Алдар нэр, их хэмжээний мөнгө хувийн амьдралдаа амжилт олохын эх үндэс болдог гэж үздэг хүмүүс бий. Тэгвэл дуучин эмэгтэй Сьюзан Бойлын хувьд алдар нэр нь ганцаардлаас аварсангүй. “Авьяаслаг британчууд” нэвтрүүлгийн ялагч Бойл алдар нэртэй, хөрөнгө мөнгөтэй болсон нь гэсэн амьдралынхаа ханийг олж чадаагүй л явна. Дууны цомог нь 50 сая хувиар зарагддаг хэрнээ ганцаардсан цагт нь хань болчих ганц эрэгтэй хүн олдохгүй өдийг хүрчээ.
“Авьяаслаг британчууд” шоу нэвтрүүлгийн дараагаар олон эрчүүд түүнийг болзоонд урьсан ч гэсэн хань болчихоор нэг ч хүн байгаагүй гэнэ.
“Хувийн амьдралаа хуваалцах хэн нэгнийг хүн бүр хайдаг. Анхаарал халамж тавьж, нөмөр нөөлөг болох эр хүнийг эмэгтэйчүүд үргэлж эрж явдаг. Би олон жилийн турш орь ганцаараа амьдарч байна. Одоо ч гэсэн ганцаараа хэвээрээ” гэж Сьюзан Бойл The Sun-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.
“Шуудангийн хайрцагт маань олон захидал ирж байлаа. Зарим нь бүр гайхширмаар зүйл хүртэл бичнэ. Тухайлбал, нэг захидалд “Би чамайг YouTube дээрээс харлаа. Чи надад маш их таалагдаж байна. Би ч бас ганцаараа амьдардаг. Надад хамтдаа байх хэн нэгэн үгүйлэгддэг. Ингээд чамд зургаа илгээлээ” гэж нэг хүн бичээд явуулсан зургууд нь үнэхээр аймшигтай. Бурхан минь, тэр зургийг та харвал… Ер нь бол надад тэдгээр хүмүүс огт таарч, тохирохгүй юм билээ. Донни Осмонд л намайг үнэхээр дурлуулж чадсан” гэж Сьюзан арга барагдан ярьжээ.
Донни Осмонд гэдэг нь Сьюзан Бойлын хар багаасаа хайрлаж, шүтэж өссөн дуучин юм.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.