Цагдаагийн хурандаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч сарын 27-нд болох байсан ч О.Зоригт хурандаагийн өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар энэ сарын 14-нийг хүртэл хойшилсон. Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгч Л.Өлзийхүү Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнтэй ярилцлаа.
-Цагдаагийн дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал шүүгдэгчийн өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар хойшилсон. Таны бие гайгүй болж байна уу. Дараагийн шүүх хурлаас өмнө эмнэлгээс гарах болов уу?
-Миний хувьд зайлшгүй шалтгаан гараагүй бол шүүх хурлыг хойшлуулаад байх сонирхолгүй, тийм хүсэлт ч тэр бүр өгөөд байдаггүй. Өнгөрсөн сарын шүүх хурлын өмнө гэнэт бие муудаж, зайлшгүй мэс засалд орох шаардлагатай болон эмнэлэгт хэвтсэн. Мэс засал хийлгэж, багагүй хугацаанд эмчилгээнд хамрагдах болсноор шүүх хурлыг хойшлуулахаас аргагүй байдалд орсон. Одоогийн байдлаар мэс заслын дараахь эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал гайгүй бол энэ сарын 14-ний хуралд оролцоно.
-Тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Онц байдлын штабын дарга нараас мэдүүлэг авч, хавтаст хэрэгт хавсаргасан гэж сонсч байсан. Ийм байхад, шүүгдэгчдийн өмгөөлөгчид тэдгээр албан тушаалтнуудыг шүүх хуралд заавал оролцуулах шалтгаан нь юунд байна вэ?
-Хавтаст хэргийн материалтай танилцаж байхад дээрх нэр бүхий хүмүүсээс нэг удаа гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Тэр хүмүүсийг шүүх хуралд гэрчээр оролцуулах хүсэлт тавиад байгаа нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, үймээнийг тараах онц байдлын штабт ажиллаж байсантай нь холбоотой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Онц байдал зарлаж, зарлиг гаргасан. Онц байдлын тухай хуулийн есдүгээр бүлгийн 9.11.2-т “Зөвлөл хэлэлцсэн асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана. Зөвлөлийн тогтоолд Ерөнхийлөгч гарын үсэг зурна” гэсэн заалт байдаг. Тиймээс тухайн үед зөвлөлөөс ямар тогтоол гаргасан, үүнд ямар ямар асуудал тусгагдсан, ямар тушаал даалгавар өгсөн, мөн шуурхай штаб ямар үүрэг чиглэл өгч байсан, хэрхэн хяналт тавьж ажилласан зэрэг асууж тодруулах олон зүйл байгаа.
-Энэ тухайгаа тэдгээр албан тушаалтнууд гэрчийн мэдүүлэг өгөхдөө яриагүй юм байх даа?
-Хавтаст хэрэгт энэ талаар ярьсан зүйл огт байхгүй. Хэнд ямар тушаал шийдвэр өгч байснаа ярих ёстой. Н.Энхбаяр, С.Баяр нар ерөнхий зүйл л ярьсан байна лээ.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил тухайн үед Онц байдлын штабыг удирдаж байсан. Тэр утгаараа цагдаагийн байгууллагыг ч мөн удирдаж байсан гэж болно байх. Тэгэхлээр галт зэвсэг хэрэглэсэн тухай хариуцлагыг Ц.Мөнх-Оргилоос нэхэх ёстой юм биш үү?
-Энэ талаар өөр бусад чиглэлээр асууж тодруулах зүйл байгаа учраас л гэрчээр дуудсан хэрэг.
-Н.Энхбаяр хэргийг үнэнээр нь шийдвэрлэх зорилготой бол гэрчээр оролцоно. Харин шоу хийх гэж байгаа бол очихгүй гэдгээ мэдэгдсэн. Гэрч шүүх хуралд оролцохоос татгалзах эрхтэй юү?
-Шүүхээс гэрчээр дуудсан бол заавал оролцох ёстой. Зайлшгүй ажлын шаардлага гарсан, тухайн гэрч эх орондоо байхгүй бол хавтаст хэрэг дэх мэдүүлгээр нь хэргийг шийдвэрлэж болох талтай. Миний хувьд, тэдгээр албан тушаалтнуудыг гэрчээр оролцох эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй байна.
