Бухимдсан иргэд ажилтнуудын ширээ сандлыг эвджээ.
-50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙР ОЛДОХГҮЙ БАЙНА ГЭЦГЭЭВ-
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд материалаа бүрдүүлэхээр сунаж үхтлээ хөөцөлдөн бужигнаж байна. Тэр дундаа Улсын бүртгэлийн ерөнхий газар өглөөнөөс эхлээд хөл гишгэх зайгүй хүнтэй байх болж. Энэ хөтөлбөрт хамрагдахад ямар материал бүрдүүлж, хичнээн шат дамжлага туулж байгааг сурвалжилсан юм.
Байр авах хүсэлтэй иргэдэд ОССК-аас хэд хэдэн шалгуур тавьсан. Энэ шалгуурын нэг нь Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авч байгааг нотолсон үл хөдлөх хөрөнгийн архивын газрын түүхчилсэн лавлагаа авчрах явдал юм. Анх удаа байр авч байгааг нотолсон энэ лавлагааг авахаар иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хэдэн өдрийнхөө ажлыг алдаж оочирлон зогсож байгаа гэх. Гэхдээ бүтэлтэйгээс бүтэлгүйтэх нь их байгааг иргэд шүүмжилж бухимдацгааж байна. Учир нь өдөрт найм, есөн зуун хүнтэй өрсөлдөн дугаарлаж байж авсан түүхчилсэн лавлагаа нь байр авах шаардлагад нийцэхгүй байгаа аж. Хөлсөө урстал гүйж хөөцөлдөөд бүтэлгүйтсэн иргэд бухимдлаа илэрхийлж тус газрын цонхыг хагалж, ажилтнууд руу нь дайрсан хэргүүд давтагдах болжээ. Өчигдөр иргэд тус газрын ажилтнууд руу дайрч үл хөдлөх лавлагааны хэсгийн цонхыг хагалж, ширээ сандлыг нь эвджээ. Энэ газраар энгийн өдөр 40-60 хүн үйлчлүүлдэг байсан бол өдөрт 880 гаруй хүн үйлчлүүлж ачааллаа дийлэхгүй болоод байгаа гэнэ. Харин эдгээр хүний 70-80 хувь нь орон сууцанд амьдарч байгаагүй ч эцэг, эхийнхээ орон сууцны хамтран эзэмшигч, эсвэл аль нэг хүний нэр дээр байр авч, өгч байсан гэх мэт хариу сонсчээ. Өөрөөр хэлбэл, орон сууцгүй хэр нь хамтран эзэмшигч гэсэн шалтгаанаар зуун мянган айлын орон сууцнаас хасагдаж байгаа аж. Ийм гомдолтой олон хүн байгаа ч одоогоор асуудлыг хүлээж авах газар олдохгүй байна. Тухайлбал, 45 настай иргэн С.Алтангэрэл огт орон сууцанд амьдарч байгаагүй. Харин түүхчилсэн лавлагаанд түүнийг хоёр настай байхад нь ээж, аав нь байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлж байсан байна. Тэрбээр энэ талаар мэдээгүй байсан учраас хэл ам хийж үзээд ч нэмэр болсонгүй. Энэ мэт зөрчилтэй маш олон иргэд байгаа юм. Нөгөө талаар иргэдийн уур бухимдлыг барж байгаа өөр нэг асуудал бол лавлагаа авах гэж олон шат дамжлага туулах явдал. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нь нотолсон лавлагаа авахын тулд энд гурваас дөрвөн газар дугаарлах аж. Хаанаас нь эхэлж, аль цонхон дээр очихоо мэдэхгүй толгой нь эргэсэн олон хүн байсныг хэлэх хэрэгтэй байх. Лавлагаа авахад, эхлээд Улсын бүртгэлийн газрын хажууд байрлах “Голомт” банкинд 5100 төгрөг төлж маягт авна. Мөн өргөдлөө бичиж, иргэний үнэмлэхээ хуулбарлана. Ингээд маягт, өргөдлөө бичээд иргэний үнэмлэхийн хуулбарын хамт лавлагааны цонхонд өгөх юм. Тэгээд лавлагааг 15 хоногийн дараа эргэж ирээд авах аж. Олон хоногийн дараа гарч байгаа шалтгаан нь маш олон хүний бүртгэлийг нэгэн зэрэг шүүх боломжгүйгээс тэр юм байна. Нэг иргэний материалыг найман дүүргээр шүүж үзэж байгаа гэсэн. Одоогоор арав хоногийн дотор 4300 гаруй хүний маягтыг хүлээж авч, үүнээс 1000 орчим иргэний лавлагааг шилжүүлээд байгаа юм байна. Иргэн Л.Ууганбаяр “Ёстой хогийн ажил хийж байх юм. Байр өгнө гэдэг нь худлаа. Сонгуулийн шоу байна шүү дээ. Энэ шоунд нь ард түмэн бид итгэж л байдаг. Яаж ч хөөцөлдөөд нэмэр болсонгүй. Хэдэн өдрийнхөө ажлыг дэмий алдлаа” гэв. Ингэж ярьсан олон хүн байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдийн урт дарааллыг багасгах зорилгоор зарим нэг зохицуулалтын арга хэмжээг авахаар төлөвлөснөө дуулгалаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэг ийн тайлбарлалаа.
