Монголын бурхан шашинтны тэргүүн IX Богд гэгээнтэн жанч халсантай холбогдуулан өчигдөр Гандантэгчилэн хийдийн удирдлага сэтгүүлчдэд хандлаа. Хэвлэлийн бага хурлын дараа Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцтай ярилцсан юм.
-Богд гэгээнтэн маань алсын оронд заларлаа. Сэрүүн тунгалаг ахуйдаа захиж үлдээсэн зарлиг бий юу?
-Монголын ард түмэн тухайн үедээ Богдыгоо тодруулж эх орондоо урин залах энх цагийг хүлээж байсан. Энэтхэгт амьдарч ажил үйлсээ гүйцэтгэж байгаад сайхан цаг ир сэн энэ үед ирсэн. Хөдөө гадаа явж ард түмэнтэйгээ уулзаж эв нэгдэлтэй, сайн сайхан байх, улс орноо хөгжүүлэх, гэр орондоо бүлээн дулаан байх сургаал, зарлигаа айл даж байсан. Лам хуврагуудаа эв түн жинтэй байж, сахил санваараа сахиж, бурхныхаа шашинг хөгжүүлэх тухай байнга захиж байв. Улмаар бурхныхаа туурвилыг туур виж, Жанарайсэг бурхны хоёр талд Очирваань, Манзушир бурхныг бүтээж ард түмний сайн сайхныг зөгн өж, бэлгэдсэн олон зүйл бүтээж ажил үйлсээ үргэлжлүүлсээр байгаад өнөөдөр таалал төгслөө.
Богд багш минь сэрүүн тунгалаг ахуйдаа олон сайхан зарлиг айлдсан. Ер нь хувилгаад хутагт гэдэг бол их мундаг байдаг юм байна. Таалал төгсөхөөсөө өмнө ажлаа хийж амжуулаад, бүгдийг зохицуулчихсан байсан. Үүнийг нүдээрээ үзэж дэргэд нь хамт байлцлаа. Ирсэн цагаасаа эхлээд Дүйнхэр дацанд хамгийн түрүүнд айлдвараа айлдахдаа цаг үеийн шалтгаанаа Монгол орондоо ирж шашин төрийн ажлыг ихээр бүтээж чадсангүй. Тиймээс дараагийн дүр маань Монголдоо тодорч их үйлийг минь гүйцээнэ гэж айлдсан. Тэр өдөр Гандан хийд дээгүүр их солонго татаж сүсэгтэн олон гайхаж байсан. Өнгөрөхийнхөө өмнө бид бүгдийг дуудаад, хоёр янзын зарлиг айлдсан. Эхнийх нь би маш хүчтэйгээр Монгол орондоо төрхийг залбиран тавьж байгаа. Тиймээс Монголдоо төрнө гэж хэлсэн.Нөгөө нь би бол улстөрийн ажлыг ямар нэг хэлбэрээр сонирхож байгаагүй. Тиймээс миний хойд дүр ямар нэгэн хэлбэрээр улстөрийг сонирхохгүй, шашныхаа ажлыг болгоож явна гэсэн сайхан зарлиг үлдээсэн. Өчигдөр бие нь их сайн байсан. Тэгээд зарлиг айлдвараа айлдаад “би одоо явна даа” гэж хэлсэн. Бид хөдөө гадаа явах тухай л бодож байснаас бус өөр тийшээ явчихна гэж бодсонгүй. Тэгээд өглөө болоход хажууд нь байдаг хүн Богд багшийн дээгүүр гэрэл гэгээ татаад байгаа юм шиг оргиод байна, ямар учиртай юм бол гэж биднийг дуудсан. Ороход нүд нь нээлттэй байдалтайгаар жаргасан байсан. Бид Далай багшид дуулгасан. Далай багшийн утас уруу залгасан. Тухайн үед нүдээ аньж нэлээн жаргалтай хэлбэртэй харагдсан. Хувилгаан гэгээн хүн бол өөрийн бодлоороо байдаг юм байна.
-Өмнө нь бие нь муудаж байсан уу?