-Шүүх хурлыг нээлттэй хийх хүсэлтийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид тавиад байгаа. Хавтаст хэрэгт улсын нууцад хамаарах зүйл байгаа юу?
-Хавтаст хэргийн материалд Үндэсний аюулгүй байдал болон улсын нууцтай холбоотой ямар нэгэн баримт, нууцлал байхгүй. Тиймээс, шүүх хурлыг ард түмний өмнө ил тод, нээлттэй явуулж хэргийг шударгаар шийдвэрлүүлэх, хэргийн үнэн мөнийг олох үүднээс дээрх хүсэлтийг тавьсан юм шүү дээ.
-Хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай байгаа гэдгийг прокуророос хэлдэг. Цагдаа хүн буудсаныг олон хүн гэрчилсэн талаар мөн мэдэгдэж буй. Шүүх хэргийг хэрхэн шийдэх талаар иргэд янз бүрээр таамаг дэвшүүлэх боллоо. Таны хувьд?
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас ч удаа дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаа буудсан нь тогтоогдсон мэтээр мэдээлэл хийж, нийгмийн сэтгэлзүйд цагдаа буруутай гэдэг ойлголтыг төрүүлэхийг оролдож байгаа нь харамсалтай. Энэ хэрэгт дутуу шалгасан, шалгах шаардлагатай олон зүйл байгаа. Одоо байгаа хавтаст хэргийн хүрээнд хэргийг бүрэн шийдвэрлэх боломжгүй. Тиймээс, шүүх ямар ч шийдвэр гаргаж болох юм. Үүнийг урьдчилан хэлэх боломжгүй.
-Х.Тэмүүжин гишүүний дэлгэсэн сумны хонгиог шинжлүүлэх хүсэлт тавьсныг ч хүлээж аваагүй гэсэн. Яагаад та нарын хүсэлтийг хүлээж аваагүй юм бол?
-Х.Тэмүүжин гишүүний сэтгүүлчдэд үзүүлж, нотлох баримт гэж зарлаж байгаа хонгионы хувьд энэ хэргийн нотлох баримтаар тооцоход дэндүү учир дутагдалтай. Учир нь хэрэв тэдгээр хонгиог энэ хэргийн нотлох баримтын хэмжээнд үнэлэхээр байсан бол тэдгээр хонгиог шинжээчид авч, шинжилгээнд хамруулах ёстой. Үүнийг хуульч, хууль судлаач хүний хувьд Х.Тэмүүжин гишүүн мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Харин яг энэ нөхцөлд ийм байдлаар хонгио иргэдэд үзүүлж, хэвлэлийн бага хурал зарлаж, мэдээлэл хийж байгаа нь улс төрийн зорилтот шоу гэж хэлэхэд буруудахгүй нь. Олны танил болсон байдлаа ашиглаж, УИХ-ын гишүүн, хуульч эрхэм хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэвлэлээр зарлаад, үзүүлээд байгаа нь өөрөө хууль зөрчсөн асуудал л даа. Прокурорын мөрдөн байцаах алба болон прокурор тэр сумны хонгиог шалгах шаардлагагүй гэж үзэж, өмгөөлөгч бидний хүсэлтээс татгалзаад байгааг ойлгохгүй л байна. Ямар ч хэргийг бүх талаас бүрэн шалгасны эцэст яллах дүгнэлт үйлдэх ёстой. Гэтэл тэгэхгүй, бүр хэрэг гэх материалаа ч уншуулалгүй шүүхэд өгч байгаа нь хуульгүй л үйлдэл. Тиймээс өмгөөлөгчид бидний хувьд удаа дараа тавьж байгаа саналаа татаж авахгүй, дахин тавих болно. Энэ хэн нэгний үзэмжийн асуудлыг биш. Төр иргэний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарласан, төрийн алба хаагчид, цагдаагийн дарга нарын асуудлыг хэлэлцэх гэж байна. Наад өнгө нь энэ цагдаагийн хэдэн дарга нарт холбогдуулсан хэргийг хэлэлцэх гэж байгаа мэт харагдаж байгаа боловч, эдгээр алба хаагчдын ард цагдаагийн мянга мянган алба хаагчид төдийгүй манай улсад хууль ёс, шударга ёс бий эсэх тухай асууудал байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ хэрэг Монголын ард түмний төдийгүй, Монголын төрийн цагдаагийн алба хаагчдын анхаарлыг татахгүй байхын аргагүй юм.
