
Хаврын хуйсагнуур өдөр Б.Төгөлдөр ах өөд болсон тухай мэдээ дуулчихаад харамсаж, цочирдохдоо энэ гашуун мэдээнд итгэж ядлаа. Хүний хорвоо хуурамчийг 3 жилийн өмнө аавыгаа алдчихаад яс махандаа шингэтэл ойлгосон ч өдөр тутмын их ажилдаа түүртсэнийх үү, эсвэл угаас хүн гэж амьтны муу зангийнх юм уу, умартчихсан явснаа сая л ойлгож, дэмий өөрийгөө зүхлээ.
Энэ эрхэмтэй хувь зохиолоор ч юм уу, ойр дотно байж, хааяахан уулзахдаа элдвийг ярьж, оюуны их таашаал авдаг байснаа нуух юун. Төгөлдөр ахаас солиотой гоё ярилцлага авч сэтгүүлдээ гаргана даа гэж бодож, бид хоёр энэ талаар ярьсаар бараг жил тойрчихсон юм уу даа. Хэдхэн хоногийн өмнө ярихдаа нөгөө ярилцлагаа одоо л өгье гэж байсныг яана. Тэгээд бид хоёр бас л уулзаж чадаагүй. Өөд болох үед нь 2 өдөр Төгөлдөр ах руу ярья гэсэн бодол ээрээд байсан ч би залгаж чадалгүй, уулзаж чадалгүй нөгөө ертөнц рүү тэр эрхэм явчихлаа. Харамсаад барахгүй нь.
Хамгийн сүүлд уулзахад нөгөө л этгээд хувцас, шил сэлтээ зүүчихсэн, бие тааруу байна, харааныхаа 40 хувийг алдчихлаа, урд эмчлүүлж байгаад ирлээ гэсээр угтсан. Охиноо дагуулчихаж. Урд өмнө нь хүүхдүүдийнхээ тухай төдий ярьдаггүй байсан Төгөлдөр ах энэ өдөр хүү, охин хоёрынхоо тухай л их ярьсан санагдана. Том охин нь ном бичиж хэвлүүлсэн талаар, бага хүү нь Өвөрмонголд хичээлийнхээ хажуугаар гудамжинд тоглоом тоглуулаад хөөрхөн мөнгө олчихдог сэргэлэн толгой гэх зэргээр бахархаж яриад л. Аавын юм бага сага байх шиг байна, ямар ч байсан өөрсдийгөө аваад явчих нь гээд.
Тэр үнэхээр сайн аав байлаа. Энд ээжийнхээ дэргэд амьдардаг байсан талийгаач хүү, охин хоёроо урд хөрш Өвөрмонголд сургадаг байсан юм. Өөд болохынхоо өмнө урд эмчлүүлэнгээ хүү, охин хоёр дээрээ очихдоо “Аав нь эргэж ирэхгүй ч байж магад. Хичээл номоо сайн хийгээрэй” хэмээн захиж байж. Харин өөд болохынхоо цаг орчмын өмнө нэг залуу руу утасдаж “Би явах гэж байна, бурханы орон луугаа” гэж ярьсан гэнэ. Тэр их өөр оршихуй байсан. Лав л эгэл жирийн биднээс огт өөр мэдрэхүйтэй, хэт бодь сэтгэлтэй нэгэн байсан. Яг цаг үеэсээ, нийгмээсээ түрүүлээд төрчихсөн юм шиг. Магадгүй бурханы оронд очих нь түүний хувьд амар амгалангийн дээд байсан ч юм билүү гэх бодол төрнө.
Тэр бүр жир хүмүүст Б.Төгөлдөр үл ойлгогдох, гажиг ч юм шиг ертөнц байлаа. Хэрвээ ойлговол шуналгүй бодь сэтгэл, огт өөрийг сэддэг өвөрмөц хурц оюун ухаан, хэт өндөр мэдрэмж түүнийх байсан юм. Дизайнеруудын холбооны Б.Түвшин агсаны дүү гэж анх гарч ирсэн ч тэр “Донж” төвөө байгуулж, өөрийгөө орчин цагийн оюун санааны удирдагч, залуурдагч, шинийг эрэлхийлэгч гэдгээ тод томруунаар баталж чадсан юм. Олны нүдэнд л ил байдаг нь урлагийнхан болохоос мөн ч олон хүнийг тэр амжилтын замд хөтөлж, аз жаргал өөд чиглүүлсэн. Өшөө ч ихийг тэр хийх байлаа. Даанч эрт мөнх бусыг үзүүлсэн нь бидний аз дутсаных биз ээ.
Сүүлд С.Жавхлан дүүгийнхээ сонгуулийн сурталчилгаанд бүхнээ зориулахаа мэдэгдээд авсан. Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд Тэрэлжид гэр барин, тэнд С.Жавхлантай хамт ихэнх цагаа өнгөрүүлж байсныг ойр дотныхон нь дурссан. Аав, ээжээсээ олуулаа Б.Төгөлдөр ахын ах дүүсээс миний мэдэхийн том эгч нь Ундрах гээд Монголын толгой 5 шүүгчийн нэг чадалтай хуульч бүсгүй бий. Мөн дүү Бат-Эрдэнэ хэмээх мөн л талийгч шиг өвөрмөц сэтгэдэг, урлагийн авьяастай залуу Францад амьдраад олон жилийг үдэж буй. Б.Төгөлдөр ахыг өөд болохоос өмнө Францаар ирж байж байгаад арав ч хүрэхгүй хоногийн өмнө буцсан аж. Тэгэхээр эднийх генийн чадалтай, өвөрмөц улс байгаа биз. Ард үлдсэн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, ээжид нь гүн эмгэнэл илэрхийлье.
Эрхэм хүн та эх дэлхийнхээ хөрсөнд мөнх амгалан нойрсоорой!
Холбоотой мэдээ
Comments are closed.