antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2017 10 comments

Г.Мэнд-Амар: Хамгийн хэцүү дүр П.Адарсүрэн гуайнх байсан

нийтлэсэн Admin

“Мээдээг мэдэх үү” гэдэг үг сүүлийн долоо хоногт цахим ертөнцийн тренд болов. Сүүлийн хоёр сард “Яг түүн шиг”-ээр амьсгалж буй үзэгчид хоёрдугаар улирлын энэ удаагийн шоугаар цоо шинэ Мээдээтэй танилцсан юм. 

Өнгөрсөн 20 гаруй жил туурвиж ирсэн уран бүтээлээсээ тэс өөр, олон урсгалаар түвэггүй төдийгүй чадварлаг дуулж чаддагаа харуулж буй тэрбээр эл шоуны хагас шигшээ тоглолтын ялагч болсон. Зүгээр ч нэг ялагч болоогүй, шагналын мөнгөө сайн үйлсэд зориулахаа мэдэгдсэн нь Мээдээг бүр ч өөрөөр харуулсан юм. Цоо “шинэ” Мээдээ буюу “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амарыг “ЗГМ:Зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдгийг онцолсон юм.

-Юуны өмнө “Яг түүн шиг” шоуны хагас шигшээ тоглолтын ялагч болсонд баяр хүргэе. Та шагналын мөнгөө сайн үйлсийн аянд зарцуулна гэдгээ хэлсэн. Ямар газруудад хандивлахаар төлөвлөсөн вэ? 
-Олон улсын чанартай томоохон хэмжээний шоунд оролцож, өөрийгөө маш сонирхолтой байдлаар ахин дахин нээлээ. Энэ нь миний амьдралд дурсамж нэмсэн, сайхан аяллуудын нэг болж байна. Шагналын мөнгөний тухайд хүмүүс сайн үйлсийн аян, эсвэл хүмүүнлэгийн арга хэмжээнд зарцуулна гэсэн ойлголт авсан байна лээ. Ер нь шоунд ялагч болж, шагнуулбал мөнгөө өөртөө зарцуулахгүй гэж анхнаасаа бодсон. Тэр бодлоо л гүйцэлдүүлсэн төдий. Түүнээс биш өөрийгөө рекламдаж, пиар хийх, нэр хүндээ өсгөх бодол байгаагүйг онцлон хэлмээр байна.

Мундаг залууст дарагдахгүй гээд яах билээ

Шагналынхаа мөнгөний нэг сая төгрөгөөр Хүүхдийн төв сувиллын бяцхан үрсэд живх авч өгөхөөр төлөвлөсөн. Тэднийхийг сонгосон учир нь хэдэн жилийн өмнө “TV zone” сэтгүүлийн сэтгүүлчид болон нэгэн том компанитай хамтран сувиллын нэг танхимыг шалны халаалттай болгон, тохижуулж байсан юм. Тухайн үед надад хүүхдүүдэд живх хамгийн хэрэгтэй байдаг юм байна гэж бодогдсон. Үнэндээ Монголын өнөө цагийн хамгийн том хар сүүдэр тэнд бий. Хүүхдээ гудамжинд, хогийн саванд хаясан, эсвэл хувь заяаны золгүй тохиолдлоор асран хамгаалагчгүй болсон, гэр бүлдээ гологдсон гээд олон шалтгаантай хүүхдүүд тэнд байдаг. Тэднийг асран хамгаалж, өсгөж байгаа хүмүүсийг би тэнгэрээс буусан сахиусан тэнгэр гэж хэлнэ. Тиймээс тэдний ажлыг хөнгөвчлөх, төрсөн шигээ хайрлахгүй ч гэлээ хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйлээр нь нэг удаа ч болтугай тусалмаар санагдсан юм. Туслах ч юу байхав дээ.

