antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 10, 2012 1 comment

Бүсгүйчүүдийн сайхан болох хүслийг золиос битгий болгоосой

нийтлэсэн Admin

Бүсгүй хүн бүр сониуч байдаг. Та тэднийг нэгнийхээ авсан хувцас, гоо сайхны бүтээгдэхүүнийг дэлгэж тавиад хэдээр, хаанаас авсныг нь шалгаалж буйг харж л байсан байх. Эмэгтэйчүүдийн талаар мэдлэг маруухан нэгэн нь үүнийг шунал юм уу, атаархал гэж ойлгож болох. Гэвч энэ нь бүсгүйчүүдийн нөгөө л сониучхан зантай нь холбоотой. Тэдний хүүхдийн гэмээр гэнэн зан нь ямарваа нэг зүйлийн золиос болгодог гэм бий. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол сүлжээний бизнесийн хохирогч болох, гоо сайхны бүтээгдэхүүний золиос болж эрүүл мэндээрээ хохирох нь их. Энэ бас л сониуч зангаас нь улбаатай биз ээ.

 

Хүн төрөлхтөн хаврын улирлыг хамаг бүхний эхлэл гэж ойлгодог. Тиймдээ ч хайрыг хэнзхэн яргуйтай зүйрлэж, охид, бүсгүйчүүд маань ирж яваа цагийн өнгийг илтгэх мэт нимгэн хувцсаар гангардаг. Энэ цагт сайхан харагдахыг хүсэхгүй хүнгүй болдог байх. Тиймдээ ч хавар болов уу, үгүй юу охид, бүсгүйчүүд гадаад өнгө үзэмжиндээ анхаарч эхэлдэг билээ. Энэ үеийг нь үйлчилгээний байгууллагууд “сезон” гэж нэрлээд үйлчилгээнийхээ үнийг нэмж, үйлчлүүлэгчдийг олноор татах сурталчилгаагаа нэвтрүүлж эхэлдэг. Үсээ засуулж, янзлуулах, гоёлын будалт, маникур, педикур хийлгэхэд хямдрал зарласан гэх зарууд телевизийн дэлгэц, сонины хуудсыг чимж байна.

 

Мөн гоо сайхны бүтээгдэхүүн, тураах тос, залуужуулах гэх тодотголтой төрөл бүрийн түрхлэгийг ч сурталчилж харагдана. Үйлчилгээний байгууллагууд агуулах чөлөөлөх худалдаа юм уу, хямдрал, урамшуулал зарласан нэрийн дор бараагаа гүйлгэх тактикаа ч сайн боловсруулж. Хавар, намрын хувцас ч бүтэн жил дарагдсаны дараагаар үнэ нь нэмэгдэн лангуун дээрээ “заларч” байна. Жил жилийн хавар зөвхөн бүсгүйчүүдэд гэх тодотголтой олон шинэ бараа, бүтээгдэхүүн манай зах зээлд ноёрхдог нь уламжлал мэт болжээ. Үүнийг мэддэг ч бүсгүйчүүд маань үзэсгэлэнтэй харагдахын тулд гар таталгүй авч хэрэглэцгээдэг болж. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хэн юугаараа гоёх нь бусдад хамаагүй гэж хэлэх хүн байж мэдэх юм. Гэвч дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөхгүй байх шалтгаан бас байна.

 

Өнгөрсөн жил телевизийн дэлгэцээр уйлаад ярьж суусан бүсгүйн яриаг зарим хүн санаж байж магадгүй. Тэр эмэгтэй үсэндээ хими хийлгээд үс нь халцарсан тухай ярьж байсан. Бас нэг жишээ. Хоёр эмэгтэй нүдэндээ давхраа хийлгэжээ. Гэтэл нэгийнх нүдний нь давхраа өөрт нь таалагдахгүй байгаа гэв. Тэрээр “Миний өрөөсөн нүдний зовхийг унжуулаад оёчихсон” гэж гомдоллож суусан. Эдгээр нь гоё болох хүслээ гүйцэлдүүлэхийн тулд эрүүл мэндээрээ хохирсон жишээнүүд. Монголчууд хүйсийн ялгаагүйгээр үсний өнгөө өөрчлөх дуртай хүмүүс. Үсээ хар, шар, бүр ногоон, улаанаар будаад явах нь ч энүүхэнд болсон. Тиймээс үсний будагнаас хордох явдал ч бишгүй гардаг болжээ.

