antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2012 18 comments

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд: Монголдоо сайхан амьдарцгаая

нийтлэсэн Admin

МҮОНТ-ийн “Цаг үе , үзэл бодол” нэвтрүүлэгт Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд оролцлоо. Энэ ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Нэвтрүүлгийг сэтгүүлч Б.Оюунчимэг хөтөлж явууллаа.
-Үзэгч та бүхэнд оройн мэнд хүргэе. Энэ удаа би нэвтрүүлэгтээ Монгол улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг урьж оролцуулж байна. Танд оройн мэнд хүргэе…
-Баярлалаа. Танд бас оройн мэнд хүргэе.

-Эхлээд танаас нэг зүйл асууя. Та бид хоёр өмнө нь хэд хэдэн удаа уулзаж,Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагааны тухай нэлээн түлхүү ярилцаж байлаа. Одоо харин сонгуулийн өмнө ярилцаж байгаа юм чинь Засгийн газрын тэргүүн гэдэг байдлаар түлхүү ярих уу, эсвэл МАН-ын дарга гэдгээр түлхүү ярих уу. Та юу гэж бодож байна?
-Юуны өмнө үзэгч та бүхнийхээ оройн амгаланг айлтгая. Үнэхээр та бид хоёр өмнө нь олон удаа уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааны талаар түлхүү ярилцаж байсан юм байна. Одоо харин сонгууль болж байна. Мэдээж хэрэг Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын үйл ажиллагааг тайлагнаж дүгнэж хэлэх ёстой. Бас сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж орж байгаа намын даргын хувьд хэдэн зүйл хэлэх ёстой байх аа гэж бодож байна.

– Хамгийн түрүүнд би үзэгчдийн хүсэн хүлээж байгаа нэг асуултыг асууя гэж бодлоо. Энэ бол иргэддээ олгож байгаа 1.5 сая төгрөгийн тухай юм. Та орон нутгаар нэлээн сайн явж, 21 аймгаа бүхэлд нь тойрчих шиг боллоо. Засгийн газрын сүүлийн хоёр ч хуралдаанаар энэ бэлэн мөнгө, хувьцааны асуудлыг нэлээн сайн ярилаа. Орон нутгаар явж байхад энэ ажлын хэрэгжилт ямархуу дүр зурагтай байна вэ?
-Энэ асуудал бол нэг хоёр хуралдаанаар шийдвэрлэдэг зүйл биш юм. Энэ бол зарчмын асуудал. Монгол улсын эдийн засгийг хөгжүүлье, монголын ард түмэндээ нийгмийн баялгийн шударга хуваарилалтыг хийе гэсэн зорилтыг манай нам 2008 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн. Мөрийн хөтөлбөртөө бэлэн мөнгө өгнө, мөн ард иргэддээ хувьцаа өгнө гэж маш тодорхой заасан байгаа. Ард түмнийхээ эрх ашгийг, улс орныхоо хөгжлийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, 46 суудал авсан байсан манай нам 25 суудалтай Ардчилсан намтай хамтаръя гэж урьсан. Ардчилсан нам маань энэ урилгыг хүлээн авсан. Ингээд хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны зорилтдоо хоёр намын мөрийн хөтөлбөрийг ард түмний хүсэл эрмэлзлийг хүндэтгэн нийлүүлэх болсон. Үүгээрээ шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийн олон ажлын эхлэл, түүнчлэн эрх зүйн үндсийг тавьж чадсан. Хамтарсан Засгийн газрын амлалт юм, хэрэгжүүлье гэх зорилтыг тавьсан. Ингээд 1.5 сая төгрөгийг түүнтэй тэнцэх хишиг хувийг ард иргэддээ өгье хэмээн хамтарсан Засгийн газрын зорилтод тусгасан байгаа.

