Халхын сайхан бүсгүй, эх орны хүчтэнүүдийг төрүүлсэн эгэл хирнээ эгэлгүй нэгэн хүнтэй уулзах боломж олдсонд туйлын их баяртай байна. Монгол бөхийн түүхэнд домог болон мөнхөрсөн алдарт Буур Жамъян буюу Архангай аймгийн Цахир сумын харьяат монгол улсын Даян аварга Н.Жамъян аваргын ганц охин Ж.Насантогтох гуайг энэ дугаарынхаа хойморт заллаа. Түүнийг даян аваргын охин далай даян аваргын ээж хэмээн монгол түмэн хүндэлдэг. Хүн болгонд заяахгүй энэ их хувь заяаг дааж явахсан хэмээн ярьж суугаа энэ буурайд монгол эхийн нинжин сайхан чанарууд шингэсэн гэлтэй.
ААВЫНХАА БУЯН ЗАЯАГ ДААЖ ЯВАХСАН ГЭЖ ХИЧЭЭЖ ЯВНА
-Бидний урилагыг хүлээн авсанд баярлалаа. Уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе?
-Танай сониноор дамжуулан монголын ард түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, ажилын өндөр амжилт хүсэн ерөөе.
-Таныг Даян аваргын охин, далай даян аваргын эх хэмээн монголын ард түмэн ихэд хүндэлдэг?
-Хүн бүрт тохиохгүй хувь тавилантай хүн гэж хаяа боддог л юм. Тиймээс энэ сайхан нэр хүнд аавынхаа буян заяаг дааж явахсан гэж боддог доо.
-Аваргын охин бас ээж болж төрнө гэдэг хүн болгонд тохиох хувь заяа биш юм шиг санагддаг, гэсэн ч та эгэл жирийн монгол эмэгтэйн ёсоор хүүхдүүдээ өсгөж, өөрт ноогдсон ажилаа хийж, олноос нуугдаж ирлээ?
-Хүн өөрийнхөө хувь заяа, өөрт оногдсон амьдралаараа бахархаж баярлаж явах үе байдаг л даа. Ер нь сонин хэвлэлээр ярилцалга цөөхөн өгдөг дөө.Өвгөн бид хоёр өмнө нь “Өнөөдөр” сонинд нэг л удаа ярилцалга өгсөн. /инээв.сур/
-ХХ зуунд тодорсон, ардын засгийн анхны аваргуудын нэг Нацагийн Жамъян буюу буур аваргын талаар мэдэхгүй дуулаагүй монгол хүн үгүй. Энэ түүхт агуу хүний үр сад болсоноороо бахархах омогших үе байна байх?
-Тэгэлгүй яахав. Монгол улсын түүхэнд нэрээ мөнхөлсөн буян заяатай, хүч тэнхээтэй, алдар гавьяатай энэ хүний үр сад болсондаа баярлаж явдаг. Тэглээ гээд би аваргын ээж, аваргын охин гээд омогшоод явж болохгүй байх. Хамгийн гол нь өөрт оногдсон хувь тавилан буян заяаг даахад оршино.
-Аавынхаа тухай сайхан дурсамжаас манай уншигчиддтай хуваалцаач?
-Аав маань Архангай аймгийн Цахир суманд 1899 онд төрсөн хүн. Үр ач нар нь нийлээд аавынхаа мэндэлсэний 100,110 жилийн ойг хийж алдаршуулж явна. Аав маань барилдахаасаа гадна улсын сайн малчин байлаа. Ажилч хичээнгүй, цэвэрч нямбай, үнэнч шудрага зантай хүн. Аавыг нутагийнхан нь их өглөгч гэдэг байсан. Үнэхээр л байгаа юмаа ядарсан зүдэрсэн хүмүүст тараагаад өгчихнө. Тухайн үед улаан цэргийн армид арван төгрөг өгч, арван морь хандивлаж байсан гэдэг. Ер нь их нийтэч зантай хүн явлаа. Дээр үед бөхийн мөрий гэж сайхан зүйл байж л дээ. Аав мөрийгөөр барилдаж авч ирсэн юмаа хүмүүст тараана. Нэг удаа барилдаж олсон 66 ширхэг мөнгөн зоосыг нутгийнхандаа өгчихсөн. Ер нь торго дурдан ховор байсан ч хэлэх үү аав олсоныгоо хүмүүст тараагаад л дуусна. Ямар сайндаа нэг дүү нь “… та тэднийд юм өгчихлөө одоо эднийд гээд л явах юм. Өгч болиоч” гэж загнаж байсан гэдэг. Би аавынхаа тэр занг дуурайчихсан их өглөгч хүн шиг байгаа юм. Өөрт байгаагаа л тараачихна./инээв.сур/
-Архангай аймгийн төвд Н.Жамъян аваргын хөшөө байдаг. Үр хүүхдүүд нь төрсөн нутагт нь дурсгал босгосон байх?
