Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бэлтэй хөрөнгөтнүүдийн өмнө хүчин
мөхөстөж байсан Хан-Уулын иргэдийн талд гарчээ. Тэд юуны төлөө хууль шүүхдээ хүрсэн хэрэг вэ. Өнөөдрийн идэх талх, эсвэл өндөр дээд албан тушаалын төлөө зүтгэсэн юм биш. Ердөө л Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийнхээ төлөө ийн жил гаруй тэмцсэн.
Чингисийн өргөн чөлөө бидний нэрлэж заншсанаар Энхтайваны гүүр даваад 120-ийн автобусны буудал орчимд хэн ч харсан нүд булаам хэсэгхэн газар байсан юм. Хүүхэд чөлөөтэй гүйж, хөгшид нарлан машин тэрэгнээс айх аюулгүй амар тайван байж болдог тэр хэсэгхэн газрыг нь тойруулж өнгөрсөн хавар “Алтай констракшн” компани өндөр хашаа босгоод мод бутыг нь хайр найргүй сугалж, хугалан газрын хөрсийг орвонгоор нь эргүүлж эхэлсэн.
Орчин үеийн олон давхар тансаг зочид буудал барих гээд сүүлчийн ногоон байгууламжийг нь сүйтгэсэн “Алтай констракшн”-ын даварсан үйлдлийг зогсоохыг Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэд хотын даргад хандсан. Учир нь энэ газрыг хотын даргын зөвшөөрлөөр 2005 онд иргэн Х.Бат-Эрдэнэд, 2010 онд “Алтай констракшн” ХХК-д эзэмшүүлэхээс өмнө мод бут сөөгтэй, явган хүний зам, хайс бүхий ногоон байгууламж байсан. Тиймээс нийтийн эзэмшлийн талбай бүхий газрыг бусдад эзэмшүүлж, зориулалтыг нь өөрчлөх зөвшөөрөл олгосон нь үнэн хэрэгтээ тухайн хорооны иргэдийн хууль ёсны эрх ашгийг хөндөж буй хэрэг хэмээн хатуухан шаардсаны эцэст юутай ч хотын дарга захирамж гарган “Алтай констракшн”-ын нэр дээр байсан газрын зөвшөөрлийг цуцалсан.
Гэвч өндөр зэрэглэлийн зочид буудал босгочихоод гадна дотныхны хэтэвчийг тэмтэрнэ хэмээн тооцоолж байсан эздэд энэ шийдвэр мэдээж таалагдахгүй. Таалагдахгүй байгаагаа ч тэд тэр дор нь илэрхийлж, нийслэлийн Засаг даргыг шүүхэд өгсөн юм. Анхан шатны шүүх хотын даргын шийдвэр буруу хэмээн үзэхдээ “Алтай констракшн” барилга барихаар хотын ногоон байгууламжийг сүйтгэлээ гээд тухайн хорооны иргэдийн эрх ашиг юугаараа хөндөгдөөд байгааг ойлгохгүй байна гэж толгой сэгсэрсэн байгаа юм. Ойлгохгүйдээ биш зүгээр л ойлгохыг хүсээгүйдээ ямар нэгэн нотлох баримтгүйгээр, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь үнэн хэрэгтээ мөнгө хөрөнгөөр далайлгасан хувийн компанид үйлчилжээ гэж үзэхээс аргагүйд хүргэсэн.
Гэхдээ иргэд энүүхнээр тэмцлээ дуусгахыг хүсээгүй учир давж заалдаж ялж ялагдаж нэг үгээр хоёр гурван шатны шүүхээр орчихоод байгаа. Хамгийн сүүлийнх нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Алтай констракшн”-ын нэхэмжлэлээр хуралдаж шийдвэр иргэдийн талд гарсан юм. Уг шийдвэрт “Нийслэлийн Засаг даргын 2005 оны наймдугаар сарын 26-ны 348 дугаар захирамжийн иргэн Х.Бат-Эрдэнэд болон 2010 оны нэгдүгээр сарын 25-ны 54 дүгээр захирамжийн “Алтай констракшн” ХХК-д холбогдох хэсэг нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангаагүй бөгөөд энэ нь гуравдагч этгээдүүдийн хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ” хэмээн тов тодорхой заажээ.
