“Оном” сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Энэ хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн элэгний В, С вирүсийн шинжилгээ авч байгаа. Уг шинжилгээнд хэчнээн хүн хамрагдаад байна бэ?

Энэ сарын 13-ны байдлаар 277 мянган хүн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдаад байна. Судалгаанд хамрагдсан хүний 20 орчим хувьд нь С вирүсийн эсрэг биет, 10 орчим хувьд хепатитын В вирүсийн гадаргуугийн эсрэг тѳрѳгч илэрсэн. 2016 оны хүн амын тоо судалгаагаар 40-65 насны 757 орчим мянган хүн бий. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд эдгээр 757 мянган орчим иргэдийг элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд 2017 ондоо багтаж хамруулах ёстой. Одоо 480 мянга орчим иргэн элэгний С, В вирүс илрүүлэх шинжилгээнд хамрагдах шаардлагатай байна. Иймээс элэгний В, С вирүсийн халдварыг эрт илрүүлэх аяны үйл ажиллагааг орон даяар улам идэвхжүүлэх хэрэгтэй байна.

-Нэг хүний шинжилгээнд зарцуулагдах үнэ өртөг бага тавигдсанаас болж чанаргүй, шаардлага хангахгүй багажаар шинжилгээ хийхэд хүрээд байна гэсэн гараад байна. Энэ үнэн үү?

Нэг хүнд хурдавчилсан оношлуур хэрэглэн элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний өртөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 2800 төгрөг гарган хийх болсон. Энэ үнэ өртөг бол маш багаар тооцоолж гаргасан үнэ. Зарим тохиолдолд  мѳнгѳндѳѳ баригдаад чанар муутай оношлуураар иргэдээс шинжилгээ авах, цусны дээжийг чанарын шаардлагад нийцээгүй хэрэгсэл хэрэглэн цуглуулаад байна. Үүнд анхан болон дунд шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнүүдэд буруу байхгүй. Ер нь элэгний В, С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээний нэг хүнд гаргах өртөг 6 мянган төгрөг байвал зохимжтой байсан.

Гэтэл дэндүү бага үнээр тавьсан нь яг газар дээр ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдэд маш их хүндрэл үүсгээд байна. Энэ нь Эрүүл мэндийн сайдын үүргийг орлон гүйцэтгэгч А.Цогцэцэг сайдтай шууд холбоотой. Салбараа ойлгож, хэрэгцээ шаардлагыг ойлгож ажиллахгүй буруу шийдвэр гаргаснаас болж эрүүл мэндийн салбарт олон асуудал үүсч байна.

-Эрүүл мэндийн сайдын орлон гүйцэтгэгч А.Цогцэцэгийн “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Арьсны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийлгэж байна гэхээр ашиг сонирхолын зөрчил харагдаад байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Би нэг л зүйлийг энд хэлье ашиг сонирхлын зөрчилтэй, маш их өртэй хүнийг Эрүүл мэндийн сайдаар сонгосон нь маш буруу шийдвэр байсан. Мордохын хазгай гэдэг болсон доо. Үүнээс болоод жижигхэн ч гэсэн асуудал дээр ашиг сонирхол нь орж ирж байна. Хаанаас мөнгө олж болох байна тэр бүхэн рүү орж өөрийн ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьж байна. Тэрнээс болоод ажил урагшлахгүй байна. А.Цогцэцэг сайд болохоосоо өмнө Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал хийж байхдаа хувьдаа “АллергиМед” эмнэлэг гэдэг эмнэлэгтэй болсон. Энэ эмнэлэг нь арьс, харшлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү эмнэлгийг бариулахдаа банкнаас зээл авсан гэсэн ХОМ өгсөн байсан.  Ингэхдээ2.6 тэрбум төгрөгийн өр тавьсан тухай баримт ч бий. Ийм их хэмжээний өртэй хүн Эрүүл мэндийн яамны сайд болсон. Сайд болсон хүн мөнгө олж болох бүхий л нөхцөл боломжийг судалж мөнгөтэй болж өрөө дарахыг бодно биз дээ.

Энэ хүнд өрөө дарах, хувьдаа мөнгө завших нь чухал болохоос өнөөдөр Монголын нэг иргэн өвчин, зовлонтой байгаа эсэх, “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳр зѳв зүйтэй хэрэгжих үү, зогсох уу гэдэг нь сонин биш. Яагаад ингэж хэлж байна гэхээр А.Цогцэцэгийн арьсны “АллергиМед” эмнэлэг гэв гэнэт элэгний С вирүс тоолох шинжилгээ хийх шалгаруулалтанд тэнцэж иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Арьсны чиглэлийн эмнэлэг элэгний С вирүс тоолох шинжилгээ хийж байна гэхээр ямар их ашиг сонирхол, лоби явж байгаа нь харагдаж байгаа юм.

