antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 30, 2017 6 comments

СУГАЛААНД ЁНДООГҮЙ ХОЁР НАСТНУУДАД ОНООСОН “ЯЛ” ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХГҮЙ ШҮҮ

нийтлэсэн Admin

“Монголын үрс маш олон болтугай”  хэмээн ямар “тэнэг” нь  хэлдэг байна аа.  Бодит амьдрал дээр   хүүхдийг тээж төрүүлж болох ч өсгөж хүмүүжүүлэх, боловсрол олгох тухайд  байгаа ганц нэгийгээ хүний дайтай явуулахад бэрх аж.  Учир нь бүх зүйл мөнгөөр хэмжигдчихээд үйл тамаа эдэлж сууна”. Энэ бол арга үйлээ барсан залуухан эцгийн твиттер хуудсандаа бичиж үлдээсэн сэтгэгдэл. Бас төрдөө гомдож яваа хүний үг.  Тэрбээр  өөрийгөө харуул хамгаалалтын албанд хамгаалагчаар ажилладаг гээд  хоёр настай  ихэр хөвгүүдээ цэцэрлэгийн бараа харуулахын тулд сая төгрөгийн эрэлд мордоод  олоогүй тухайгаа өгүүлжээ. Үнэндээ түүний ижил зовлон амсч яваа мянга мянган эцэг, эх бий.

