Сонгуулийн шинэчлэлээс хойш суулаа, шинэ хууль батлах нь, батлахгүй нь гэсэн олон таамаглалыг цохин батлагдсан Сонгуулийн тухай хууль нь хуучин мажоритор дээрээ пропорцианаль өнгө аясыг агуулж холимог болсноороо бидний хувьд яах аргагүй шинэ хууль болж байна. Шинэ хуулиар 76 гишүүний 48 нь хуучны адил тойргуудаас сонгогдож, харин сонгуульд өрсөлдөж буй намуудад өгсөн саналын хувиар тооцогдон үлдэх 28 суудал нь тодрох билээ. Сонгогчид тойрог тус бүртээ өөрийнхөө дэмжсэн нэр дэвшигчээс гадна аль намд итгэл үзүүлэх гэдэг сонголтоороо улс төрийн намуудын нэрийг дугуйлах учиртай. Хэдийгээр улс төрийн намуудын тухай суурь мэдээлэл нь хүмүүст байх ч нэр дэвшигчийг аль намынх билээ гэдгийг харгалзаж сонголтоо хийдэг шиг хэн хэнээр намынхаа жагсаалтыг бүрдүүлсэн байгаа гэдэг нь намдаа оноо авчирна. Улс төрийн хүрээнийхний ярьж буйгаар энэ удаагийн сонгуульд аль ч намын хувьд 28 хүний нэрийг дараалуулсан жагсаалт хамгийн чухал гэгдэж байгаа билээ. Мэдээж, тойргоос намдаа суудал зулгааж авчрах нь чухал ч нөгөө талаас жагсаалтаа хэнээр бүрдүүлсэн нь нийт намынхаа нэр хүндийг өргөх ач холбогдолтой учраас намууд үүн дээрээ гол анхаарлаа хандуулж байна. Аль ч намын хувьд энэ удаагийн сонгууль яаж ч магад гэсэн айдсыг төрүүлж байгаа. Хуучных шиг ах нам ялах нь тодорхой, эсвэл ардчиллынх л бол бор халзан хонь ч гарна гэсэн шиг нөхцөл байдал байхгүй. Харин ч МАХН гэсэн брэндийн хуваагдалтай байгаа, улс төрийн хоёр том хүчин Хамтарсан Засгийн газарт 3.6 жил хоршин явсан энэ тэр гээд нөхцөл байдал тун өөр байгаа.
Тиймээс тойрог бүр дээр суудал зулгааж авчирна гэсэн хүмүүсээ илгээхээс гадна намын нэртэй хоршиж явах 28 хүний хувьд нэр цэвэр, шударга бус асуудалд холбогдож байгаагүй, өөрийнх нь нэр хүнд намынхаа нэр хүндийг зулгаах биш өөд татах хүн хэрэг болж таарна. Тэрхүү жагсаалтанд байгаа хүмүүсийн нэр нь тухайн намыг тэр чигээр нь илэрхийлэхүйц байх ёстой учраас үүнийг нарийн гаргах нь мэдээж. Ерөнхийдөө намууд жагсаалтад хэнийгээ байлгах вэ гэдгийг эхний байдлаар ярьж эхэлсэн бөгөөд МАН-ыг бодвол АН-ынхан нэлээд нарийн гаргаад эхэлчихсэн байгаа ажээ. Харин МАН-ынхан хараахан нарийвчлаагүй ч ийм, ийм бүтэцтэй байх болов уу гэдэг дээр няхуур ярьж байгаа сурагтай. МАН-ын хувьд ч болгоомжтой байхаас аргагүй. Тэднийхэн МАХН нэрээ МАН болгож өөрчилснөөр шинэ тутам МАХН-д нэлээд боломж гаргаад өгчихсөн байгаа. Одоо улс төрийн томоохон хүчин МАН, АН-ынхан рейтингээрээ ойролцоо явж байгаа бол МАХН-ын рейтинг арван хувь давчихсан гэж буй. Ерэн жил шүтэж ирсэн намынхаа хуучин нэрэнд итгэж яваа хөгшчүүдийн санал Н.Энхбаяр даргатай шинэ намд том боломжийг өгөх талтай. Магадгүй бүлэг байгуулах хэмжээний гишүүд ч гараад ирэх магадлал бий. Тийм ч учраас зарим гишүүд Н.Энхбаяраас салахгүй байх цаад шалтгаантай ч гэсэн нөгөө талдаа энэ боломжийг харж намаа сэлгэсэн байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт олон шалтгааны улмаас МАН жагсаалтанд багтах нэрсээ баахан нухах янзтай.
