УИХ-ын гишүүн Л.Гүндалайтай ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж АН-ын гишүүдтэй нэлээд мэтгэлцэж байна. Уг нь та л намаа төлөөлж мэтгэлцээнийг өрнүүлж, Ц.Нямдорж сайдтай “үздэг” байсан. Одоо асуудлыг яаж харж байна?
-Хүмүүсийн хоорондох хэрүүлд гүйж ороод байх утгагүй юм. Гэхдээ улс төрд болж буй үйл явдлын Талаар байр сууриа илэрхийлж болно. Ц.Нямдорж сайд “Би “MCS” компанийн байранд түрээсээр амьдардаг. Сарын төлбөр нь гурван зуун мянга” гэж хэлж байгааг нь сонсоод үнэхээр дургүй хүрч байна. Ард түмнийг тэнэг гэж бодож болохгүй ш дээ. Гурван зуун мянган төгрөг гэдэг зөвхөн урсгал зардлын мөнгө. Би өөрийнхөө амьдардаг байрны жишээгээр ярья. Миний амьдарч буй байшин, Ц.Нямдорж сайдын амьдарч байгаа байшинтай хэмжээгээрээ ойролцоо. Манай байрны хажуу талын байруудыг гадна дотны хүмүүс их хөлсөлдөг юм. Тэдгээр хөлсөлж байгаа хүмүүс сардаа доод тал нь гурван сая төгрөг төлдөг юм билээ. Ц.Нямдорж сайдын хэлээд байгаа гурван зуун мянган төгрөг нь зөвхөн сарын урсгал зардлын мөнгө шүү дээ. Би эхнэрээсээ хүртэл асууж үзсэн. “Манайх сардаа тог цахилгаан, халаалт, СӨХ, хамгаалалт гээд урсгал зардалд хэдэн төгрөг төлдөг вэ” гэж. Манайх лав сардаа 300-400 мянган төгрөг төлдөг гэсэн. Тэгэхээр Ц.Нямдорж сайд өөрийнхөө хувийн байранд амьдарч байгаа хэрнээ тэр том байшингийн түрээсийн сарын төлбөрт гурван зуун мянган төгрөг төлдөг гэж хуурч болохгүй. Яаж ч бодсон Ц.Нямдорж түрээсийн байранд амьдрахгүй нь тодорхой. Зүгээр худалдаад авчихсан юм гээд л хэлчихнэ биз. Эсвэл “Алтжин” компани надад өгсөн юм гээд үнэнээ хэлчих л дээ.
-Ц.Нямдорж сайд олон зүйл ярьж байгаа. Х.Баттулга гишүүнийг нууц гэрээ хийсэн гэх мэтээр?
-Х.Баттулга гишүүн нууц гэрээ хийгээгүй л юм байна лээ ш дээ. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг яаж ч бодсон нууц гэрээ хийгээд, нууцаар төмөр зам барина гэж юу байхав дээ. Төмөр зам тавих ажил чинь тийм нууц байдалд явагдаж болдог юм уу. Ямаа ярьж байхад тэмээ ярина гэгчээр аль алиныхаа нууцыг хадгална шүү гэж хийсэн гэрээг нууц гэрээ байгуулсан гэж болохгүй. Хамгийн гол нь стратегийн орд газар буюу Таван толгойн орд газрыг хоёр хуваагаад нэгийг нь хувийн компанид өгчихсөн. Тэр хувийн компани эзэмшиж буй орд газар нь үйл ажиллагаагаа явуулаад, өөрийнхөө хувьцааг гадаадын зах зээл дээр борлуулаад долоо найман зуун сая ам.доллар олчихлоо. Гэтэл тэр олсон мөнгийг нь олигархиуд хуваагаад авчихсан. Ард түмэнд ямар ч ашиг өгөөгүй. Энэ бүх байдлыг нь шударгаар хэлж ярихаар өөдөөс нь шал өөр шалтаг ярьж, хэрүүл болгоод байна. Өөрөөр хэлбэл, “MCS” компани Таван толгойн Ухаа худагийг аваад, түүнээс гарсан ашгаасаа ард түмэнд нэг ч төгрөг өгөхгүйгээр эзэмшиж байна. Түүнчлэн тогтвортой байдлын гэрээ байгуулах гээд Засгийн газрын гишүүдэд байр өгөн аргалж байна. УИХ-ыг ч гэсэн ямар хэлбэрээр аргалсан юм бүү мэд. Х.Баттулга гишүүн ийм үндэслэлээр Ц.Нямдорж сайдыг шалгаж өгөөч ээ гэж АТГ болон Улсын ерөнхий прокурорын газарт хандсан. Энэ байдалд би хэлтэй амтай улстөрчийн хувьд санаа зовж л байна.