Миний охин ч тэдний нэг.  Цэцэрлэгийн цахим сонголтод  сонгогдож чадсангүй гээд охин минь охиноо тэвэрсээр  уйлсаар орж ирсэн.   Хүүхдээ хараад хоёр жил  гэртээ  таг суусан   охин минь  охиноо цэцэрлэгт өгчихөөд ажилдаа орно хэмээн хэчнээн их  баяр хөөртэй байсан  гээч. Харамсалтай нь  харалган төрийн харанхуй бодлогын гайгаар  дахиад л гэртээ суух болж. Тодруулж хэлбэл, зээ минь цэцэрлэгийн цахим сугалаанд бүдэрсэн хэрэг.  Бачимдаж, гомдсон эцэг эх хоёр нь муу зээг минь “ёндоогүй”, азгүйгээр нь дуудаж  бидний уурыг барав.  Ирэх жил аз гээч нь таарахгүй бол үргэлжлүүлээд л гэртээ сууж таарна.  Гэвч зээ минь ирэх жил гурав хүрч цэцэрлэгт элсэх эрх нь бүр хаагдах юм билээ.   Гэхдээ бид асуудлыг шийдсэн.
Хоёр талын эмээ өвөө нь нийлж байгаад  зээгээ  хувийн цэцэрлэгт өгч, эхийг нь ажилд нь оруулахаар ярилцлаа. Ийм боломж бололцоо гэр бүл бүхэнд байхгүй нь бодит үнэн. Хоёрхон хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ.  Эрдмийн их өргөө  мөнгөн хонхоо жингэнүүлэн бяцхан үрсээ хүлээж авна. Харин их өргөөний босго  алхах эрхээ хасуулсан, хандив эсвэл хахуулын мөнгөгүй эцэг, эхтэй хоёр настнууд хэний хаалгыг тогших болж байна вэ.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээллээр бол 201-2018 оны хичээлийн шинэ жилд зөвхөн  нийслэлийн хэмжээнд  34 мянган хоёр настан  сургуулийн өмнөх боловсролд хамрагдах  агаад  тэднээс  дөнгөж 12  мянга гаруйг нь цэцэрлэг хүлээж авах бололцоотой гэнэ.    Өчигдөр  2015 оны буюу хоёр настнуудын цэцэрлэгийн онлайн бүртгэлийн сугалаа  албан ёсоор өндөрлөж, аз гийсэн өөрөөр хэлбэл ёндоотой  нөхдүүдийг бүртгээд эхэлсэн.  Сугалаанд  ёндоорсон хүүхдүүдийн эцэг, эхийн царайд баяр гийн,  нүүр дүүрэн мишээл тодруулж байхад   азгүй  хүүхдүүдийн эцэг, эх  миний охины  адил  хүүхдээ тэвэрсээр хүүхдийнхээ азгүйг дуудсаар  харьсан биз ээ.  Цухалдлаа гээд  ч яалтай  билээ.
…нийслэлд   хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байна…
Монгол Улсад хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж нэгэнт байхгүй хойно. Нийслэлийн хэмжээнд өдгөө төрийн өмчийн 216 цэцэрлэг, төрийн бус  407 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа нь  сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоотой харьцуулахад   дэндүү гэмээр үзүүлэлт. Тэр бүү хэл, нийслэлд   хороондоо ганц ч цэцэрлэггүй бүхэл бүтэн 20 хороо байна гээд төсөөл дөө.  Тэдний ихэнх нь шинээр ашиглалтад орсон орон сууцны шинэ хорооллууд.   Тухайлбал, “Баянмонгол”, “Олимп”, “Их Монгол” ,”Жаргалан” “Хурд”, “Нарны хороолол”-ыг дурдах байна. Энэ бол зөвхөн ХУД-ийн нутаг дэвсгэрт сүндэрлэсэн хорооллууд.
Тэгэхээр  эдгээр  хорооны хүүхдүүд хаана, хэнд  хандах болж байна вэ.   Эдгээр хорооллуудад 12 мянган сургуулийн өмнөх насны хүүхэд аж төрдөг. Тэд ХУД-ийн нутаг дэвсгэрт  шинээр ашиглалтад орсон 218 дугаар цэцэрлэгт харьяаллынхаа дагуу хамрагдах учиртай. Гэтэл өнөөх цэцэрлэгийн багтаамж 120  хүүхэд.  Амьд хүн аргатай юм хойно,  тэдний  дөрвөн мянга орчим нь  хувийн цэцэрлэгт,  хоёр  мянга орчим нь хүүхэд харах үйлчилгээнд,    мянга орчим нь эмээ, өвөөгөө бараадна гэвэл  үлдсэн хүүхдүүдийн  хувь заяа  хэрхэхийг бурхан мэдэх нь ээ дээ.  Дээр нь өнгөрсөн жил, түүний өмнөх жил ч цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гурав, дөрвөн настнууд гэж бий. Эднийг нэмэхээр  сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй багачуудын тоо дунджаар  хоёр мянга орчмоор нэмэгдэж таарна.  Энэ бол зөвхөн нэг дүүргийн асуудал.  Ингээд л харж хандах  хүнгүй, төрдөө шоовдорлогдсон багачууд өөрөө өөрийгөө харж, хаалга хэзээ дуугарахыг хүлээх  тавилангаа эдэлнэ.  Бас нэг хэсэг нь гэртээ түгжигдэнэ.
