-АНУ-ЫН ЗУРГААН БАНКНЫ 60 ГАРУЙ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН КАРТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДЭЖ ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ-
Малайз, Сингапурын төлбөрийн картыг хуурамчаар үйлдвэрлэн Азийн орнууд руу очиж ашигладаг бүлэглэлийг өнгөрсөн бямба гаригт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран илрүүлсэн байна. Тэд АНУ-ын “ITS”,”Сhase” зэрэг зургаан банкны 60 гаруй хадгаламж эзэмшигчдийн картыг хуурамчаар үйлдвэрлэн орж ирж, манай улсын арилжааны банкуудаар гүйлгээ хийж, брэндийн бараа зардаг томоохонд тооцогддог дэлгүүр, нэртэй ресторан, зоогийн газруудаар үйлчлүүлсэн байна.
“Баянгол”, “Чингис” зэрэг зочид буудалд байрлаж байсан бөгөөд энэ сарын 15-ны өдөр нутаг буцахаар зэхэж байхад нь баривчилжээ. Дээрх гэмт бүлэглэлийнхэн Монголд орж ирээд дөрөв хонож байсан аж. Энэ хугацаандаа бэлэн мөнгөний карт ашиглаж болох бүхий л салбараар үйлчлүүлжээ. “Улаанбаатар их дэлгүүр”, Улсын их дэлгүүр” гэх мэт том дэлгүүрүүдээс авсан үнэтэй цайтай брэндийн бараагаа Малайз, Сингапур руу онгоцоор явуулж байхад нь манай хууль хяналтынхан сэжиглэн шалгаж эхэлсэн байна. Мөн тэд Монголоос их хэмжээний алтан ээмэг, зүүлт бөгж авч нутаг руугаа явуулсан байжээ. Нийтдээ Малайз, Сингапурын 25-45 насны Вонг Жанг Жин, Тех Юн Жинг гэх долоон иргэнийг баривчлан саатуулжээ. Вонг Жанг Жин нь толгойлогч нь байсан байна. Гэхдээ энэ хүн дээрх бүлэглэлийн толгойлогч уу, Монголд ирсэн хүмүүсээ толгойлж орж ирсэн хүн үү гэдгийг мөрдөн байцаалтын явцад тодруулах аж. Тэд Монгол Улс руу онгоцоор нэг хоногийн зайтай цуварч ирсэн байна. Зарим нь “Баянгол” зочид буудалд сүүлд ирсэн нь “Чингис” “Цэцэг” зочид буудал гэх мэтээр тархан байрлаж байжээ.
Гадуур явж хуурамч карт ашиглахдаа хоёр, гурваараа хуваагдан явдаг гэнэ. Эхлээд дөрвөн иргэнийг нь баривчилж үлдсэн гурван иргэнийг маргааш нь саатуулжээ. Малайз, Сингапурын энэ бүлэглэл нь нэг хүний удирдлаган доор байдаг бололтой. Тэд ихэвчлэн Зүүн өмнөд Азийн орнуудаар явж иймэрхүү хууль бус үйлдэл хийдгийг хууль хяналтынхан тогтоожээ. Тухайлбал, Япон, Солонгос, Хятад гэх мэт орнуудад очиж хуурамч карт ашиглаж байсан байна. Гэсэн ч зам мөрөө сайн далдалж чаддаг тул аль ч улсын хууль хяналтын байгууллагынхан илрүүлж чадаагүй байсан аж. Тийм учир дээрх бүлэглэлийнхнийг олон улсад интерполоор эрэн сурвалжилж байсан нь тогтоогдсон байна. Одоогоор тэд АНУ-ын 60 иргэний картнаас хэдий хэрийн мөнгө авсныг болон Монгол Улсад хэдэн удаа ирж байсныг нь тогтоохоор хууль хяналтынхан ажиллаж байгаа юм.