-Хэвлэлд 2500-4500 хүний элэгний С вирүс тоолох шинжилгээний хариу буруу гарсан байх магадлалтай байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авч, элэгний С вирүсийг үнэ төлбөргүй тоолох сонгон шалгаруулалтад 31 лаборатори өрсөлдсөнөөс 2017 оны 6 сарын эхээр 22 нь шалгарсан. Үүний нэг нь А.Цогцэцэгийн арьс харшлын “АллергиМед” эмнэлэг. Ингэж шалгарч байх үедээ “АллергиМед” эмнэлэг элэгний С вирүсийг тоолох нарийвчилсан шинжилгээг хийх тоног төхөөрөмж байхгүй байсан. Сонгон шалгаруулалтыг хийж байсан Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь очиж шалгахад, тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниас үгсэн тохирч хэрэглэж чаддаггүй тоног тѳхѳѳрѳмж түр авчир тавин үзүүлж залилсан.   Ингээд шалгаруулалтанд залилан байж тэнцээд, энэ хоорондоо нѳгѳѳ үгсэн тохирсон тоног тѳхѳѳрѳмж зардаг нэг компаниасаа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмж захиалан авчруулж 2017 оны 7 сарын 5-ны ѳдѳр суулгуулсан. Ѳѳрѳѳр хэлбэл шалгарснаасаа дариу 1 сарын дараа элэгний С вирүсийг тоолох шинжилгээ хийдэг тоног тѳхѳѳрѳмжтэй болсон гэсэн үг. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа, бид үүнийг олон нийтэд гаргаж тавьсан байгааг хүн бүхэн үзэх боломжтой.

“АллергиМед” эмнэлэг гэмт хэргийн шинжтэй залилан хийн байж тэнцүүлэв, гэхдээ үүгээр асуудал дуусахгүй шүү дээ! Арьс харшлын эмнэлэгт очиж элэгний вирүс тоолуулах шинжилгээ хийлгэ гэвэл хэн очих вэ? Сэтгүүлч Та жишээлбэл очих уу?

-Үгүй л болов уу. Би элэгний чиглэлээр хамгийн сайн гэсэн эмнэлэг, лаборторит л очно гэж бодож байна.

-За тэр шүү! Хүн бүр л тэгнэ. Хүн очихгүй бол, Эрүүл мэндийн даатгалаас мѳнгѳ авч чадахгүй шүү дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Дараагийн мэргэн арга юу вэ? А.Цогцэцэг албан тушаалаа ашигланиргэдийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн үйлчилгээгээ сонгох эрхэнд халдаж Баянгол дүүрэг, Төв аймгийн 40-65 насны элэгний С вирүсийн эсрэг биет эерэг гарсан. Бүх хүмүүсийн цусны дээжийг зөвхөн “АллергиМед” эмнэлэгт албан хүчээр хүргүүлэн, элэгний С вирүс тоолох шинжилгээ өгөхийг үүрэгдсэн. Баянгол дүүргийн болон Төв аймгийн 40-65 насны иргэд ийм зүйл болж байгааг бүр мэдээ ч үгүй. Одоо ч олонхи нь мэдээгүй л байгаа. Энэ хууль бус үйл ажиллагаа байна гэдгийг А.Цогцэцэг сайдад олон байгууллага, хувь хүмүүс хэлсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерѳнхий газрын нѳхдүүдэд албан тоотоор хүртэл мэдэгдсэн. Хэнийг нь ч сонсоогүй. Ашиг сонирхолдоо хѳтлѳгдѳн муйхарлан зүтгэсэн. 

Ингэж албан хүчээр орон даяар шуургалан хийснээс болж, сорьц тээвэрлэлт, хадгалалтын горимууд ноцтой зѳрчигдсѳн. Үүнээс болж 2017 оны 8 сарын 4-ний байдлаар элэгний С вирүс тоолох шинжилгээ өгсөн нийт 28000 орчим хүнээс 2500-4500 хүний шинжилгээний хариу буруу гарсан байх ноцтой нѳхцѳл байдал үүссэн нь үнэн. А.Цогцэцэг сайдын буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн энэ ноцтой байдлыг засаж залруулах гээд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Нѳхцѳл байдал хүнд байна.

Энэ нь иргэдийн хувьд сэтгэл санааны болон эдийн засгийн асар их дарамт учруулж байна. Монгол Улсын Өрсөлдөөний тухай хуулинд төрийн захиргааны байгууллага хувиарлалт хийж болохгүй гэж зааж өгсөн байдаг. Энэ хуулийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерѳнхий газраас албан ёсоор анхааруулаад байхад А.Цогцэцэг сайд зөрчсөн. Дээрээс нь Ашиг сонирхолын тухай хууль зөрчсөн залилангийн хэрэг болж байна.

