Нэгэн цагт дэлхийн талыг эзэлж хүчирхэг мандсан монголчууд өдгөө ч дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байна. Гадаадын улс оронд олон жил амьдарч эх нутаг, эх орон гэдгийн үнэ цэнийг илүү мэдэрсэн зарим залуус дэлхий дахинаа улс орноо сурталчилахыг эрхэмлэж байгаа нь сайшаалтай. Тэгвэл АНУ-д ажиллаж амьдраад арваад жилийн нүүрийг үзэж байгаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын уугуул “MGLBB” болон ” JM STAR” компанийн захирал Насанбатын Батцэнгэл хэмээх залуу Чакаго хотод Монгол гэр авчруулан барьжээ.
Үндэсний өвөрмөц уламжлалт ёс заншилтай монголчуудын эдэлж хэрэглэж байсан зүйл харийнханд сонирхолтой, тэр тусмаа Монгол гэр бол хүн бүрийн сонирхлыг татдаг биз ээ. Арга ч үгүй дэлхийн өөр хаана ч байхгүй сууц шүү дээ. Ийнхүү амьдралын амин зуулга залгуулахаар харьд очиж байсан жирийн нэг залуу Монгол үндэстнийхээ бахархал бүгдийг гадныханд харуулахыг зорьсон нь үнэхээр бахархалтай. Н.Батцэнгэл нь олонхи монголчуудын нэгэн адил эгэл жирийн малчин айлд өсч, бага наснаасаа хурдны морь унаж, уяж явсан ийм залуу учраас монгол ахуй зан заншлыг хамгийн сайн мэдэх нэгэн билээ. Энэ ч утгаараа эх орны үнэ цэнэ, ус нутгийн юугаар ч сольшгүй эрхэм чанар, бахархлыг тэр сайн мэддэг гэхэд болно.
Дашрамд дурдахад, Монгол Улсыг дэлхийд сурталчилна гэдэг нэрийн дор төрөөс өчнөөн хөрөнгө мөнгө зараад хоёр хөршид үзэсгэлэн худалдаа гаргаж байдгийг бид сайн мэднэ. Харин гуравдагч хөршид төдийлөн ийм ажиллагаа зохион байгуулагдаад байдаггүй. Гэтэл жирийн нэг Монгол залуу өөрийнхөө хөлсөө асгаж олсон мөнгөөр ийнхүү Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилж байгааг хаа хаанаа магтан сайшааж, ийм элэгтэй, зүтгэлтэй залуус олон байгаасай хэмээж байна. Эх орон, элгэн түмэн минь гэж цээжээ дэлдэхийг хэлдэггүй юм, эх орон элгэн түмэн гэж чухам юу байдгийг Н.Батцэнгэлээс харж болно.
С.Баяр
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.