Бурхан багшийн дүйцэн өдрийн өглөөг Өмнөговь аймгийнхан нэгэн муу мэдээтэй угтсанаа Даланзадгад дахь жижиг мухлагийн эзэн Т.Мөнх-Орших хэлсэн юм. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгын “Газрын доорх баялгаа өөрийн мэдэлд хянаж, Оюутолгой, Тавантолгой ордыг төрд хураана” гэсэн мэдэгдэлтэй холбоотой “Ройтерс”-ийн нийтлэлийг фэйсбүүкээс уншсан талаараа надад ярьж өгөв. Хэрэв төр Тавантолгой, Оюутолгойг хураав авна гэвэл дахиад л үл ойлголцол гарна, дагаад энд байгаа бидний амьдрал хэцүүднэ гэх үгийг байн байн давтах түүнээс “Харин ч 100 хувь Монголынх болбол ашигтай юм биш үү” гэж хатгасан янзаар асуухад “Үгүй дээ, Оюутолгой, Тавантолгой хоёр эхэлж байж л Өмнөговь аймаг хөгжиж эхэлсэн юм. Энд ажлын байр бий болж, над шиг жижиг мухлагтай хүний ч орлого нэмэгдсэн. Хот руу явах нүүдэл ч зогсч, эсрэгээрээ ийшээгээ хүмүүс ирж байна. Хэрэв Оюутолгой, Тавантолгой төр авна гээд гацаавал дагаад энэ аймгийн айл бүрийн амьдралд муугаар нөлөөлнө. Айлаас ядаж л нэг хүн нь Оюутолгой, Тавантолгойд ажилладаг, үгүй ядахдаа дагаад гарч байгаа жижиг сажиг ажилд нь тусалж амьдралаа залгуулдаг юм ш дээ” хэмээн ундууцах аж.
Нээрээ ч 60 гаруй мянган хүн амтай Өмнөговь аймгийг төдийгүй Монгол Улсыг бүхэлд нь чирж байгаа томоохон уурхайн цөөнгүй нь энэ аймагт бий. Оюутолгой, Тавантолгойн хаялгыг хамгийн сайн мэдэрч байгаа учраас Х.Баттулгын мэдэгдэл, түүнээс үүдсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолын тухай “Ройтерс”-ын нийтлэл Өмнөговь аймгийнханд муу мэдээ болж сонсогдсон аж. Том зургаар нь харвал энэ бол зөвхөн өмнөговьчууд бус, монголчуудад бүхэлд нь муу мэдээ билээ.
Хөрөнгө оруулагчдын болгоомжлол, Т.Мөнх-Оршихын айдас хоёрт цэг тавих зүйл нь Ерөнхийлөгчийн сонгууль. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын Өмнөговь аймгийн иргэдтэй хийх уулзалт энэ өдөр таарлаа. Өөрөөр хэлбэл, өглөөг муу мэдээтэй угтсан өмнөговьчууд орой нь түүнээс сайн мэдээ дуулах учиртай байж. Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд “Сая л эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд айргийн тавд багтаж, жилдээ 17.5 хувиар өсч байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд нэг хувь болсон. Энэ хямралаас гарахын тулд УИХ, Засгийн газар тодорхой алхмууд хийгээд ажиллаж байна. Үр дүн ч эхнээсээ гарлаа. Валютын ханш тогтворжиж, энэ оны эхний улирлын дүнгээр эдийн засаг 4.2 хувийн өсөлттэй гарсан. МАН Засгийн газраа байгуулснаас хойш эдийн засгийн уналтыг ямарч байсан аргамжиж чадлаа. Одоо дахиж алдахгүй, ахиж хямрахгүй байх дархлааг бүрдүүлэх ёстой. Томоохон төслүүдээ улс төрийн шалтгаанаар эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байсан алдааг бид засах ёстой. Энэ бол төрийн институцууд хоорондоо учраа ололцохгүй байгаагаас болж гацаж байсан. Хэрэв энэ удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол УИХ, Засгийн газартайгаа бодлого нэг болж, олон жил гацсан том төслүүдийг хөдөлгөх боломж бүрдэнэ. Гэхдээ Монголын ард түмний эрх ашигт нийцсэн ийм төсөл болж хөдлөх ёстой” гэж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Том төслүүдийг гацаалгүй, царцаалгүй хөдөлгөх ёстой гэсэн түүний үг гарцаагүй Өмнөговь аймгийнханд сайн мэдээ байсан юм. Тиймээс ч энэ удаагийн сонгуулиар М.Энхболдыг дэмжинэ гэж ярьцгааж байв. Тэдний нэг өдөр сонссон нэг муу, нэг сайн мэдээний тухайд ийм байлаа. Гэхдээ том төслүүд гацвал зөвхөн өмнөговьчууд төдийгүй монголчууд бүгдээрээ хохирно. Хөдөлбөл харин улсаараа урагшилна.
Х.ТЭРГЭЛ
МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн төв штаб
Холбоотой мэдээ
Comments are closed.