Яах вэ, орон сууцанд амьдардаг айлын хүүхдүүдийн хувьд тагт нь хаалттай,  цахилгааны залгуур, индүү, угаалгын автомат машин зэргээр тоглочихгүй  бол байгаад л байх  биз. Харин гэр хороололд аж төрдөг айлын хувьд  сэтгэл түгшээх зовлон олон бий.  Шүдэнзээр тоглож гал алдахаас өгсүүлээд   зуух, халуун тогоондоо түлэгдчих гээд  байдаг. Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 13 хүүхэд гэртэйгээ шатаж амь насаа  алдсан бол  140 гаруй хүүхэд их бага хэмжээгээр угаартаж, эмнэлгийн тусламж авснаас гадна   мянга гаруй  хүүхэд халуун тогоо, буцалсан усанд түлэгдэж, эрүүл мэндээрээ хохирчээ.
Хэрэвзээ  тэд гүйгээд очих цэцэрлэгтэй, аваад үлдэх эмээ өвөөтэй байсан бол  өвдөж шаналахын зовлонг эдлээ ч  бил үү.  Хатуу үнэнийг хэлэхэд, Цоожтой хаалганы цаана нулимстай суух “ ял сонсоод” байгаа  мянга мянган хүүхдийг Монголын төр “Сугалаанд ёндоогүй” хэмээн хэдий болтол  даажигнах юм бэ.  Тэд  эх орныхоо ирээдүй болох гэж энэ хорвоод мэндэлсэн биш, энэ нийгэмд шоовдорлогдох гэж мэндлээгүй байлтай.   Хэдий болтол Монголын үрс  жил, жилийн намар сугалааны хонжвор болж, цоожтой хаалганы цаана уйлж суух ёстой юм бэ. Хэдий болтол цэцэрлэгийн насныхан  “Хүрэлцээгүй орон тоон” дээр “алалцах” ёстой юм бэ. Хэлээд өгөөч, дарга нар аа. Ингэхэд   бид чинь “Эцэг эх нь НӨАТ-ын сугалаатай
Энхрий үрс нь цэцэрлэгийн сугалаатай
Энгийн иргэд нь газрын сугалаатай”  орны иргэд болоо юу даа.  Хэн бүхэнд  аз таараад  цэцэрлэг сургууль нь элбэг байдаг бол хэн ч юу ч хэлэхгүй, бас гомдлохгүй.
…Нөгөөтэйгүүр,  цаг үеэ дагаад цэцэрлэг сургуулийн багш нарын бизнес хэрээс хэтэрч.   Хичээлийн шинэ жил ойртох тусам тэд үнэд орж, хандивын ангид орвол ор. Хандив нь сая төгрөг гэж байх юм…
Гэхдээ ханшийн хувьд байршлаас хамааралтай  гэнэ билээ.  Гэр хороолол дундах цэцэрлэгийн хандив 300-500 мянга байх жишээний. Хотын төв бол саяас дээш гэж дуулдсан.  Тэгэхээр боловсролын салбар хэдийнэ авлига хээл хахуульд идэгдсэн байгаа биз. Асуудал үүгээр дуусахгүй. Арга үйлээ барж  сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн нөхдүүд хэдэн жилийн дараа  ерөнхий боловсролын  сайн сургуульд элсэх асуудалтай тулгарна. Эцэг, эх бүхэн хүүхэддээ сайн боловсрол олгож, тэр хэрээр сайн сайхан амьдралд хөл тавиулахыг хичээдэг нь нууц биш. Тиймээс ЕБ-ын нэг, орос-3, 18, 23,24, 84,33 дугаар сургуульд  элсүүлэхийг хичээдэг. Дээр нь Кембержийн гэх тодотголтой лаборатори сургуулиудыг нэрлэх байна.
Эдгээр сургуулиудын элсэлтийн хахуулийн ханш хавар гурван сая байсан бол өдгөө таван саяар хэмжигдэх болж. Таван саяа бариад ирвэл асуудалгүй гээд хээв нэг сууж байх юм, захирал, сургалтын менежерүүд нь. Нэгдүгээр сургуулийн нэг багшид сая төгрөг өгье гэсэн эцэгт “наад мөнгө чинь  үдийн хоолтой л тэнцэнэ шүү дээ” хэмээн томорсон дуулдсан. Ингэж хэлэхээр хахуульд өгдөг мөнгөө хувийн сайн сургуульд өг гэх хүн байж мэднэ. Жилийн таван сая төгрөгийн төлбөр төлөөд байх эдийн засгийн чадавхитай гэр бүл манай улсад хэд билээ. Тэгээд ч олон улсын хамтарсан хөтөлбөртэй бол төлбөр нь валютаар хэмжигддэгийг хэн бүхэн мэднэ.
Ийм нөхцөл байдалд  бидний үрс боловсрол олж авах гээд зүтгэж байна даа.  Өгдөг боловсрол нь чанартай, авдаг цалин маань сургалтын төлбөр төлөхөд асуудалгүй бол  юу боллоо гэж боловсролын тогтолцоо, төр засаг руугаа дайрхад хүрэх билээ.  Аль нь ч бидний хэрэглээг хангаж чадахгүй юм даа. Уг  нь гуравхан сая хүн, тэр дундаа сая дөнгөж гарах хүүхдийн асуудал юмсан. Шийдэх улс төрийн хүчин энэ хорин жилд гарсангүй.
Тэр бүү хэл, шийднэ гээд төрд гарсан түшээд нь хүртэл гарсан хойно оо өөрийн хүүхдийн боловсролыг л өөд татаж, гадаадад сургуульд явуулах арга замыг эрэлхийлэхээс биш түмний үрсийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй.  Ийм л цаг дор та бид амьдарч байна. Бачимдахдаа ад үзээд байсан социалист нийгмээ үгүйлэх л юм.  Сайхан зүйлийг ухрааж болдог бол  БНМАУ-ын боловсролын тогтолцоог  хэрэгжүүлэхсэн. Ядах нь хахуул өгөх гэж өр зээл тавьж, арга үйлээ барахгүй биз.
Монголын мэдээ
Х.Норжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (August 30, 2017 3:39:19 pm )

