Зургадугаар сар дундаа ороод байгаа ч гадаа сэрүүхэн, харин улс төрд дөрвөн жилдээ тохиодог халуухан өдрүүд үргэжилж байна. Хөл бөмбөгийн фанатууд зурагтынхаа өмнө нойргүй хонож, “Евро-2012”-т аль баг аваргалах талаар мөрийцөх зуур сонгуульд аль нам ялах вэ гэж намуудын гишүүд, дэмжигчид ч хэдийн бооцоо тавьж эхэлжээ. Твиттер, фэсбүүк, мессенжер, мессежээр манай, танайгаараа өөр хоорондоо ширүүхэн тэмцэлдэх намуудын дэмжигчдээс бусад нь /нам бус энгийн иргэдийн хувьд/ хаанаас хэн нэр дэвшээд байгаа талаар ч үнэндээ тодорхой ойлголтоор маруухан байгаа юм. Сонгуулийн марофон хачин соёлтой үргэлжилж байгаа шигээ сонгуулийн дүнд олон асуудал, олон ойлгомжгүй байдал сөргөөр нөлөөлж магадгүй тийм л тааламжгүй дүр зураг нийгэмд харагдаж эхэллээ. Ямар сайндаа л гудамжинд хуучлах хоёр хөгшин аргаа барсан янзтай, “манай дүүрэгт хэн нэр дэвшиж байгааг хаанаас олж мэдэх вэ” хэмээн хачин, жигтэй асуулт өөр хоорондоо тавьж суух вэ дээ. Сонгууль болоход 16 хоног үлдчихээд байхад сонгогчид нэр дэвшигчдийнхээ талаар “а” ч үгүй сууж байна гэдэг үнэндээ байж боломгүй асуудал биш гэж үү. Уг нь өдийд сонгогчид нэр дэвшигчдийнхээ талаар сайн муу мэдээллийг аль хэдийнэ олоод авчихсан өөрсдийнхөө итгэл үнэмшлээ хэнд дайж, хэнд УИХ-д суух “мандат” олгох вэ гэдгээ хэзээний шийдчихсэн байдаг байлаа. Харамсалтай нь, хаврын хавсарга нүдсэн эл өдрүүдэд нойр хоолгүй, хөлөө эцтэл тойргоороо тойрч гүйгээд ч нэр дэвшигчид сонгогч олондоо танигдаж чадахгүй байна. Тэгээд ч яг үнэндээ нэр дэвшигчид тойргийнхоо сонгогчидтой очиж уулзлаа гэхэд уулзалтад нь ахмадууд голдуу, айлын ажилгүй авгай, хүүхэд шуухадхан л оролцдог нь худлаа биш. Ажилтай хүмүүс тэр бүр ажлаа таслаад нэр дэвшигчдийн тойрогтоо хийж байгаа уулзалт дээр очих нь үнэндээ бараг байдаггүй. Тиймээс тэдэнд танигдах боломж бол нэр дэвшигчдийн хувьд мэдээллийн хэрэгсэл.
Хуучин, архаг улстөрчдийг эрх биш сонгогчид гадарлаж байгаа л даа. Харин шинээр нэр дэвшиж байгаа, жижиг намуудын төлөөллүүдийг үнэндээ мэдэж, таньж байгаа сонгогч бараг алга. Ихэнхдээ л сонгогчид Ардчилсан намаас тэр тэр, Ардын намаас тэр, тэр нэр дэвшжээ хэмээн ярихаас өөрөөр сонгуульд оролцож буй үлдсэн есөн нам, хоёр эвслээс хэн, хэн нэр дэвшээд байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байгаа юм.
