antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2012 Comments are off

Монгол урлагийн гайхамшгийг мэдрүүлж байна

нийтлэсэн Admin

Зуны дэлгэр цагт монголыг зорих жуулчдын тоо нэмэгддэг. Энэ цагт Үндэсний дуу бүжгийн эрд­мийн чуулгын хамт олны ажил жинхэнэ утгаараа эхэлж байгаа нь тэр. Монголын олон ястны уламж­лалт урлагийн төрлийг орчин ца­гийн хэмнэлд оруулан үзэгчдийн хүртээл болгож байгаа нь энэ чуулгынхны ач буян. Монгол үндэс­ний урлаг өнөө цагт хоцрогдсон хэмээн янз бүрийн хэл аманд өртдөг ч уламжлалаа авч үлдэх нь тэдний үүрэг гэлтэй. Урлаг мөнх. Үүн дундаа монгол үндэсний урла­гийн гайхамшгийг гадны олон жуулчдад тоглож өгч буйгаараа тэд гавьяатай. Уламжлал шинэчлэл аль алийг нь авч үлдсэн уран бүтээлээрээ үзэгчдийн талархлыг хүлээгээд байна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын удир­даач Н.Буянбаатар “Манай чуулга хойд, өмнөд туйлаас бусад газар очиж тоглосон” гэж нэгэн ярилц­лагадаа дурдаж байсан билээ.

Гадны жуулчид монголын үзэс­гэлэнт байгалиас гадна хэдэн зууны өв соёлоо хадгалан үлдсэн үндэсний урлагийг сонирхох бол­сон гэнэ. Тийм болохоор чуулгын 150 гаруй уран бүтээлчид өдөр бүр “Монгол урлагийн гайхамшиг” тог­лолтоо үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Уг тоглолт ирэх есдүгээр сарыг дуустал Үндэсний дуу, бүж­гийн эрдмийн чуулгын тайзнаа тоглогдож байгаа юм байна. Өнгө­рөгч пүрэв гаригт эл тоглолтыг үзэ­хээр чуулгыг зорилоо. Кассан дээр очиж билет асуусан боловч байхгүй гэв. Маргаашийн билет байна уу гэхэд бас л дууссан даа гэсэн юм. Ма­най­хан үндэсний урлагаа үздэг бол­жээ гээд битүүхэн­дээ баярлав. Гэ­тэл мон­гол­чууд бус гадныхан мон­голын урлагийг сонирхохоор билетүүдийг нь авсан байж. Аялал жуулчлалын компаниуд аяллын маршрутдаа “үндэсний урлагийн тоглолт үзүүлнэ” гэсэн байдаг гэнэ. Тийм болохоор жуулчны компа­ниуд билетыг нь бөөнөөр нь худал­даад авчихдаг нь гарцаагүй болов. Мон­­голчууд уг тоглолтыг 10 мянган төг­рөгөөр үзэх боломжтой бол гад­ны жуулчид 25 мянган төг­рөгөөр үздэг гэв. Бямба гаригт 18 цагаас тог­лолт эхлэх байлаа. Тоглолтоос 20 гаруй минутын өмнө жуулчны гур­ван том автобус ирсэн байв. Монгол үндэсний хувцас өмссөн жуулчид их байсан ч нүдэнд дасаа­гүй болоод тэрүү нэг л эв хавгүй харагдах аж.

“Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод Монгол төрийн их най­рал, монгол бүжгийн чуулбар, ардын бүжиг, багт цамын бүжиг, морин хуур, хөөмий, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүд багтсан байдаг аж. Чуул­гын тайзнаа заларсан уран бүтээлчдийн хувцсыг нь хараад л гадныхан “Nice, nice” хэмээн уулга алдана. Зарим нь хөтчөөсөө эдгээр хувцсыг хаанаас авч боло­хыг асууж байлаа. Төрийн их най­рал хөгжмийн нүсэр аялгуунд тэд ихэд баясах аж. Өөр хоорон­доо монгол урлагийн сайхныг шагшин ярил­цах агаад зарим жуулчид уран бүтээлчдэд босч хүндэтгэл илэр­хийлнэ. Ихэвчлэн “Bravo”, “Гоё, гоё” хэмээн амандаа шуугилдах аж. Монголд ирсэн жуулчид хамгийн түрүүн “Сайн байна уу?”, “Гоё”, “Баярлалаа” гэдэг үгийг сурдаг гэнэ. Гад­ныхан морин хуур, хөөмий, уран нугаралтыг илүүтэйгээр со­нир­хож байлаа. Хөөмийчдийг ха­раад амандаа ямар хөгжмийн зэм­сэг байрлуулсан юм бэ гэж асуух юм. “Өөрийн хоолой­гоороо хөө­мийлж байгаа юм аа” гэхэд толгой сэгсрэн үл итгэх маягтай сууна. Үегүй мэт мэт нуга­рах уран нуга­ралтынхныг ёстой л амаа ангайл­ган үзэж байлаа. Хэрхэн яаж ну­гар­даг талаар өөр хоорондоо таамаг дэвшүүлнэ. Японы нэгэн жуулчин охиноо уран нугаралтаар хичээллүүлж болох уу хэмээн хө­төчөөсөө асууж байв. Ардын дуу­чин хэмээн ард түмнээ хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Амгалангийн цээл хоолойг сон­соод хөдөө тал, нутаг ус нүднээ үзэгдэх шиг болов. Ардын дууны үнэн үгэнд аргагүй ард түмэн минь хайртай ажээ. Бямба гаригийн энэхүү тоглолтыг цөөн монголчууд үзсэн хэдий ч ардын дуундаа уярч нулимс дуслуулахыг хараад үндэс­ний урлаг үнэ цэнээ алдаагүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрэв. Ну­лимс дуслуулан дууг сонсож бай­сан тэр бүсгүйн ээж нь ардын дуу дуулдаг хүн байсан гэнэ. Тийм болохоор ардын дуу сонсохоор л уйлчихаад байдаг юм хэмээн ну­лимстай нүдэндээ инээмсэглэл тод­руулан хэлсэн юм. Багт цамын бүж­гийн тоглолтын үеэр Америк жуулч­ны хүүхэд уйлчихав. Цамын багийг хараад айсан аж. Ээжийн­хээ энгэрт нүүрээ наагаад бүжиг дуустал эргэж ч харалгүй суув.

Тоглолт 80 минутын турш үр­гэлж­лэв. Үндэсний урлагийг орчин цагийн хэмнэлтэйгээр үзэгч­дийн хүртээл болгож байгаа тул уйдах хүн байсангүй. Ардын урлагийг сонирхсон хүн уйддаггүй юм билээ. Үндэсний урлагаасаа хүн ухаар­лыг олж авдаг ажээ. “Шинэ зүйл гэж сайтар мартагдсан хуучин зүйлийг хэлнэ” гэдэг. Олон зуун жилийн буурал түүхийг тээж ирсэн үндэс­ний урлаг бидний хувьд нэгэн хэвийн зүйл мэт санагддаг бол гадныханд бол үгүй аж. Даяарч­лалын шуурганд үндэс­ний урла­гийн бүтээлүүд устаж байгаа энэ үед өөрийн гэсэн өнгө төрх ард түм­нийхээ итгэлийг тээсэн ийм урлаг байгаад гайхаж байсан юм. Тэгээд ч ардын урлаг үндэсний тусгаар тогтнолын нэгэн том батал­гаа болж өгдөг гэдэгтэй санал нэг байлаа. Тог­лолтын төгсгөлд нулим­саа арчиж байгаа япон хүнийг харлаа. Нас нь өндөр болоод нулимс нь ойр­хон байж болох ч монголын урлаг өнөөдөр үүргээ биелүүлсээр бай­гаагийн нэгэн тод жишээ энэ буюу. Урлаг гэдэг хил, хэлээр хязгаар­лагд­даггүй. Аль ч үед хүний зүрхэнд хүрч чаддаг гэдгийг Үндэсний дуу, бүж­гийн чуулгынхан мэдрүүлж чадлаа.

Тоглолтын үеэр Америкийн иргэн Клара Дикинстэй ярилцлаа.

Монголын үндэсний урла­гийн тоглолтыг үзээд ямар сэт­гэгдэл төрсөн бэ?

-Сонирхолтой юм аа. Хэлж чадамгүй нандин мэдрэмжийг сая оллоо. Монголыг газрын баялагтай л гэж бодож байснаас ийм сайхан урлагтай гэдгийг нь мэдсэнгүй. Ялангуяа ардын дууг нь сонсоход тайвшралыг олох шиг болсон. Уран нугараачдыг нь хараад яаж тэгж нугарч байнаа гээд гайхсан шүү. Нүүдлийн уламжлалаа өнөөдрийг хүртэл хадгалж байгаа цорын ганц үндэстэн гэж ойлгож байгаа.