 

Одоогоос хоёр жилийн өмнө нэрээ хэлэхээс татгалзсан хохирогч “Ах нь хөдөөнөөс ирсэн. Охиныдоо цагаан cap тэмдэглэх гэж ирсэн биш юун шинэлэх манатай толгой гэж бөөн хавдар, идээтэй шүүс гоожсон юм л шинэллээ. Битүүний өдөр гэрийнхээ хажууд байрлах “Саппоро” төвийн дэргэдэх “Сондор” дэлгүүрээс 1000 төгрөгийн үнэтэй “Lovely” гэсэн нэртэй жижиг хайрцагтай хар өнгийн үсний будаг авч үсээ будсан. Аль улсынх нь мэдэхгүй. Дээр нь лав энэ тэр улсын гэсэн нэр ус байгаагүй. Лав л 2013 он хүртэл хүчинтэй юм байлгүй хэдэн тоо байсан. Чихний нүх харагдахгүй болтлоо толгой хавдчихсан. Идээ, шүүстэй улаан юм туураад, чинэрч өвдөөд сууж болдоггүй” гэсэн яриаг хэвлэлд өгч байсан. Харамсалтай нь хохирсон иргэн үсний будаг худалдаж авсан газартаа хандсан боловч дам дамаасаа худалдан авсан болж таарч, иргэн эрүүл мэндээрээ хохироод л үлдсэн байгаа юм.

 

Хэдэн жилийн өмнө Ховдоос нэгэн эмэгтэй үсний будганд хордоод хотод ирж эмчлүүлээд буцаж байсныг мэдэх юм. Энэ мэт үсний будаг, нүүрний тосноос харшилж биеэр нь тууралт гарсан, эрүүл мэндээрээ хохирсон жишээ цөөнгүй байна. 1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар ихэссэн болохыг тогтоосон бөгөөд хорт хавдар үүсгэдэг бүтээгдэхүүнийг үсний будаг тэргүүлж байжээ. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ. Бараан өнгийн будаг нь цайвар өнгийн будагтай харьцуулахад илүү хортой байдаг нь ч илэрсэн байгаа юм. Үсний будаг хэрэглэснээр цусны хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувь байдаг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна. Өмнөд Калифорнийн их сургуульд 2001 онд хийсэн судалгаагаар 15 жилийн турш сард нэг удаа үсээ буддаг хүн бусад хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх нь гурав дахин их байдгийг тогтоожээ.

 

Мөн уг судалгаагаар 10 болон түүнээс дээш жил хугацаагаар үсчин хийсэн хүмүүс, үсээ буддаг хүмүүсийг бодвол давсагны хорт хавдраар өвчлөх магадлал тав дахин их байдаг гэжээ. Манайхны хэнэггүй зан эрүүл мэндээрээ хохирох үндэслэлийг бий болгодог гэж болно. Гоо сайхны бүтээгдэхүүн битгий хэл хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн болон дуусах огноог харж авдаггүй. Хайсан бараа нь байвал шууд л торлоод гардаг муу зуршилтай улс. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед царайлаг болох гээд эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэй олширчээ. Тэдний олонх нь нүдний давхраа хийлгэх, хaмраа өндөрсгүүлэх, хaмрын муруйгаа засуулах, нүд, дух, зовхины үрчлээгээ тариа болон мэс заслаар татуулах, хүзүүний үрчлээ татуулах, хөхөө томруулах, харвин арилгах буюу хэсэгчлэн өөх соруулах, хацрын хонхорхой хийлгэх гээд мэс ажилбаруудыг сонгодог байна. Гэхдээ мэс засал болгон амжилттай болно гэж ойлгож болохгүйг бас анзаарах хэрэгтэй.

 

Сүүлийн үед үсэнд буржгар, шулуун хими хийж, булган сормуус суулгана гэх зар сонсогдох нь ихэслээ. Дэндүү хөнгөмсөг гэж болохоор шийдвэр гаргасныхаа гайд эрүүл мэндээрээ хохироод хоцорно гэдэг хамгийн харамсалтай явдал. Монголд худалдаалагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүний дийлэнх нь импортын бараа байдаг. Хятадад үйлдвэрлэсэн нь муу, барууны орон тэр дундаа Европын хөгжилтэй орны бүтээгдэхүүн сайн гэх үзэл өнөө цагт ноёрхох болсон бололтой. Гэвч энэ бодол нь бас өрөөсгөл ойлголт юм. АНУ-ын мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн институтаас явуулсан судалгаагаар гоо сайхны бүтээгдэхүүнд ордог химийн бодисуудаас 2983-ыг нь шинжлэхэд 800 гаруй нь хортой байсныг тогтоожээ. Эдгээрийн 774 нь маш их хортой, 146 нь хорт хавдар, 218 нь бэлгийн гэмтэлд, 314 нь генийн өөрчлөлтөнд, 376 нь арьс өнгө, нүдний өвчинд хүргэдгийг дурдсан байна. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн нь давсаг, цусны хорт хавдар зэрэг өвчин үүсгэдэг бөгөөд үсний будаг хэрэглэдэг эмэгтэйчүүд эдгээр өвчнөөр өвдөх магадлал хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад 70 хувиар өндөр байдгийг тооцоолжээ.

