Н.Ганболд, Б.Хурц нар Авлигатай тэмцэх газрын удирдлагаар томилогдож очоод гаргасан тушаал, шийдвэрүүдийн зарим нь эдүгээ тэднийг шүүхийн өмнө аваачжээ.
Томилогдож очсоныхоо дөнгөж маргаашнаас эхлээд тэд тус газрын нэлээд олон албан хаагчийг ажлаас нь өөрчлөх, чөлөөлөх тушаалд дараалуулан гарын үсэг зурсан. Тэдний үзэгний үзүүрээр ажилгүй болсон хүмүүсийн зарим нь Төрийн албаны зөвлөлд өргөдөл гаргасан нь тухайн үедээ сонин хэвлэлээр хангалттай бичигдэж байлаа.
Төрийн албаны зөвлөл өргөдлийн дагуу хянан шалгаад нэр бүхий таван мөрдөн байцаагчийг ажлаас нь чөлөөлөх үндэслэлгүй байжээ гэсэн дүгнэлт гаргасан ч Авлигатай тэмцэх газрын удирдлагууд тэднийг ажилд нь эргүүлж аваагүй. Нэгэнт ажилгүй болсон мөрдөн байцаагчид эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан юм. Тэгвэл анхан шатны шүүх өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр буюу УИХ-ын сонгуулийн өмнөх өдөр энэ хэргийг шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр мөн л мөрдөн байцаагчдын талд гарч. Анхан шатны шүүхийн шийдвэр Авлигатай тэмцэх газрын удирдлагуудад таалагдахаар гараагүй учир дарга нар Нийслэлийн шүүхэд буюу давж заалдах шатны шүүхэд хандчихаад байгаа гэнэ. Авлигатай тэмцэх газрын дарга нарыг шүүхийн өмнө аваачсан өөр нэг асуудал нь мөн л мөрдөн байцаагчдыг ажлаас нь чөлөөлсөн дээрх тушаал шийдвэрээс нь үүдэлтэй. Төрийн албаны зөвлөл “Мөрдөн байцаагчдыг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт гаргасны дараа Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Төрийн албаны зөвлөлийг буруу дүгнэлт гаргасан гэж үзэн дүгнэлтийг нь хүчингүй болгуулахаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тэгвэл захиргааны хэргийн шүүх Авлигатай тэмцэх газрын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд Авлигатай тэмцэх газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэдхэн хоногийн өмнө гаргасан байна. Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр авлигатай тэмцэгчдэд мөн л таалагдаагүй учир тэд Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандчихаад байгаа аж.
Ийнхүү Авлигатай тэмцэх газрын удирдлагаар томилогдож очсоныхоо дараахан зарим албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн тушаал шийдвэр нь Н.Ганболд, Б.Хурц нарыг хоёрын хоёр шүүхийн өмнө аваачиж, дарга нар хоёр шүүхэд хоёуланд нь ялагдлаа. Харин давж заалдах шатны шүүхүүд тэдний нэхэмжлэлийг хангах эсэх нь удахгүй тодорхой болно.
Авлигатай тэмцэх газрын дарга нарыг шүүхийн өмнө ялагдал хүлээхэд хүргээд байгаа тушаал шийдвэрүүд хэрхэн гарсныг, яаж гарсныг тодруулъя.
Н.Ганболд, Б.Хурц нар Авлигатай тэмцэх газрын удирдлагаар томилогдож очоод “Мөрдөн байцаагчид цөөн хэрэг мөрдөж байна, тиймээс мөрдөн байцаагчдаа цөөлөөд гүйцэтгэх ажилтнуудаа нэмэгдүүлнэ” гэжээ. Ингээд нийт мөрдөн байцаагчдаас шалгалт аваад шалгалтад тэнцээгүй мөрдөгчдийг чөлөөлөхөөр болсон байна. Шалгалт авахад 24 мөрдөн байцаагчийн нэг нь ч шалгалтдаа тэнцээгүй аж. Бүгд шалгалтдаа тэнцээгүй байхад тэднээс тавыг нь яагаад чөлөөлөх болов гэдэг сонин. Ажлаас чөлөөлөгдөх тушаал хүлээж авсан мөрдөн байцаагчдад тухайн үед “Шалгалтдаа тэнцээгүй, ажлын үзүүлэлт хангалтгүй байсан учир чөлөөллөө” гэсэн шалтгаан хэлсэн хэрнээ шалгалтын дүнг үзүүлээгүй байна. Ерөнхийдөө хүч түрэмгийлсэн энэ шийдвэрийн цаана “но” байгааг анзаарахгүй өнгөрөх мөрдөгч гэж байхгүй болов уу. Тиймээс л тэд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргажээ.
Төрийн албаны зөвлөл гомдлын дагуу шалгалт явуулаад бүх мөрдөн байцаагчид шалгалтад унасан учраас ажлаас халагдсан эдгээр хүмүүс хамгийн муу болох нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл сайн гэж үзээд цаашид ажиллуулахаар үлдээсэн, муу гэж дүгнээд ажлаас нь чөлөөлсөн мөрдөн байцаагчдын аль нь жинхэнээсээ сайн, мууг шалгалтын дүнгээр ялгах боломжгүй хэмээсэн юм. Үүний дараа Авлигатай тэмцэх газрын удирдлага Төрийн албаны зөвлөлийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөлгүй тус зөвлөлийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн. Гэвч Төрийн албаны зөвлөлийн дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь Захиргааны хэргийн шүүх хэрэгссэнгүй. Одоо Авлигатай тэмцэх газрын удирдлагууд авлигатай тэмцэх ажлынхаа хажуугаар хоёрын хоёр шүүхийн эсрэг тэмцэх нөр их ажилтай боллоо.
Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Эх сурвалж: “Өдрийн шуудан”
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 16, 2012 1:42:26 pm )
Aluurchin elbegdorjoo chi batvvleer zorigiig aluulaa biz de
-
Anonymous (August 16, 2012 3:03:31 pm )
yaaaaaaaaaaag unen. odoo yanaa. Elbegeegeer yugaa hiinee enhboldoor yu hiine .altanhyagaar yanaa
-
Anonymous (August 16, 2012 3:07:33 pm )
bas Bat UUl ee burhan uugeer BUUR yanaa
-
Anonymous (August 16, 2012 4:17:54 pm )
ene zurgan deer baigaa hvn muuhai hviten energitei hvn baina. Hen yum bol oo
-
Anonymous (August 17, 2012 12:42:59 am )
MONGOL TOR BVR YLZARAAD UDAJ BN DAAA
5 Comments