Дэлхийн хичнээн орноор аялж байвМонгол Улс бусад улсаас юугаараа ялгаатай санаг­дав?

-Би 20 орчим орноор аялсан. Улс бүгд өөр өөрийн онцлогтой бай­даг. Монголчуудын хувьд хүн чанараараа миний очсон ямар ч улсаас хэдэн хувь илүү гэдгийг мэдлээ. Үр хүүхдүүд нь аав, ээждээ ямар их хайртай юм бэ. Эцэг, эх нь ч гэсэн үр хүүхдээ байнга харж халамжлах юм. Энэ уламжлал Азийн орнуудад л ажиглагддаг.

Монголчууд морин хуураа их хүндэтгэдэг юм байна. Очсон газар бүр л морин хуур байсан.

Монголд ирээд хаагуур явсан бэ?

-Хархорин, Өмнөговь, Амар­баясгалант хийд, Цонжинбол­догоор явсан. Ахиад хэд хэдэн газраар явна. Бороо ороод байгаа болохоор юм үзэх боломж багатай л байна. Гандантэгчинлэн хийдээр орлоо. Өмнө нь тийм том Жан­райсэг бурхан харж байгаагүй болохоор сонин л юм билээ. Мон­голын үзэсгэлэнт байгальтай газ­руу­даар явах бодол бий ч зам муу гээд одоохондоо яваагүй л байна даа.

Монголчууд үндэснийхээ урла­гийг авч үлдвэл зуун жилийн дараа жинхэнэ түүх болно. “Агуу бүхний гэрч болоход ойрхон байна даа” гэж бодлоо. Ардын дууг нь сон­соход биеэр нэг юм гүйх шиг бол­сон. Би өөрийгөө хэдэн зуун жилийн өмнө энд амьдарч байсан юм болов уу гэж бодоход хүрлээ. Давтагдашгүй хэрнээ уянгалаг, сонсголонтой юм.

Буцахдаа монголоос юу авч явах вэ?

-Хамгийн түрүүн морин хуур авна. Яг монгол айлууд шиг хойм­роо зална. Монгол малгай, дээл гээд авах юм их байна. Гэхдээ үндэстэн бүр өөрсдийн онцлогтоо таарсан хувцас өмсдөг болохоор бид дээл өмсөхөөр хүмүүст зохимж­гүй харагдаад байгаа юм шиг байна лээ.

Яаж байна?

-Хархорин явж байхдаа мэдэр­сэн. Нэг жаахан хүүхэд ирээд “Монгол хувцас биднийх болохоор өөр хүмүүст зохимжгүй харагддаг гэсэн” юм. Тэр үгийг бодоод байсан чинь үнэн л юм шиг байна лээ. Монгол хүүхдүүд их зоригтой юм билээ. Тэр жаахан байж морь унаад уралдаж байгааг нь хараад гайх­сан. Хамгийн сайхан нь бөөн шо­роо болчихсон орж ирээд ундаа, хуушуур руу гүйж байгаа юм. Өхөөрдсөн шүү.

Монголд ирэхээсээ өмнө монголын талаар хэр мэддэг байсан бэ?

-Лондонгийн олимпийн меда­лийг Монголын алтаар хийх гэж бай­гаа гэдгийг мэдэж байсан. Ин­тер­нэтээр бага зэрэг судалсан. Одоо тэр цаатан, бөө нарын амьд­ралыг нь үзчихвэл болчих гээд бай­на. Америкт “Уул толгодыг даван алс холын нутагт” (Over the Hills and Far Away) хэмээх барим­тат кинонд аутизм өвчтэй Америк хүү Мон­гол нутагт очиж бөө нараар эмч­лүүлсэн тухай гардаг тэр киног үзээд ер бусын үндэстнийг очиж үзье гэж нөхөртөө хэлтэл зөвшөөр­сөн. Тэгээд л гэр бүлээрээ ирээд байгаа минь энэ.

Монголын хамгийн том баялаг бол урлаг гэдгийг мэдэрлээ.

Та урлагийн талаар багагүй мэдээлэлтэй болжээ?

-Мэдээлэлтэй болсон. Манай аав урлагийн хүн байсан. Тэр хүнээс үлдсэн юм байлгүй дээ.

Э.ЭНХБОЛД

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car