Гэмт этгээдүүд АНУ-ын банкны аюулгүй байдлын системийг эвдлэн, банкны үйлчлүүлэгчдийн цалин ордог дансны картад нэвтрэх өгөгдлийг авч чаджээ. Ингэснээр тэд картны зээлийн хязгаарыг ихээхэн хэмжээгээр өсгөсөн аж. Дэлхийн өнцөг булан бүрд байрлуулсан мөнгөний машинаас хуурамч карт ашиглан их хэмжээний ам.доллар бэлнээр авсан бололтой. Тэд хохирогчдын картын нууц мэдээлэл дээр үндэслэн хуурамч карт үйлдвэрлэж түүгээрээ банк болон АТМ-ээс мөнгө авдаг байсан аж. Тэдний хохирогчид “American Express”, “Visa”, “MasterCard”, “Discover Card” зэрэг картыг эзэмшигчид байсан бололтой. Малайз, Сингапурын гэмт этгээдүүд яг л бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа мэт ажиллаж чаддаг гэнэ. Газар нутгийн хол ойроос үл хамааран хэд хэдэн оронд гишүүдтэй. Тэд сүүлийн 12 сарын хугацаанд интернэтийн сүлжээ ашиглан банкууд болон кредит карт, зарын үйл ажиллагаа явуулдаг компаниудад 11.7 сая ам.долларын алдагдал учруулжээ. Өөр нэг арга нь хуурамч вэб хуудас нээж, хууль ёсны банк санхүүгийн байгууллага мэт болж хэрэглэгчдийн кредит карт болон банкны нууц мэдээллүүдийг e-mail -ээр хүлээн авч ашигладаг явдал юм. Сүүлийн үед хэрэглэж байгаа бас нэг арга нь хакерууд хэрэглэгчдийн компьютерт нь тусгай програм хангамж суулгаж, ингэснээр хэрэглэгч хууль ёсны вэб сайт руу орж буй мэт хуурч хуурамч сайт руу нь орж бүх нууц мэдээллээ алдаж байхаар код бичдэг ажээ. Сүүлийн үед томоохон банкууд ийм халдлагад их өртөх болсон байна. Тэд ихэвчлэн албан ёсны банкнаас илгээсэн мэт сэтгэгдэл төрүүлэх мэйлд вирус бүхий файл хавсралтаар явуулж онлайны хэрэглэгчдээс 66 сая ам.долларыг залилан авсан байна. Вирустэй файлыг хүлээн авсан хэрэглэгч онлайн сүлжээгээр өөрийн харилцдаг банкаар гүйлгээ явуулж харилцахад хэрэглэгчийн нууц мэдээллийг бүгдийг нь уг вирус бүхий програм нь өөртөө хадгалж, буцаан илгээгч буюу хакер руу дамжуулдаг байна. Дараа нь гэмт хэргийн бүлэглэлийнхэн мөнгө гаргаж авахын тулд банкны хуурамч карт бий болгох, мөн түүнчлэн халхавчны зохиомол байгууллага байгуулдаг байна. Үүнийг интернэт дээрэм гэж нэрлэх болжээ.
Манай улсын гурван иргэн гурван жилийн өмнө АНУ-ын “WELS FARGO” банкны үйлчлүүлэгчдийн картын данснаас их хэмжээний мөнгө хууль бусаар авч байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан тогтоосон билээ. Тэд боломжийн айлын хүүхдүүд байсан бөгөөд оюутнууд байв. Оюутнууд тус банкны 14 үйлчлүүлэгчийн картыг хуурамчаар хийж ашигласан болох нь тогтоогдсон. Тэд интернэтээр карт эзэмшигчдийн мэдээллийг худалддаг АНУ-ын нэг сүлжээтэй холбогдсон байдаг. Тэр сүлжээнээс нэг карт эзэмшигчийн мэдээллийг 30 ам.доллараар худалдаж авсан гэдгээ хожим нь хүлээж байсан. Орж ирсэн мэдээлэл доторх нууц дугаар юу байдаг юм бэ, тэр бүгдийг нь Монголд уншдаггүй учраас Украины хакерууд уншуулсан хэмээн мэдүүлж байв. Үүнээс хойш гадаадын иргэдийн данснаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг бараг гараагүй гэхэд болно. Харин хоёр дахь нь энэ хэрэг юм.
Г.ЯЛГУУН
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 16, 2012 6:13:45 pm )
Хууль хяналтынхандаа баяр хүргэе.
1 Comment