-Төрсөн нутаг Цахир суманд нь 100 жилийн ойг тохиолдуулан боржин чулуугаар хөшөө босгосон. Аавын морины уяа хонины хашааны гадас цохидог том чулууг нутгийнхан нь зайлуулахгүй хамгаалж ирсэн байна лээ. Тэр чулууг нь хоёр хүү авч ирж хөшөөнийх нь урд байрлуулсан. Багцаалбал 60, 70 кг хүрэх байх гэж хүүхдүүд ярьж байсан.
-Буур Жамъян гэх нэрээр алдаршсан. Ном хэвлэл дээр буур өргөж энэ нэрийг зүүсэн гэдэг. Таны амнаас энэ түүхийг сонсох бас сонин байх?
-Энэ тухай ааваасаа сонирхоод л та яагаад ийм нэр авчихсан юм бэ? энэ талаар ярьж өгөөч гээд яриулдаг байлаа. Тухайн үед Монгол Хятад хоёрын хооронд жин тээдэг байж л дээ. Аав арван хэдтэй хүүхэд нутгийнхаа жинчидийг дагаад одоогийн Өвөрмонголын нутаг Алшайд явж байж. Тэгээд жингийн хамгийн сүүлийн тэмээ модон гүүрэн дээрээс доошоо цөмөрчихөөд эзэд нь гаргаж чадахгүй ачааг нь буулгах гэж байхад аав маань нэг үзээдэхий гэж хэлээд тэмээнийх нь хүзүүн доороос мөрөөрөө дэмнэсэн чинь тэмээ ухасхийгээд л гараад ирсэн гэдэг. Ингээд л тэмээ өргөсөн болохоор “буур ” гэж хочтой болсон гэдэг. Хожим аав хуучлахдаа “…-миний буур өргөнө гэж юу ч байхав тэмээ өөрөө хүчтэй амьтан болохоор дэм өгөхөөр гараад ирсэн ” хэмээн дурссан.
-Тухайн үеийнхээ бөхчүүдтэй хэр ойр дотно байсан бол?
– Манайхаар бөхчүүд их ирнэ, аав ч нөхөрсөг хүн байсаных биз. Аавыг амьд сэрүүн байхад Х.Баянаа, Мөнхбаят, Хадбаатар гээд л аваргууд очдог байсан. Мөн Дамдин аварга, Түвдэндорж аваргатай найз нөхөд явсан. Өөрөө олонд хүндлэгдсэн их тайван хүн. Аав Тариатын хүрээнд ирж шавьлан сууж байгаад н.Дамбий гэдэг хүний бөхийн сургуульд орж бөх болох гараагаа эхэлсэн юм билээ.
-Үр ач нартаа юу захиж сургадаг байсан бол, мэдээж та бүхэн энэ сайхан хүний захиасыг биелүүлж амьдралаа хэрэгжүүлж явдаг байх?
-Манай хамгийн бага хүүхдийг дөрөв, таван нас хүртэл аав маань сэрүүн тунгалаг байсан. Хүүхдүүдийг маань өсгөж, хүмүүжүүлэхэд ээж, аав хоёр маань их тус дэм болсон. Өвгөн бид хоёр хэдэн хүүхдээ ээж аав хоёртоо л даатгаж хүн болгосон. Аав маань хүүхдүүддээ эрдэм ном сурах хэрэгтэй, бүгдийг нь боловсролтой мэргэжилтэй болгоорой гэж захидаг байсан.
МАНАЙХАН БҮГД ҮЙЛЭНД УРАН, ХЭН Ч ДЭЭЛ ХУВЦАСАА ОЁОД ӨМСЧИХНӨ
– Н. Жамъян аваргын талаар хүмүүс мэдэх ч ээжийн тань талаар тэр болгон мэдэхгүй байх. Та ээжийнхээ дурсамжаас хуваалцаач?
