Улаанбаатарыг дэлхийн анхаарлын төвд оруулаад байгаа нэг асуудал бол утаа. Онц аюултай хэмжээнд хүрсэн учраас дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааралдаа авч, манай улсын удирдлагуудад сануулсаар байгаа юм билээ. Бүр Холливудынхан утааны гамшгийн тухай кино хийхээр манай улсад ирэх сураг байсан. Үүнийг дэлхийн анхаарлын төвд орсон гэхгүй өөр юу гэх юм.
Сүүлийн жилүүдэд эрх баригчид утаанаасаа салахын тулд зуу зуун тэрбумыг цацаж байгаа. Тэгсэн хэр нь утаа улам л ихэссэнээс багассан юм алга. Гэхдээ эрх баригчид эртнээс нааш Улаанбаатарын хамгийн ноцтой асуудал утаа болохыг мэдэж байсан гэж хардмаар байгаа юм. Учир нь одоогийн УИХ-д байгаа гишүүд үүнээс өмнө байсан нь, түүнээс өмнө байсан гишүүд ч, үе үеийн нийслэлийн Засаг дарга нар Улаанбаатарын хүн амыг 550-600 мянгаас хэтрүүлж болохгүй гэдгийг мэдэж байсан. Утааны асуудал ярихаар л тэд Улаанбаатарын хүн амын ачаалал нэмэгдсэнтэй холбож тайлбарладаг.
Хүн амын тоо хэд байх ёстой гэж захисныг ч хэлдэг. Тэгсэн хэрнээ аль эрт Улаанбаатарын хүн амын тоог хязгаарлах, хэт ихэссэн нийслэлийг зорих нүүдлийг зогсоох талаас нь огт арга хэмжээ аваагүй. 2000 оны үед Улаанбаатарт шилжиж ирж байгаа айлын нэг хүнээс гэхэд 60-70 мянган төгрөг авдаг байсан. Тухайн үеийн 70 мянган төгрөг гэдэг бас ч гэж их мөнгө. Тийм болохоор 7-8 ам бүлтэй айл хот руу шилжиж зүрхэлдэггүй байсан. Энэ бол Улаанбаатарт хэт их төвлөрөл үүсэхээс бяцхан ч гэсэн сэргийлж байсан байх. Гэтэл сүүлдээ бүх дарга нь иргэдээ Улаанбаатарт ирэхийг уриалах шахсан. Өнөөх хураамжаа улам нэмэх байтал бүр байхгүй болгосон. Энэ нь цаанаа баячууд, эрх мэдэлтнүүдийн улам баяжих гэсэн алсын хараа байсан болов уу. Яагаад ингэж хардаж байгаагаа багахан тайлбарлах гээд үзье.
Эхний жишээг дээр дурьдсан. Хүний амын тооны талаар. Нөгөө талаар дарга нар өвлийн хотуудын асуудал яаж хурцдаж, утаанаас болж хэрхэн хордож байсныг ч судалсан байх. Одоо ч судалсаар байгаа юм гэсэн. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн хотуудын иргэд 10, 15 жилийн дараа бүгд уушигны өвчтэй болж байсан тухай мэдээлэл цахим сайтуудаар дүүрэн байгаа. Тэр хэрээрээ тухайн улс орнууд, хотуудад уушгины эмч, эмнэлэг жинхэнэ “бурхан” болсон юм.
Манай хотын иргэдийн ихэнх нь 10, ихдээ 15 жилийн дараа уушигны өвчтэй хүмүүсийн арми үүсгэх нь тодорхой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч гэсэн анхааруулсан. Тэр дундаа дөнгөж төрөөд утаагаар амьсгалж эхэлсэн бяцхан хүүхдүүд ид насанд хүрэх үедээ уушигны өвчний улмаас эд хөрөнгө, цаг зав, эрүүл мэндээрээ хохирох болох нь. Жилдээ Улаанбаатарын хэмжээнд 20-25 мянган хүүхэд төрдөг гэж тооцвол сүүлийн 4-5 жил төрсөн хүүхдүүд 100 мянга хол давсан уушигны өвчтэй иргэдийн армийг үүсгэж таарах нь.
Гэтэл эрх баригчид утаанаас салах гэж нэг их яарахгүй л байна. Уг нь төлөвлөгөөний дагуу бол одоо эрх баригчид утаанаас нийслэлээ салгаад уушигны том эмнэлгүүдийг 2, 3-аар нь барих цаг болсон юм биш үү. Та нарын утаагаар хордуулах төлөвлөгөө чинь үнэхээр амжилттай хэрэгжлээ. Одоо дараагийн төсөл буюу иргэдийн мөнгийг хуу хамах хүч чадалтай мөнгөний машин болох уушигны эмнэлгүүдээ барьж эхлээч дээ. Энэ чинь баяжих нэг арга шүү дээ. Нөгөө талаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалсан баатар болно. Сайхан биш гэж үү.
Н.Пунцагболд

Холбоотой мэдээ
Comments are closed.