Хэдийгээр шинээр баталсан Сонгуулийн хуулиар олон юм эмх замбараанд орсон ч бас төгс хууль гэж хэзээ ч байдаггүй гэгчээр бас олон зүйл ойлгомжгүй болоод хувирчихаж. Тиймээс ч хөдөөгийн олон салаа замуудын алинаар нь давхих вэ таминь ээ хэмээн дуунд гардагчлан энэ олон нэр дэвшигчдийг хэнийг нь хэн гэж танихаа ч мэдэхгүй сонгогч олон мэдээлэлгүй, нүд чихгүй болчихоод байгаадаа бүр төөрөлдөж гүйцэж байх шиг. Зарим нь “ээ дээ, энэ жил сонгууль өгөх хэрэг байна уу, хэнийг нь таньж мэдээгүй байж хэнд саналаа өгөх вэ” хэмээн эргэлзэнгүй дуугарч байна. Эндээс харахад сохор хүн зам хөндлөн гарахтай адилхан Сонгуулийн хуулинд боомиглогдсон сонгогчид сонгуульд таг сохроор орохоос өөр гарц алга. Намуудын нэр дэвшигчид хуулийн дагуу 80 хуудас материалыг сонгуулиар нийтлүүлэх эрхийнхээ дагуу нэг сэтгүүл, нэг сонин хэвлүүлж буй бол бие даагчид болоод НИТХ-д нэр дэвшигчид зурагт, сайтыг л ашиглахгүй болон олон түмэнд танигдах ямар ч боломжгүй. НИХТ-д хэн хэн, хэдэн хүн нэр дэвшээд байгааг сонгогчид нь огтхон ч мэдэхгүй байгаа нь өдөр тутмынх нь амьдралын гол шийдвэрийг гаргадаг нөхдүүдтэйгээ өдий болтол танилцаж чадаагүй сохроор нэр дугуйлах болоод байгаа нийслэлчүүдийн хувьд хамгийг эрсдэлтэй асуудал болчихоод буй. Мэдээлэл хомсхон зарим нэг нь энэ аятайхан бүсгүй байна гэж ирээд л эсвэл арай нүдэн дулаахан залуу юм, бүр сонсоход таатай нэртэй дамшиг вэ хэмээн нэрийг нь дугуйлчихыг үгүйсгэхийн аргагүй. Үнэхээр тийм байдлаар санал өгөх нөхцөл өнөөдөр бүрдчихээд байгаа хойно.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн талаарх мэдээлэл өгөх үүрэгтэй. Энэ жилийн сонгуулиар тус хороонд овоохон хөрөнгө төсөвлөсөн гэх мэдээлэл ч бий. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Н.Энхбаяр, Э.Батшугарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзав гэсэн мэдээрхүү юм цацахаас өөрөөр сонгогч олонд хэрэгтэй, тэдэнд ойлголт өгч чадахуйц мэдээлэл гаргахгүй байгаа нь ч бас санал хураалтын эцсийн дүнд нөлөөлж болзошгүй байгаа. Шулуухан хэлэхэд өнөөдөр сонгуульд хэн хэн нэр дэвшиж байгаагаас эхлээд хэрхэн саналаа өгөх вэ гэдэг мэдээллэл сонгогчдод үгүйлэгдэж байна. Ядахдаа л санал өгөхдөө хүснэгтийг нь хэрхэн бөглөх, санал өгөх хугацаа хэдэн цагт дуусгавар болох, санал өгөхдөө хурууныхаа хээг ашиглах эсэх, санал өгсөн тохиолдолд ямар тэмдэглэгээ хийх зэргээр мэдэхгүй зүйл сонгогчдод түм, бум байна. Тэр бүхэнд тайлбар хийж, тэр бүхнийг таниулах үүрэг Сонгуулийн ерөнхий хороод байгаа ч нөгөөдүүл нь нэр дэвшигчдийнхээ бүртгэлтэй зууралдсаар байтал сонгууль хаяанд тулчихсан байх биз. Мэдээлэлгүй сонгогчидтой сонгууль хэрхэн болж өнгөрөх нь асуултгүй тодорхой биз ээ.