-Өмнө нь нэг удаа бие нь муудсан. Тэр үед далай багшаас хэзээ өнгөрөх вэ, цаг үе нь хэзээ вэ гэж асуусан. Гэтэл цаг үе нь жилийн сүүл болчихлоо. Тиймээс жил гаргаж байгаад яваарай гэж айлдаж байсан. Тэр ёсоор нь л боллоо.Богд маань өөрөө гурав, дөрөвдүгээр сарын үед явдаг юм уу даа гэж айлдаж байсан. Тэр үед нь бид ухаж ойлгоогүй байна билээ. Ийнхүү өөрийнхөө бүх юмыг мэдэж урьдчилан ярьж хэлдэг юм байна.
-Ажил явдал нь хэзээ болох вэ?
-Багшийн хойд талын ажлыг нь Гандан хийдийнхэн бодож оршуулгын комисс гаргасан. Мөн төр засгаас анхаарал тавьж байгаа. Бид Богдынхоо хойд дүрийн талаар нэлээд ярилцаж, тодруулах комисс гаргасан.
-Сүсэгтэн олонд том гарз тохиолоо. Богд маань Монголдоо хэр элэгтэй хүн байсан бэ. Та энэ хүнийг Монголын бурхан шашны тэргүүнээр залахгүй бол болохгүй гэж ярьж байсан. Учир утга нь юунд оршиж байв?
-Шашны юм гэдэг их нандин нарийн дэг жаяг, зүй тогтолтой явж ирсэн. Тиймээс Богд маань төрлөөс төрөлд дамжиж явдаг. Бид аугаа их мэдлэг эзэмшсэн бодьсад бурхдын хувилгаан гэж тодруулдаг юм. Бид түүхээ харахад Түвдээс нэлээд олон Богд тодорсон байдаг. Гэхдээ бүгд л Монголыг гэсэн сэтгэл зүтгэлтэй байсан. 100 жилийн ой тэмдэглэхэд VIII Богд Жэвзундамбын намтрыг сөхөн гаргасан. Үнэхээр гайхамшигтай арвин түүхтэй, Монгол орноо гэсэн сэтгэл тэндээс харагдсан. Гадаад, дотоодын улсуудтай харилцаж байсан харьцаа гээд хамаг л юман дээрээ Монгол Улсын төлөө сэтгэл зүтгэл гаргаж, тусгаар тогтносон ард түмний жаргалтай сайхан амьдралыг бүтээхийн төлөө л байсан. Өмнөх Богдуудын хойд дүр бас л ийм байсан. Ерөөсөө Энэтхэгт байхдаа Монголоос сурч буй оюутан сурагч, сүсэгтэн бүгдэд нь л лам нараар дамжуулж тусалж, ажил үйлсийг нь тэгшрүүлж ирсэн. IX Богд маань 1999 онд Монголд нэг морилж ирээд явсан. Дараа нь 2009 онд ирээд Монголынхоо иргэн болсон. Энэ хүртэл цаг хугацааны л юм даа. Засаг төр, хүн ард, лам хуврагууд маань бүгдээрээ шашин соёлоо, ламаа, хутагт хувилгаадаа ойлгох нь түүхийн явц. Он цагийн урсгалаар зөв зүйтэй замдаа орж Богдыгоо залах сайхан зүтгэлд нийтээрээ оролцож биеллээ олсон.
-Одоо Та шашны тэргүүн гэж явах уу?