МАН нэрийг намаас нь, намыг нэрээс нь салгахын аргагүй сонстох хүмүүсээр уг жагсаалтаа бүрдүүлэх болов уу. Н.Энхбаярын намтай тавиад туучихсан ахмад үеийнхнээ татах үүднээс тулхтай ахмадын төлөөлөл, бас намыг нь ардчилал гэдэг үгнээс ангид сонсдог залуу үеийнхнийг татахын тулд залуучуудын төлөөллийг оруулах, бас эмэгтэйчүүдийн төлөөллийг оруулах тухайд анхаарч байгаа сурагтай. Угаасаа энэ нам дэргэдэх байгууллагуудаа хүчтэй болгож дагуулж явдгаараа алдартай. Мэдээж, жагсаалтыг намын дарга С.Батболд тэргүүлж, генсек У.Хүрэлсүх удаалж таарна. Түүний дараагаас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, намын экс дарга С.Баяр, экс Ерөнхийлөгч Н.Багабанди, бүлгийн дарга Ө.Энхтүвшин, сайд Ц.Нямдорж гэж үргэлжлэх төлөвтэй. Гэхдээ энэ удаад нэр нь элдэв муу зүйлд холбогддоггүй, идсэн уусан муу нэргүй хүмүүсийг бичих нь их чухал учраас Ц.Нямдорж сүүлийн үеийн яриа хөөрөөнүүд дээр цэг тавьж, Н.Багабандийн хувьд Оюу толгойн ажлыг нэг тийш болгох ажил гарах байх. МАН-ын хувьд залуучуудын саналыг авч чаддаггүй гэгддэг. Тэр үүднээсээ МАН гэдэг намын гол нэрийн хуудас болсон НАМЗХ-ны төлөөлөл дээгүүр бичигдэх байх. Мэдээж үүн дээр НАМЗХ-ны ерөнхийлөгч, намынхаа залуу нарийн бичгийн дарга Л.Оюун-Эрдэнэ орж ирэх болов уу. Бас энэ байгууллагаар дамжин намынхаа нарийн бичгийн дарга болсон Я.Содбаатар жагсаалтад багтах байх. Харин НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол гишүүн Завхандаа нэр хүнд өндөр учраас тойрог дээрээ тулаан хийх сурагтай. Завханчуудын хувьд хоёр намаас нэг, нэг гэсэн яриа хөөрөө их гаргаж байгаа бөгөөд АН-аас аймгийн засаг дарга Я.Санжмятав, МАН-аас Д.Оюунхоролыг гэсэн чигтэй байгаа юм билээ.
Хэдийгээр аль аль намын жагсаалтад бичигдэх хүмүүсийн хувьд эхний аравт л бичигдэхгүй бол УИХ-ын гишүүн болох магадлал муу гэгдэж байгаа ч хойшоо бичигдэх хүмүүс нь намын жагсаалтыг бүхэлд нь аятай харагдуулах үүрэг хүлээгээд нам нь ялбал албан тушаал авах тохироотой бичигдэхийг үгүйсгэх аргагүй. МАН-ынхан жагсаалтдаа бүхий л нас, бүхий л салбарынхныг оруулж, зөв харагдах гэж хичээж байгаа болохоор иргэний нийгмийн төлөөлөл гэгддэг, Ерөнхий сайдын шинэхэн зөвлөх Б.Лхагважав ороод ирсэн байхад гайхах зүйлгүй ч байж болох. Нөгөө талаас тун ухаалаг шийдэхгүй бол гомдогсдын арми МАХН руу явах гээд өдрөө хүлээж байгааг ч харгалзах учиртай. Гэхдээ үүнээс айгаад намаа илэрхийлж чадах хүмүүсээ тойрог руу явуулчихвал эргээд асуудал дагуулна.
МАН-ын Удирдах зөвлөлөөс 28 хүний нэрс, тойргуудад өрсөлдөх 48 мөн Нийслэлийн иргэдийн хуралд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг Бага хурал руугаа оруулж ирэх бөгөөд Бага хурлын гишүүдээс хамгийн өндөр санал авснаар нь эрэмбэлэгдэх аж. Гэхдээ танхимаас нэр дэвшигч гарч, ирвэл бас олонхийн санал авах гээд өрсөлдөөд үзэх эрх нь нээлттэй.