– Миний ээж З.Гарамдагий Хангай сумын хүн. Долоон хүүхэдтэй айлын гурав дахь охин нь байсан. Жирийн малчин гаралтай хүн. Мал маллаж яваад л аавтай нийлж нэг насыг хамт туулсан. Гэхдээ үйлэнд уран, цэвэрч нямбай, ажилсаг ер нь хүний оёж болох бүхнийг л урладаг байсан. Зодог шудаг, монгол гутал маш сайхан оёно. Ээжээр аймгийн биеийн тамир спортын хороо хүртэл захиалгаар зодог шудаг оёулсан.
-Таныг бас үйлэнд сургасан байх?
-Яахав өөрийнхөө хэмжээнд ойр зуурын юм оёно. Өсөхөөг /том хүү далай, даян аварга Г.Өсөхбаяр/ анх барилдаж эхлэх үед буюу долдугаар ангид байхад нэг зодог шудаг хийж өгсөн. Ээж маань Өсөхөөг гурван настайд анхных нь зодог шудагийг хийж өгсөн. Ер нь би ээжийнхээ үйлийг өвөлсөн гэж боддог. Охидууддаа ч зааж сургасан. Одоо манай хүүхдүүд өөр өөрсдийнхөө хэмжээнд оёж хатгана.
-Айлын ганц охин, нэлээд эрх танхил өссөн гэж сонссон?
-Тиймээ айлын ганц охин гээд л элбэг, хангалуун бэлэн юман дээр эрх танхил өссөн. Гэхдээ аав ээж хоёр минь намайг буруу хүмүүжүүлээгүй гэж боддог шүү./инээв.сур/ Эрдэм ном сургаж, ажил хөдөлмөр хийлгэж , амьдралын маань хэтийн төлөвт сургаж хүмүүжүүлсэн дээ.
-Та төрөлх нутгийнхаа номын сангаар олон жил ажилласан?
-Би эрх танхи өссөн ч гэлээ сургууль соёлын мөр хөөж явсаар сайхан мэргэжилтэй болсон. Архангай аймгийнхаа Тариатын 10 жилийн сургуулийг дүүргэсний дараа нийслэлд ирж Багшийн сургуулийн номын санчийн ангийг төгссөн. Тариатын номын сангийн эрхлэгчээр долоо, Батцэнгэл сумын номын сангийн эрхлэгчээр тав, Батцэнгэл сумын номын санд гурван жил ажиллаад аймгийн төвийн номын санд фондын эрхлэгчээр арваад жил болоод тэтгэвэртээ гарсан. Ингээд би 23 жил соёлын ажил хийлээ.
-Таны ажил хүүхдүүдийн чинь хүмүүжилд багагүй нөлөөсөн байх?
-Тийм ээ. Манай хүүхдүүд бүгд л номонд дуртай, багаасаа номтой нөхөрлөж өссөн дөө. Хичээлийнх хажуугаар ном зохиол уншуулна, гэрийнх нь даалгаварыг ажил дээрээ л хийлгэдэг байлаа. Хүүхдүүдээ эрдэм боловсролтой болгохын төлөө чадал чинээгээр л тусална. Одоо ч ач, зээ нар маань номын ертөнцөд аялах дуртай.
-Одоо үр хүүхдүүд чинь том болж үр ач өнөр өтгөн болсон байх?
-Манайх дөрвөн охин, хоёр хүүтэй айл. Ач зээ нар хорь гаруй болж өнөр өтгөн сайхан л амьдарч байна. Ёстой л үртэй хүн баян гэж үнэн юм.
-Та хоёр хүүхдүүдээ зөв сайн хүмүүжүүлсэний үрээр өдийд бүгд гадаад дотоодод мэргэжил эзэмшээд зогсохгүй бүгд спортын хүмүүс болцгоожээ?
– Хоёр хүү маань эх орондоо нэр цуутай сайхан бөхчүүд боллоо. Харин дөрвөн охин бас л бүгд спортод сонирхолтой, спортын хүмүүс. Гадаад, дотоодод дээд сургууль төгсч өдгөө өөр өөрсдийн ажил хөдөлмөрийг нэр хүндтэй хашиж явааг нь харахаар тэднээрээ бахархаж, хүүхдийнхээ сурлага хүмүүжилд ихээхэн анхаарч зүтгэсний үр шимийг хүртэж яваагаа аз жаргал гэж боддог.
