УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхантай ярилцлаа.
–Хүний хөгжил сангаас өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн асуудал нийгэмд бараг хүлээлт үүсгэчихээд байна. Засгийн газрын зарим гишүүд цагаан сарын өмнө амжина гэсэн мэдээллийг өгсөн?
Эхлээд УИХ-ын 39-дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах ёстой. Яагаад гэвэл Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааны арван хувийг иргэдэд үнэ төлбөргүй олгоно гэж заачихсан. Харин арван хувийг нь үндэсний аж ахуйн нэгжүүдэд анхны нэрлэсэн үнээр олгохоор 39-дүгээр тогтоолд бий. Гэтэл өнөөдөр аж ахуйн нэгжид олгох арван хувийг ард иргэдэд өгөх тогтоолын төслийг зарим гишүүд өргөн бариад хэлэлцэж байна. Мөн хувьцааг иргэдийн сонголтоор олгохоор хэлэлцэж байгаа. Иргэд хувьцаа эсвэл бэлэн мөнгө авах эсэхээ өөрсдөө шийднэ. Хэрэв хувьцааны оронд нэг сая төгрөг авна гэвэл хувьцаагаа үндэсний аж ахуйн нэгжүүдэд зарж, үүгээр дамжуулан компаниуд ч мөн хувьцаа эзэмших боломжийг бүрдүүлж байгаа юм. Тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг энэ чуулган завсарлахаас өмнө зайлшгүй шийдэх ёстой. Энэ жилийн төсөвт 334 тэрбум төгрөг суулгаж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр өгөх гэж байна.
-Нэгэнт төсөвт мөнгө нь суусан. Харин яг хэзээ өгч эхлэх вэ гэдгийг сонирхоод байна л даа?
-39-дүгээр тогтоолд өөрчлөлт орж байж өгнө.
-Сар шинийн өмнө олгогдох боломжтой юу?
-Энэ долоо хоногт 39-дүгээр тогтоолд өөрчлөлт орлоо гэж бодъё. УИХ-ын шийдвэр гарлаа ч Засгийн газар бэлэн мөнгө гаргах журам энэ тэр гээд олон асуудлаа цэгцэлнэ. Ингэсээр байтал цагаан сар тулчихна. Тийм болохоор сар шинийн өмнө нэг сая төгрөг олгоно гэдэгт миний хувьд итгэлгүй л байна. Олгох зорилтыг Засгийн газар тавих байх л даа. Гэхдээ цагаан сарын дараа бидэнд амьдрал бий шүү дээ.
-УИХ-аас л шийдвэр гаргачихвал иргэдэд нэг сая төгрөг өгөхөд бэлэн байна гэж ЗГХЭГ-ын дарга Ч. Хүрэлбаатар ярьсан байна. Тийм боломж бий юу?
-Боломжтой шүү дээ. 2.7 сая хүн бүгдээрээ бэлэн мөнгө авахгүй гэдэг нь тодорхой. Тухайлбал оюутнууд1.5 сая төгрөг аваад бараг дуусч байгаа байх. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх мөнгө нь суучихаад байна. Харин үлдэж байгаа нь бэлнээр авъя гэвэл хувьцаагаа зараад хөрөнгө босгочих боломж бий. Бүр болохгүй бол Засгийн газар өөр эх үүсвэрээс хөрөнгө гаргаж, мөнгийг нь олгох учиртай.
-Өөр эх үүсвэр гэхээр өнөөх л хүүтэй урьдчилгаа зээл үү?
-Урьдчилгаа, бонд гээд олон суваг байна. Гэхдээ Монголчууд нэг зүйлийг ойлгох ёстой. Нэг сая төгрөгийг аваад өнөөдөртөө л дуусгана. Харин хувьцаа авчихвал насан туршдаа ногдол ашиг авна. Өөрөөр хэлбэл нэг удаа биш нэлээн хэдэн удаа сая төгрөг авах юм. Тийм болохоор Монголчууд бүгдээрээ нэг сая төгрөг авъя гэж хэлэхгүй байх. Ирээдүйгээ бодсон хүн бэлэн мөнгө биш хувьцаагаа авъя л гэж хэлнэ. Тавантолгойн хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр гараад ашгаа өгөөд эхэлвэл жилд хоёр эсвэл арван сая төгрөгийн ашиг өгөхийг хэн байг гэх юм бэ. Мөн энэ хувьцааг өвлүүлэх боломжтой зүйл. Манай улс зах зээлд шилжээд 20 гаруйхан жил болж байна. Бидэнд өв хөрөнгө байдаггүй. Магадгүй энэ хувьцаа бидний өв залгамжлуулсан хамгийн эхний хөрөнгө болох байх гэж харж байна.