Гуравдагч этгээд гэдэг нь эрх ашгаа хөндүүлэн амьсгалах агаар, гишгэх газар, нарлах талбайгаа хувийн компанид дээрэмдүүлсэн иргэдийг хэлж буй юм. Өөрөөр хэлбэл, Х.Бат-Эрдэнэ гэж эзэн хөрөнгө мөнгө, танил талаараа далайлган Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэдийн нийтийн эзэмшлийн газраас 9000 ам метрийг “Алтай констракшн” компанийнхаа нэр дээр болгож улмаар тэндээ орон сууц, зочид буудлын том цогцолбор барихаар ажлаа эхлээд байсан юм. Ингэж өөрийн болгохдоо хууль зөрчсөн хэрнээ өмч хөрөнгөнд нь халдаж, газар олгосон захирамжаа хүчингүй болгосон хэмээн хотын удирдлагуудыг буруутгаж бас болоогүй Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн төлөө тэмцсэн иргэдийг ч үл ойшоосныг Захиргааны хэргийн шүүх тогтоож шударга шийдвэр гаргасанд хан-уулынхан тун баяртай байгаа юм.
Энэ газрыг Х.Бат-Эрдэнэ өөрийн болгохдоо ямар арга хэрэглэснийг мэдэхгүй ч захирамж гарган гарын үсэг зурж зөвшөөрөл олгосон хотын дарга нар ч хууль зөрчсөн. Яагаад гэвэл хэдийгээр нийслэлийн Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ газрыг мэдэх эрхтэй ч Монгол Улсын Үндсэн хуульд заасан үзэл баримтлалын дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хувьд нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагддаг ч нийслэл, дүүргийн аль аль нь өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор байна.
Тиймээс дүүргийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхэд нийслэл оролцох ёсгүй бөгөөд харин үүнтэй уялдуулж Газрын тухай хуульд дүүргийн газар нь нийслэлийн газарт харьяалагддагийн хувьд түүнийг эзэмшүүлэх бүрэн эрх нь нийслэлийн Засаг даргад хадгалагдах боловч нөгөө талаас уг газар нь дүүргийн газар байхын хувьд тухайн дүүргийн Засаг даргын саналыг заавал авсан байх ёстойгоор хуульчилсан байдаг. Гэтэл “Алтай констракшн”-д олгосон газрын хувьд дүүргийн Засаг даргын саналыг аваагүй. Дүүргийн төлөвлөлтөөр энэ газарт ард иргэд аятай тухтай амарч болох цэцэрлэгт хүрээлэн хийхээр тогтсон байж.
Гэтэл юун цэцэрлэгт хүрээлэн. Хэтэвчний зузаанаар далайлгасан хөрөнгөтний мэдлийн том буудал, өндөр үнэтэй орон сууц сүндэрлэж, жирийн иргэдэд гишгэх газар улам хомсдохоор байсныг шүүхийн шийдвэр зогсоолоо. Хуулийн өмнө хүн бүгд эрх тэгш гэдгээр жирийн иргэдийн эрх ашгийн төлөө шүүх шийдвэр гаргаж чаддагийг тэд нотолсон юм. Хан-Уулын иргэд хамгийн гол нь тэдний төлөө уйгагүй явсан, хуулийн өндөр мэдлэгтэй өмгөөлөгч З.Сүхбаатар, Ц.Нарангэрэл нартай ажилласны хүчинд шүүхэд өөрсдийгөө зөвөөр ойлгуулж чадсан хэмээн баярлаж байна билээ.
Бэл мөнгө, эрх сүрийн өмнө хүчгүйддэг жирийн иргэд ямартай ч энэ удаа ялжээ.
Б.Ундрал NUUTS.mn™
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 16, 2012 11:41:22 am )
Mongoliin neg huwiin baiguullaga ingeed heden zuun terbumaar shataj bh gejdee. Gazriin zahiramjaa tsutsaldag ene Monhbayar n ooroo huulia zorchood bga yum bishuu? Ooroo gazraa olgochihood ooroo tsutsalj baidag. Mongol hezee hogjino Singapore, Hong-Kong-g haraldaa duuren l ondor ondor barilga l baidag biz dee
1 Comment