Ардчилсан нам өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг дүгнэж байна. Гол амлалт болох “Эрдэнийн хувь” буюу нэг сая төгрөг өгөх амлалтаа бүрэн биелүүлжээ, тэд. Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ихэнхэд нь Засгийн газарт хамтарч ажилласан Ардчилсан нам өмнөх сонгуулийн гол амлалт болох “Эрдэнийн хувь” алс хэтдээ монголчуудад ашгаа өгнө гэдгийг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж буй. Тавантолгойн ордыг ашиглалтад оруулах эхлэл болгож “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, нийт хувьцааны 10 хувийг иргэдэд өгөх шийдвэрийг хамтарсан Засгийн газарт байх хугацаандаа гаргасан ч энэ хувийг дахин нэмэгдүүлж 20 хувь болгох шийдвэрийг нь Ардчилсан намынхан цаасан дээр буулгаж, баталгаажуулсан нь хамгийн том амжилт. Ардчилсан намын шахалт шаардлага, ард иргэдийн хүлээлт хоёр нэгэн цэгт уулзсан гэсэн үг. “Эрдэнийн хувь” амлалт хэрхэн биелэгдэв. Юуны түрүүнд Хүний хөгжил сантай болж, Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 18-нд баталснаар хүн бүр “ягаан дэвтэр”-тэй болж, хувь хишгээ авч эхэлсэн. Энэ хувь хишгийг бид дэлхий сөнөж, галав юүлдэггүй л юм бол хүртсээр байх юм билээ. Нийтдээ стратегийн 54 ордын төрийн өмчийн ногдол ашиг, нөөц ашигласны төлбөрөөс жил бүр Хүний хөгжил санд мөнгө орж ирж, иргэд ч хуулийнхаа дагуу тэр ашгаас хүртэнэ.
Ардчилсан намын иргэн бүрт амласан “Эрдэнийн хувь” 1072 ширхэг хувьцаа болон иргэдийн гар дээр очив. АН, МАН засагт хамтарч байхад нэг хувьцааны үнэ ханш хэдэн төгрөг байх нь мэдэгдэхгүй, 536 ширхэг хувьцааны сураг л гарч байлаа. Харин Ардчилсан намынхны шахалт шаардлагаар хувьцааны тоо 1072 ширхэг болон нэмэгдэж, нэг хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг буюу нэг иргэн 1,176,000 төгрөгийн “эрдэнийн хувь” хүртэхээр болсон. Монголын иргэн бүр Засгийн газраас өөр хэнд ч, хэзээ ч зарж, барьцаалж болохгүйгээр өөрийн гэсэн хөрөнгөтэй боллоо гэсэн үг. Үе дамжин үлдэх өв хөрөнгө. Хүний хөгжил санд 2012 оны байдлаар 680 тэрбум төгрөг орж ирж, иргэдэд адил тэгш хувааж, “эрдэнийн хувь” болгосон. Энэ тоо цаашид өсөх, иргэдэд очих хувь хэмжээ нэмэгдэх нь тодорхой гэдгийг эдийн засагчид аль хэдийнэ тооцоолоод гаргачихсан. “Эрдэнийн хувь” цаашид ч олгогдохын гол баталгаа нь Хүний хөгжил сангийн хууль, та бидний гар дээр байгаа ягаан дэвтэр хоёр.