Өнгөрсөн жил эдийн засаг маань 17.2 хувиар өслөө. Энэ тоо бол бодитой статистик. Энэ өсөлтийг ард түмэндээ хүргэе, хүн болгонд хүргэж, айл бүрийн үүдээр оруулья гэсэн зорилтыг тавьж ажиллалаа.
Цалин, тэтгэвэр тэтгэмжээ 2 дахин буюу 53 хувиар нэмлээ. Зарим хүмүүсийн тэтгэврийн хэмжээ гурав дахин нэмэгдэж байгаа нь ч цөөнгүй байна. Ажилгүйдэл, ядуурал тодорхой хэмжээгээр буурлаа. 75 мянган хүнийг ямартай ч гэсэн өнгөрсөн нэг жилийн дотор байнгын ажлын байртай болгож чадлаа. Бүх юм сайн сайхан болчихлоо гэвэл бас тийм биш юм.
Гэхдээ сайн цагийн эхлэл, үсрэнгүй хөгжлийн үндэс суурь гэж хэлж болох юм. Эдийн засгийн хөгжил суурийн эхлэлийг бид хамтдаа тавьж чадлаа гэж товчхондоо хэлж болох юм.
Хамтдаа хийж чадсан зүйлээ бид гавьяа нь МАН, гай нь Ардчилсан намынх гэж хэзээ ч үзээгүй. Яг энэ агуулгаар иргэддээ өгч байгаа 1.5 сая төгрөгийн асуудлыг харж байгаа. 1.5 сая төгрөгтэй тэнцэх хувь хишгийг өгөхдөө хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бид хэрэгжүүллээ гэж тайлагнаж байгаа. Харамсалтай нь Ардчилсан нам замын дундаас, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлж буй хамтарсан Засгийн газраас гараад явчихсан. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө хаясан л даа тэд.
Тэд хариуцлагаас зугтаж байгаа бол бид зүтгэж хариулья гэж бодож байна. Ачааны хүндийг үүрч, зорьсон зорилгынхоо ард гарахаар зүтгэж л явна. Хүний хөгжлийн сангаас олгож байгаа 500 мянган төгрөгийг сар бүр 21 мянган төгрөгөөр олгож дууслаа. Нэг сая төгрөгийг ахмад буурал өндөр настнууд , хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгөх ажлыг хийж байна. Оюутан залуусдаа бас өгсөн. Ахмад буурлууддаа 333 мянган төгрөгийг олгосон. Хоёр дахь 333 мянган төгрөгийг бид энэ долоо хоногоос эхлээд олгож байна. Мөн УИХ, Засгийн газрын шийдвэрээр 1.5 сая төгрөгийг бүхэлд нь олгох асуудал бодитоор хийгдээд явж байна гэж хэлж болно.

Мөн иргэддээ өгөх хувьцааг бэлэн мөнгө авах сонголттойгоор өгөхөөр болж байна. Энэ бол хоёр намын мөрийн хөтөлбөрт заасан зүйл юм. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт ч, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт ч заасан зорилтуудаа хэрэгжүүлсэн. Хамтарсан нөхдүүд маань хэдийгээр хаяад гарсан ч гэсэн бид хэрэгжүүлж чадлаа. Ардчилсан намын нөхдүүд баярлалаа гэж хэлдэггүй юм гэхэд үгүйсгэх хэрэггүй гэж хэлмээр байна.

-Төсөв улайлаа. Хөгжлийн банкнаас эдгээр мөнгийг олгож, энэ амлалтын мөнгөний амыг хааж байна гэх яриа гарч байна л даа…
– Бид ямар нэгэн байдлаар төсвийн, зээлийн, бусад нөхцөлийг зөрчиж өөрөөр хэлбэл өр тавьж энэ мөнгийг өгөөгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Эдийн засгийн өсөлт, мөн уул уурхайн салбараас олж байгаа орлогоос энэ мөнгийг олгож байгаа. Гэтэл үүнийг янз бүрээр улс төржүүлж байна л даа. Энэ бол хуультай. Манай нам хуулийг дагаж мөрдөж, түүнийг биелүүлдэг нам. Аж ахуйн нэгж байгууллагуудад нэг сая төгрөгтэй дүйцэхүйц хувьцааг олгоё гэж зарласан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар 87.3 тэрбум төгрөгийн захиалга оржээ гэж мэдээлэгдэж байна лээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжүүд хувьцаа авья гэж байгаа юм байна.
Үүнээс үндэслээд аж ахуйн нэгжүүд хувьцаа авч байгаа бол, ард иргэддээ тэр хувьцаа худалдаж авсан орлогоос бэлэн мөнгийг олгож болно гэж үзсэн. Өөрөөр хэлбэл иргэн Батболд сонголттой байж болно, иргэн Оюунчимэг сонголттой байж болно гэсэн үг. Ахмад буурлууд бас сонголттой байна. Энэ боломжийг журмаар нь хийж өгсөн.

Эдийн засгийн реформ гэдэг утгаар би хоёр зүйлийг санаачилсан . Нэгдүгээрт хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье, компаний засаглалыг ил тод нээлттэй байдлаар хөгжүүлье гэдэг зарчмыг барьсан.
Хоёрдугаарт, Хөгжлийн банк байгуулсан. Үндэсний хэмжээний томоохон хөтөлбөрийг тухайлбал, төмөр зам, орон сууцны , эрчим хүчний , аймаг хотыг холбосон авто замыг санхүүжүүлэх зорилготой. Үүнийг төр засаг нуруундаа авч хийхгүй бол аль нэг аж ахуйн байгууллага хувийн хөрөнгө оруулалтаар хийдэг ажил биш юм гэдэг үүднээс байгуулсан. Хөгжлийн банк гэдэг ийм механизм дэлхийн жишигт байдаг учраас байгуулья хэмээн бид санаачилж, ажил хэрэг болсон нь энэ юм.
Өнгөрсөн тавдугаар сард Хөгжлийн банкныхаа үнэт цаасыг гаргаж, 500 гаруй сая ам.долларын бондыг амжилттайгаар гаргасан. Энэ төслүүдээ бид хэрэгжүүлье хэмээн шийдсэн. Үүнийг улс төржүүлж, энэ банкнаас бэлэн мөнгө тараах гэж байна гэх худал мэдээлэл сүүлийн үед нэлээн явж байна. Зарим нэг төрийн албан хаагчийг ийм байдлаар байр суурийг нь илэрхийлүүлж ч байх шиг.