 

Нөгөө талаас сүрчигний доторх химийн бодис нь мэдрэлийн системийн гажиг, амьсгал тасалдах, харшил өгөх зэргээр сөргөөр нөлөөлдөг тухай ч дээрх судалгаанд өгүүлжээ. Монгол эмэгтэйчүүд ямар дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг гоо сайхандаа хэрэглэдэг биш. Гадаадын янз бүрийн орны бүсгүйчүүддээ зориулсан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Манайх шиг жилийн дөрвөн улиралтай улс оронд амьдардаг бүсгүйчүүдэд гоо сайхны бүтээгдэхүүнүүд тэр бүр тохирохгүй нь ойлгомжтой. Саяхан шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан сүлжээний бизнесээс болж иргэд хэрхэн хохирсон талаарх судалгааг хийж үзжээ. Судалгааны явцад 100 хүнээс асуулга авахад тэдний 22 хувь нь 680 мянган төгрөгөөс 5000 ам.доллар хүртэлх мөнгөөр хохирсон бол, долоон хувь нь хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авч, 22 хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэндээрээ хохирсон, 48 хувь нь сүлжээний бизнест итгэж, төөрөлдөж байсан гэж хариулжээ. Үүнээс харахад сүлжээний энэ төрлийн бизнесийн байгууллагуудыг журамлаж, үнэн бодит мэдээллээр хэрэглэгчдийг хангаж байх хэрэгцээ зайлшгүй шаардлагатай байна.

 

Манайд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээний бизнесийн компаниуд нь гоо сайхны бүтээгдэхүүн, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг борлуулах нь түгээмэл. Тураах коктейл, цай, кофе хэрэглэж байгаа гэх эмэгтэй ч бидний дунд олон. Монгол бүсгүйчүүдийн ийн эрсдэлтэй алхам хийх болсон нь бас л гаднаас хуулбарласан үзэл бололтой. Эмэгтэйчүүдийн “хөөрхөн” болохыг хичээх нь өнөө үед хүнийг ажилд авахдаа мэдлэг боловсрол, дадал туршлага гэхээс илүү нас зүсэнд түлхүү ач холбогдол өгдөгтэй холбоотой бололтой юм. Энэ аргагүй байдал, хүсэл сонирхолдоо хөтлөгдсөн эмэгтэйчүүд гоо сайхны мэс ажилбарыг юман чинээ тоохоо байснаас эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирох нь ихэссэн байж мэднэ. Олон улсын судалгаа, дүгнэлтээс харахад гоо сайхны мэс ажилбарын дөнгөж 50 хувь нь заримдаа үүнээс ч бага нь үр дүнгээ өгдөг байна. Тэгэхээр мэс ажилбарт орсон эмэгтэйчүүдийн тал хувь нь хүссэн үр дүндээ хүрэлгүй сэтгэлзүйн болон санхүүгийн хохирол амсаад л хоцордог аж.

 

Гоо сайхны мэс ажилбартай холбоотой өргөдөл гомдлыг шүүх төдийлөн авч хэлцдэггүй гэнэ. Учир нь үйлчлүүлэгч гоо сайхны ажилбарт орохын өмнө “гомдолгүй” гээд гарын үсэг зурчихсан байдаг аж. “Юм бүхний өөрийн зохицол сайхан” гэж нэгэн найрагч хэлсэн байдаг. Тэгвэл орчин цагт зарим хүн зохицлын тухай эргэцүүлэхээ больж, мэс заслыг сайхан болох хэрэглүүрээ болгож эрүүл мэндээрээ хохирч байна. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүд үнэртэй уснаас хүртэл хордож байсан тохиолдлууд байна. Бүсгүйчүүдийн угийн сониуч, хүнд итгэмхий зан нь өрөөл бусдын үгэнд орж, өөрийгөө золиослох хэрэглүүр болсоор байна. Хүн бүхэн давхраатай байх албагүй. Улаан хацартай байлаа гээд, эсвэл өтгөн хөмсөггүй байх нь гутамшигтай хэрэг биш биз дээ. Хүн бүр дахин давтагдашгүй төрхтэй байдаг. Тэр чинь таныг бусдаас ялгаруулах хамгийн том зүйл. Хувилаад тавьчихсан хүүхэлдэй шиг төрх, хэн нэгний үйл хөдлөл, үг яриаг дууриах нь тийм ч таатай сонголт биш. Нэгэнт л ээж, ааваасаа өвлөөд төрчихсөн төрхийг өөрчлөх гэж зүтгэх нь утгагүй.

 

Харин сэтгэл чинь хамгийн эрүүл байх аваас хүссэн ч хүсээгүй ч таныг хүмүүс хүндэлж, тойрон хүрээлэх болно. Царай, зүс сайтай л бол сайн хүн гэсэн үг биш. Энэ буруу үзлийг нас тогтсон хүмүүс ялгаж, салгаж мэдэх байх. Харин хүүхдүүд “Манай ангийн тэр хөөрхөн охин, царайлаг” гэхээс тэр сайн хүүхэд шүү гэж ярих нь ховор болжээ. Охид, бүсгүйчүүдийг гоё сайхан харагдуулахгүй гэсэндээ үүнийг бичсэнгүй. Мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон зарим хүний золиос нь эмэгтэйчүүд битгий байсаасай гэдгийг л сэрэмжүүлэхийг хүссэн юм.

 

Ж.Тагтаа

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2013 9:40:32 pm )

    та нар арай хэтэрхий муулчижээ hit the beauty

antalya rent a car