ӨСӨХӨӨ БАГАДАА ИХ БУУРЬТАЙ ХҮҮХЭД БАЙСАН
– Өсөхөө аварга багадаа ямар хүүхэд байв?
-Хүүхэд гэхэд их буурьтай, үг дуу цөөтэй хүү байлаа. Аавын занг их дуурайсан байх. Их дөлгөөхөн, хичээл сурлагадаа сайн янз бүрийн хэл ам таталж чих халууцуулдаггүй байсан.
– Аваргыг төрөхөд өвөө нь удам залгах бөх төрлөө хэмээн их баярласан байх, та ер нь хүүгээ төрөхөд л бөх болгоно гэж боддог байсан биз?
– Батцэнгэл суманд ажиллаж байхад 1973 оны өвөл таван кг жинтэй хүү төрсөн юм. Аавынх тэр үед Тариат суманд өвөлжиж байсан болохоор ээж намайг амаржуулахаар манайд ирчихсэн байлаа. Тухайн үед Тариатруу аавд цахилгаан мэдээ явуулсан. Тэрхүү цахилгааныг хүлээн авсан аав маань их баярлаж бараг л таарсан хүн бүрт л “…үүнийг уншаад үз дээ” гээд л бариад гүйсэн гэдэг. Хэд хоногийн дараа аав манайд ирээд л бөөн баяр хөөр болж байсан./инээв.сур/ Тухайн үед би хүү төрвөл бөх болох байх. Аавын маань удам байгаа хойно сайн бөх болох байх гэж бодсон. Хоёр хүү төрүүллээ хоёулаа л сайхан бөхчүүд боллоо.
-Аварга Г.Өсөхбаяр, улсын харцага Г.Батбаяр хоёр наадмын талбай дээр ид барилдаж яваа хүүхдүүдийнхээ амжилт, ялалтыг билэгшээж дээлнийх нь захыг мушгина биз?
-Аав нь хоёр хүүгээ байнга дагаж явдаг. Дээлийх нь захыг мушгина. Ер нь хүссэн хүн болгон бөх болчихгүй. Спортын хүн тэр дундаа монгол бөхөөр хичээллэж байгаа хүнд маш их тэсвэр тэвчээр, хатуужил, зорилго тэмүүлэл байх ёстой гэдгийг хоёр хүүгээ хараад л ухаарсан.
-Ер нь хоёр хүүгийнхээ барилдааныг алгасахгүй үзэж амждаг уу?
-Хөдөө байхад радиогоор сонсоно заримдаа хотод ирж үзэнэ. Сүүлийн жилүүдэд хотод орж ирээд байнга үздэг болсон. Гэхдээ бөхийн өргөө, наадмын талбай дээр очдоггүй ээ. Наадмын нээлт үзчихээд л гэртээ ирээд хоол унд хийнгээ телевизээр бөх харна. Эх хүний зөн совин гэж байдаг юм шиг байгаа. Энэ жил миний хүү сайхан өнгөтэй байна сайн барилдах байх гэж бодогдоно. Бэртэж гэмтэх вий, хүн бэртээчих вий гэж байнга л санаа зовно.
-Даян аваргын охин, идэр бөхчүүдийн ээжийн хувьд Монголын үндэсний бөхийн тухай таны бодлыг уншигчдад хүргэвэл ?
-Монгол түмний маань эрт дээр үеэс хайрлаж хамгаалж, хүндэтгэж ирсэн том өв соёл юм. Энэ сайхан өв соёлоо өндөрт өргөж, улс эх орныхоо нэрийг улам өндөрт өргөж, олон сайхан хүчтэнүүд төрөөсөй гэж боддог.
-Хангай нутгаас олон сайхан бөхчүүд, хүчтэнүүд төрсөөр байна. Нутгийн бөхчүүд танайхаар ирж золгоно биз, ер нь хэр их хөлд дарагддаг вэ?
-Ирнээ. Цагаан сарын дараа нутгийн хүүхдүүд бид хоёр дээр ирж золгоно.