-А.Цогцэцэг сайд хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхий сайдад өгсөн гэсэн. Энэ шаардлагын хариу ирээ юу?

-Өнгөрсөн долдугаар сарын 3-ны өдөр Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл шаардлагын хариу ирээгүй л байна.

-Засгийн газар огцорчихлоо. Дараагийн Засгийн газар ямар хүнийг эрүүл мэндийг салбарыг удирдуулаасай гэж бодож байна вэ?

-Дараагийн Засгийн газар зөв хүмүүсээс бүрдээсэй гэж иргэн хүний хувьд бодож байна. Эрүүл мэндийн сайдын хувьд ашиг сонирхолын зөрчилгүй, салбараа сайн мэддэг, удирдах чадвартай, эрүүл мэндийн салбарын анхан шатанд ажиллаж байгаа хүмүүсээ илүү ойлголж тэдэн лүү хандсан шийдвэр гаргадаг хүн байгаасаа гэж бодож байна. Дахин хэлэхэд ашиг сонирхолын зөрчилтэй хүн төрийн ажил урагшлуулдаггүй амин хувийн ашиг хонжоо хөөгөөд явчихдаг гэдгийг онцолмоор байна. Үүний хамгийн тод жишээ нь А.Цогцэцэг сайд юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Д.Нэргүй

www.chuhal.mn

Ерөнхий сайдад А.Цогцэцэг сайд хариуцлага тооцохыг шаардсан албан бичиг бүрэн эхээрээ. 

Сайн байна уу, Ерѳнхий сайдаа?

Ѳдрийн мэнд!

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хариуцлага тооцуулахаар Танд доор хавсаргасан албан тоотыг 2017 оны 7 сарын 3-нд явуулсан. Энэ албан тоотод дурьдагдсан хувийн ашиг сонирхолоос болж Монгол Улсын Ѳрсѳлдѳѳний тухай хуулийг санаатайгаар зѳрчсѳн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн үйлдэлд Та яаралтай хариуцлага тооцож ѳгнѳ үү!

Үүнээс гадна Танд дуулгах ёстой бас нэг асуудал байна. Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбооны эрдэмтэд, эмч нар сүүлийн 2 жил гаруй хугацаанд идэвхийлэн хѳѳцѳлдѳж байж Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон ДС хотод болох Олон Улсын Элэг Судлалын Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хѳтѳлбѳрт бүрэн утгаараа тусгагдан, орон даяар хэрэгжиж эхэлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийг дэлхийн элэг судлалын шилдэг эмч эрдэмтэдэд таниулах “MONGOLIA SESSION – МОНГОЛЫН УУЛЗАЛТ” зохион байгуулах болсныг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг саатуулах гэж улайран оролдох болов.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийг ѳндѳр түвшинд дэлхийд таниулах Монгол эрдэмтэдийнхээ энэ сайхан санаачлагыг дэмжээд ажиллахын оронд Монгол Улсад саяхан ирээд буцсан Америкийн Элэгний Эмгэг Судлалын Холбооны гишүүн эрдэмтэнтэй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг биечлэн уулзахдаа энэ үйл ажиллагааг цуцлуулах талаар этгээд хачин санал тавьсан нь уг эрдэмтэнийг ихэд гайхашруулсныг Танаас нуух юун! Олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Монголын гастроентрелогийн холбооны эрдэмтэд яагаад Монгол Улсын Эрүүл мэндийн сайд МОНГОЛЫН УУЛЗАЛТ-ыг цуцлуулах хүсэлт тавив гэдэг асуултандаа хариулт хайгаад олохгүй байна.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт даруй хариуцлага тооцож огцруулахгүй бол Засгийн газрын Үйл ажиллагааны хөтөлбөрт сууж, орон даяар хэрэгжиж эхэлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр эмтэрч, эгэл олны эрүүл мэнд сэвтэж, ажилд тань саад болсон сайд салбартаа буг болж бужигнуулж дуусахгүй нь ээ! Ажилдаа эзэн болоогүй төрийн албан хаагчдад хариуцлага тооцох амлалт тань танхимаасаа эхэлж, засаг дээрээсээ цэвэршинэ гэдэгт эрдэмтэд, эмч, ѳвчтѳн бид бүгд гүнээ итгэж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хѳтѳлбѳрийг санаачлагч мэргэжлийн эмч, эрдэмтэд, ѳвчтѳнүүдийн багийг
тѳлѳѳлѳн Таныг гүнээ хүндэтгэсэн,

Оном сангийн ТУЗ-ийн дарга
ШУ-ны доктор Дашдоржийн Наранбаатар.