Бид хуулийг барьж ажилладаг. Цагаан дээр хараар бичигдсэн хууль байгаа. Бодитой гүйцэтгэл байгаа. Хөгжлийн банкнаас ямар нэг эх үүсвэр авч, энэ санхүүжилтийг хийгээгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хамгийн сүүлийн санхүүжилтыг бид Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн жилийн монголын талд ногдох ашгаас оруулсан байгаа. Эндээс мөнгийг хуваарилж, ард иргэддээ амалсан 1 сая төгрөгийн төлбөрийн хоёр дах хэсгийг бүрдүүлэн олгож байна. Тиймээс таны асуусанчлан “Төсөв улайлаа, Хөгжлийн банкнаас мөнгө олгож байна” гэдэг хардалт бол сонгуулийн улс төржилт гэж хэлмээр байна даа.

-Сонгуулийн улс төржилт гэснээс манай МҮОНТ намуудын төлөөллийг оролцуулаад, хөгжлийн гол асуудлуудаар мөрийн хөтөлбөрийн онцлогийг танилцуулах зорилготой нэвтрүүлэг хийж байгаа юм. Гол гол асуудлуудаар намуудын байр суурь ижил байгаа нь анзаарагдсан. Бараг нэгдээд сонгуульд оролцож болдоггүй юм байх даа гэж бодогдмоор зөндөө зүйл байна лээ. Гэхдээ яаж хэрэгжүүлэх гэж байгаа нь гол сонголт болж байна, үүн дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Ардчилал зах зээл маань улам боловсронгуй болох ёстой, улс төрийн намууд төлөвших ёстой, хөгжлийн бодлогоороо, мөрийн хөтөлбөрөөрөө , үзэл баримтлалаараа уралдах ёстой гэж би үздэг. Бүгдээрээ ижилхэн болчихвол буруу шүү дээ. Хэрвээ бид шударгаар өрсөлдөе гэвэл ямар үзэл баримтлалаараа өрсөлдөөд байна вэ гэдэг мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Би бусад намуудыг хэлж мэдэхгүй байна. МАН-ыг товчхон хэлье гэж бодож байна.
МАН бол зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Зүүн , баруун гэсэн хоёр том үзэл баримтлал байна шүү дээ. Манай намын үзэл баримтлал бол үндсэндээ нийгэм эдийн засгийн хөгжилд төрийн зохицуулалт орох ёстой, оролцохдоо нэлээн өндөр байх ёстой гэж үздэг. Яагаад гэвэл зүүн төвийн намууд нийгмийн бодлогыг арай түлхүү барьдаг. Нийгэмд ахмадууд байна, залуучууд байна, хүүхдүүд байна, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна, ажил хөдөлмөр хийх чадвартай нэгэн байхад ялгаатай давхарга ч бас байна. Бас эмэгтэйчүүд байна. Энэ хүмүүст чиглэсэн төрийн бодлого уян хатан байх ёстой, үүнийг төр зохицуулж байх ёстой.
Харин баруун төвийн нам төрийн зохицуулалт аль болох бага байж, зах зээл нь үнийгээ илүү зохицуулж явна гэж үздэг. Харин бид үзэхдээ зах зээлийн энэ горимыг дэмжээд, төр иргэндээ харьцангуй тэгш боломж, шударга ёсыг бий болгох ёстой гэсэн зарчмыг барьдаг.