-Иргэд хэл ам гарган бухимдаж байна. Голдуу ямар гомдол ирж байна вэ?
-Иргэд бухимдлаа манай ажилтнуудад гаргаж цонх хагалж ажилтнууд руу дайрах тохиолдол гарч байна. Ачаалал их байна. Өдөрт 880 гаруй хүн хандаж байгаа учраас одооноос эхлэн өдөрт 400 хүний лавлагааны материал хүлээж авахаар хязгаар тогтоолоо. OССК-ийн шаардлагад анх удаа байр авах гэж заасан байгаа. Гэхдээ лавлагаа авч байгаа хүмүүсийн нэлээдгүй нь эцэг, эхийнхээ орон сууцны хамтран эзэмшигч байгаа юм. Үүнээс болж бухимдал үүсээд байна. Цаанаасаа батлагдсан журам учраас манайх энэ асуудлыг шийдэхгүй. Нөгөө талаар анхааруулахад, янз бүрийн арга хэрэглэж байгаа иргэд байна. Байраа өөр хүний нэр дээр шилжүүлэх, худалдах, хамтран эзэмшигчээсээ татгалзан шилжүүлж байна. Ийм давхар ажил өөрсдөдөө удаад ямар ч нэмэргүй. Түүхчилсэн лавлагаанд өмнө нь ямар нэгэн байдлаар байртай байсан л бол энэ мэдээлэл гарна гэдгийг онцгойлон сануулмаар байна. Энэ лавлагаагаар 1997 оноос хойш ямар нэгэн эд хөрөнгө бүртгэлтэй байсан эсэхийг нэг бүрчлэн гаргаж байгаа.
-Ачааллыг бууруулах тал дээр арга хэмжээ авах уу?
-Ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авахаар ярьж байна. Өнөөдөр энэ асуудлаар хуралдаж байгаа. Маягтын материалыг онлайн хэлбэрээр авах, эсвэл дүүрэг бүр дээр иргэдийн материалыг авч, үүнийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр эргүүлээд татах зэрэг ажлыг зохион байгуулахаар хуралдаж байна. Мөн “Голомт” банкин дээр мөнгө төлж маягт авахгүйгээр шууд цонхон дээрээ мөнгө төлдөг болох зэргээр шат дарааллыг багасгах ажлуудыг зохион байгуулж эхэлнэ гэв.
Сонирхуулахад, олны хөлд дарагдсан энэ газар бал, цаас, “100 мянган айлын хөтөлбөр”-ийн тухай мэдээ, мэдээлэл нийтэлсэн сонин, сэтгүүл эрэлт ихтэй байв. Хаалга, шат болгон дээр бал, цаас худалдаж, бас “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн мэдээлэлтэй сонинг мянган төгрөгөөр борлуулж байлаа.
Улсын бүртгэлийн газраас гадна ОССК олны хөлд дарагдаад байна. Тус газар өчигдрөөс эхлэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч байгаа юм. Өчигдрийн байдлаар ОССК 30 гаруй хүний материалыг авч шилжүүлсэн байв. Орон сууц авах материалаа бүрдүүлж өгч байгаа хүмүүсээс гадна бухимдсан иргэд ч их байна. “Байрны үнэ хэт өндөр байна. 50 сая төгрөгийн байр олдоно гэдэг үлгэр. Ямар зохицуулалт хийж байгаа юм бэ”, “Захиалга авах байр олдсонгүй. Бүгд захиалгаа аваад дуусчихсан байна шүү дээ” гэх мэт асуулт тавьсан иргэдийн цуваа тасарсангүй. Харин ОССК-аас хариуд нь “Манайх мэдэхгүй. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, агентлагаас нь очиж асуу” гэсэн тайлбарыг өгч байв. Зарим нь “Барилгын компаниуд үнэхээр даварч байна. Орон сууцны үнийг хэт өсгөж, хөөрөгдүүллээ. Саяхан л биднийг авраач гэж гуйж байсан бол одоо биеэ тоож гэдийчих юм. Орон сууцны үнийн өсөлтийг ОССК-ийн буруу мэтээр хүмүүс дайрч давшлах нь буруу. Манайх орон сууцны үнийг зохицуулахгүй шүү дээ” хэмээн өөдөөс нь бухимдаж байв.
Х.ЦЭНД-АЮУШ
Холбоотой мэдээ
Comments are closed.