Гомдол ирлээ… Бид хэдийгээр гомдол барагдуулдаг байгууллага биш хэдий ч уншигчдынхаа бичсэн гомдол, хүсэлтийн мөрөөр аль болох бурангуйн эсрэг нийтлэл, сурвалжлагаар ард түмэнтэйгээ нийлэн тэмцдэг билээ. Гэтэл сүүлийн үед эрүүл мэндийг сахин хамгаалагч, тангараг өргөсөн эмч нартай холбоотой олны гомдол тасрахгүй байгаа нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байна. Айл өрхөд аз жаргал бэлэглэгч тэдгээр хүмүүс гомдол, гашуудал бэлэглэдэг нь юуны учир вэ. Мэдээж энд алтан гартай бүх эмч нарыг дурдсангүй. Цагаан халаад өмссөн хэрнээ хариуцлага алдсан зарим нэгний талаар бичиж байна.
“Алтан гартай” эмч нар арван сар тээсэн үрийн минь амийг хөнөөчихлөө хэмээн нулимс мэлмэрүүлэн хөхөө эвлэн сууж буй эмэгтэйн сэтгэл сэмлэсэн яриа намжаагүй байтал дараагийн гомдол Дорнод аймгаас ирсэн юм.
–Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу. Яагаад манай сайтад хандах болов?
-Намайг Т гэдэг. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн. Дорнод аймгийн харьяат. Миний дүү өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүүхдээ төрүүлээд өөрөө бурхан болсон юм. Дүүгээ цаг бусаар алдсандаа үнэхээр харамсаж сууна. Гэтэл хэдхэн хоногийн өмнө анхны төрөгч эмэгтэйг өвдөөд очиход манай аймгийн эмнэлэг мөн л бахь байдгаараа байгаа тухай сонслоо. Ингээд бидэнд тохиолдсон энэ эмгэнэлт явдал дахин хэн нэгэнд битгий тохиолдоосой гэсэндээ танай сайтад хандлаа.
-Уучлаарай, та надад болсон үйл явдлыг товчхон ярьж өгөөч?
-Аймгийн эмнэлгийн эмч нарын үзэж оношлосноор төрөх сүүлийн хугацаа нь 2012 оны 01 дүгээр сарын 15ны өдөр гэсэн байгаа юм. Гэтэл төрөх хугацаа нь хэтэрсэн болохоор өөрөө эмч нарт үзүүлэн зөвлөгөө авч явсаар нэгдүгээр сарын 27нд 17.00 цагийн үед ус нь гараад эмнэлэгт хүргэгдсэн. Дүүг минь өвдөөд очиход эмч нар өвдөлт өгдөг эм хэл дор нь тавих төдийхнөөр бүтэн шөнийг өнгөрөөж маргааш өглөөний 06.00 цагийн үед Окситоцин тариа залгуулан 2012 оны 01 дүгээр сарын 28ны 12 цагийн үед амаржсан. Төрөх үед ямар нэгэн хүндрэл гараагүй мөртлөө орон дээр 2 цаг хэвтсэний эцэст 14 цагийн үед буюу орноос буух үед гэнэт цус алдаж эхэлсэн. Төрөхийн орон дээр цус тогтоох гэж нилээд цаг алдсан. 17 цаг орчмын үед эмч нар сандралдаж бидэнтэй уулзан “Цус тогтохгүй байна яаралтай хагалгаанд оруулна, ер нь савыг нь авах мэс засалд оруулах хэрэгтэй байна” гэж хэлэхэд манайхан амь насанд нь л аюулгүй бол мэс засалд оруулж савыг нь авахад гомдолгүй гэцгээсэн юм. Бид тэр үедээ дүү минь савгүй болж дахин хүүхэд төрүүлж чадахгүй болох нь дээ гэж харамсангуй байснаас арай ч ийм зүйл болно гэж ёстой төсөөлөө ч үгүй явсан.
