Хууль бус үйлдэл, гэмт хэргийн илрүүлэлтэнд нөлөөлдөг, хэргийн үнэн зөвийг тогтооход чухал ач холбогдолтой нэг оролцогч байдаг нь гэрч. Иргэний болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд тодорхойлсноор “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлжээ. Мөн хуулиудад гэрчийг үнэн зөв мэдээлэл өгөх ёстой талаар, зарим төрлийн хэргийг мэдэж байсан хэрнээ мэдээллээгүй бол хариуцлага хүлээх ч заалттай аж. Гэвч өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй эдгээр хуулинд нэг зүйлийг оруулахаа мартчихаж. Тэр нь гэрчийн хамгаалалт. Түүнчлэн үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулж, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийг нь хамгаалах талаар юу ч алга.
Харин хуулиудад байхгүй энэ зохицуулалтыг Улсын прокурорын газрын хэдхэн заалттай журмуудаар таглахыг оролдож. Энэ журманд байцаан шийтгэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийн талаар ил болгож, хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхийг хориглох зэрэг зүйлс багтаж. Гэвч таглах гэсэн журамнаас нь хэд дахин том нүх байсаар л байна.
АРГА ЯДСАНДАА АТГ БАРААДАВ
Өнгөрөгч өдрүүдийн гол сенсаац долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурлын эргэн тойронд өрнөж байна. Цагдаагийн дарга нарын хэрэг нь шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн хангалтгүй байдаг ужгийг ил болгосны нэгэн адил дараагийн гажиг тогтоцыг харуулав.
Энэ хэргийн талаар “хар дэвтэр”-ийг хөтөлсөн гэх гэрчийг цагдаагийн хурандаа Ш.Батсүх “Тэр гэрчийг Монголын цагдаа мэдчихсэн. Төмөрхуяг гэдэг хүн байдаг юм. Тэр одоо АТГ-т жолооч хийдэг юм гэсэн” хэмээн мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэнийг нь “гэрчийн талаарх мэдээллийг задалсан ч хариуцлага хүлээлгэх хуульгүйг мэдэж байна” гэж дүгнэх нэгэн байсан бол сүрдүүлэг гэж өөр нэг нь тайлбарлав.
Өнөөх нөхөр “хар дэвтэр” дээрээ “Дарга машин дотроосоо нэг хүүхдийн хэвлий рүү буудаж унагасныг би харсан. Дарга сайн бууддаг юм билээ. Түүний сууж явсан эргүүлийн машины баруун талынх нь толин дээр жижиг бууны мөр гарч, хагарсан байсан..” гэж бичээд цагдаагийн удирдлагынхаа эсрэг зүйлийг мэдүүлэх гэрч болсон бололтой. Энэ талаар харин хэвлэлийнхэн “Хурандаа яагаад гэрчийг зарлав”, “Тэр цагдааг АТГ-д ажилд оруулж шагнасан уу” гэх зэргээр заавал аль нэг талд нь орох дүгнэлт гаргацгааж байв. Гэвч энэ бүхний цаана ямар асуудал байгаа талаар нэг их сонирхсонгүй.
Асуудал. Гэрчийг цагдаагийн байгууллага хамгаалалтандаа авдаг. Гэтэл “Манаачийг хэн манах вэ” гэх ойлголтын адил тохиолдол энэ удаад гарч ирэв. Тодорхой хэлбэл, “Цагдаагийн байгууллагын эсрэг гэрчийн мэдүүлэг өгч буй хүнийг цагдаагийн байгууллага нь хамгаалах уу” гэх асуулт гарч ирэв. Тохиолдол дээр энэ асуултанд “чадахгүй” гэж хариулсан бөгөөд гэрчийг хамгаалах тогтолцоо байхгүй тул АТГ-ын албан хаагчийн хамгаалалтанд оруулах байдлаар л шийдэх гэж оролдсон нь энэ аж. Тохиолдол бол нэг л жишээ. Үүний цаана бидний мэдэхгүй олон гэрчүүд айж, дарамтлуулж, худалдагдсаар л байгаа.
ӨӨРЧЛӨХ ЁСТОЙ СЭТГЭЛГЭЭ БА ТОГТОЛЦОО
Иргэдийн дунд явуулсан судалгаагаар гэмт хэргийн гэрч болохыг “бөөн төвөг” гэж олонхи нь санал өгчээ. “Амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр болсон нь дээр”, “Адгийн зарга арав хоног” гэх үгс нь олон нийтийн сэтгэлгээг харуулж байгаа ч хэрэг шийдэхдээ үеийн үед гэрч, хохирогчид түвэг чирэгдэл учирсаар ирсэн бүтцийг ч мөн харуулж байна. Гэмт хэрэгтнээс илүүтэйгээр гэрчийг нь байцааж, хамаг цагийг нь барж, ирж мэдүүлэг өгөхгүй бол ийм тийм хуулийн заалтаар шийтгэнэ гэж сүрдүүлж, гэрч маань өөрөө гэмт хэрэгтэн болох шахдаг. Буруутантай нүүрэлдүүлнэ гэж хүнд байдалд оруулдаг. Шүүхээс шийдвэр оноохдоо гэрч хохирогчид сүүлд нь ямар дарамт учрахыг тооцоолдоггүй гэх шүүмжлэл олон аж. Жишээ. Өнгөрөгч жил Дорнодод таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ хөнөөсөн юм. Түүнийг гэрчлэгч нь инженер залуу байсан бөгөөд түүнийг шүүхийн танхимд гэмт хэрэгтнийх нь өөдөөс харуулж суулгаж байгаад мэдүүлэг авч. Өнөө гэмт хэрэгтэн нь шүүхийн танхимд ил шулуухнаар “Чи намайг барьж өглөө. Чамтай би тооцоо бодно оо, харж байгаарай, би амьд гарч ирнэ” гэж заналхийлсэн билээ. 12 жилийн дараа магадгүй үүнээс ч өмнө буруутан суллагдана. Үүний дараа гэрчийг хамгаалах ямар ч бодлого алга.
