Тэрбээр 30-аад жилийн өмнө барьж явсан үзгээ, үзэг нэгтнүүдээ энэ мөчид л санасан бололтой.
Оройтсон ч гэсэн түүнд баярлах хэрэгтэй. Учир нь УИХ-ын гишүүн С.Баяр долоодугаар сарын 1-ний хэргээр шүүхийн танхимд гэрчээр дуудагдсаныхаа дараахан “Шүүх хурлыг хэвлэлийнхэнд нээлттэй байлгах нь зүйтэй” гэж байр сууриа илэрхийллээ. Мөн “Хаалттай шүүх хурлын нээлтийг гуравхан телевизэд өгч учир битүүлэг зүйл бүү хийгээч. Эс тэгвээс шүүхэд шударга ёс байгаа эсэх нь эргэлзээтэй болох нь” хэмээв. Түүний энэ үг ХЗДХ-ийн сайдын телевизээр “агсам тавьсан” ярианы сэдэвтэй өнцөг нийлж байгаагаараа онцлогтой байлаа.
Хэтэрхий нууцлаг байх гээд “Нүцгэн ноён” шиг болчихсон түүнийг Ганцхудаг дахь шүүхийн танхимд харахад сонирхолтой байсан. Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан С.Баяр Н.Энхбаяр “дарга”-тайгаа зэрэгцээд сууж байгаа нь нэг л өөр. Хэн, хэн нь хэт өндөр албан тушаал, ажлын ачааллаас ангижирч, өнгө орчихсон ч юм шиг. Ганцхан жилийн өмнө гашуун үгсээр биесээ булж, түмний шившиг болж байсныг нь мартмаар ч санагдах шиг. Тэгэхэд С.Баяр улс төрийн карьерийн хувьд одтой байж. Ямар сайндаа Н.Энхбаяр хүртэл “Энэ ямар өндөрт мандчихсан туг вэ” гэсэн шиг хамаг сумаа шавхан түүн рүү “галлаж” байх вэ. Дараа нь Ц.Нямдоржтой үзэлцэхэд тун их цуцсан шинжтэй байсан. Харин өнөөдөр байдал өөр болжээ. С.Баярт УИХ-ын гишүүнээс өөр айхавтар өндөр албан тушаал алга. Намынхан нь ч түүнээс сүрдэхээ больж. Төрийн албанд ч “С.Баярын” гэх хүн улам цөөрсөөр. Нэг ёсондоо хүч нь суларч эхэлсэн байна.
Ирэх сонгуульд МАН ялагдвал АН-тай хамтарч стандарт бус Засгийн газар байгуулсан, Засгийн газраас гарахад хаягдсан намын дарга нь харамсаж л суудаг. Мөн 90 жил хуучнаараа явж болоод байсан намын нэрийг сольсон. АН-ынхан “Иргэн бүрт нэг сая төгрөг өгнө” гэхэд “Тэгвэл Монгол Улс элгээрээ мөлхөнө” гэчихээд тун удалгүй “Иргэн бүрт 1.5 сая төгрөг өгнө” гэж амласан гэхчлэн олон шүүмжлэл түүнийг хүлээж буй. Шүүмжлэлийг тас цохиод тодроод, торойгоод гарч ирдэг шидэт дохиур нь өөр хүний гарт бий. Энэ бүхнийг намынх нь хуучин нэрийг авсан, хуучин анд Н.Энхбаяр нь инээмсэглэн ажиглаж “С.Баяр аа, нааш ир” гээд сууж байгаа нь лавтай. Тиймээс ч энэ замыг засах гэсэндээ Ардын намын зарим гишүүн МАХН руу явах гээд ч байгаа юм шиг, Н.Энхбаяраар даажигнаад ч байгаа юм шиг ойлгомжгүй үйлдлүүд гаргах болов. Ёстой л туршлага дутав уу гэмээр тэр бүхэнд нь намын Ёс зүйн хороо нь захиа занаа илгээж, тэр нь олон нийтэд задарч л байдаг.
Уг нь С.Баяр Н.Энхбаярыг “Шатрын хүү бэрс болох ч мөн хол доо” гээд басчихсан удаатай. Гэтэл “Шувуу хүртэл буруу дэвдэг” болсон энэ цагт бол харин ч шатрын хүү бэрсээс хол явдаг болчихоод байгааг нөхцөл байдал харуулаад байх юм. Түүний орос анд В.Путин эр, ир нь харих болоогүйгээ хариулж “хошой” Ерөнхийлөгч болчихлоо. “В.Путингүй Орос орны төлөө” хөдөлгөөн өрнүүлээд ч өрсөлдөгчид нь түүнийг сөхрүүлж чадсангүй. Үүнд тэрбээр тун чиг сэтгэл хангалуун яваа. Энэ нь ч С.Баярын улс төрийн карьерт нөлөөлөх нь дамжиггүй. Харин Д.А.Медведев, В.Путин нар дахин байраа сольсон шиг түүх С.Баярын хувьд давтагдах нь юу л бол. Ямартай ч С.Баяр үзэг нэгтнүүддээ өөриймсөж эхэлсэн нь тааламжтай санагдлаа. Улс төрийн найзууд гэдэг Удирдах зөвлөлөөр, намын даргын байр сууриар л хэмжигддэг. Харин Н.Энхбаяртай биш ч сэтгүүлчидтэй нэгдэхэд тань ард түмэн таныг таатай хүлээж авна шүү. “С.Баяр аа, нааш ир”.
У.ОРГИЛМАА
“Улс төрийн тойм” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.