Тэр өдөр нь амралтын өдөр байсныг ч хэлэх үү эмч нарыг хүртэл гэрээс нь очиж авчирч ингэж тэгсээр маш их хугацаа алдсан. Ингээд мэс засал 17.00 цаг өнгөрөөж эхлээд нилээд удаж бараг 3 цаг хиртэй үргэлжилсэн. Эмч нар хагалгааны өрөөнөөс гарч ирээд “Судас боох хагалгаа хийлээ одоо цус нь тогтож байнаа, бага зэрэг л шүүрч байна гэхдээ амь насанд нь аюулгүй ээ бид савыг нь авсангүй” гэж хэлсэн. Ингээд бид тэрүүхэндээ жаахан амсхийх шиг болсон. Гэтэл хэсэг хугацааны дараа байдал бишдэж дүү минь хагалгааны өрөөнөөс гараад удаагүй байхад даралт нь унаж, дахин дотуур цус алдаж байна гэсэн тул хоёр дахь хагалгаанд оруулсан. Ингээд хоёр дахь мэс заслаа эхлээд нэг их удалгүй зүрх нь зогссон доо. Миний дүү төрснийхөө дараа орон дээр хэвтэж байхдаа хүртэл надтай утсаар яриад зүгээр л байсан шүү дээ. /уйлав./ Гэтэл гэнэт цус алдсан байгаа юм. Энэ цус алдалт юунаас болов гэж тодруулахад байж боломгүй олон таамаг хэлж байсан. Эмч нар хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг нь наад захын олон зүйлээс харагдаж байсан. Эмч нарын буруутай үйлдэл гэж хардах олон шалтгааны нэг нь цусны бүлэгнэлт байхгүйгээс цус алдаж нас барсан гэж хэлээд байгаа юм. Гэтэл 10 сарын турш эмнэлэгт үзүүлж хяналтанд байх хугацаанд нь яагаад оношлож тогтоогоогүй юм бэ. Мөн эмч нар зөвлөлдөөд шийдвэрээ оновчтой гаргаж эхний мэс ажилбараар савыг нь авсан бол дүү минь амьд үлдэх ч байсан юм бил үү. Бүтэн 19 цагийн турш өвдөж төрөөд, 00 шөлөө ч ууж амжаагүй нялх биетэй эх яаж хоёр хагалгааг дийлэх юм бэ. Үнэхээр харуусмаар.
-Дүүд тань ямар нэгэн суурь өвчин юмуу жирэмсний үед ямар нэгэн зовиур байсан уу?
– Дүү минь эрүүл саруул, тайван, дөлгөөхөн, зөөлөн эмэгтэй байсан. Тэр ч бүү хэл цусаа өгдөг донор хүн байсан даа. Ямар ч суурь өвчин эмгэг байгаагүй. Өөрөө ч Дорноговь аймгийн ЭМШУС-ийн эх баригч эмэгтэйчүүдийн эмчийн ангийн төгсөх дамжааны оюутан байсан.
–Эмнэлгийн зүгээс нас барсан онош, шалтгааныг юу гэх юм?
– Дүүгээ бурхан болсны дараа нас барсны гэрчилгээг нь авахааар очтол эмнэлгийн хуудсан дээр нас барсны шалтгааныг “Төрсний дараах цус алдалт” гэж бичсэн байсан. Гэтэл арав ч хоноогүй дахин эмнэлэгийн хуудас авахад дээрх онош өөрчлөгдөж “Ургын шингэний эмболия” гэдэг оношоор өөд болсон гэж солигдсон байсан. Задлан шинжилгээний хариу хотоос ирээгүй, онош эцэслэн тогтоогдоогүй байхад оношийг нь дураараа өөрчилж бичсэн нь цаанаа хариуцлагаас мултрах гэсэн оролдлого байжээ гэж хардахаас өөр аргагүй юм л даа.
-Оношийг өөрчилж бичсэнээ эмч нар юу гэж тайлбарлах юм бэ?
-Дүн бүртгэлийн алдаа. Ерөөсөө ийм товчхон тайлбар. Хэрэв бид дахин эмнэлгийн бичиг авахаар очоогүй бол тэр оношийг сольж бичсэнийг мэдэхгүй л өнгөрөх байж. Дүүгийн минь оношийг өөрчилж бичсэн нь санаатай үйлдэл байсан уу. Эсвэл үнэхээр дүн бүртгэгч алдаа гаргасан уу гэдэг эргэлзээтэй. Хариулт нэхсэн асуултад хэн ч тодорхой хариулаагүй. Аль аль нь эмнэлгийн байгууллагын хариуцлага.
-“Ургын шингэний эмболия” гэдэг нь ямар өвчин юм бэ?
-Эмчийн тайлбараар бол ургийн шингэн нь эхийнхээ цус руу орсноос болж үүсдэг өвчин гэнэ лээ. Тэр нь 10000-д ч билүү ганц удаа тохиолддог өвчин гээд байгаа. Тэгэхээр эмч нарын яриагаар дүүд минь олон мянгад ганц тохиолддог өвчин тохиолдсон болоод байгаа юм. Гэтэл Улаанбаатар хотоос ирсэн задлан шинжилгээний хариу нь “Төрсний дараах цус алдалт” гэж гарсан. Энэ нь эмч нарын өөрчилж бичсэн оноштой таараагүй. Төрсний дараах цус алдалт нь эмч нарын хариуцлагатай зайлшгүй холбоотой. Тэгээд л тэд хариуцлага үүрэхээс зугтаж онош өөрчилсөн байх гэж бодогдохоор байгаа биз.
-Та холбогдох хууль хяналтын байгууллагад нь гомдол гаргасан уу?
-Монголчууд аливаа зүйлээс цээрлэдэг нарийн ёс журамтай ард түмэн. Дүүгийн минь 49 хоног ч дуусаагүй байхад хэл ам хийгээд явахыг хүссэнгүй ээ. Тэгээд ч үүнийг бид шүүхгүй, холбогдох газар нь хянаж шалгана биз дээ.
shuud
Холбоотой мэдээ
Comments are closed.