УИХ өнгөрсөн өвөл Сонгуулийн тухай хуулийг шинэчилсэн. Хуулиар олон асуудлыг цэгцэлсний нэг нь мөнгө төгрөг, эд зүйл сонгуулиар тараахыг хориглосон бий. Хэрвээ нэр дэвшигч мөнгө төгрөг тараавал шинэ хуулийн дагуу хариуцлага хүлээхээр болсон. Хууль чангарах тусам хулгай нарийсна гэдэг. Энэ жилийн сонгуулиар нэр дэвшигчид бэлэн мөнгө тараахаа больсон хэдий ч өөр зальжиндуухан аргаар сонгогчдынхоо саналыг худалдан авахаар оролдож байна. Тухайлбал, Орхон аймагт МАН-аас нэр дэвшиж буй О.Содбилэг гэхэд л “Монгол 21” сангаараа дамжуулж аймгийнхаа иргэдэд бага хүүтэй зээл олгож эхэлсэн гэдэг яриа байгаа. Мөн сангийнхаа гишүүнчлэлд хамрагдсан хүмүүст утасны нэгж бэлэглэх, урамшуулах гэх мэтээр санал худалдан авах хөөрхөн арга хэрэглэх болсон байна. Тэгвэл Дорнод аймагт МАН-аас нэр дэвшиж буй Н.Номтойбаяр “МАК” сангийн шугамаар хүүгүй зээлийг тус аймаг дахь Хас банкаар дамжуулан өнгөрсөн хавараас эхлэн олгож эхэлсэн гэдэг. Тэрбээр эхний ээлжинд нэг тэрбум төгрөгийг хүүгүй зээл хэлбэрээр тараагаад байгаа гэсэн. Иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй, зээл олгосон болохоор нэр дэвшигчдийг буруутгах, хууль зөрчсөн хэмээн арга хэмээ авах бололцоогүй. Хуульд бэлэн мөнгө, эд зүйлс тараахыг хориглоно гэснээс бус ямар нэгэн хэлбэрээр мөнгө зээлэхийг хориглоогүй. Цаашлаад намууд бэлэн мөнгө амлахаас татгалзаж, хуулиар ч үүнийг хориглосон байгаа. Гэхдээ сүүлийн үед намууд бус төр /төрийн нэрээр/ бэлэн мөнгө багагүй амлах болсон. Гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийг сар бүр цалинжуулна, ихэр хүүхдүүдэд жилдээ нэг удаа мөнгөн тэтгэмж олгоно, төрийн албан хаагчдын цалин нэг сая 300 мянган төгрөгт хүргэнэ гэсэн амлалтуудыг төр амалсан болохоос нам амлаагүй болохоор хуулийн дагуу хариуцлага тооцох бас л боломжгүй юм. Ийнхүү шинэ хуулинд захирагдсан энэ жилийн сонгуульд үгүйлэгдсэн зүйл ихтэй, мэдээлэл багатай, сонгогчид нь сайн, мууг нь таньж ялгах нь битгий хэл нэр зүсийг нь ч мэдэхгүй шахам байгаа нэр дэвшигчдээ сохроор дугуйлж, сонгуулийн дүнг хааш нь ч эргүүлж болох хэцүүхэн даваатай учирч болзошгүй байна, монголчууд. Сонгууль болоход ердөө 16 хоног үлдлээ. 17 хоногийн дараа аль нам сонгууль ялсан нь тодорхой болох бол түүнээс дөрөвхөн хоногийн дараа “Евро-2012”-ийн финалын тоглолт болж аль баг Европын аварга болох нь шийдэгдэнэ. Өөр хоорондоо томоохон бооцоо тавьчихаад байгаа хөл бөмбөгийн галзуу фанатуудын зүрхийг савлуулж, улстөрчдийн улаан фенүүдийн цөсийг хөөргөх ширүүхэн тоглолтууд бидний өмнө байна.

Холбоотой мэдээ
Comments are closed.