Төр таван асуудлыг нуруундаа үүрч байх ёстой гэж үздэг. Эрүүл мэнд, боловсрол, хүнээ ажилтай болгох, орон сууцтай болгох, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллыг төр хамгаалж хариуцах ёстой гэсэн энэ таван зарчмыг тэргүүн эгнээнд барьдаг нам бол манай нам.
Энэ зохицуулалтыг хийхдээ эдийн засгийн өсөлтийг хангаад, энэ зохицуулалтыг хийсний үр дүнд ядруу хэсгээс арай бага татвар авч, болж өгвөл дэмжлэг үзүүлэхийг зарчмаа болгодог. Гайгүй хэсгээс нь илүү татвар авья гэж байгаа. Ингэж байж нийгэмд дундаж давхарга олноор бий болж, социалист биш бас хэт зах зээлийн биш , төрийн зохицуулалттай тогтолцоог зүүн төвийн намын хувьд манайх дэвшүүлж байгаа. Манай үзэл баримтлалын үндэс нь энэ юм.
Яг энэ агуулгаар манай үзэл баримтлал, үйл ажиллагаа дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр явж байгаа. Харин сүүлийн үед бусад намуудын хандаж байгаа хандлагыг харахад бууриа сэлгэж, таны асуусанчлан адилхан юм яриад байгаа юм. Юугаараа ялгагдаж, ямар үзэл баримтлалаараа ялгагдаж байна вэ гэдгийг би бүр асуумаар байгаа юм. Гэхдээ бид өөрийнхөө ажлыг хийх ёстой, өрөөлийг үгүйсгэх ёсгүй гэдэг зарчмыг барьж ажилладаг.
Хамтдаа эе эвээ хичээгээд хамтраад ажиллаж ирсэн. Гэвч тэд хаяад яваад өгсөн. Иргэддээ олгосон 1.5 сая төгрөг, тэр хувьцаа өгсөн асуудал Ардчилсан намын хийсэн ажил болж, Монгол ардын намынх биш гээд яриад байгааг би ойлгохгүй л байгаа.

-Монгол Ардын хувьсгалт нам, Монгол ардын нам хоёрыг андууруулах гэсэн зүйл харагдаад байх юм. Уг нь ойлгомжтой л байгаа юм. Та намын даргын хувьд юу гэж тайлбарламаар байна.
-Монгол Улс маань ардчилал зах зээлийн жамаар явж байгаа учраас улс төрийн намууд шинээр бий болох, шинэ байгуулагдаж байгаа нөхцөл байдал нь хүмүүст янз бүрийн бодол төрүүлэх явдал байлгүй яах вэ. Энд ганц асуудлын л ялгаа байгаа юм. Монгол ардын намын үнэт зүйл болох нэр, бэлэг тэмдэг, өмч хөрөнгө, гишүүнчлэлийг аль нэг шинэ нам байгуулагдахдаа авч болохгүй. Гэтэл энэ зөрчигдсөн. Аливаа хүн, аж ахуйн байгууллага, улс төрийн хүчин, улс оронд ч гэсэн төрсөн өдөр, байгуулагдсан он сар гэж байдаг. Монгол Ардын нам 1921 оны 03 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Харин Монгол ардын хувьсгалт нам нэрээр байгуулагдсан манай улсын 19 дэх шинэ нам бол 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. Хачирхалтай нь, миний төрсөн өдөр таарсан байдаг юм. Тэгээд хугацааг нь ийм сайн санаад байгаа юм. Хууль зөрчигдсөн байна аа, нэр ашиглаж болохгүй ээ, бэлэг тэмдэг ашиглаж болохгүй ээ гэсэн асуудлыг Үндсэн хуулийн цэцэд тавьсан, шүүхэд ч хандсан, давж заалдсан. Улс төрийн намуудын үнэт зүйлүүдийн асуудал зөрчигдсөн байна аа. Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо шинээр сэргээн тогтоож Монгол Ард Улс болсон. 1924 оны анхны Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улс болсон. 1992 оны шинэ үндсэн хуулиар, өнөөдрийн байгаа Монгол Улс гэж нэрээ өөрчичлсөн. Энэ хуулийг батлахад тухайн үеийн манай намын гишүүд, өөрөөр хэлбэл, тэр үеийн АИХ-ын гишүүдийн 80 гаруй хувийг манай намын гишүүд эзэлж байсан. Энэ олонх бусад улс төрийн намуудтай хамтраад шинэ үндсэн хуулиа баталсан.

ХХ зуунд нам төр гэдэг нэг л ойлголттой байлаа. Монгол Ардын нам бол үүний илэрхийлэл. 1921 оны 03 сарын 1-ний өдөр байгуулагдсан, манай намын анхны журмын нөхөд маань улс орныхоо тусгаар тогтнолыг бэлгэдэж, түүний төлөө тэмцэхийн тулд намаа ард түмний нам болгож Монгол Ардын нам гэж зарласан. 1924 онд коминтерн болон бусад дотоод улстөрийн нөхцөл байдлаас хамаарч Монгол Ардын Хувьсгалт Нам гэж нэрэндээ хувьсгалт гэж үг нэмсэн. 2010 оны 11 дүгээр сард бид намын эрх барих дээд байгууллагынхаа 26 дугаар их хурлаар намын нэрээ Монгол Ардын нам гэж өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, уугуул нэрээ сэргээсэн. Гарал үүслийн хувьд ийм байна. Гишүүнчлэлийн хувьд манай нам өнөөдөр 220 мянган гишүүнтэй, зүүн төвийн нам. 140 мянган гишүүнтэй байсан, 26 дугаар их хурлаас хойш 80 мянга орчим хүн манай намыг сонгосон. Энэ хүмүүсийн 80 гаруй хувь нь залуучууд. Энэ бол уламжлалаа хадгалж чаддаг, тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйлүүдийг бий болгоход хамгийн их үүрэг гүйцэтгэсэн, ачааны хүндийг үүрсэн нам. Мөн шинэчлэлийг хийж чаддаг нам. Жишээ нь, энэ шинэчлэлийг олон зүйл дээр ярьж болно. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэн манай гишүүдийн 50 хувь нь туршлагатай улстөрчид. 50 хувь нь шинэ эрч хүч, шинэ нүүр царай, шинэ боловсрол, шинэ бодлогыг бид оруулж тавьж байгаа. Ийм байдлаар бид уламжлалаа авч явахын зэрэгцээ шинэчлэлийг байнга хийж байдаг. Энэ нам уламжлал шинэчлэлийг хийж чадаж байна гэж үзэж 80 гаруй мянган хүн манай намыг сонгосон. Өнгөрсөн жил хагасын хугацаанд манай намаас 500 гаруй хүн гарсаан.

