2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсгийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэх хэрэгт холбогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид үйлчлүүлэгчтэйгээ харилцан тохиролцож, өнгөрсөн баасан гаригт өмгөөлөл үзүүлэхгүй болсноо албан ёсоор мэдэгдсэн. “Өнгөрсөн хугацаанд шүүх бүрэлдэхүүн удаа дараа хууль зөрчсөн шийдвэр гаргасан нь энэ алхмыг хийхэд хүргэсэн” хэмээн өмгөөлөгчид тайлбарлаж байсан юм. Үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор гэрээ цуцалсан талаархи мэдээллийг өгсөн Ч.Амарболд генералын өмгөөлөгч О.Алтангэрэлээс дараахь тодруулгыг авлаа.
-Үйлчлүүлэгчээсээ татгалзах болсон шийдвэрээ эцэслэн гаргалаа. Яагаад ийм шийдвэрт хүрэв?
-2008 оны есдүгээр сараас Ч.Амарболд генералд холбогдох хэргийн өмгөөлөгчөөр ажилласан. Гэвч өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр Цагдан хорих төвд товлогдсон шүүх хурлын үеэр шүүгч нар илт хууль зөрчсөн шийдвэр гаргасан. Тиймээс бид үйлчлүүлэгч нартаа эрх зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзсанаа бүрэлдэхүүнд албан ёсоор мэдэгдсэн. Шүүх хурлын дараагаар өмгөөлөгч рүү дайрсан, сүрдүүлсэн янз бүрийн мэдээ, мэдээлэл цацагдлаа. Нийслэлийн шүүхээс хүртэл өмгөөлөгчдийг буруутган хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгсөн. Шүүгчид хууль зөрчиж байхад бид өмгөөлөл явуулах шаардлага байхгүй шүү дээ. Тиймээс үйлчүүлэгчтэйгээ уулзаж, харилцан ярилцаад үйлчлүүлэгчэсээ татгалзах шийдвэр гаргасан. Үйлчлүүлэгч маань ч зөвшөөрсөн. Бусад дөрвөн өмгөөлөгч ч гэсэн татгалзсан байгаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энэ хэргийг өмгөөлөхөд тийм ч амар байсангүй. Сүрдүүлэх, утсаар дарамтлах зэрэг асуудал байнга гарч байсан. Үймээнээр олон хүн хохирсон, амь насаа алдсан хэргийг үнэн зөв шийдвэрлэхийг хүсч буй олон хүн бий. Гэхдээ үүнийг хуулийн хүрээнд улстөржихгүй шийдэх хэрэгтэй юм.
-Үндсэн хуулийн Цэцэд таны экс үйлчлүүлэгчтэй холбоотой хэргийн зүйлчлэлд маргаан үүссэн. Цэцийн дүгнэлт гарсан уу?
-Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүссэн тохиолдолд хэргийг түтгэлзүүлнэ гэсэн хуулийн заалт заасан. Ч.Амарболд генерал нарт үүсгэсэн хэргийн зүйлчлэл Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Цэцэд хандсан. Үндсэн хууль Цэцэд маргаан үүсгэсэн байгаа. Хэлэлцэх тов нь тодорхойгүй байна. Би маргаан үүссэний дараа Сүхбаатар дүүргийн шүүхэд хүсэлт хүргүүлсэн. Хуульд зааснаар тав хоногийн дотор миний хүсэлтэд хариу өгөхгүй ёстой. Гэтэл хариу өгөөгүй.
