-ПРОКУРОР, ЦАГДААГИЙН ЕСӨН АЛБАН ТУШААЛТАН ХӨРӨНГӨ ОРЛОГОО ХУДАЛ МЭДҮҮЛСЭН НЬ ТОГТООГДОВ-
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, тус хэлтсийн ахлах ажилтан Б.Энхтуяа, ажилтан П.Билгүүн нар албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалт, дүн шинжилгээний дагуу хийсэн ажлынхаа талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ оны эхний таван сарын байдлаар гааль, мэргэжлийн хяналт, газрын алба, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын нийт 70 албан тушаалтанд хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн чиглэлээр хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 58 албан тушаалтанд хариуцлага тооцуулаад байгаа аж. Мөн 33 албан тушаалтанд сануулах, 19 албан тушаалтны цалинг бууруулах, хоёр албан тушаалтныг халах, нэг албан тушаалтныг огцруулах арга хэмжээг авчээ. Түүнчлэн нэг албан тушаалтныг торгох, хоёр албан тушаалтанд анхааруулах арга хэмжээг авсан байна.
Энэ хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад зарим УИХ-ын гишүүн хөрөнгө орлоготоо гарч буй өөрчлөлт орлогын талаар үнэн зөв мэдүүлээгүй байсан нь илэрсэн байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Х.Бадамсүрэн, Л.Гүндалай, А.Тлейхан, С.Оюун, Д.Арвин нарын хөрөнгө, орлогын мэдүүлэг зөрчилтэй байжээ. Иймд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар Авлигатай тэмцэх газраас албан тоот хүргүүлсэн байна.
Мөн шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавьж, нэр бүхий албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгахад нэлээд зөрчил дутагдал илэрсэн. Жишээлбэл, Дорноговь аймгийн прокурорын газрын сум дундын ахлах прокурор Ц.Дангаасүрэн, Дархан-Уул аймгийн прокурор Б.Дашням, Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга байсан А.Эрдэнэбаяр, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Баттулга, мөн аймгийн цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн дарга Д.Ганзориг, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга Н.Амарзаяа, Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн дарга Ц.Энхсайхан, Замын цагдаагийн газрын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн дарга С.Мөнхтамга нараас зөрчил илэрсэн байна. Дээрх хүмүүс өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлд байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгө (орон сууц, автомашин, компани, хуулийн этгээдийн хувь, хувьцаа эзэмшил), тодорхой орлого, зээл, хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй тул зөрчил гэж үзсэн байна. Иймд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас шийдвэрлэж, арга хэмжээ авахуулахаар Улсын ерөнхий прокурор болон Цагдаагийн ерөнхий газрын даргад хүргүүлжээ.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу хянах, дүн шинжилгээ хийх ажлыг тус газрынхан явуулж, түүнээс гарсан мэдээлэлд үндэслэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа юм байна. Авлигын эсрэг хууль шинэчлэгдсэнээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой гарч буй зөрчил нь хууль бусаар хөрөнгөжих авлигын зөрчил болон гэмт хэргийн шинжийг агуулж байгаад Авлигатай тэмцэх газраас анхааран ажиллаж байгаа гэнэ.
Г.ТАНА
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 01, 2012 9:31:43 pm )
end yagaad sangiin said Hayanhyrvaa gej luivarchin alga bnaaaaaa
1 Comment