Яагаад гэвэл бид ардчилагдсан нам. Уламжлал шинэчлэлээ хадгалж чаддаг нам. Өмнө нь ч гарч л байсан. Ерөнхий сайд байсан Бямбасүрэн гуай, сайд байсан Зардыкан гуай, АИХ-ын дарга байсан Гомбожав гуай гарч байсан. Гадаад харилцааны сайд байсан Гомбосүрэн гуай гарсан. Одоо энэ хүмүүс маань эргээд орж байна. Би бухимдаж, будилж байжээ. Сэтгэл зүрх маань намдаа байна аа, энэ нам намайг дэмжиж байсан, би цаашдаа намдаа байна аа гээд Гомбожав гуай надаас батлахаа авсан. Бавуугийн Лхагвасүрэн гуай авч байгаа. Гомбосүрэн сайд авна гэж байгаа. Энэ бол амьд процесс. Манай намаас гарсан зарим нөхдүүд МАХН гэж нам байгуулаад бусад намуудтай хамтраад энэ сонгуульд оролцож байгаа. Энэ бол байдаг л зүйл. Ийм сонголт байж болно, ер үгүйсгэхгүй байгаа, хаана ч байдаг. Харин тэс ондоо МАН, МАХН гэсэн хоёр намыг адилтгаж, будилж төөрөх шаардлага байхгүй гэж бодож байна. Энэ намын жагсаалтыг аваад үзэх юм бол гарал үүсэл нь өөр байгаа. Улаан гишүүнийг эс тооцвол МАХН-аас нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрсийг харахад жагсаалтын хоёрдугаарт Батцэрэг. Батцэрэг бол Ардчилсан намын угшилтай. Гуравдугаарт нь Сономпил. Мөн л Ардчилсан намын угшилтай. Дөрөвт нь Баянсэлэнгэ. Энэ хүн лав л манай намын угшилтай биш. Тэд МАХН гэсэн дөрвөн үсгийг, манай нэрийг авах нь авсан, харин нэр дэвшсэн хүмүүсийг нь харах юм бол өөр намын хүмүүс олон л байгаа юм даа. Бидний хувьд бол улс орныхоо хөгжлийн түүхийн түүчээ болж ирсэн нам, өчигдрөө мартдаггүй нам, өнөөдрөөрөө явдаг нам, маргаашийн ирээдүйгээ цогцлоож, ахмад, дунд үеийн хослолыг авч явдаг нам.

