antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 12, 2017 Comments are off

Цөлжилтийн ард том наймаа бий

нийтлэсэн Admin

1959 онд нэгдэлжих хөдөлгөөн ялснаар малчдад дөрвөн улиралд хаана байхыг нь хатуу зааж өгсөн. Ингэснээр улиралдаа тохируулан байгалийн бүс бүслүүрээр нүүдэг байсан нүүдлийн мал аж ахуйн уламжлалын мөн чанар бус хэлбэр нь үлдэж бэлчээр талхигдан цөлжилт эхэлсэн. Нэгдэлжих хөдөлгөөн ялснаас 15 жилийн дараа явагдсан бэлчээрийн хомсдлоос үүдэн, олон зуун мянган аргаль, угалз эх нутгаасаа дайжин нүүсэн их нүүдэл буюу 1974 оны долоодугаар сарыг цөлжилт эрчимжиж эхэлсэн үе гэж үзэхэд буруутах зүйлгүй юм. Амьтдыг байгалийн индикатор гэдэг. Амьтан элбэг байвал ургамал, ус, агаар, хөрс экосистем хэвийн байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр Монгол Улс түүхэндээ байгаагүй цөөн амьтан, ургамлын нөөцтэй болжээ. Өөрөөр хэлбэл, эх нутгийнхаа 72.8 хувийг цөлжүүлчихээд сууж байна. Энэ нь өнөөгийн монголчууд бид түүхэндээ байгаагүйгээр байгальдаа гай болж байна гэсэн үг. Гэхдээ цөлжилт нь монгол үндэстний хувьд маш ашигтай болсон том наймааны төлбөр гэдгийг мартаж болохгүй.

Манай Шинжлэх ухааны академи төв байрандаа нэрт эрдэмтэн агсан Л.Н.Гумилёвын цээж хөшөөг хүндэтгэн залаад удаагүй байна. Энэ эрдэмтэн “Невскийн Александр чинь монголын Бат хааны өргөмөл хүү байсан учраас л германуудыг бут цохисон” гэх мэтээр түүхэн үнэнийг хамгаалж нэрд гарсан нэгэн. Л.Н.Гумилёв “Монголчууд 500 жилийн дараа мөхнө” гэж хэлсэн билээ. Хөгжлийнхөө өндөрлөгт хүрсэн аль ч үндэстэн 2000-2500 жилийн хугацаанд мөхсөн байдаг (мөхөх юу байх вэ бусаддаа уусдаг) болохоор ийнхүү айлдсан байх магадлал өндөр. Хэрэв монголчууд тусгаар улс болоогүй бол тэгэх ч байсан биз. Лев Гумилёв газар зүйч мэргэжилтэй нэгэн. Хэрэв биологч мэргэжилтэй түүхч байсан бол ингэж хэлэхгүй байлаа. Тодруулбал, зүйлийн үүсэл, дэд зүйл, популяци гэдэг ойлголт мөн хамгийн гол нь сэргээн нутагшилт, шинээр нутагшилт гэдэг ойлголтыг огт мэдэхгүй учраас ийнхүү алдсан байх өндөр магадлалтай юм. Дэлхийнхэн Австрали тивд шинээр нутагшсан молтогчин туулай, динго нохой юу болсныг сайн мэднэ. Монголчууд манайд нутагшсан заарт харх, усны булгыг мэднэ. Эд нар бүгд шинэ орчинд маш сайн дасан зохицож зарим нь бүр хүмүүстэй дайсагнах болсон амьтад. Тэгвэл монголчууд шинэ орчин буюу суурьшмал ахуйд шинээр зохицон амьдарснаар бахархам түүхтэй цоо шинэ улс, үндэстэн болж байна гэдгийг энэ эрдэмтэн хараагүй хэрэг.

Энэ утгаараа Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар Монголын түүхэнд том гавьяатай хүмүүс болж үлдэх нь маргаангүй. Учир нь, шинэ орчинд дасан зохицсон амьтан төдийгүй үндэстэнг хөгжлийн маш сайхан ирээдүй хүлээж байдаг. Монголчуудыг генийн сангийн хувьд цаашдаа өсөн үржих маш их боломжтой гэдгийг доктор Ж.Батсуурь нэгэнт баталчихсан. Чухамхүү суурьшмал иргэншлийн ачаар монголчууд саяар тоологдох боломжтой болсон билээ. Монголын сонгодог суурьшмал иргэншлийг 1960 оноос эхтэй гэж үзээд энэхүү шинэ улсын насыг хүнийхтэй жишин тогтоовол өнөөдрийн Монгол Улс 2.2 настай хүүхэдтэй адил юм байна гэсэн тооцоо гарч байна. Энэ бол үнэхээр баярламаар бас маш чухал зүйл шүү, монголчууд аа. Тэгвэл энэ бүхний төлбөр болоод байгаа цөлжилтийг яах вэ? Өнөөдөр Монголын нийт нутгийн 73 орчим хувь цөлжчихөөд байна. Үүний гол шалтгаан нь бог мал ялангуяа ямааг олноор бэлчээн бэлчээрээ доройтолд оруулан цөлжүүлж буй явдал.

Үүнээс гарахын тулд 21 аймгийг хуучин шигээ хангай, хээр, говь хосолсон 3-4 аймаг болгож малчдыг байгалийн бүс бүслүүрээр чөлөөтэй нүүлгэн бэлчээрээ буцаан унаган төрхөнд нь оруулж болно. Энэ тохиолдолд малчдын эмнэлгийн болон соёл, урлагийн үйлчилгээ, мэдээлэл, холбоо, удирдлага, хүүхдийн сургууль, боловсрол гэх мэт асуудалд том бэрхшээл үүснэ. Шууд утгаараа хөгжлийн ухралт болно. Нөгөө нэг арга нь орон нутгийнханд малаас олж буйгаас олон арав дахин их орлогыг ан амьтан, ашигт ургамлаас олох боломж олгон бог малын тоог цөөлж бэлчээрээ доройтлоос гаргах явдал юм. Аргаль, янгир, хар сүүлт зээр гэх мэт тууртан амьтад бэлчихдээ махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг төдийгүй хөлийнхөө хооронд ургамал орхиж идээшилдэг тул бэлчээрийг доройтолд оруулдаггүй байна.

Харин олон бог мал бэлчээрийн ашигт ургамлыг яг л сахлын хутгаар үс хусч байгаа мэт юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Иймээс одоо хэрэгжиж буй хуулийн дагуу ан амьтан, ашигт ургамлыг орон нутгийн малчдад нөхөрлөлөөр дамжуулан эзэмшүүлэх хэрэгтэй. Ингэвэл малчид өөрийн хариуцсан амьтан, ургамлаа ашиглах эрх нь нээгдэнэ. Тэгж гэмээ нь ан амьтан, ашигт ургамал өснө. Учир нь, малчид малыг хамгаалах гэж бус ашиглах гэж өсгөдөг. Ер нь олон мянган жилийн түүхтэй өрх гэр, хот айлын зориулалттай нүүдлийн малыг бэлчээрт нь өсгөж үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг бухын “доодох”-ыг унаад ирэхийг хүлээхтэй адил бүтэшгүй ажил гэдгийг хаана хаанаа ойлгох цаг нэгэнт болжээ.

Г.АМАРСАНАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car