
Японы Toyota Motor компани мөнгө олох чадвараараа энгүй гэгдэж байлаа. Гэвч 134 тэрбум ам.доллар нөөцөлсөн автомашин үйлдвэрлэгчийг “Toyota Bank” хэмээн нэрлэж байсан үе сонин биш болжээ. Дэлхий даяар ялангуяа, Ази тивийн үндэстэн дамнасан аваргууд дотор мөнгөн гол урсгаж буй компани олширлоо.
Өгөгдлийн дүн шинжилгээний Quick-FactSet компанийн судалгааг үзвэл, 2000 онд 12 тэрбум ам.доллар байсан Хятадын интернет аварга Tencent-ийн хөрвөх хөрөнгө эдүгээ 51.8 тэрбум болтлоо арвижжээ. Үүрэн холбооны дэлхийн хамгийн аварга компани – China Mobile- ийнх бүр 90.3 тэрбум ам.долларт хүрээд байна.
Цагтаа зөвхөн Японы феномен байсан өвөрмөц үзэгдэл дэлхий нийтийг хамарсны учир юу вэ.
Өмнөд Солонгосын тэргүүлэх конгломератын нэг Hanwha бэлэн мөнгөний балансаа 70.6 тэрбум ам.доллар болголоо. Samsung Electronics ч 70 гаруй тэрбум ам.доллараар хэмжигдэх бэлэн мөнгө, хөрвөх хөрөнгөтэй.
Ази тивийн бусад том компани ч салхины хурдаар өсөж байна. Жишээ нь, 2010 оноос хойш Sinopec буюу Хятадын газрын тос, химийн компанийн хөрвөх хөрөнгө 4.5 дахин, Хятадын конгломерат Fosun International- ийнх бүр зургаа дахин нэмэгдлээ.
Тэгвэл дэлхийн эдийн засаг таван жил дараалан саарч, Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сүүлийн 25 жилийн түүхэндээ үнэмлэхүй удааширсан хорвоо ертөнцийг тольдож үзье. Өрнө, дорнын компаниудын аль алинд нь бизнесийн энэхүү орчин таатай хөрөнгө оруулалт олох хялбар нөхцөл болсон. Учир нь бүгд мөнгө хуримтлуулахаас аргагүйд тулсан үе байлаа.
АНУ-аар жишээ авахад л мэдээллийн технологийн салбарын өсөлт нь хараа булаам. Apple-ийн бэлэн мөнгөний нөөц 261.5 тэрбум ам.доллар. Microsoft 139 тэрбум ам.доллар дээр сандайлаастай, Google-ийн салбар Alphabet 101.3 тэрбумтай. Зургадугаар сарын эцсийн байдлаар Apple, Facebook, Alphabet, Amazon, Microsoft-ын нийт бэлэн мөнгө 560.1 тэрбум ам.доллар болжээ. Энэ нь Японы Засгийн газар 2016 оны санхүүгийн жилд татварын орлогоор хуримтлуулсан мөнгөнөөс ч их хөрөнгө гэсэн үг. Гэхдээ дээрх мөнгөний ихэнх нь АНУ-ын компанийн хатуу татвараас зугтан хилийн чанадад байрлаж байгаа. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хөрөнгийг эх орондоо авчрах зорилгоор татвар багасгах арга эрэлхийлж байна.
Гудсан доор ийм их мөнгө хадгалахыг зөвтгөх шалтгаан нь нарийн технологийн салбарын зогсолтгүй хөгжлийг харгалзсан ирээдүйд оруулах хөрөнгө оруулалт. Үүний зэрэгцээ монополийн эсрэг хяналт тавьдаг байгууллагуудаас оноох торгуульд зориулан бэлэн мөнгө байлгах шаардлага технологийн компаниудад яах аргагүй бий. Жишээ нь, онлайн худалдааны үйлчилгээ нь монополийн эсрэг хууль зөрчсөн гэх үндэслэлээр зургадугаар сард Европын комисс Google-ийг 2.42 тэрбум еврогоор торгосон.
Тэгвэл Japan Inc мөнгийг бөөнөөр нь хамдаг хэвээрээ юм биш үү. Үнэний хувьтай ч хүчний тэнцвэр хэдийнэ алдагдсан. АНУ- ын компаниудын бэлэн мөнгө, хадгаламж, үнэт цаас, зээл зэрэг хөрвөх чадвар сайтай хөрөнгө 2010 оноос хойш 50 хувиар өсөж 2.8 их наяд ам.долларт хүрлээ.
Гэтэл мөн хугацаанд Японы компаниудын хөрвөх нөөц дөнгөж 10 хувиар нэмэгдэж 1.9 их наяд ам.доллар болсон ч үлэмжхэн хэсгийг нь далайн чанадад хөрөнгө худалдан авах, нэгтгэх ажиллагаанд зарцуулжээ.
Харин Европын компаниудын бэлэн мөнгөний баланс бараг хэвээрээ буюу 2.1 их наяд ам.доллар байна.
Дэлхийн хэмжээнд санхүүгийн бус компаниудын бэлэн мөнгөний баланс энэ онд 12 их наяд ам.доллар давах төлөвтэй. Энэ нь гуравдугаар сард 11 их наяд ам.доллар байсан дэлхийн бүх Засгийн газрын валютын нийт нөөцөөс илүү гарна гэсэн үг.
Мөнгөн сангийн энэ их илүүдэл нь эдийн засгийн шинэ зах хязгаар нээн илрүүлж ашиглах шаардлага тулгарсны дохио. Нөгөө талаар нийгмийн хамгийн баян давхаргынхны нэмэлт орлого эдийн засагт эерэг нөлөөлснөөр нийт масс хэсгийнхний ч амьдрал сайжирдаг гэсэн тайлбартай “trickle-down effect” буюу байнгын түлхэц өгөх нөлөө сурталчилдаг шигээ өгөөжтэй байж чадсангүй. Үр дүн нь дундаж ангийнхныг гутрахад хүргэлээ. Гэтэл төв банкууд өсөлт үүсгэхийн тулд эдийн засагт хямд зээл шахдаг хэвээрээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.