-Одоо үр ач нараа эрхлүүлээд л тэдэнтэйгээ бужигнаж суух жаргал байх?
-Сайхан шүү. Хүн болж төрсөний утга учир юм болов уу. Таван сайхан хүргэнтэй, хоёр сайхан бэртэй, ач зээ гээд л хорь гучуулаа болчихлоо. Хүний ганц охин болж төрөөд ханьтайгаа нийлсэнээс хойш тавь гаруй жил болж, өнөр өтгөн жаргаж сууна./инээв.сур/
-Ач зээ нараас чинь барилддаг хүүхдүүд байгаа юу, монгол бөхийн удам энэ гэр бүлээс тасрахгүй гэх монгол түмний итгэл байдаг байх?
-Манай ач зээ нараас барилдах хүн гарах байх гэж бодож явдаг. Том хүүхний хөвгүүд дээд сургууль төгсөөд ажил төрөл хийгээд явчихсан бодвол спортод сонирхолгүй юм байлгүй. Өсөхөөгийн дундах хоёр хүү нь спортоор хичээллэж байгаа. Мөн бага хүүгийн хүү ч барилдах байх. Тэр гуравыг л барилдана гэж боддог.
-Өсгөж хүмүүжүүлсэн үр хүүхдүүдийнхээ сайн сайхан явааг хараад тэднээрээ бахархаж баярлах сэтгэл төрдөг байх?
-Эх хүн болгоны хүсэл үр хүүхдээ сайн сайхан явааг харах байдаг байх. Тэднийхээ төлөө залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөж явдаг даа.
-Та хоёр хүүхдүүддээ юуг аминчлан захиж, сургадаг вэ?
-Нэг эцэг эхээс төрсөн ч зан араншингийн хувьд бүгд өөр өөр байдаг. Хамгийн гол нь эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, төлөв төвшин ухаалаг байгаарай л гэж захина. Улс эх орондоо хэрэгтэй зүйл хийж, хойч үедээ өвлүүлэх хэрэгтэй.
ХҮРГЭН БЭРҮҮДЭЭ ХҮНИЙ ӨӨРИЙН ГЭЖ ЯЛГАХГҮЙ ХЭЛЭХ ЗҮЙЛЭЭ ХЭЛЭЭД ЯВДАГ
-Олны танил явна гэдэг тэр дундаа монгол бөхийн ээж бас охин байна гэдэг маш том хариуцлага байх ?
– Бидний хүүхдүүд ээж, аавыгаа баярлуулж, үр хүүхдээ өсгөн олны дунд нэр хүндтэй аж төрж явааг сонсоход таатай байдаг. Дээр хэлсэнчлэн энэ хувь заяандаа залбирч, буян заяаг нь даахыг хичээдэг. Ер нь би өөрийгөө их баян хүн гэж боддог шүү. Сайхан хүүхдүүд төрүүлж эх орондоо алдар нэрийг нь дуурсгалаа. Сайн ханьтай учирч тавь гаруй жил жаргал зовлонгоо хуваалцлаа. Эд баялаг, эрх мэдэлээс илүүтэйгээр эрүүл саруул элэг бүтэл амьдрал минь намайг баян болгодог.
-Хүүхдүүдийг чинь сайн муугаар хэлэх, бичих үед хэрхэн хүлээж авдаг вэ?
-Зарим нь сайн, зарим нь муу байна гэж ярьж, бичиж л байдаг юм. Тэр болгонд ач холбогдол өгөөд санаа сэтгэлээ зовоох онц шаардлага байхгүй л байх. Хүн хүнээсээ сайн ч муу ч үг сонсоно. Тэрнээс хэрэгтэйг нь тунгааж хэрэггүйг нь хаячихдаг.
-Хүргэн бэрүүдтэйгээ хэр ойр дотно вэ, та хэр хадам бол?
-Гайгүй дотно байна шүү. Бид хоёрыг өөрийн төрсөн эцэг шигээ санаж, бид ч гэсэн хэлэх зүйлээ хэлээд сайхан л явдаг. Хүргэн бэр байлаа гээд миний л үр хүүхдүүд шүү дээ. Хүүхдүүдийн минь түшиг тулгуур хань ижил болж яваа болохоор хүнийх өөрийнх гэж ялгахгүй ээ.
