Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олгов. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж сая Төрийн ордонд гардуулан өглөө.

Д.Сумъяад хөдөлмөрийн баатар, Г.Одбаярт гавьяат тамирчин цол олголоо

Тамирчдад шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдөр монголчуудын хувьд сайхан, баяртай мэдээтэй өдөр байна. Жудо бөхийн төрлөөр амжилт гаргасан тамирчдаа шагналаа. Шагнал гардуулах өдөр тэмцээнтэй байсан учраас өнөөдөр гардуулж байгаа юм. Сая шагнал гардуулсан өдөр Абу Дабид болсон Их дуулга тэмцээнд энэ хоёр тамирчин маань алтан медаль авч төрийнхөө одон, медалийг мялаасан юм.

Д.Сумъяа 26-хан настай, энэ насандаа ахадмаар одон медаль, тэмцээн уралдааны шагналууд хүртсэн. Энэ амжилтыг нь Монгол Улсын төр үнэлж байна. Энэ амжилт маш олон өсвөр залуу үеийнхэн, хүүхдүүдэд эх оронч үзэл суулгахад жинтэй үлгэр болох юм. Эх оронч үзлийг дэлгэрүүлж байгаад нь Д.Сумъяагаа давхар урамшуулж байгаа юм шүү.

Г.Одбаярын хувьд 2017 онд Будапештэд болсон ДАШТ-д 73 кг-ын жинд 73 тамирчин оролцсоноос 6 барилдаж нэг ялагдсан. Хүрэл медаль бол ялж авдаг медаль. Цаашдаа олон залуусыг үлгэрлэж амжилтаа бататгаарай. Токиогийн олимп хүртэл амжилтаа буулгахгүй шүү гэж та бүхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, Монгол Улсын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувьд давхар үүрэг даалгавар өгч байна. Хамт олондоо баярлалаа” гэлээ.