Энэхэн дэлхийд Аавгүй хүмүүн гэж байна уу? Ааваараа овоглоогүй, ааваараа омогшоогүй Монгол хүн л лав байхгүй. Аав амьтай хорвоод хүн болж төрснөөрөө бахдахгүй юм бол юугаараа бахархах вэ?
Аяа, аав амьтай хорвоо. Хүний сайн, муу явах нэрийг аавын л нэр хамгаална. Яг цагаа тулбал Аавын нэр Эх орны нэрээс өмнө эх дэлхийд дуудуулна. Аавынхаа нэрийг сайн гаргаж байж л Эх орныхоо нэрийг удаад нь дуудуулах эрх авна. Эцэг өвгөдийн нэр, эх орон, үндэс угсааны минь нэр бүтэн сайн байх аваас эрээн хорвоод хүн хэзээ ч газардахгүй. Хилийн дээс давав уу, үгүй юү, Эх орныхоо нэртэй хамт эцгийнхээ нэрийг дуудуулж, бусадтай эн зэрэгцэн алхах хувь олдоно, бидэнд. Энэ хорвоогийн хэнд ч адилхан. Алс Америк байна уу, Африк байна уу, Ази байна уу, Араб байна уу? Хэн ч ялгаагүй ааваараа дуудуулж алаг дэлхийд нэрээ гаргана.
Лондонд болж буй дэлхийн хамгийн том спортын наадмыг хар л даа.Алтан медалиа энгэртээ гялалзуулж, эх орныхоо төрийн далбааг өргүүлж зогсоо олон сайхан тамирчин зөвхөн аавынхаа нэрийг дуудуулж, асгарах нулимсан дундаа “ААВ, ЭЭЖ ХОЁР МИНЬ” гэж шивнэн, шившин зогсоно бус уу?
Найдангийн Түвшинбаяр гэдэг нэрийг Лондон, Бээжин хоёр хотоос л дэлхийн бүх хүн таньдаг боллоо. “Найдан, Найдан” гэж англи хэлээр дэлхий даяар цуурайтлаа. Монголын шилдэг тамирчин, жүдоч хүү Түвшинбаяр ийнхүү аавынхаа нэрийг алт, мөнгөн медальтайгаа хамт алдаршууллаа. Жирийн монгол хөдөө нутгийн жудагтай даруухан аав Найдан гуай хүүгээрээ хичнээн бахархаж суугаа билээ. Монгол аавуудын нэрийг ийнхүү Монголын сор болсон олон хөвгүүд, охид дуудуулж явна. Өнөөдөр, Америкт, Англид, Австралид суралцаж яваа олон хүн ааваараа нэрлүүлж яваа. Солонгост хөдөлмөрлөж яваа олон монгол хүн ааваараа дуудуулж яваа. Хаана ч явсан Монгол орны нэртэй цуг монгол аавын нэр цоллогдож яваа.
Дэлхийн хүн бүр ааваараа бахархдаг ажээ. Анхандаа, амжилт гаргахдаа “Ээж, ээж” гэж байвч, архандаа, сэтгэлийн гүндээ дандаа аавыгаа л гэнэ. Аавын хайр нь далд, хат ил байдаг болохоор үр хүүхдүүд нь “Аав, аав” гэж нялцганаад байдаггүй бололтой. Тэгсэн хэрнээ монголчууд аавыгаа дээдлэх холын ухааныг хүүхэддээ багаас нь суулгаж өгдөг уламжлалтай. “Агтны бийд газар үз. Аавын бийд хүнтэй танилц” гэж зүгээр нэг хэлээгүй нь ухаан суух бүрий хэн хүний толгойн оройг цоо хатгах нь бий. “Өө чи чинь тэрний хүүхэд юм уу. Аав чинь ийм буянтай, олонтой сайхан хүн явсан даа” гэж танихгүй хөгшин ч уулга алдах нь аавын минь алдар хүндийг шууд хэлээд өгөх агуу “Тодорхойлолт”.
Аавыгаа бид амьдад нь хайрлаж чаддаг бил үү? Аав бүхэн үрсээ алагчлалгүй хайрлаж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж өгдөг ачтан. Аав бүхэн үрсээ алган дээрээ эрхлүүлж, өвөр дээрээ тонгочуулдаг. Хүзүүн дээрээ суулгаж, мөрөн дээрээ бурхан шиг залдаг ааваас минь өндөр, том хүн гэж хорвоод байсан юм уу?