Бид бол улс орныхоо хөгжлийн төлөө хамтраад ч болсон зүтгэдэг, хаяад явахад нь ачаагаа үүрээд дангаараа зүтгэдэг хариуцлагатай улстөрийн хүчин. Ер нь улстөрийн тогтолцоо улам боловсронгуй болох ёстой. Америкийг хар л даа, 300 сая хүн амтай энэ улсад зүүний, барууны гэсэн хоёр нам л улстөрийн ачааг ээлжлээд үүрдэг.. Зөв зүйтэй, мэдлэг чадвартай хүмүүсийг ажиллуулъя, төрийн төлөө, улс орныхоо төлөө гэсэн энэ зарчмыг хаана ч аваад явж байгаа. Энэ хоёр том намаа төлөвшүүлэх ёстой. Ардчилал, зах зээл иргэний нийгмийг цогцлооё гэж бид ярьж байгаа, дараагийн шатанд нь оруулъя. Энэ их хоосон хийрхэл, үгүйсгэл, гүжир гүтгэлэг, хийсэн ажлыг булаацалдах, ийм зүйлүүд ярихаас өмнө хийсэн ажил, үзэл баримтлал, зорилгоо тодорхой болгоод тэр зорилгоороо, мөрийн хөтөлбөрөөрөө, үзэл баримтлалаараа шударгаар өрсөлдье. Тэрнээс хүний хийсэн ажлыг булааж авах, өөрийнхөө толгой дээр бухлыг харахгүй байж хүний толгой дээрх өвсийг хараад байх шаардлага байхгүй гэж улстөрийн зарим нөхдөдөө хэлмээр санагддаг. Уг нь энэ чухал биш юм аа. Бидний хийж хэрэгжүүлсэн ажлыг ард түмэн ойлгоно оо, мэднэ ээ. Тийм учраас улс төрийн намууд маань төлөвших ёстой. Улам боловсронгуй болох ёстой. Хоёр том нам нь голлосон улс төрийн тогтолцоо цаашдаа бэхжээд явах юм бол ардчилал зах зээл, зүүний, барууны гэсэн гол үзэл баримтлал хэрэгжээд явах, жинхэнэ утгаараа мөрийн хөтөлбөрөөрөө, үзэл баримтлалаараа өрсөлдөх, ардчилсан нийгмийн улам цогцлоох энэ бодлого улс оронд хэрэгтэй, улстөрийн намуудад хэрэгтэй. Хамгийн гол нь ард түмэнд хэрэгтэй. Ер нь юмыг байгаагаар нь манай ард түмэн ойлгодог. Бодитоор дүгнэж чаддаг. Гэхдээ худлаа үгийг олон хэлэхээр үнэн болдог гэж зарим хүн хэлдэг л дээ. Энэ бол сайн зүйл биш.

-Ард түмэн ойлгож байгаа байх гээд та хэлчлээ. Та хөдөө орон нутгаар ажиллаж байна, ард иргэдтэйгээ нүүр тулаад уулзахаар тэд юу гэж байх юм?
-Олонх аймгаар очлоо. Ашдын бэлгээс амны бэлэг гэж ард түмэн маань аятайхан байна. Цалин тэтгэвэр нэмсэн, 21 мянган төгрөг өгч байна аа. Яахав зарим нь энэ мөнгөөр архи дарс ууж байна гэж шүүмжилж байна. Магадгүй ажил амьдралаа сайн зохион байгуулаагүйгээс архи уучихдаг хүмүүс байдаг л байх. Гэхдээ олонх иргэд маань энэ 21 мянган төгрөг бидний амьжиргаанд дэм болж байна гэж ам сайтай байна. Хотонд байгаа малаа шууд аваад зарахаа лав больсон гэж байна. Засгийн газрын малчдыг дэмжсэн бодлого эздэдээ хүрч байна. Монгол мал хөтөлбөр, малыг эрүүлжүүлэх Таван эрдэнэ арга хэмжээг ард иргэд сайшааж байна. Санаа зөв бол заяа зөв гэж тэнгэр хангай хүртэл биднийг ивээлээ. Өнгөрсөн хоёр жилд зуд турхангүй, байгалийн элдэв үзэгдэл тохиосонгүй. Монгол Улс маань энэ жил 50 сая гаруй малтай боллоо. Энэ бол ажилч хичээнгүй малчин түмний маань хөлс хүч шингэсэн их ажлын үр дүн. Бидэнд засаж сайжруулах зүйл байна, гэхдээ урагшилж байна гэж харж байна. Атрын гуравдугаар аян амжилттай өрнөж байна. Дотоодынхоо гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг хангаж чаддаг боллоо. Экспортлох боломж ч байна. Иргэд маань өөдрөг байна. Улстөр юм болохоор шүүмжилж байна аа, ажилгүйдэл, ядуурал бүрэн арилахгүй байна, залуучууд ажил, хөдөлмөртэй, цалинтай баймаар байна гэж байна. Бидэнд анхаарах зүйлүүд байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ард түмэн маань олсон ололтоо баталгаажуулаад урагшаа явъя гэж байна. Тэрнээс үгүйсгэе, өөрчилье, болохгүй байна гэсэн зүйл тэдний амнаас үнэндээ гарахгүй байна. Улстөржиж үгүйсгэж, харлуулах гэсэн зүйл мэр сэр гарч байна. Энэ бол ардчилсан улс орны сонгууль юм чинь байдаг л зүйл. Тэрнээс биш ард иргэдийн маань ам сайхан байна аа.

-Сонгуулийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид зохион байгуулна гээд шинэчилсэн хуулиар батлагдчихсан. Өнөөдөр төрийн албан хаагчид бүх ажлыг зохион байгуулж байна. Бэлтгэл нь яаж хангагдаж байна, Та хяналт, анхаарал тавьж амжиж байна уу?
-Засгийн газрын тэргүүний үүрэг л дээ. Бэлтгэл хангах, зохион байгуулахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх учиртай. Төрийн албан хаагчид маань хоёргүй сэтгэлээр монгол төрийнхөө сонгуулийг шударга, нээлттэй, зөв зохион байгуулахын төлөө зүтгэж байгаа. Хөдөө орон нутаг, нийслэл хотоор явлаа. Ачааны хүндийг монгол төрийн албан хаагчид үүрч байна аа. Төрөө дээдлэх, төрийн албан хаагчдаа хүндэтгэх, монгол төрийн сонгуулиа шударга явуулахыг Монгол Ардын нам дэмжиж байгаа. Биднийг, бидний үйл ажиллагааг, ажил хийж байгаа хүмүүсийг шүүмжлэх, төрийн ажлыг зарим талаар нь буруутгах зүйл нэлээд гарч байна. Хувь хүний асуудал ч дүүрч. Сонгуулийн сүүлийн хоёр, гурван хоногийн сурталчигааг харахад өрсөлдөгч намууд маань төрийн албыг, алба хашиж байгаа хүмүүсийн ажлыг харлуулах, гүжирдэх, хийсэн ажлыг нь үгүйсгэх явдал эрс нэмэгдэж байгаад харамсаж байна. Улстөрийн намууд, мөн үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс үүнийгээ зогсоох ёстой. Монголчууд, Монголын ард түмэн шударга сонгуулийг хүсэж байгаа. Хэн ямар зүйлийг хийх гэж байна, мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаараа өрсөлдөөч ээ гэж хүсэж байна. Сонгуулийг зөв зохион байгуулахын төлөө төрийн албан хаагчид ажиллаж байгаа. Бид эдгээр хүмүүстээ талархаж байх учиртай. Ард түмэн маань дэмжиж байх ёстой, алдаа оноо байвал зөв хэлж байх ёстой. Зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой гэсэн зарчим энд мөрдөгдөх ёстой.

-Шударга сонгууль болгохын төлөө, ард түмэн өөрсдийнхөө сонголтыг өөрийнхөө оюун бодлоор тунгааж хийхийн төлөө бид бүгдээрээ хичээж байгаа. Сүүлийн нэг минутад сонгогчдодоо хандах боломж Танд олгож байна
-Ачааны хүндийг үүрч зүтгэж байгаа, амжилт ололтоо бататгаж, алдаа онооноосоо сургамж авч урагш тэмүүлж чаддаг Монгол ардын намыг дэмжээрэй гэж Монгол Ардын намын даргын хувьд, ачааны хүндийг үүрээд явж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд ард түмнээсээ хүсье. Бид хамтдаа ард түмний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлбэл ард түмэн ялна, Монгол Улс ялна. Монгол Улс маань хөгжин мандах учиртай. Монгол айл өрх бүрийн амьдрал дээшилж, бүгдээрээ эх орондоо сайхан амьдрах нөхцөл бүрдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (June 26, 2012 10:07:25 am )

    МАН МАНДТУГАЙ

  • Anonymous (June 26, 2012 10:08:28 am )

    ЗУГТАЖ БИШ ЗҮТГЭЖ
    ҮГҮСГЭЖ БИШ БҮТЭЭЖ
    ЭХ ОРОНДОО САЙХАН АМЬДРАЯ
    МАН МАНДТУГАЙ АМЖИЛТ

  • Anonymous (June 26, 2012 10:09:45 am )

    УЛСЫНХАА АРД ТҮМНИЙХЭЭ ӨМНӨ ТОМ АЧААГ ҮҮРЧ ЯВАА ХҮН БОЛ БАТБОЛД ДАРГА МААНЬ ТИЙМЭЭС МОНГОЛЧУУДАА САЙДАА ДЭМЖИЦГЭЭЕ

  • Anonymous (June 26, 2012 10:24:35 am )

    ерөнхий сайд таныг дэмжиж байна амжилт хүсье

  • Anonymous (June 26, 2012 10:25:31 am )

    Бүлтрээд байдаг Алтанхуягийг нь болбол Бүдүүн өвсөнд бүдрүүльеэ, хө Бүтээгээд байдаг Батболдод нь болбол Бүрэн улсаа үүрүүльеэ, хө Хошигруулаад байдаг Эрдэнэбатыг нь болбол Хошуу гулсуулж аргамжъяа, хө Хүнгэнээд байдаг Хүрэлсүхийг нь болбол Хүрэн зүрхэндээ хайрлаяа, хө Хулхидаад байдаг Женког нь болбол Хужаа нарт тушааяа, хө Хуульчлаад байдаг Нямдоржийг нь болбол Хурдны замд сойёо, хөө

  • Anonymous (June 26, 2012 11:22:13 am )

    Бодоод байхад ер нь МАН-ын буруу байна. Ийм мэдрэлийн согогтой Энхбаяр гэж хунийг ямар шалгуураар сонгож олон жил намын дарга, УИХ-ын дарга, еренхийжегч болгож байсан бэ? Иймээс л манай одоогийн зовлон эхэлсэн юм байна даа… Танай намд боловсон хучний бодлого байна уу? Аялдан дагалдагчид л байж дээ БУГД.

