь зүйтэй байх?
-Ерөнхийлөгч үнэхээр нүдээ олсон зарлиг гаргалаа. Хүүхэд, залуучууд гудамжинд тамхи татаад явж байдаг байсан бол өнөөдөр аль нэг спортоор хичээллэж, амжилт гаргаж, амьдралынхаа баталгааг олох тэмүүллийг бий болголоо. Хүүхэд, залуучууд спортоор их хичээллэх байх гэж бодож байна. Амжилт гаргахын төлөө ч тэмцэх байх. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдүүдээ спорт руу их оруулах байх.
Би том мэх хийж барилдах дуртай
-Хэзээнээс чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ. Яагаад энэ спортод дурлах болов?
-2006 оноос эхэлж чөлөөт бөхөөр хичээллэсэн. Энэ спортод дурласан шалтгаан нь их зүйлтэй холбоотой. Манай ангийн нэг охин бөхийн секцэнд орсон гээд явж байхад би барилдаад дийлсэн юм. Тэгээд сүүлд нь хоолойныхоо махыг авахуулаад эмнэлэгт хэвтэж байхад Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болсон. Тэр тэмцээнд манай улсын шилдэг эмэгтэй тамирчид түрүүлж байсан. Тэднийг хараад барилдъя гэж их бодсон юм. Миний анхны багш Д.Дондог гэдэг хүн байлаа. Намайг чөлөөт бөхөөр хичээллэж, анхны гэсэн зүйлээ мэдэж сурахад тусалсан. Түүнээс хойш хоёр жил орчим хичээллэсний дараа Д.Дондог багш маань намайг дагуулж ирж, З.Дүвчин багшид шавь оруулж байлаа.
-Амжилт гаргахын гараа З.Дүвчин багшийн шавь болсноос эхэлсэн гэж ойлгож болох нь ээ?
-Багшийнхаа шавь болохоос өмнө би улсын аварга болчихсон байсан. Өсвөрийн улсын аварга болчихоод З.Дүвчин багшийн шавь болж байлаа. Түүнээс хойш насанд хүрэгчдийн улсын аварга, залуучуудын Азийн аварга, насан хүрэгчдийн Азийн аваргын мөнгө, насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон. Мөн олон тэмцээнд аваргын төлөө барилдсан даа.
-Богино хугацаанд өндөр амжилтад хүрсэн тамирчин гэж ойлгож болох байх. Зургаан жил чөлөөт бөхөөр хичээллээд дэлхийн аварга боллоо. Олимпийн наадмаас хүрэл медаль авлаа шүү дээ?
-Яах вэ, сайн хичээгээд, хөдөлмөрлөсний хүчинд багахан амжилтад хүрсэн байна. Гэхдээ насаа бодсон ч цаашид олон тэмцээнд оролцох боломж байна. Ямар ч байсан бэлтгэлгээ сайн хийж байгаад дараагийн олимпийн наадамд амжилттай оролцоно гэж хүсч байна. Түүний дараа л амжилт, ололтоо дүгнэх цаг олдох байлгүй дээ.
-Монголын чөлөөт бөхийн тамирчид сүүлийн жилүүдэд амжилттай барилдаж, дэлхийн хэмжээнд хүрсэн олон бөх төрж гарлаа. Энэ бол дасгалжуулагчтай салшгүй холбоотой байх. Багшийнхаа тухай ярьвал. З.Дүвчин багшийн дасгалжуулах арга барил нэг л өөр санагдаад байдаг юм?
-Манай багш өөрөө их өвөрмөц барилдаантай хүн. Тэр утгаараа бидний барилдаан арай өөр байдаг байх. Тэр утгаараа хурдан амжилтад хүрч байгаа болов уу гэж боддог. Дэлхийн стандартын барилдаан бол хөлд орох, накат эргэх гээд л байна. Манай багш түүнээс арай өөр барилдаан хийдэг. Ерөнхийдөө барьцтай барилддаг хүн л дээ. Багшийнхаа зааснаар барилдаж байгаа болохоор богино хугацаанд амжилтад хүрч байгаа гэж хэлж болно. Би багшийнхаа арга техник, мэхийг яг нарийн, гүйцэд сурч чаддаггүй юм. З.Дүвчин багш нарийвчлаад хэлж өгдөг. Гэхдээ бид өөрсдийнхөө хэмжээнд л сурч байгаа. Зарим нэгийг нь сайн сурдаг ч одоо болтол сураагүй мэх байна.
-З.Ойдов аваргын нэрээр нэрлэгдсэн мундаг мэх байдаг даа. Түүнийг зааж өгдөг байлгүй?
-Толгой уургалаад суйлдаг мэх байдаг юм. Зааж өгөлгүй яах вэ. Би өөрөө тиймэрхүү том мэх хийж барилдах дуртай болохоор өөрийнхөө хүссэн мэхийг заалгахаар их хурдан сурдаг. Харин багшийн өөрийнх нь заасан юмыг удаан сурна шүү. Нөгөө дургүйд хүчгүй гэдэг үг байдаг шүү дээ. Өөрөө хүсээгүй болохоор хурдан сурдаггүй юм шиг байгаа юм.