Ууган, ганцхан юм гээд аав минь намайг яахаа алдтал эрхлүүлж байсангүй ээ. Ухаан сууг, багаасаа юмаар дутаж гачигдахгүй, нүд нь нээгдэж, билгийн мэлмий нь хол байг гэсэндээ аав минь багаас морь бэлдэж өгсөн санагдана. Аавынхаа бэлдэж өгсөн эмээл, хазаар, морь гурваас эхэлж би хорвоотой танилцжээ. Эмээл, хазаар, морь гуравтайгаа байхад би хол ч явдаг, ойр ч явдаг байжээ. Холын хүнтэй ч танилцдаг, ойрын хүнтэй ч нөхөрлөдөг болжээ. “Эмээлийн үг” хэмээх шилдэг шүлгийн номоо бичих эхний хөг аялгуугаа ч эндээс олсон мэт. Эх нутаг, эх орноо хайрлах их хайрыг ч эндээс өвөрлөсөн мэт.
Аав минь, одоо бодоход жилдээ л нэг удаа үрс биднийгээ жинтэй их, жигтэй их баярлуулдаг байсан мэт. Шинэ жил, цагаан сарын юм уу, баяр наадмын гоёлын дээлийн өнгө, шинэ гутлыг аав минь л олж авчирдаг байж. Аавын авчирсан торгоор ээжүүд гоёж, аавын авчирсан гоёлоор хүүхдүүд бид л гоёцгооно. Түүний хариуд би л лав 10 жилийн турш Шинэ жилийн өвгөн ааваас “Аавынхаа нэрээр цоллуулж онц сурлагатны бэлэг” авсан даа. Дараа нь аавыгаа баярлуулах гэж МУИС-т муугүй суралцахыг хичээсэн. Дараа нь сайн сэтгүүлч болох гэж бас л хэрдээ хичээсэн. Амьдралынхаа дүнг ааваасаа сайнаар “тамгалуулах” гэж хичээж явтал, аав минь хүнд өвчин тусч, зуурдаар, цэл залуухан 44 насандаа биднийгээ орхисон. Гэвч аав минь хэзээ ямагт хамтдаа байсаар байна. Өнчин үлдсэн дүүсийн минь нэрийн хуудас бүхэн аавын нэрээр эргэж, өдгөө дүүсийн минь хэн нь ч аавынхаа нэрийг сэвтүүлээгүй явна. “Жигмэдийн охид” гэж жирийн хэрнээ шаггүй хүүхнүүд болцгоож, хүргэд маань хадам аавыгаа үзээгүй ч, ээжийн минь дэргэд аавын минь нэрийг муугаар ч шивнэхгүй яваа нь мөнөөх л “Аавын буян” буйз аа. Жирийн тракторч аавынхаа нэрийг ч бивээр шилдэг сайнаар дуудуулахыг үргэлж хүснэ. Аав минь сумын депутат, аймгийн тэргүүний атарчин, тариаланч цолтой явсан. Сумандаа гурвын даваанаас доош унаж үзээгүй. Хийсэн ажлаа дутуу орхиж үзээгүй. Хэнд ч “Үгүй” гэж хэлдэггүй, “За гэвэл ёогүй” хүн байсан. Тэр зан чанарыг би үрсдээ шингээхийг боддог. Аавын нэр нэг дуудуулдаггүй шиг аавын яс чанар үүрдийнх байдаг.
“Өвөө, өвөө” гэлцэх ач зээ бүхэн аавынхаа ааваар бахархдаг. Ардын хувьсгалын партизан, Халх голын дайчин өвөөтэй хүн цагтаа жинхэнэ “Баатар хүний үр сад” байлаа. Одоо тийм тэнгэрлэг, баатар өвгөд нэн цөөрчээ. Төр засаг маань тийм өвгөддөө орон сууц олгож, өвөөгийнхөө болон аавынхаа буянаар олон хүн орон гэртэй болж байна. Мөн олон хэлмэгдсэн аавуудын үрс төр засгаас дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж авч байна. Өвөө болон аавынхаа нэрийг цагаатгаж авч байна. Аав гэдэг ийм л, нэгэн насаар тогтохгүй, нэгэн үеэр дуусахгүй, наанадаж гурван үе, цаанадаж таван үеэр дуурсагдаж явах учиртай. Есөн үеэ мэдэх, элэнц хуланцаа тодруулах шинэ овгийн үетэй золгосон одоогийн бид азтай. Хан, ван, тайж гээд хааны удамтай Монголчууд дэлхийд том гентэй улсууд. Та нар ажаарай. Хэний ч удамд тайж гарвалтан байгаа. Мал сүргийн баян угсаагүй нэг ч хүн байхгүй. Нэгдэлжих, хамтралжихад малаа хуу хамуулсан ч гэлээ нэр төрийн судрынхаа цэсийг уудлахад нэжгээдээр тогтохгүй малтай байх энүүхэнд. Эмээлгүй, хазааргүй, морьгүй монгол айл байгаагүй шиг эцгийнхээ буяныг дундлаагүй хүн бас монголд байхгүй. Тиймээс монголчууд аав амьтай хорвоодоо азтай явдаг юм. Аяа, аав амьтай хорвоо.
Жигмэдийн Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
Comments are closed.