-Цагдаагийн хурандаа нар өмнө гэм буруугүйн хувьд маргаагүй учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Энэ нь өөрсдийгөө галт зэвсэг хэрэглэснийг хүлээн зөвшөөрчихсөн гэсэн үг гэж тайлбарладаг прокурор бас байгаа шүү дээ?
-Эцсийн эцэст гэм бурууг зөвхөн шүүх тогтоох ёстой. Өмнө нь ял сонсгож, яллагдагчаар татсан зүйл анги нь 2009 оны Өршөөлийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байсан. Тэр хэргийг нь өөр зүйл ангиар хүндрүүлж зүйлчлээд сэргээсэн. Тэр хэрэг нь өршөөгдсөн хэвээрээ байгаа, энэ нь өөр хэрэг гэж тайлбарлаж байгаа хүн ч байх шиг байна. Гэтэл энэ холбогдоод байгаа хүмүүс, тэдний үйлдэл нь нэг л байгаа шүү дээ. Тиймээс энэ хэргийг сэргээхдээ өмнөх ялыг өөрчилж, тэдэнд огт хамаагүй цэргийн гэмт хэргийн зүйл ангийн гэм буруутай хольж хутгаж, учир мэдэхгүй хүмүүсийн толгойг эргүүлсэн зүйл ярьж, мушгиж тайлбарлаж болохгүй юм.
-Өмгөөлөгчид цэргийн гэмт хэргийн зүйлчлэлээр цагдаагийн албан тушаалтныг яллаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Гэтэл прокуророос Эрүүгийн хуульд одоо ч 294 дүгээр зүйлийн 294.2 гэсэн заалт байгаа гэж тайлбарлаж буй. Ямар учиртай юм бэ?
-Цэргийн гэмт хэрэг гэдэг нь цэргийн байгууллагад ажиллаж, алба хаах үедээ тэнд мөрддөг дүрэм, журмыг зөрчсөн үйлдлийг ойлгодог. Цэргийн албанаас оргох, цэргийн эд хөрөнгийг устгах, гэмтээх, байлдааны талбарыг дур мэдэн орхих гэх мэт цэргийн дүрмээр зохицуулагддаг харилцааг зөрчсөн 20 гаруй зүйл анги эрүүгийн хуульд бий.
Гэтэл арми, цэргийн дүрэм, журамд огт хамаардаггүй, цагдаагийн хурандаа нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаад байгаа нь хууль бус гэдгийг олон хуульчид хэлж байгаа. Хуульчилж заасаар байхад, мөрдэс зүүдэг, алхдаг, жагсдаг, ёсолдог бүхнийг цэргийн гэмт хэрэгт холбогдуулаад байж болохгүй. Тэгээд ч 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 274,3-т “Цагдаа, Тагнуул, Шийдвэр гүйцэтгэл, Гал түймэртэй тэмцэх байгууллагын офицер, ахлагч, гал сөнөөгч энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалт байсан боловч 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар энэ 274,3 дахь хэсгийг хүчингүй болгосон юм. Хүчингүй болсон заалтаар дээрх хүмүүсийг буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй гэдгийг Хууль зүйн сайд хүртэл хэлээд байгаа. Цагдаагийн албан хаагч энэ бүлэгт хамаарахгүй гэдгийг хуульчилчихсан байгаа шүү дээ.
-Шүүгдэгчийн ар гэрийнхэн “Насаараа төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээд төрийн нэрийн өмнөөс яллагдах нь шударга бус” гэдгийг онцолж байсан. Цагдаагийн хурандаа нарт холбогдох хэргийг улс төржүүлээд байна уу гэсэн хардлага бий болчихлоо?
-Ар гэрийнхнийх нь хэлж байгаа үнэн. Төрд зүтгэчихээд ийм байдлаар яллагдвал цагдаагийн байгууллагад ажилласны хэрэг юу билээ. Өмгөөлөгчийн хувьд шүүх улс төржилгүйгээр үнэн зөв шийдвэр гаргаасай гэж хүсч, найдаж байна.
Ц.ӨРНӨХ
Холбоотой мэдээ
Comments are closed.