-Одоо хүүхдүүдтэйгээ нутаг усандаа очиж амрана биз?
-Манайх зургаан сард хөдөө гараад намар орж ирдэг. Өвгөн бид хоёр нутагтаа хэдэн малтай болохоор зуны дэлгэр цаг ирэхээр л нутагруугаа тэмүүлнэ./инээв.сур/ Наадмаар ирчихээд намар есөн сар хүртэл хөдөө байдаг.
-Наадам гэснээс танайхан морь уядаг уу?
-Хүүхдүүд морь уядаггүй ээ. Уг нь уячихмаар сайхан сайхан морьд харагдаж л байдаг юм. Гэхдээ бөх хүн ид барилдаж байгаа үедээ дасгал сургуулилтаа хийгээд зав чөлөөгүй байдаг л даа. Нэг газар бэлтгэл хийгээд л нөгөө газар морь уяж гүйгээд байвал амжилтанд сөрөг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Цаашдаа хүүхдүүд уях байлгүй дээ.
-Бөхчүүдийн тэр дундаа аваргуудын ээж аавуудтай хэр харилцаа холбоотой явдаг вэ?
-Бие биенийдээ очиж хоол унд гэхгүй ч таарсан газраа мэнд усаа мэдэлцээд бүгд л танил нөхдийн журмаар сайхан л явцгаадаг. -Хүүхдүүд нь гадагшаа аялуулна биз? -Яахав дээ хүүхдүүдийнхээ буянаар гадны хэд хэдэн орноор аялаад ирсэн. Хятадын алдарт цагаан хэрмийг үзлээ, аралын улс Японыг хэд хэдэн удаа зочиллоо. Охин маань тэнд магистар, докторын зэрэг хамгаалсан.
-Сая “Монголын алдарт ээжүүд” номонд хөрөг нийтлэл чинь хэвлэгдсэн байсан?
-Хүүхдүүд тэр номонд намайг мөнхөлнө гээд л намтар түүх бичсэн байна лээ. Үнэхээр сайхан ном болсон шиг санагдсан. Монгол улсын дөрвөн зүг, найман зохисоос ирсэн алдарт ээжүүдтэй тэрхүү сайхан номын хуудаснаа намтар түүхээ мөнхөлсөндөө билэгшээж байгаа.
-Таныхаар хүний амьдралын утга учир юун дээр оршоод байна вэ?
-Хүний амьдралын утга учир гол зорилго гэдэг бол нэгдүгээрт эрүүл явах, хоёрдугаарт эрдэм боловсролтой болох гуравдугаарт амьдрал ахуйгаа тохижуулах, сайн сайхан гэгээлэг, ухаалаг байх нь амьдралын утга учир юм даа. Аливаа зүйлд хүн ухаанаараа хандах хэрэгтэй.
-Одоо хэнтэй амьдарч байна. Үр ач нараасаа онцолж хайрлах хүүхдүүд байна биз?
-Манай дунд охины охин бий. Бид хоёр найман сартайгаас нь өсгөөд одоо ХААИС-ыг онц дүнтэй төгсөөд нийгмийн даатгалд мэргэжилтэнгээр ажиллаж байна. Энэ охинтойгоо гурвуулаа амьдардаг. Ер нь ач зээ нартаа бүгдэд нь хайртай. Эмэгтэй талаасаа энэ охиндоо амь эрэгтэйчүүдээс нь Өсөхөөгийн дунд хүү болон бага хүүгийнхээ хүүд хайртай. Тэр хоёрыг бөх болчих болов уу гэж горьдож суудаг юм. /инээв.сур/
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Урт насалж удаан жаргах болтугай
-Танай сониноор дамжуулан монголын мянга мянган сарагоо эхчүүдэд өнгөрсөн ч гэсэн матрын наймны баярын мэнд хүргэж, үр хүүхдээ эрдэм боловсролтой эх орондоо хэрэгтэй сайн хүмүүс болгон хүмүүжүүлээрэй гэж хэлмээр байна. Мөн халхын сайхан эрчүүддээ цэргийн баярын мэнд хүргэхийн зэрэгцээ монгол эр хүний ноён нуруутай байж ухаалаг амьдралаа авч яваарай гэж хэлье.
“Хүмүүс” сонин Э.Тунгалагтуяа
Холбоотой мэдээ
Comments are closed.