-Нэг андуурга байдаг юм.Намайг Монголын бурхан шашны тэргүүн байсан гэж ойлгодог. Тийм биш. 1944 онд Гандан хийд дахин сэргэсэн.Тэр үеэс авахуулаад хамба нар хэзээ ч “Би Богд болно” гэж бодохгүй явсаар өнөөг хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол Богдын орон тоо тэр хэвээрээ л байж байсан. Түүний дор хуучин уламжлалаар хамба, ёнзон хамба, дэд хамба зэрэг дэг жаягаар доошоо зургаан цорж удирдаж байсан. Тэр л бүтэц өнөөдөр ч хэвээрээ бий. Тэгэхээр Гандан хийдийн Пил, Гомбожав, Гаадан, Данигай, Дагвадорж гуай гээд үе үеийн хамба нар хамбынхаа л ажлыг хийж байсан. Хамбын ажил хийнэ гэдэг дээшээ Богдын ширээнд сууж Богдын тамгыг барина гэсэн үг биш шүү дээ. Монголын шашинг дэлхий үнэлж эхэлж байна. Бидэнтэй ижил шашинтай улс орон ерөөсөө л Монголын шашны хөгжил дэвшлийг гайхан хүндэлж байгаа. Шашин бол эмх замбараатай учир Богд бол зайлшгүй байдаг. Тиймээс ерөөлөөрөө гарч ирсэн тэр хүнээ бид залж, Монгол маань бурхан шашны тэргүүнтэй болсон.
-Шашны тэргүүн маань дараагийн төрөлдөө Монголд төрөх гэж Монголын иргэн болсон гэж хэлж болох уу?
-Бурхан бодьсад нарын молом ерөөлийг бид мэдэхгүй шүү дээ. Дээд хүмүүс доод хүмүүсээ мэддэг тавилан байдаг. Нөгөө нь энгийн талаас бодоод үзэхэд аль ч улсын иргэн манай Монгол Улсын иргэн болоод л ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Богод гэгээнтэн манай Монголын бурхан шашинтны тэргүүнээр 1930-1940-өөд оны үед тодорсон байсан. Даанч асар их үзэл сурталжсан нийгэм дурангаараа харж байсан. Шашны эрх, эрх чөлөөг хаагаад шүтээнийг нь, шүтдэг хүнийг нь оруулж ирж чадахгүй байсан нь ил тод шүү дээ. Тэгэхээр бидний шалтгаан нөхцөл нь энэ үед бүрдэж, гэгээнтэн маань Монголд ирж төр засаг маань хүлээн зөвшөөрч, үүний үр дүнд л Монголын бурхан шашинтны тэргүүн болсон. Монголын бурхан шашинтны тэргүүн гадаадын иргэн байгаад яах вэ дээ, тиймээ. Бодоод үзэхэд Монголоо гэсэн сэтгэлтэй, Монголын иргэн л байж таарна. Ингээд Богд маань Монголын иргэн болсон. Энэ бол түүхэн үйл явц. -Монголчууд Богдоо залж, Монгол Улсын иргэн болоход нь их бэлгэшээн баярлаж байсан. Арав дахь Богд тодруулах комисс өчигдөр байгуулагдлаа. Энэ ажил хэр урт хугацаанд үргэлжлэх бол? -Хувилгаад, хутагт, Богдуудыг тодруулах шашны жаяг дэг гэж байдаг. Тэр номынхоо ёсоор л явагдана. Эхнээс нь хийж эхэлж байна. Тухайн ёс жаяг хувилгаад, хутагтын дахин мэндэлдэг бүх л зүйлийг харгалзан үзэж номын дагуу л бид явна даа.
-Богд гэгээнтний хойд дүр Монголоос тодрох боломж хэр байгаа вэ?
-Хувилгаад, хутагт зэрэг гэгээнтнүүд чинь хаана ямар амьтны тусыг бүтээхээ өөрсдөө гүйцэтгэж явдаг. Богд маань сүсэгтэн олны сайн сайхны төлөө Монголдоо дахин дахин төрдөг ерөөл байна. Түүнтэй адил өөрөө тэр ерөөлөө амьд ахуйдаа тавьсан. “Би нас өндөр болжээ. Цаг үеийн шалтгаанаар Монголдоо ирж амьтны тусыг бүтээж монголчуудынхаа сайн сайхны төлөө их хэмжээгээр зүтгэж чадсангүй. Тиймээс дүр минь Монголд төрж би монголчуудынхаа сайн сайхны төлөө шашин номынхоо ажлыг туурвина” гэж өөрөө айлдсан.
В.Нэргүй
Эх сурвалж: “Unen.mn”
Холбоотой мэдээ
Comments are closed.