Өнөөгийн нийгмийг ахмадууд маань нуруун дээрээ үүрч, босгосон. Тэдний буяныг дааж, хүртэж яваа энэ цаг үеийн азтай залуучууд, бид. Хүн өнгөрснөө мартах учиргүй. Тиймээс ахмад настай хүмүүст сүү өгөхийг хүссэн. Дээхнэ үед, Батсүмбэрт байгаа ахмадууд хар цай ууж байна гэсэн сонины нийтлэл уншсан юм. Тэд бол өнөөгийн Монголыг цогцлоосон хүмүүс. Удахгүй энэ хорвоогоос халина. Тиймээс хэдэн өдөр ч гэсэн сүүтэй цай уулгачих юмсан гэсэн сэтгэлээр хандаж байгаа юм. Хэвлэлээр дамжуулаад, төрийн бус байгууллагуудтай хамтрахгүй гэдгээ хэлмээр байна. Үлдсэн гурван сая төгрөгийг ГССҮТ, ХӨСҮТ зэрэг улсын эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг гэх мэт байгууллагад зориулна гэсэн бодолтой байгаа.

-Шоунд оролцох санал анх тавихад хэрхэн хүлээж авсан бэ. Нэлээд хэдэн дугаарын дараа ялагч боллоо. Ялахгүй бол яанаа гэсэн айдас байв уу?
-Энэ шоуны хийц нь тун сонирхолтой. Ижил төстэй олон улсын контентууд бий. Тэдгээрээс олны танил болсон урлагийн салбарынхныг нэг дор цуглуулж чаддагаараа онцлог. Мөн нэг л талаараа танигдсан хүнийг нэг биш, нэлээд олон удаа хувиргаж чаддаг.

Шоуны эхний улирлын урилга надад ирсэн. Тухайн үед ажлын цаг зав таараагүй учраас оролцож амжаагүй. Манай хамтлагаас Л.Ган-Эрдэнэ оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Харин хоёрдугаар улиралд дахин санал ирсэн. Цаг заваас эхлээд бүх тохироо бүрдсэн байсан учир оролцохоор шийдсэн. Энэ шоуны хамгийн гоё зүйл, үр өгөөж нь юу гэхээр монголчууд хүмүүсийг хуурамч дүр төрхгүйгээр харж, анхны сэтгэгдлээрээ хүлээн авч байна. Тиймээс амьд шоу гэж болно. Шоуны хувьд гайхалтай. Олон найзтай болсон. Мөн хэзээ ч төсөөлж байгаагүй дүрүүдэд хувирч байна. Ингэх нь надад маш сонин содон, сонирхолтой байгаа.

Хүний амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Салж, нийлэх асуудал тулгардаг. Би охинтойгоо уулзаагүй гурван жил болжээ. Уулзмаар л байна. Нэг өдөр бурхан ивээж, уулзуулах байх аа.

-Та Эдит Пиаф, Элтон Жон гээд дэлхийд алдаршиж, домог болсон уран бүтээлчдийн дүрд хувирсан. Тэдгээрээс хамгийн мартагдашгүй мэдрэмж төрүүлсэн, эсвэл хамгийн хэцүү дүр нь хэн байсан бэ? 
-Эдит Пиафын дууг хаа нэг сонсохдоо “Үгүй мөн сонирхолтой дуулдаг хүн шүү” гэж боддог байснаас биш хэзээ ч энэ мундаг хүний дүрд хувирч, дууг нь дуулна гэж бодож байсангүй. Ноён Элтон Жоныг хар багаасаа л сонсож өссөн. Тэр бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн идэвхтэй карьертэй явж байгаа дуучин. Түүний байгуулсан өндөр амжилтыг хэн ч эвдэж чадаагүй. Энэ мэтчилэн өөрт таарсан уран бүтээлчийнхээ дууг тайзан дээр дуулахын сацуу намтартай нь танилцах маш гоё.