МАН-ын хувьд яригдах магадлалтай хүмүүсийн хувьд ийм байгаа бол АН-ын хувьд асуудал харьцангуй тодорхой болоод байгаа. АН-ынхан амралтад очиж энэ талаар нэлээд ярьснаас гадна удирдлагын түвшиндээ даргынхаа өрөөнд бас багагүй санал солилцжээ.
Уг нь тойрогтоо үзэлцэнэ гэж байсан ч намын нэрээр сонгогчдын санал авах асуудал чухал учраас лидерүүдээ жагсаалтад оруулж таарч байгаа. Намын нэрээр жагсах энэ хувилбар АН-д харьцангуй ашигтай харагдаж байгаа нь ч үнэн. МАН шиг боловсон хүчний хахалдаанд ороогүй учраас асуудлаа боломжийн шийдчих талтай.
АН-ын хувьд намын дарга Н.Алтанхуягаар жагсаалтаа эхлүүлэх нь ойлгомжтой. Бас намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Д.Эрдэнэбат удаалах байх. Д.Эрдэнэбатыг чухал үедээ генсек хийсэн азтай нөхөр гэж байгаа нь оргүй яриа биш. АН-ын хувьд намын удирдлагын хувьд эрэмбээрээ Нийслэлийн нам орж ирнэ. Гэхдээ энэ нь жагсаалтын гуравдугаарт Нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж орно гэсэн үг биш гэнэ. Зарим нөхөд нь намынхаа удирдлагын эрэмбээр түүнийг гуравдугаарт бичигдэнэ гэжээ. “НАН-ын даргын байр суурь энэ зэрэгт хүрэх учиртай” гэж Ш.Түвдэндорж ч өөрөө өгүүлсэн сурагтай. Гэхдээ АН доторхи олон фракц ийм боломжийг өгүүлэхгүй л болов уу. Тэдэнд ч өөрсдийн хүнээ дээгүүр бичүүлэх сонирхол байгаа.
Энэ дундаас намынхаа сонгуулийн штабыг хариуцаж байгаа гэдгээр нь УИХ-ын гишүүн З.Энхболдын нэрийг гуравдугаарт бичье гэсэн санал бас хүчтэй яригдаж байгаа. Ерөнхийдөө АН-ынхан МАН-ыг бодвол хүмүүсээ хэдэд эрэмбэлэхээ яриад эхэлчихсэн ч гуравдугаарт хэний нэрийг бичихээ яг тохирч чадаагүй л байна. Харин дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нэрийг бичихээр болсон аж. Гэвч Э.Бат-Үүл гишүүн энэ сонгуулиар нэр дэвшихгүй гэдгээ олон нийтийн өмнө зарлачихсан байгаа. Тиймдээ ч “Би энэ саналыг чинь хүлээж авахгүй. Миний оронд өөр нэгний нэрийг бич” гэжээ. Гэхдээ ардчиллаас төрсөн баатрын нэр энэ жагсаалтад орж байж АН-ыг бүрэн утгаар нь илэрхийлж чадах учир түүний нэрийг байлгах байр суурь дээрээ намын удирдлагууд хатуу зогсч байгаа гэсэн. Цаашлаад жагсаалтад нийтлэлч Баабар, Р.Гончигдорж, С.Ламбаа, Р.Амаржаргал гээд нэр нь энэ намтай салшгүй нийлдэг нөхөд бичигдэж байгаа юм билээ. Бас УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг бичигдэж таарна.
Мэдээж, эмэгтэйчүүдийн төлөөлөл жагсаалтад орж ирнэ. Жагсаалтад нэр нь орох эмэгтэйчүүдийн хувьд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, ИТХ-ын тэргүүлэгч С.Одонтуяа нарын нэр тодорхой байгаа гэсэн. Бас УИХ-ын экс гишүүн Б.Мөнхтуяа ч орж ирэхийг үгүйсгэхгүй.
Ойрын өдрүүдэд аль, аль нам зөвхөн үүнийг л ярьцгаана. Гэхдээ жагсаалтад орсон хүмүүсийн хувьд гэдсээ маажаад дээш хараад хэвтэх хүмүүс биш. Зөвхөн ганц тойрог гэлтгүй бүхий л тойргоор намынхаа бодлогыг ярьж, намынхаа нүүр царай болж явах хүмүүс учраас намын даргад таалагдсан хүмүүс жагсаалтад орох боломжгүй юм. Харин намдаа төлөөлөл болж чадах, намынхаа нүүр царай болж чадах хүмүүсээр 28-ын жагсаалтаа бүрдүүлэх болов уу.
Л.МӨНХТӨР
Холбоотой мэдээ
Comments are closed.