-Өмгөөлөгч хуулиараа шүүгдэгч нараасаа татгалзах эрх бий юү?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар татгалзана. Өөрөөр хэлбэл, хүндэтгэн үзэх шалтгаанд шүүх дүгнэлт өгөх эрхгүй. Зөвхөн Өмгөөлөгчдийн холбооны сахилгын хороо шийдэх асуудал. Бид оролцох боломжгүй гэж хэлээд гарах үед шүүгч бариад ав гэж хэлсэн. Даргалагч шүүгч аваад ир гэсэн гээд хоёр цагдаагийн албан хаагч намайг шатнаас чирсэн. Монголын түүхэнд өмгөөлөгчийг шүүх хурлын танхимд түгжсэн, хорьсон тохиолдол анх удаа болж байна. Намайг Цагдан хорих төвийн өрөөнд 30 минут хорьсон. Шүүх хурлын үеэр болсон үйл явдалтай холбогдуулан шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийж, өмгөөлөгч нарыг хорьж торгоно гэсэн шийдвэр гаргаснаа ч дуулгасан шүү дээ. Анхан шатны шүүхээс байр сууриа илэрхийлээгүй байхад Нийслэлийн шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олон нийтэд мэдээлэл хийж байгаа нь хууль зөрчиж байна. Бид шүүхийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсооход тууштай тэмцэнэ.
-Шүүх хурлыг өмгөөлөгчид удаа дараа хойшлуулж байна хэмээн шүүхээс үзэж байгаа?
-Нэг өмгөөлөгч мэс засалд орсон. Дараагийн шүүх хуралд хэрэг тусгаарласан шийдвэр буруу гэж үзээд шүүх бүрэлдэхүүнээс бид татгалзах хүсэлт тавьсан. Хэргийг тусгаарлах боломжгүй гэж үзсэн. Тэр өдөр бүх өмгөөлөгч байсан. Өөрсдөөс нь татгалзах хүсэлт гаргасны дараа шүүх шийдвэр гаргаж, шүүгдэгч нарыг хорьсон. Уг нь хуулиар бол шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тохиолдолд шүүгч шийдвэр гаргах эрхгүй болдог юм. Гэтэл өмгөөлөгч нараас болж шүүх хурал хойшилж байна гэсэн ташаа мэдээллийг олон нийтэд өгч байна.
-Одоо шүүгдэгчид өөр өмгөөлөгч авах уу?
-Мэдээж өөр өмгөөлөгч авах эрх нь хуулиар олгогдсон. Шинэ өмгөөлөгч авах боломжийг шүүх бүрдүүлэх ёстой. Ингэхгүйгээр шүүх хурлыг хийхгүй байх гэж найдаж байна. Миний хувьд өнөөдрөөс өмгөөлөл үзүүлэхгүй болохоор ямар өмгөөлөгч авах талаар мэдэхгүй байна. Одоогоор шүүгдэгч дөрвөн хүн ямар ч эрхзүйн туслалцаагүй үлдсэн. Энэ хууль бус байдалд аргагүй хүчин мөхөстөөд ийм шийдвэр гаргалаа. Ч.Амарболд генерал, түүний гэр бүл, энэ хэргийг шударгаар шийдэхийг хүсч буй мянга, мянган цагдаагийн алба хаагчдынхаа өмнөөс уучлалт хүсье.
-Цаашдаа өөр хэрэгт өмгөөлөл үзүүлнэ биз дээ?
-Миний хувьд сүүлийн хоёр жил ганц энэ хэрэг дээр ажилласан. Өөр хэргийн хувьд өмгөөллөө явуулна.
Н.АЛТАНЦЭЦЭГ
Холбоотой мэдээ
-
Anonymous (April 09, 2012 11:06:32 am )
zob negent l shvvx olt xuulia zorchood baixad ingexees oor yax yum be demjij bna
-
Anonymous (April 09, 2012 11:07:44 am )
elbegdorjiin daalgabaar shvvx xuulia ulandaa gishgen baij ene xediig xorix gej ulaim tcaim zvtgej baigaag ard tvmen xarj baigaa
-
Anonymous (April 09, 2012 8:15:43 pm )
Elbegeegiin daalgabaar shvvx xuulia ulandaa gishgen baij ene xediig xorix gej ulaim tcaim zvtgej baigaag ard tvmen xarj baigaa.
3 Comments