Энэ цаг үед маш том урсгалд тооцогдож буй K-Pop-ийн хааныг дуурайх нь тун чиг сонирхолтой шийдэл байсан. Кимчи гэх мэтчилэн хэдэн Солонгос хоолны нэрнээс цаашгүй надад үгийг нь цээжилж, дуурайна гэдэг том даваа байлаа. Тэр дундаас хамгийн хэцүү дүр нь П.Адарсүрэн гуай байсан. Тэр хүний алдар нэр, хийсэн бүтээсэн бүх уран бүтээл хүн бүрийн зүрх сэтгэлд хоногшсон байдаг хэрнээ сошиал ертөнц, Youtube-т видео, клип, бичлэгүүд нь ховор юм билээ. Түүнээс гадна тэр мундаг хүний дуу хоолой бурхнаас заяасан цор ганц өгөгдөлтэй. Дуурайх гэж нэлээд оролдсон. Яагаад ч болохгүй юм билээ. Өнгөцхөн сонсоход хэн ч дуурайчихмаар юм шиг тийм нэг эгшиглэнтэй хоолойтой. Гэхдээ нарийн задалбал хэн ч дуурайх боломжгүй.

Шоунд оролцоод өөрийгөө нэг биш, нэлээд олон удаа нээлээ

-Энэ шоуны ялагч болно гэсэн итгэл хэр их байна вэ? 
-Энэ бол тэмцээн биш. Зүгээр л маш сонирхолтой байлгахын тулд хүмүүст тэмцээн юм шиг харагдуулж байгаа юм. Хамгийн гол зорилго нь үзэгчдэд урлагийн гоо зүйн мэдрэмж өгөх, хөгжмийн боловсрол олгох, тухайн алдартай уран бүтээлчийг таниулах юм. Жишээлбэл, Эдит Пиафын амьдралаас би юу олж харсан гээч. Түүний амьдралд эмэгтэй хүнд тохиож болох бүхий л зовлон зүдгүүр тулгарсан боловч хэзээ ч зорилгоосоо няцаагүй.

-Хагас шигшээ тоглолтын шүүлтийн явцад шоуны эхний улирлын тэмцээний шүүгч, одоо бол оролцогч Г.Ганхүү “Мээдээ ер нь “Камертон” хамтлагт дарагдаад байсан юм биш үү, эсвэл анхнаасаа буруу хамтлагт орчихсон ч юм уу” гэж хэлсэн. Үүнтэй та хэр санал нийлэх вэ? 
-Миний гурван найз үнэхээр сод авьяастай. “Камертон” хамтлагийн маш олон хит дуу байдаг. Тэдгээрийн дийлэнх хувь нь манай гурвын дуунууд байдаг юм. Сод хүмүүс учраас манай Д.Болд Төрийн шагнал хүртсэн. Ганаагийн уянгалаг, Эбагийн баргил хоолойг гүйцэх эрэгтэй дуучин одоо болтол гарч ирээгүй л байна. Ийм мундаг залуустай нэг цаг үед, “Камертон” гэсэн далбаан дор амьдарч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг. Ийм авьяаслаг, мундаг залууст би дарагдахгүй гээд яах билээ.

-Сүүлийн хоёр дугаараас харахад рок дуучин болбол таньд зохимоор санагдсан. Цахим ертөнөөр ч, шүүгчдийн амнаас ч ийм санаа гарч байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ? 
-Монголд Rammstein стилтэй рок хамтлаг ховор. Тиймээс манайхан рок дуу ойлгохгүй байх даа гэж бодож байтал цочир сонин хүлээж авсан шүү. Рок дуулна гэж хэзээ ч бодож байгаагүй. Энэ шоунд орсноор өөрийгөө нэг биш, нэлээд олон удаа нээлээ. Сүүлдээ баримжаагаа алдаад, “Би хэн бэ” гэж өөрөөсөө асуухад хүртэл хүрсэн. Гэхдээ энэ бүх нээлтүүд цаашид манай хамтлагийн болон миний уран бүтээлд тусгал үзүүлэх байх.

-Таван сая төгрөгөөр шагнуулсны дараа өмнөх эхнэр тань фэйсбүүктээ “Хүүхдийн тэтгэмжийн мөнгөө нэг сар ч өгч үзээгүй хүн сайн үйлсэд зарцуулах юм гэнэ” гэж бичсэн байсныг сайтууд шүүрч аваад цацсан байсан. Үүнд та тайлбар өгөхгүй юү? 
-Хүний амьдрал эрээнтэй, бараантай шүү дээ. Салж, нийлэх асуудал тулгардаг. Би охинтойгоо уулзаагүй гурван жил болжээ. Уулзмаар л байна. Нэг өдөр бурхан ивээж, уулзуулах байх аа. Одоо 10 настай, миний охин. Уг нь энэ бол хувийн асуудал. Гэхдээ би нуухгүй ээ. Угаас бидний амьдрал бүх хүний нүдэн дээр ил байдаг юм хойно. Мөнгө төгрөгтэй холбож яриад яахав. Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү гэж л хэлье дээ.