-Тамирчин болоод их спортоор хичээллэж байхад шантрах үе байв уу. Эмэгтэй хүн өдөр болгон бэлтгэл хийгээд, барилдаад явахад хэцүү юм шиг санагддаг юм?
-Шантарч байсан удаа байхгүй. Хожигдохдоо хожигдоод, хожихдоо хожоод явж байсан болохоор шантарч үзээгүй юм байна. Хожигдоход багш маань “Чи ийм алдаа гаргаад хожигдлоо” гэж хэлээд, бүх барьж байсан барьцийг маань бариулж зогсоож байгаад хийж үзүүлдэг. Тэр болгонд алдаагаа засаад, бэлтгэлээ хийгээд явж байсан болохоор шантрах зав гарсангүй дээ.
-Таныг их бяртай гэж дасгалжуулагч тань магтах юм билээ. 72 кг-ын жинд дэлхийд таван удаа түрүүлж байсан Станка Златеваг дэлхийн аваргад явах гэж байхад нь бэлтгэл дээр ялж, уйлуулж байсан гэдэг. 59 кг-д барилддаг хүн 72 кг-д барилддаг алдарт бөхийг ялна гэдэг их бяртай нь шинж байх шүү?
-Тэр үед би сайн байж таарсан юм байлгүй, бэлтгэл хийж байхдаа барилдаад хожиж байсан. Дасгалжуулагч нь тамирчнаа зэмлээд, Станка уйлж байсан юм. Багш маань намайг бяртай л гээд байдаг юм. Бяртай байлаа гээд барилдаан шийдэгддэг юм биш. Мэдрэмжтэй, мэхтэй гээд олон зүйлээс хамаарна шүү дээ.
10 жилдээ их үймүүлдэг, хэцүү хүүхэд байлаа
-10 жилээсээ эхэлж барилдсан гэсэн. Ер нь дунд сургуулийн сурагч байхдаа ямар хүүхэд байв?
-За даа, дунд сургуульд байхдаа их хэцүү хүүхэд байсан даа. Тэр талаар нэг их яриад байх хэрэггүй болов уу. Дандаа л үймүүлж явдаг хүүхэд байсан.
-Зарим хүүхдүүд “Би муу сурдаг юм чинь амжилтад хүрч чадахгүй дээ” гэж өөрийгөө чамлах нь бий. Гэтэл алдартай хүмүүс бүгд дунд сургуульдаа шилдэг нь байгаагүй байдаг шүү дээ?
-Хүүхэд бүр дунд сургуульдаа онц сурч, шилдэг нь байх албагүй. Муу сурдаг ч байлаа гэсэн тэр хүн амьдрал дээр гараад ямар нэг зүйлийг сайн хийж чаддаг болдог шүү дээ. Тийм болохоор хүүхэд бүр онц сурч, бүх хичээлдээ сайн байх албагүй. Нэг зүйлийг л сайн хийж чаддаг байх ёстой. Хүүхдүүд зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилгоо том тавих хэрэгтэй. Том зорилготой, том хүсэл мөрөөдөлтэй байж гэмээнэ өндөр амжилтад хүрдэг юм.
-Дунд сургуульдаа тийм сахилгагүй хүүхэд байсан юм уу?
-Хэцүү хүүхэд байсан. Янз бүрээр үймүүлнэ. Болох болохгүй юм их сэтгэнэ. Цонхоор гарч орно гээд үймүүлэх бүр аргаар зүггүйтэнэ шүү дээ. Гэхдээ багш нар надад дургүй биш байсан.
-Дунд сургуульд байхдаа хэр их захиа авдаг байв?
-Сайн санахгүй байна. Ямар ч байсан захиа ирдэг байсан. Үерхэж үзсэн. Тэр үед хүүхэд байсан болохоор тэгс ингэс гээд л явдаг байсан байлгүй дээ.
-Нэг мундаг дасгалжуулагч онц сурдаг хүүхдүүдийг сецкэндээ авдаг байсан тухай уншиж байлаа. Учир нь онц сурдаг хүүхдүүд мундаг тамирчин болдог гэж тэр хүн үздэг юм билээ. Та хичээлдээ тийм ч сайн байгаагүй хэр нь мундаг тамирчин болчихсон байна. Энэ дунд нэг сонирхолтой маргаан гарах гээд байгаа юм?
-Онц сурдаг хүүхэд л хурдан шийдвэр гаргадаг, мундаг тамирчин болно гэж байхгүй. Ямар ч хүн тулсан юман дээр шийдвэр гаргаж, өөрийнхөө хэмжээнд асуудлыг шийдэж таарна. Тийм болохоор онц сурлагтнууд дандаа сайн байна гэж юу байхав.
Н.Пунцагболд
mminfo.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 24, 2012 9:50:16 am )
мундаг дайчин охин байна. баяр хүргэе. цаашид улам их амжилт хүсэе.
-
Anonymous (August 24, 2012 7:42:49 pm )
Uurtuu itgeltei zorilgotoi iim hymyys l amjiltand hyrne. Amjilt hysii.
-
Anonymous (August 25, 2012 10:27:02 am )
Bayr hurgie chamd
-
Anonymous (August 25, 2012 10:29:00 am )
Chamd bayr hurgie tsaashid ulam iluu amjilt delhiid chingisiin ohin iim bdgiin gdgee haruulaarai
4 Comments