Манайхаас бусад олон оронд гэрчийг хамгаалах хөтөлбөр, тогтолцоо бий. Хохирсноо мэдэгдэж, гэрчийн мэдүүлэг өгөх нь иргэн бүрийн үүрэг ч хамгаалалтгүй бол амьгүй хуулийн заалт хэвээр л үлдэнэ. Иймд хамгаалалт бий болгоод араас нь эрх зүйн ухамсарт нь нөлөөлөх ажиллагааг хийх шаардлагатай.
ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДАРААГҮЙ БИЗ
Гэрчийг хамгаалах тухай хуулийн сураг гурав дөрвөн жилийн өмнө сонсогдож эхэлсэн. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан гэсэн ч одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй л байна. Хамгийн сүүлд гарсан сураг гэвэл, 2010 оны зургадугаар сарын 9-нд энэ ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй талаар дуулгасан бөгөөд хууль тогтоомжуудийг авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлэхэд хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа ямар байх ёстой талаарх хэлэлцүүлгийн үеэр яригдсан юм. Мөн энд анхаармаар дүгнэлт гарсан нь, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид гэрчийг хамгаалах заалт байдаг хэрнээ Монголд энэ нь хөрсөн дээр буугаагүй тухай байв. Өөрөөр хэлбэл, манай Эрүүгийн хууль болоод Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд гэрчийг хамгаалах асуудлыг тусгаж өгөөгүй гэнэ. Тиймээс гэрчийг цагдаагийнхан хамгаална гэсэн ойлголт байхгүй бөгөөд хамгааллаа ч хаана байрлуулж, хэрхэн хамгаалах төсөв мөнгөний асуудлыг шийдэх тогтолцоо байдаггүй гэж байлаа. Энэ хэлэлцүүлгийн үеэр энэ тухай хуулийн төслийг нэн даруй өргөн барих нь зүйтэй гэцгээж байсан ч өнөөдрийг хүртэл сураггүй хэвээр л байна. Асуулт. Хуулийн төслийг дараагүй биз.
БИДНЭЭС БУСАД НЬ ГЭРЧИЙГ ХЭРХЭН ХАМГААЛДАГ ВЭ
Гадны улс орны тогтолцоог харахад гэрч хохирогчийг хамгаалах тусдаа байгууллага байдаг ч Монгол Улсад бүхэл бүтэн том байгууллага шинээр бий болгоно гэдэг нэлээн хэцүүхэн даалгавар болж буй бололтой.
Кинон дээр л гардаг байх гэж боддог зүйл гадны олон оронд бодитоор хэрэгждэг аж. Ингэж байж л гэрчийг хамгаалах тогтолцоо жинхэнэ утгаар хэрэгждэг байна. Хамгийн наад зах нь гэхэд л хэргийн материалд гэрч хохирогчийн биеийн байцаалт буюу хувийн байдлын талаарх өгөгдлүүд харагдахгүй байх, мөн гэрч хохирогчийг байнгын мэдээллээр хангадаг зохицуулалтай аж. Тодруулбал, “халуун шугам”-ын утас ажиллуулж, гэрч хохирогчтой хүссэн үед нь холбогдон, гэмт хэрэг үйлдэгч ял эдлэж байгаа бол тэр хүний талаар байнга мэдээлэл өгч, хэрэв суллагдлаа гэхэд 10 минутын дотор энэ тухай мэдээлж байх жишээтэй. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зүс царайг нь өөрчлөх мэс засалд оруулан, дүр төрхийг нь хувиргах, бусад улсад цагаачлах, тэр улсад нь энгийн ажиллаж амьдрах боломжийг нь хангадаг байна. Дүгнэлт. Гэрч нь мэдээлэл өгдөг, байцаагч нар нь чирэгдэлгүй мэдүүлэг авдаг, шүүгчид нь гэрчийн мэдүүлгийг үнэн зөв дүгнэдэг, тогтолцоо нь найдвартай хамгаалдаг болоход юуг хийх ёстой вэ. Эхлээд хуулиа л баталчих. Дараагийнх нь зүйлүүд аяндаа бүрдэх болно.
Холбоотой мэдээ
Comments are closed.