
Иргэд, олон нийт 100 айл дахь барилгын материалын захыг нүүлгэх асуудлыг төр засагтаа тавиад өчнөөн жилийн нүүр үзлээ. Тэдний хувьд бараа бүтээгдэхүүнээ хайж цаг гарздалгүй, олон улсын барилгын томоохон худалдааны төвүүдийн жишгээр төрөлжүүлсэн үйлчилгээг тав тухтай орчинд нэг дороос авах боломжтой тийм л захыг хүсч байгаа юм. Харамсалтай нь нийслэлчүүдийн гол үйлчлүүлдэг барилгын материалын төв болох 100 айл орчимд ийм үйлчилгээ алга. “100 айл” орчмын томоохон худалдааны төв, дунд зэргийн болон жижиг дэлгүүрүүдэд нийтдээ 1100 гаруй түрээслэгч хувь хүн, байгууллага худалдаа хийж байна. Үүнээс гадна нийт 102 жижиг үйлдвэр тус газарт үйл ажиллагаа явуулж байна.
Өөрөөр хэлбэл, тус зах нь 32-ын тойрог хүртэлх зам дагуу нийт 1.6 км урттай газарт чихцэлдэн байрлаж байна гэсэн үг юм. Өнгөрсөн жилүүдэд барилга ихээр баригдаж, барилгын материалын зах ч тэр хэрээр борлуулалт, эргэлт сайтай байлаа. Цаашдаа ч энэ байдал хадгалагдана. Түүнчлэн тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг лангуу түрээслэгчид өөрсдийнхөө агуулах савыг ойр орчмын айлуудын хашаанд тавьдаг тухайгаа хэлж байсан. 100 айлын нийт худалдааны төвийн талбайн хэмжээ 58,697 м.кв байгаагаас худалдааны барилгын талбайн хэмжээ 33,385 м.кв байна. Эндээс ашигтай талбайн буюу түрээслэх боломжтой талбай хэмжээ ердөө л 27,263 м.кв. Мөн дээрх 1.6 км газарт 6.272 м.кв талбай бүхий агуулахууд байрлаж буй бөгөөд тал хүрэхгүй хувь нь ашигт талбай, 10 орчим хувь нь агуулах аж.
Энэ бүхнээс үүдэж иргэдийн эрүүл мэндэд заналхийлж буй хөрсний бохирдол үүсч буй юм. Хэрвээ үүнийг үгүй болгоё гэвэл байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулж буй хөөс, цементийн дэлгүүрүүдийг захаас нэн тэргүүнд нүүлгэх хэрэгтэй гэж иргэд үзэж байна. Гэтэл эрх баригчид дорвитой арга хэмжээ аваагүйн улмаас тус захын эргэн тойронд өндөр, өндөр худалдааны төвүүд сүндэрлэн босч тус хавьд амьдардаг олон мянган иргэний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлжээ.
Манай сонин тус захтай холбоотой цуврал нийтлэлүүдээ хүргэж байхад ойр орчмын иргэд нэг л зүйлийг давтан хэлж байсан юм. Тэдний хэлснээр замбараагүй газар олголтоос болж байнга тоосонцроор амьсгалж, үүнээс үүдэн агаар дуслын замын олон өвчин тусч эхэлсэн гэжээ.
Одоо тэгвэл гарц шийдлээ хайя. Үнэндээ манайх шиг хотынхоо төвд зэрэглэл хамгийн өндөртэй газартаа барилгын материалын бөөний цэгээ байгуулчихсан улсын нийслэл хаана ч үгүй. Тус газрыг хотын төвийн А зэрэглэлийн бүс гэж нэрлэдэг хэрнээ гэр хороолол, дугуй засварын газар, барилгын материалын захаар дүүрчихсэн нь нийслэлийн өнгийг асар ихээр гутааж байна. Тиймээс 100 айл дахь барилгын материалын төвийг хотоос гаргах юм уу, эсвэл хотын төвд байрлалтай стандартын шаардлага хангасан захууддаа нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй. Харамсалтай нь энэ асуудлыг олон жил ярьсан ч ажил хэрэг болж чадалгүй өнөөдөртэй золгожээ. Ийн хэлэхийн учир нь шийдвэр гаргах эрх бүхий хүмүүсийг арга хэмжээ авахаас нь өмнө олон давхар шинэ худалдааны төвүүд ар араасаа сүндэрлэн боссоор буй юм.
Энэ талаар бид албаны хүмүүстэй уулзаж тодруулахад “Бусдын үл хөдлөх хөрөнгө буюу капитал барилга бий учраас нүүлгэн шилжүүлэлт хийж чадахгүй байна” хэмээж байсан. Уг нь тус захын ойр орчим дахин газар олголт хийгээгүй бол өнөөдөр ийм олон худалдааны төвүүд бий болохгүй байсан. Энд хэдийгээр бусдын өмч хөрөнгө яригдаж байгаа ч ард нь олон мянган хүний эрүүл мэнд амь, нас хамгаас чухал гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй болжээ. Харин төр засаг үнэхээр л бусдын эд хөрөнгийг хайрлан хамгаалж байгаа бол бодлогоор ямар нэгэн зохицуулалт хийж, эдгээр захад стандартын шаардлага хангасан зах бий болго гэдэг шаардлагыг тавих ёстой. Аль эсвэл хотын төвд байрлалтай барилгын материалын бүхий л захыг нэг өдөр хүчээр нүүлгэх арга хэмжээ авах хэрэгтэй.
Нийслэлд маань хотын төвд, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай барилгын материалын худалдааны төвүүд олон бий. Тэгвэл эдгээр захад 100 айл” дахь барилгын материалын төвийн худалдаачдыг нүүлгэн шилжүүлж яагаад болохгүй гэж. Тус захыг нүүлгэснээр түгжрэл багасна. Мөн иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байгаа элдэв төрлийн хортой химийн бодисууд үгүй болно. Түүнчлэн тус захтай хаяа дэрлэн орших эмнэлэг болон төрийн байгууллагын үйлчилгээг иргэд ямар ч хүндрэлгүйгээр авна гээд олон сайн тал бий болно.
Ямартай ч 100 айл дахь орчмын айлууд орчин үеийн хот төлөвлөлтийн дагуу зам, ус, дэд бүтцийнх нь асуудлыг шийдсэн шинэ төлөвлөлттөй хороололтой болохыг хүсч мөрөөдөж байна. Тэгэхээр одоогийн хотын удирдлагууд яаралтай 100 айл дахь барилгын материалын төвд анхаарлаа хандуулж барилгын материалын захын шинэ жишгийг тогтоож стандартын шаардлагад хангасан дэд бүтэц, иргэдийн эрүүл мэнд, үйлчлүүлэх тав тухыг нь цогцоор шийдэх тохилог барилгын захтай болох тал дээр анхаарлаа хандуулаач.
Р.Саруул
Холбоотой мэдээ
Comments are closed.