  • Anonymous (June 26, 2012 11:38:35 am )

    М ОНГОЛЫН АРД ТҮМЭН МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.░░
    ███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███. ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███. ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████

  • Anonymous (June 26, 2012 11:39:10 am )

    МАН –Н МӨРИЙН ХӨТӨЛБӨР АН-Н МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БУТ ЗОХИЖ БАЙНА. УГААСАА АН ЮУ ХИЙСИЙН ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ЮУЧ ХИЙГЭЭГҮЙ ШИРЭЭНИЙ БӨГЛӨӨС БОЛЖ СУУЧИХААД АРАЙ ХЭТЭРНЭЭ.
    АН-ХАН ХҮНИЙГ МУУЛАХ ХАР PR ТАЛРУУГАА ОРЖ БАЙНА. ХӨӨРХИЙС ЭД ЭНЭНЭЭС ӨӨР ЮУ ХИЙЖ ЧАДДАГЫН. ХИЙСЭН БҮТЭЭСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ АРЧАГҮЙ АМЬТАД. МАН БОЛ ХИЙСЭН БҮТЭЭС ЭН ЗҮЙЛ ИХТЭЙ ХЭЛЭХ ҮГТЭЙ ЦААШИД ХИЙХ АЖИЛТАЙ ХҮМҮҮС. МАН 200 МЯНГАН АЙЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙНА. МӨН 10 ҮЙЛДВЭР, 15 МЯНГАН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭНЭ.

  • Anonymous (June 26, 2012 12:25:07 pm )

    ER NI MORIIN HOTOLBOR UNEN BG YAM YY? BATBOLD YGAASAA BUTEHGUI EE>> TER ICHINNOROB METIIG HAJYYDAA ABAACVHIJ NAMIIN HUUHNUUDEE TV EER DOROMJLYYLAAL>>EMEGTEI HUNEES DOLOON DOR ULBEGER HUN >>NAMIIG MAANI >>HEDEN HESEG HYBAAGAAD HAYACHIHSAN BATBOLDTON ODOO HYGATSAA NI DYYSSAAN> MONGOLIIN ARD TUMEN TANII BODOJ BUI SHIG TENEG BISHEE>>MONGOPL HUMUUSIIG TA HET BASDAMJILHAA BOLIJ UZ> MONGOLIIN ARD TUMENODOO TA BIZNESEE HII>>HYTGAN UIMUULJ SARNUYLAHAA BOLI> HEND CH TAL ALDDAGGUI ZAN TANI L IIM BOLGOLOO>>MONGOL TORD BAYARLAJ >>

  • Anonymous (June 26, 2012 12:36:25 pm )

    ОНГОЛЫН АРД ТҮМЭН МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.░░
    ███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███. ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███. ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████

  • Anonymous (June 26, 2012 12:36:51 pm )

    батболд шударга хүн шүү

  • Anonymous (June 26, 2012 12:37:43 pm )

    батболдын засгын газар сүртэй хүчтэй

  • Anonymous (June 26, 2012 12:38:14 pm )

    улсын хүнд хэцүү бүхнийг үүрч яваа хүн АН юу хийсэн юм худал ярьж бусдын хийснийг өөрсдөө хийсэн гэж ярих дуртай хүмүүс л байдаг доо МАН аа дэмжиж байна амжилт….

  • Anonymous (June 26, 2012 12:39:27 pm )

    шударга хүчтэй яваа нэгэн бол батболд дарга тиймээ монголчуудаа МАН аа бас батболд дарга дэмжицгээе

  • Anonymous (June 26, 2012 12:40:30 pm )

    улс оронд ихийг хийж бүтээсэн хүн шүү дээ ийм хүнийг дээдэл сонгохгүй бол болохгүй байх дэмжиж байна.

  • Anonymous (June 26, 2012 2:37:31 pm )

    minii bodloor surtalchilgaanii nom huudasuud yamar unetei chanartai tsaasaar hiisen um be yamar ih minhgu hii zarj bnaa . yadaj surguuliin huuhdiinhee surah bichigiig iim tsasaar hiisen bol . zarim 1 n unshihgui l hayaj bgaa shdee haramsaltai bn
    ih mungu urj bn

  • Anonymous (June 26, 2012 2:58:51 pm )

    bi lav 2 namiig demjihgui shine humuusiig songonoo

  • Anonymous (June 26, 2012 3:09:31 pm )

    худлаа ярихаа болиочээ энэ МАН дэмжээд байгаа нөхдүүд тэдний угаадсыг долоодог амьтад л байна жирийн ажлаа хийж яваа иргэд ямар байгааг Ерөнхий сайдаа та очоод харчих

antalya rent a car