УИХ-ын чуулган өнөөдөр завсарлана. Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо олон асуудлыг намрын чуулганы хугацаанд батлуулахаар яаравчлан хэлэлцэж байна. Цаг хугацааны хувьд амжихаар байгаа юу?
-Чуулган завсарлах хууль ёсны хугацаа өнгөрсөн байна. Гэвч зайлшгүй шийдэх асуудлууд байгаа тул хугацаа сунгаж хуралдаж байгаа. Энэ хугацаанд НББСШУ-ны байнгын хороонд холбогдолтой хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тэтгэврийн зөрүү арилгах хууль. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан 80 гаруй мянган ахмад, түүнээс хойш гарсан ч өмнөх жишгээр тэтгэвэр тогтоолгосон мөн 80-аад мянган хүн байдаг. Нийт 160 гаруй мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилгах талаар манай Байнгын хорооноос дэмжлээ. Маргааш /өнөөдөр/ чуулганы нэгдсэн хуралдаанаар орно.
-Тэтгэврийн зөрүүг арилгахад хичнээн төгрөг төсөвт суулгах шаардлагатай юм бэ?
-Нийт 67 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Гэхдээ энэ мөнгийг 2012 оны улсын төсөвт суулгасан. Тиймээс хууль нь гарвал хэрэгжээд явахад бэлэн. Намрын чуулган завсарлахаас өмнө батална гэдэгт найдаж байна.
-Хууль батлагдсанаар тэтгэвэр авагчдад яг хичнээн төгрөгийн нэмэгдэл очих юм бэ?
-Нарийн асуудлыг нь Засгийн газар гаргана. Бидний хийсэн тооцоогоор 25-50 мянган төгрөгийн хооронд нэмэгдэх болов уу. Их тэтгэвэр авдаг бол арай татуу, бага тэтгэвэртэй ахмадууд илүү ахиу хэмжээгээр нэмэгдэнэ.
-Энэ чуулганаар хэлэлцэж амжаагүй хичнээн хууль танай Байнгын хороон дээр үлдсэн бэ?
-Манай байнгын хороон дээр хүлээгдэж байгаа 20 орчим хууль байна. Тэдгээрийг завсарлагааны үеэр сайн бэлдэнэ. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль. Энэ хуулийн төслийг баталчихвал эрүүл мэндийн салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлж, санхүүжилтийг нь шийдэж байгаа юм. Нөгөө талаар өндөр өртөгтэй эмчилгээ, хагалгаа хийлгэлээ гэхэд зардлынхаа нэг хэсгийг энэ сангаас олгож байх чиглэлийн асуудал байгаа учраас яаралтай баталж гаргах ёстой байсан. Хугацаа хожимдож байна. Дараагийн чуулганы эхэнд батлуулахаар зорьж байна.
-НББСШУ-ы байнгын хороо 20 орчим хуулийг хэлэлцэж амжилгүй хаврын чуулган руу шилжүүлж байна. Гэтэл сонгууль ойртох тусам эдгээр хуулиуд дээр гацаа үүсэх магадлал өндөр. Тэр тусмаа танай Байнгын хороон дээр голлон хэлэлцдэг нийгмийн, халамжийн чанартай хуулиудыг сонгуулийн пиар гэж харах байх. Тиймээс хаврын чуулганыг хүлээсэн хуулиуд энэ парламентад батлагдана гэсэн итгэл байна уу?
-Хуулиуд сайн явах эсэх нь зөвшилцлөөс хамаарна. Тиймээс хоорондоо хэл амаа олох ёстой. Төрийн албыг сонгуультай холбох хэрэггүй. Ямар сонгуульд зориулан гаргаж байгаа хууль биш. Нийгэмд зориулж байгаа. Мөнгө суулгахгүйгээр хууль гарна гэж байдаггүй. Тиймээс хуулиудыг сонгуультай холбох ёсгүй юм. Аливаа асуудал хоёр талтай. Хэрэв сонгуультай холбъё гэвэл ямар нэгэн сэжмээр нийлүүлээд байж болно. Харин төрийн ажил гэдэг талаас нь харвал холбогдохгүй. Тиймээс гишүүдийн үзэл бодлоос л хамаарна. Миний бодлоор гишүүд суурь тэтгэвэр, иргэний эрүүл мэндийн даатгал гэх мэт хуулиудыг сонгуультай холбож харахгүй болов уу. Хэн юу гэж үзэх нь тухайн гишүүний бүрэн эрхийн асуудал. Шийдэгдвэл сайн л байна, үгүй бол дараагийн парламент хэлэлцээд явна.
С.Энхзаяа
Холбоотой мэдээ
Comments are closed.