-Шоуны тухай яриагаа ингээд дуусгая. “Камертон” хамтлагийнхан хувь хувьдаа бизнес эрхэлдэг. Таныг барилгын салбарт ажиллаж байгаа гэж сонссон. Ямар бизнес эрхэлж байна вэ?
-Зөвхөн урлаг гээд гүйлдээд байж болохгүй. Хажуугаар нь зайлшгүй ажиллаж, хөдөлмөрлөх үүрэгтэй. Миний хувьд яг одоо барилгын материалын үйлдвэрлэлийн бизнесийн салбарт ажиллаж байна. Нэгэн компанид худалдаа болон сурталчилгаа хариуцсан захирлаар ажилладаг.

-Өнөр гэр бүлд өсөж торнисон гэсэн. Гэр бүлийнхнийхээ тухай ярихгүй юу. Тань шиг урлагийн хүн танайхан дотор бий юү? 
-Манайх аав, ээжтэйгээ арвуулаа. Яг л гарын арван хуруу шиг. Уг нь есөн хүүхэдтэй айл байсан. Харамсалтай нь, хамгийн бага дүүгээ жаахан байхад нь өвчний улмаас алдчихсан юм. Гэхдээ ах дүү наймуулаа, аав, ээжтэйгээ элэг бүтэн, үнэхээр аз жаргалтай өсөж торнисон. Манай гэр бүл хайр энэрлээр дүүрэн байсан. Би л лав одоо хүртэл манайх шиг тийм гэр бүлийг хараахан хараагүй л явна. Миний аав Сүхбаатар аймгийнх. Бид дарьгангачууд юм шиг байгаа юм. Аав минь төмөр замд хариуцлагатай алба хашиж, эх орныхоо төлөө эцсээ хүртэл зүтгэсэн хүн.

Манайх шиг халуун дулаан гэр бүлийг хараагүй л явна

Бидний эрхэм хүн одоогоос 16 жилийн өмнө өвчний улмаас өөд болсон доо. Миний ээж Өвөрхангай аймгаас гаралтай. Гэхдээ өөрийгөө Сэлэнгийн Тужийн нарсанд төрсөн гэж яриад байдаг юм. Ээж холбооны инженер мэргэжилтэй. Одоо Сэлэнгэ аймагт аж төрдөг. Ач, зээ нараа тойруулаад, бидэндээ түшиг болоод л яваа. Ах, дүү нарын тухайд дөрвөн эрэгтэй, дөрвөн эмэгтэй. Аав минь бүх хүүхдээ өөр мэргэжилтэй болгоно гэж ярьдаг байсан юм.

Тэгсэн одоо бүгд аавын хэлснээр өөр өөр мэргэжилтэй. Хуульч, эмч, багш, инженер, санхүүч гээд л. Харин би ганцаараа урлагийн салбарынх. Гэхдээ миний том ах гитар тоглодог. Хүмүүст хэлбэл итгэх болов уу. Монголын хамгийн мундаг гитарчин, Хурд хамтлагийн Д.Отгонбаяр ахад ах маань гитар зааж өгч байсан юм шүү дээ. Миний дараах хоёр охин дүүг аав чикист (тагнуулч) болгоно гэж ярьдаг байсан. Аавын мөрөөдөл нь байсан шиг байгаа юм. Хэрэв аав минь амьд сэрүүн байсан бол хоёр дүүгийн нэг нь лав тагнуулч болчих байсан байх шүү.