    Нээрээ энэ сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын авлига хэрээс хэтэрлээ шүү. Энэ багш нар тэд нарынхаа авсан авлигаас цалингаа нэмүүлэх талаар шаардлага тавьж байвал таарахийн. Нэгэнт цалинг нэмж чадахгүй төр засаг руугаа дайрч байхаар…

  • Болор (August 31, 2017 2:42:50 pm )

    АУИС-д жилдээ 60 гаран хүүхэд элсэн суралцдаг боловч төгсөхдөө 200 гаран хүүхэд төгсдөг гэж сонссон. тэгэхээр 60-с бусад нь дандаа авилга өгч орсон байх юм. тэр мөнгө хаачдаг вэ гэвэл захирлын дансанд орсон байх юм даа.энийг шалгадаггүй л юм байхдаа захиралыг нь харахад их сайхан хүн гэтэл хөнгөн явдалтай муухай хүн байдаг гэж сонссон юм байна аль хэдийн тэрбумтан болсон гэсэн

    • Иргэн (August 31, 2017 4:54:27 pm )

      ТӨГСӨЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ .ЖИЛИИН ЧӨЛӨӨ АВНА. ДУНДААС НЬ ХАЯНА ГЭЭД БАЙНАА СУРГАЛТЫН ТӨЛБӨРИИГ ДУНДААС НЬ АВНА ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ СЕМЕСТРИИН ШАЛГАЛТАА ӨГӨХӨД ТӨЛБӨР ДУТУУ БОЛ ОРУУЛДАГГҮЙ ЮМ БИЛЭЭ МАНАЙ ХҮҮ СУРЧ БАЙГАА ИНГЭЖ ЯВААД Л 3-Р КУРСТ ОРЖ БАЙНА ИИМ ЮМ БАЙХГҮЙ БАЙХАА

  • иргэн (September 01, 2017 6:22:12 pm )

    Цэцэрлэгийн эрхлэгч нар бол хахуулчин нар Нэг хүүхэд250 мянган төг байсанаа 2017 оноос 500 мянган төг болсон энэ мөнгийг хахуульд төлсөн хүн хүүхэдээ оруулна шүү Хүмүүс мэдсээр байж хэрэхгүй байна Ц Нямдорожтой иргэд уулзарт хийж байхад Хануул дүүргийн 10 хороонд нэг авгай энэ тухай хахууль авсан хүнийн нэртэй нь хэрэж байсан юм

  • иргэн (September 01, 2017 6:27:04 pm )

    Цэцэрлэгийн эрхлэгч нар бол хахуулчин нар Нэг хүүхэд250 мянган төг байсанаа 2017 оноос 500 мянган төг болсон энэ мөнгийг хахуульд төлсөн хүн хүүхэдээ оруулна шүү Хүмүүс мэдсээр байж хэлэхгүй байна Ц Нямдорожтой иргэд уулзалт хийж байхад Хан уул дүүргийн 10 хороонд нэг авгай энэ тухай хахууль авсан хүнийн нэртэй нь хэлж байсан юм

  • ЁНДОО МОНГОЛ ҮГ ҮҮ? (September 03, 2017 12:34:49 pm )

    ТОЛГОЙ ГҮЗЭЭНИЙХЭЭ ХЭМЖЭЭГЭЭР УРАЛДДАГ ХӨДӨӨГИЙН ОРКУУДЫН ЧАМИРХАХ ГЭЖ ЯДДАГ ЁНДОО ХУЖАА ГАРАЛТАЙ ГЭДГИЙГ МЭДМЭЭР ЮМ.УЛААНБААТАР ИХ ДЭЛГҮҮР БУРЗАЙ ГЭЖ БАЛАЙРНА.ХӨДӨӨГИЙНХНИЙ ЧАМИРХЛЫГ ХОТЫН ДЭЛГҮҮР ХЭРЭГЛЭЭД БАЙХДА ЯАХАВ ДЭЭ.

antalya rent a car