АН-ын амлалт ийнхүү биелээд баталгаажаад ирэхээр МАН-ын Засгийн газар айдас болгоомжлолоор дүүрэн 1,0 сая төгрөгийг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гурав хувааж өгөхөөр аргацааж байна. Иргэдэд олгосон 70 мянга, 21 мянгын халамжийн эх үүсвэрийг зээлээр босгож ирсэн ч одоо дахиад нэг сая төгрөгийн эх үүсвэрийг хаанаас яаж олох вэ гэдэгт толгойгоо гашилгаж буй. Нэг үгээр хэлбэл МАН амлалтынхаа өрнөөс гарах гэж зүдэрч байна. Одоо бүр Тавантолгойн хувьцааны үнэд уг мөнгийг шингээхээр болж байх шиг. Үүнийгээ амлалтаа биелүүлж байгаа хэмээн одоо цаг дээр фокусаа тааруулан сонгуулийнхаа сурталчилгааг хийж байна. Амлалт нь биелсэн биш биелж ч магад, үгүй ч магад гэсэн үг. Ардчилсан намынхны санаачлан олгуулсан 1 сая гаруй төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий иргэдийн хувьцааг худалдан авч, иргэдэд нэг сая төгрөг биш 330-хан мянган төгрөг өглөө. Өөрөөс нь өөрийнх нь юмыг худалдаж аваад өөрт нь эргүүлээд өгчихөж байна гэсэн үг. Уг нь тэд 1,5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэж амласан биш бил үү. МАН-ын 2000 оноос хойш амласан амлалтуудын биелэлт хэр байсныг эргэн сануулъя. 2000 онд МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо “Төрөө хямралаас гаргая, Түмнээ ядуурлаас” аваръя гэсэн. Ард түмэн итгэсэн. 76 суудлын 72-ыг нь тэдэнд өгсөн. Гэвч төр хямралтай, ард түмэн ядуу хэвээрээ 2004 оны сонгуультай золгов. Тэд АН-ын мөрийн хөтөлбөрт орсон хүүхэд бүрт “Хүүхдийн мөнгө” гэж 10 мянган төгрөг амлахад, МАН-ын тэр амлалтаас давах гэж шинэ гэр бүлд 500 мянган төгрөг өгнө гэв. Үр дүнд нь АН-ын амлалтын мөнгө хүүхэд бүрт очиж, МАН-ын амлалтын буянд жилд 15 мянган шинэ гэр бүл бүртгүүлж байсан Монгол Улсад жилд 40 мянган шинэ гэр бүл “мэндэлж”, удалгүй төчнөөн тооны гэр бүл салсан статистик үзүүлэлт бий болсон. Харин 2008 онд нэг сая төгрөгийн үнэлэмжтэй “Эрдэнийн хувь” олгох АН-ын амлалтыг МАН бэлнээр 1,5 сая төгрөг өгнө иргэдийн “тархийг угаах” аяныг эхлүүлсэн. Үр дүнд нь иргэд АН-ын амласан “эрдэнийн хувь” хүртэх эрхтэй болж, МАН бэлнээр өгөх 1,5 саяа өгөх гэж үгээ хэлж, үстэй толгойгоо зулгааж байна. Арга ядахдаа иргэдээ нас хүйс, эрхтэн бүтэн, дутуугаар нь ялгаварлан байж арайхийн 330 мянган төгрөг л хялайлгах шив. Үлдсэн мөнгийг хэзээ яаж өгөх нь эргэлзээтэйг. Дээр өгүүлснээр Тавантолгойн хувьцааны үнэд үлдсэн мөнгийг шингээх нь. 1990-ээд оны эхэн үед цэнхэр, ягаан тасалбараар өмчтэй болох гэсэн ард иргэд аль ч учраа олохгүй төөрч будилан, эцэст нь эцэнхий төлөг, эргүү тугалнаас сольж хоосорсон. Хувьцаа гэдгийг монголчууд тэгж л ойлгодог байсан. Гэвч одоо хувьцаа юунд, хэнд хэрэгтэйг хүмүүс ойлгодог болчихоод, 1 сая, 1,5 сая төгрөг биш хувьцааны эзэн болохыг илүүд үзэж байна. Одоо сонгогчдод МАН-ын 1,5 сая төгрөг бэлнээр өгөх амлалтыг нь нэхэж, биелэгдсэн эсэхэд нь л дүн тавих үлдлээ.
Б.Оюунгэрэл
Холбоотой мэдээ
Comments are closed.