-Хар багаасаа л урлагийн замыг сонгосон. Магадгүй урлагт хөл тавиагүй бол өөр ямар мэргэжилтэй болох байсан бол. Энэ тухай бодож байсан уу? 
-Би долоон настайгаасаа Хөгжим бүжгийн коллежид сурсан. Аав, ээж, багш нар маань чиний ирээдүйн мэргэжил тодорхой. Сонголт байхгүй, хөгжимчин болно гэж хэлдэг байсан. Ийм л амьдралаар би урлагийн хүн болж хүмүүжсэн. Урлаг бусдаас өөр сэтгэлгээтэй болгодог. Хөгжим бүжгийнхний хүүхэд насны амьдрал яг ижил өнгөрсөн. Завгүй, завгүй, бас дахин завгүй. Энгийн сургуульд сурдаг хүүхдүүдэд өвөл, зуны амралт байдаг бол бидэнд тийм амралт байдаггүй. Жилд нэг удаа л амарна. Яг энэ хэмнэлээр явсаар байгаад хамтлаг байгуулж, өнөөг хүртэл явж ирлээ. Хааяа гэртээ хийх юмгүй зүгээр суухаар нэг л амьдралгүй, утгагүй болчихсон юм шиг, аймар санагддаг.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу. Эхнэртэйгээ анх яаж танилцсан бэ? 
-Миний эхнэр одоо тулгар биетэй байгаа учраас хэл амнаас жаахан эмээж байна. Тиймээс дараа нэг өдөр гэр бүлээ танилцуулахад татгалзах зүйлгүй. Ер нь Мээдээ ямар хүнтэй суугаад, яаж амьдарч байна вэ гэвэл, маш аз жаргалтай байгаа гэж хэлмээр байна. Би эхнэртэйгээ санаандгүй явж байгаад танилцсан. Тухайн үед хань минь гэж хараагүй. Ямар хөөрхөн охин бэ л гэж харж байсан. Хоёр жил үерхээд охинтой болсон. Миний охин одоо дөрвөн настай. Ерөөс хүний амьдралд олон зүйл хэрэггүй гэж боддог. Сэтгэл амар амьдрал гэдэг хүний амьдралын хамгийн сонгодог хувилбар.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Бямбасүрэн

Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Мөөгий (June 02, 2017 11:18:03 am )

    Мундаг, маш мундаг залуу шүү. Нүдэнд дулаахан, сайхан дуулдаг, бас чамгүй авъяаслаг. Эрхэм дүүд урлагийн өндөр амжилт, ар гэрт тань үргэлж гэрэл гэгээ цацарч байхыг ерөөе.

  • иргэн (June 02, 2017 12:27:17 pm )

    80 саяын уналтанд 3 аа ёстой унаж өгсөн шүү. Уг нь өөрсдийх нь ухаанд тааруулж хялбар асуулт тавьсан юм шиг. Даан ч юм мэддэггүй нөхдүүд байна лээ.

  • mvbbm (June 02, 2017 5:57:44 pm )

    bayr hurgie.mundag shu.odoo l neg zayaniha hania amidrala olson hunii yria bnda zuv hu.neere l hunii amidrald mungu chuhal bsh shude.amar taivan az jargaltai amidral l heregtei.amjilt Meede

  • Anonymous (June 02, 2017 8:07:38 pm )

    НОГООН МЭЭДЭЭ САНАСНЫГ БОДВОЛ ЯАХВЭ, ГЭХДЭЭ ХООЛОЙ МУУ

  • Anonymous (June 02, 2017 9:03:06 pm )

    Мээдээд амжилт хүсье. Мундаг юм байна лээ.

  • Оогий (June 02, 2017 9:04:52 pm )

    Мээдээ гаргасан дүр болгондоо эзэн нь байж чадсан мундаг юм билээ. Амжилт хүсье.

  • demjigch (June 03, 2017 8:05:11 am )

    negjnii zeelee abaad 1 sanal nemerlesen shoo egch ni amjilt chi chadnaa

  • enhee (June 04, 2017 11:20:53 am )

    tenegyunuudduuljchadahgvibaihad

  • zochin (June 09, 2017 4:20:04 pm )

    Mundag zaluu.

  • зЗочиночинзочи (June 12, 2017 8:05:11 pm )

    Төлөвхөн зантай авъяаслаг, сайхан хүү. АЖИЛ АМЬДРАЛД НЬ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.

antalya rent a car