Яг энэ мөчид монголчууд үлгэрээр амьсгалж байна. Сонгуулийн хөтөлбөр гэдэг үлгэрээр. Зарим нь итгэчихсэн ч яваа. Улстөрчид аль болох зохиосон үлгэртээ итгүүлэхийг эрмэлзэх нь тодорхой. Иргэд итгэдэг ч байлаа. Байлаа гэдэг нь байр суурь эсрэгээрээ өөрчлөгдөж байна гэдгийн илэрхийлэл. Тэдэнд итгэгчдийн тоон үзүүлэлт тогтмолоор буурсаар ирсэн, цаашдаа ч буурах хандлагатай байна.
“Сант марал” судалгааны төвийн хамгийн сүүлчийн судалгаагаар иргэдийн 70 хувь нь намуудын хөтөлбөр, үзэл баримтлал нэртэй үлгэрт итгэхээ больжээ. Тиймээс ч тэднийг дэмжигчдийн тоо багасч байгаа гэж хэлж болно.
Ийн итгэл дэнжигнэхийн хэрээр намуудын хувь тавилан ч эвгүйдэж мэдэхээр байна. Өт ч гэсэн биед хүрэхэд амьд үлдэхийг хичээж атирдаг. Амьтны зөн совингоороо нийгмийн нэгээхэн эд эс болох намууд ч арга чаргаа хэрэглэж, амьд үлдэхийг хичээж байгаа. Жишээлэхэд, Сүхбаатар аймагт МАН-д 100 гишүүн элсүүлвээс нэг сая төгрөгөөр урамшуулаад эхэлсэн сураг дуулдав. Гэлээ гэхдээ нэг ч хүн тэр мөнгийг авч чадаагүй байгаа нь хүмүүсийн сэтгэл зүй ямар болсныг бас давхар гэрчилнэ.
“Том намууд” гэсэн зургаас та бүхэн харж байгаа байх. (III нүүрт) Өмнө нь том гэгддэг хоёр намыг дэмжигчдийн тоо нийт хүн амын 30-аас илүү хувьтай байж, рейтингээрээ урд, хойноо орон өрсөлддөг байлаа. Харин одоо рейтинг нь навс уначихсан аж. Тэдний рейтинг нийлээд ч нам бусчуудаас бага болж.
Нийгэмд төр засаг, намын үлгэрт итгэгсэд түүнийг дэмжигчдийн тоо буурч, үгүйсгэгчдийн тоо хурдацтайгаар өсч байна. Бүр энэ нийгмийн 50-иас илүү хувийг эзэлдэг болжээ. Үүнийг зарим улстөрчид өнгөрсөн жилээс, магадгүй түүнээс ч өмнө анзаарсан байх.
Тиймдээ УИХ-ын Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр санал өгөөгүй сонгогчид нийгмийн халамж үзүүлэхгүй байх заалт хүртэл санаачлан “хүчиндэх” гэж үзсэн юм. Гэхдээ олонхийн бас олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй.
Тиймээс улстөрчид үлгэрээ ургуулан мөрөөдөж, мөрөөдлөө мөрийн хөтөлбөр болгочихоод “Би ирлээ” гэж тойрогт очиж дарцаглаад ч нэмэргүй болжээ гэсэн үг. Өмнөхөөсөө илүү гоё үлгэр биччихсэн, иргэдийг цуглуулж уянгалуулан уншаад ч хөггүй хөгжим шиг чихэнд нь чийртэй байгаа бололтой.
Сонгуулийн ирц хүрэх үү?
Судалгаа ийм асуултыг тавихад хүргэж байна. “Сант марал”-ын судалгаагаар иргэдийн 50 хувь нь сонгууль өгөх эсэхээ шийдээгүй гэсэн хариулт өгчээ. Тэдний тал хагас нь сонгуульд оролцлоо гэхэд нийт сонгогчдын 60-70 орчим хувь нь сонгуульд оролцож магадгүй нь. Дээр нь энэ жилийн сонгуулийг машинаар тоолно. УИХ, НИТХ-ын сонгууль зэрэг болох учраас иргэд хоёр дахин нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Дээр нь гар, хурууны хээний тулгалт хийнэ, дугуйлах тэмдэглэгээ хийдэг байсан бол битүү будна гээд олон толгой эргэм үйлдэл хийнэ. Нэг хэсгийн хороонд дунджаар 1000 сонгогч санал өгнө. Нэг сонгогчийн санал өгөхөд зарцуулах хугацаа таван минут. Ингээд тооцвол мянган сонгогчийн саналыг авахад 83 цаг хэрэгтэй. Гурван өдөр гэсэн үг. Гэтэл санал хураалтыг 07-20 цаг хүртэл 13 цагт л багтаана гээд буй. Дээрх тооцооллоор бол 156 хүн саналаа өгнө гэсэн үг. Ингээд бодохоор СЕХ-ноос мэдээлсэн нь үнэн бол нэг хэсгийн хороонд саналаа өгөх ёстой мянган хүний ердөө 15,6 хувийнх нь л саналыг авч амжина гэсэн үг. Тэгэхээр сонгуулийн ирц хүрэх үү?