-Эрх мэдэлтнүүдийн сарын орлого, зарлагыг Ашиг сонирхлын зөрчлийг арилгах тухай хууль хэрэгжиж эхлэхээр мэдэж болно. Хүнээс авлига авсан хүмүүс баригдана гэж мэдэгдээд байгаа?
-Ц.Нямдоржийн амьдарч буй байрны сарын түрээс доод тал нь гурав дөрвөн сая төгрөг байдаг гэдгийг ард түмэн тэр бүр мэдэхгүй.
Ер нь сайд хүн түрээсийн байранд амьдардаг гэж худлаа хэлээд хэрэггүй ш дээ. Иймэрхүү худлаа зүйл яриад байгаа сайд, гишүүд нарт улс төрийн ёс зүйн хариуцлага хүлээлгэх ёстой. Ичих булчирхай гэж байхгүй болжээ. Ц.Нямдорж сайд хэвлэлээр ичих ч үгүй худлаа ярьж байгаад нь ард түмэн үнэмшинэ гэж бодсон юм байх даа. Тийм биш гэдгийг нь мэддэг над мэтийн хүмүүс бас байна.
-Үүнээс гадна таныг намаасаа гарах гэж байгаа гэх яриа тарсан?
-Өө бас тийм яриа гарчихсан байна уу. Анх удаагаа л сонсож байна. Уг нь би намаасаа гарах бодолгүй байгаа ш дээ. Би чинь намаасаа орж, гарч хаширсан хүн. Одоо хашир суух цаг нэгэнт болжээ.
-Таны байгуулсан Ард түмний нам байгаа юу?
-Үйл ажиллагаа явуулахгүй л байгаа. Ийм байгаа юм чинь бараг хаах байлгүй дээ. Уг нь худлаа, үнэн элссэн хэдэн гишүүдтэй байсан одоо тараад алга болсон.
-Шинээр байгуулсан намаа яагаад орхих болсон юм бэ?
-Улс төрийн шахаанд л орсон доо. Олон дайсантай хүний хийгээд байдаг ажил биш юм билээ.
-АН таныг Хөвсгөлд дэвшүүлэхгүй бол яах вэ. Ц.Сэдванчиг гишүүн, АЭХ-ны тэргүүн Ц.Оюунгэрэл хоёрыг Хөвсгөлд хуваарилагдсан гэсэн?
-Ц.Оюунгэрэл энэ жил нэр дэвшихгүй гэсэн. 2008 онд нэр дэвшихдээ л тэгж хэлж байсан. Тавин сая төгрөгөө ч тушаагаагүй байна лээ. Хөвсгөлд Ц.Сэдванчиг бид хоёртой булаацалдаад нэр дэвших нэг ч хүн байхгүй. Угаасаа бид хоёртой үзээд дийлэхгүй. Тийм аавын хүү одоогоор алга даа.
А.БИЛГҮҮН
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 13, 2012 12:44:57 pm )
muusain yumnuud bvgs adil bj negniihee arig uhaj ard tvmnees shulsanaa huvaah gej margaldaj bhad jiriin ard yaduu ,hot n hogondoo daragdsan CHINGissin mongol gej hashigchaad yah yum be
1 Comment