Мөнгөний сонгууль, мөн үү?
Намуудын нэр дэвшигчдийг харж суухад голдуу компанийн эзэд жин дарсан байх. Учир нь аль нь ч гэлтгүй намууд нэр дэвшигчтэй тодруулахдаа нэгэн шалгуурыг ижил тавьсан нь хандив. Намдаа хэдэн зуун саяар нь хандив өгч байж нэр дэвших эрхээ баталгаажуулсан нөхдүүд тойрогтоо эхнээсээ мөнгө тараагаад эхэлсэн мэдээлэл байна. Энэ нь хуулиар хориотой үйлдэл ч цаашид мөнгө тараасан нэр дэвшигчийг эргүүлэн татах эсэх нь эргэлзээтэй. Сурталчилгаа хийх өдөр цөөн, дээр нь хэмжээ нь хязгаартай энэ удаагийн сонгуулиар хөдөөд нэр дэвшигчид сонгогчидтойгоо уулзаж ч амжихгүй санал хураалтын өдөртэй золгоно. Тиймээс аль болох олон санал цуглуулахын тулд эхнээсээ мөнгө тараагаад эхэлсэн тухай мэдээлэл байгаа ч СЕХ-нд ирсэн гомдол ховор байгаа гэх. Тиймээс мөнгөний сонгууль болох нь нэгэнт тодорхой болчих шиг боллоо.
Иргэд хэнийг дэмжих вэ?
Энэ асуултад “Сант марал” судалгааны төвийн тэргүүн Л.Сумати “Ямар ч байсан УИХ-ын 2012 оны сонгуулийн хувьд иргэд шинэчлэл хүлээж байгаа. Хэрвээ тэр шинэчлэл гарч ирэхгүй бол тогтолцооны гадуур улс төр явж магадгүй” гэсэн хариултыг өгч байна. Өөрөөр хэлбэл, өнөөгийн эрх баригчдыг улираахгүй, төдийгүй хүссэнээс нь өөр дүн гарвал үймээн, самуун руу ч чиглэж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан талаар тэрээр сануулж байна. Монголчууд хууль эрх зүйн орчноо шинэчилсэн учраас өнгөрсөн сонгуулиар саналаа хулхидуулсан шигээ зүйл болохгүй гэдэгт бага ч болов итгэж байгаа. Тиймээс түүх дахин давтагдахад хүртэл олон нийт хууль бус аргаар тэмцэхээс буцахгүй гэсэн үг.
Нөгөөтэйгүүр гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа ч ИЗНН-д найдлага алга. Харин МАХН-МҮАН-ын эвслийн рейтинг тогтмол өсч байгаа аж. Гэхдээ тэд олны итгэлийг хүлээвэл өнөөгийнхөөс ч дор зүйл болж мэднэ. Учир нь энэ эвсэл төрийн бодлогыг эсэргүүцсэн, өс санасан хүмүүсийн нэгдэл. Өөр юу ч биш. Тэд эрхэнд гарвал Монголд дарангуйлагч ч гарч ирэх магадлалтай.
Сургамж…
Эрх баригчдын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрлээ гээд буй нь иргэдийн бухимдлыг хүргэснээс тайвшруулсангүй. Тулгамдсан асуудал юу байгааг нэрлэхийг хүсэхэд иргэдийн 34,4 хувь нь ажилгүйдэл, 17,7 хувь нь амьжиргаа, 16,4 хувь нь үнийн өсөлт гэжээ. Араас нь хуулийн хэрэгжилт муу, авлига газар авсан гээд төр засгаас хамааралтай асуудлуудыг нэрлэсэн аж. Энэ мэтээр ажилгүйдэл, ядуурал, авлига, үнийн өсөлт газар авсан мөчлөгт иргэдийн итгэх итгэл алдарсан байдалтай сонгуульд оролцох нь. Намууд иргэдийг ээлжит мөрийн хөтөлбөрөөрөө онхолдуулна гэж басамжлан “нойтон” зүүдлэх зуурт нийгмийн сэтгэл зүй өөрчлөгджээ.
Туйлдсан иргэд “Үлгэрийг уншиж явснаас итгэж явсангүй” гээд асуудлыг орвонгоор нь эргүүлэхэд бэлхэн байгаа бус уу?
Л.НАРАНТӨГС
Холбоотой мэдээ
Comments are closed.