Өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаархи анхдугаар зөвлөлдөх санал асуулга боллоо. Хэд хэдэн сэдвийн хүрээнд үргэлжилсэн зөвлөлдөх санал асуулгын сүүлийн хуралдаан нь “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” тавдугаар сэдвийг хэлэлцсэн юм.
Энэ сэдвийн хүрээнд: Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох,
- Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох,
- Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох тухай асуудлыг хэлэлцсэн юм
“Парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуульд бий болгож өгснөөр УИХ, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг харгалзахгүйгээр хариуцлага тооцож болох уу” гэсэн асуултыг экспертүүдээс асуухад хариултыг УИХ-ын гишүүн Г.Занданшатар өгсөн. Тэрбээр “Нэгдүгээр сэдвийн хүрээнд Ерөнхий сайдын эрх мэдлийг өргөжүүлэх, Ерөнхий сайдад гүйцэтгэх эрх мэдлийг илүү төвлөрүүлэх буюу төсөв, томилгоог мэддэг болох зарчмын асуудлыг хэлэлцэх үеэр энэ асуудал яригдсан. Ерөнхий сайд, гүйцэтгэх засаглалдаа илүү их эрх мэдэл өгвөл парламентад ч бас хууль зөрчсөн тохиолдолд мөрдөн шалгах, хяналт тавих эрхийг илүү олгох ёстой. Тэгснээр эрх мэдлийн хяналт, тэнцэл хангагдана гэж ярьсан. Ийм жишиг баримталдаг улс орнууд бий. Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хянах дөрвөн загвар дэлхийд байдаг. Азийн загвар буюу таван эрх мэдлийн загвараар төрийн бүх үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн өндөр албан тушаалтнуудын сахилга, хариуцлага буюу Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайд, Засгийн газрын бүх албан тушаалтнуудад итгэл үзүүлэх, хууль зөрчсөн тохиолдолд мөрдөн шалгадаг эрх эдэлдэг байгууллага байдаг. Мөн АНУ зэрэг улс оронд парламент буюу төлөөллийн байгууллагад нь мөрдөн шалгах эрх бүхий байгууллага байж, төрийн өндөр албан тушаалтанд итгэл үзүүлэх эсэхийг авч үздэг. Түүнчлэн Европт хүний эрх зөрчсөн аливаа шийдвэр гаргасан албан тушаалтныг иргэдийн гомдлоор хэлэлцэн, мөрдөн шалгаж, хүний эрхийг хангах чиглэлээр ажилладаг Омбудсмен парламентын бүтцэд нь бий. Ийм зүйл манай парламентад дутагдаж буй учир УИХ-ын бүтцэд байгуулъя гэдэг саналыг Засгийн газраас гаргасан Ажлын хэсгийн эрдэмтэн, судлаачид дэвшүүлсэн” гэв.
Дараа нь 45, 3 дугаар хэсгийн “УИХ-ын Ёс зүйн дэд хорооны одоогийн бүтцийг боловсронгуй болгож, Үндсэн хуулиар батламжилж болох уу. Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилдог тогтолцоог өөрчилж, УИХ-аар хэлэлцэн баталж болох уу” гэсэн асуултад эксперт Н.Лүндэндорж хариуллаа. “УИХ-аар батлахад болохгүй юмгүй. Би хувьдаа манай улс дэлгэрэнгүй Үндсэн хуультай байх ёстой юм байна гэж боддог. Яагаад гэвэл хууль дээдлэх ёс дээрээ ч, доороо ч сул байгаа учир Үндсэн хуульд ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг бүгдийг нь биччихсэн байхад хууль дээдлэх соёлыг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна. Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхийлөгч томилдог тогтолцоог өөрчлөх тухайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын томилгоо хэлбэрийн төдий учир томилдоггүй болох бүрэн бололцоотой” гэж хариуллаа.
10, 48, 3, 4, 15 дугаар хэсгүүд “Төрийн хариуцлага, сахилгыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллагыг хаанаас, хэн байгуулж, ямар бүрэлдэхүүнтэй байх вэ, Хараат бус гэдгийг яаж тодорхойлох вэ, ямар шалгуур тавих вэ” гэж асуулаа. Асуултад эксперт, УИХ-ын гишүүн Г.Занданшатар хариулахдаа “Шүүлтүүрийн зарчим буюу хуулийн байгууллага, хуульчдын холбооноос мэргэшсэн, туршлагатай гэж дэвшүүлсэн нэр дэвшигчдийн дундаас дэвшүүлэн сонгох нь зүйтэй байж болно” гэлээ.
12, 20 дугаар хэсгийн “Шүүх засаглалын томилгооны эрх мэдэл Ерөнхийлөгчид төвлөрдгийг шүүхийн байгууллага нь сонгон томилдог болгож болох уу” гэсэн асуултад эксперт Ж.Амарсанаа “Ерөнхийлөгч томилдгийг хүмүүс Ерөнхийлөгч гэдэг хүнтэй нь холбож ойлгодог. Гэтэл Ерөнхийлөгч томилдог нь шүүхийн дотоод хяналтыг хангадаг ач холбогдолтой. Гэхдээ Ерөнхийлөгч шууд нэр зааж томилдоггүй, нэр дэвшигчдээс сонгодог” гэж хариулсан бол эксперт Б.Гүнбилэг нэмж тодруулахдаа “Шүүхийн ерөнхий зөвлөл одоо таван хүнтэй нь цөөн байна. Бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж, Үндсэн хуульд тусгачихвал аливаа сонгуулийн үр дүн нөлөөлдөг байдал арилна” гэв. Харин эксперт Ж.Амарсанаа “Шүүгч хараат бус байх гол нөхцөл шүүгчийн өөрсдийн туршлага, ур чадвар. Гэхдээ хараат бус байх нөхцөлийг бүрдүүлэх байгууллага байх ёстой. 1992 онд Үндсэн хуулийг батлахдаа энэ хуульд заасан хавсралт хуулиудыг 1993 онд баталсан байх ёстой гэж заасан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно гэж заасан. Энэ хууль 1993 онд батлагдсан байх ёстой ч 2013 онд, 20 жилийн дараа батлагдсан” хэмээн хариулт өглөө.
Хэсгүүдээс гарсан асуултад ийнхүү экспертүүд тус тусын байр сууринаас хариулсан. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудалд өгөгдсөн саналууд болох “Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх, шударга ёсыг бэхжүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох”, “Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах зорилгоор парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах боломжийг Үндсэн хуулиар бий болгох”, “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох” тухай хэсгийн хэлэлцүүлгээс гарсан асуултуудад өөр, өөр байр суурь илэрхийллээ.
“Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг хэлэлцэж, оролцогчид мэдээлэл авснаар нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.
Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх” сэдвийг хэлэлцсэн байгаа. Тэр талаарх мэдээллийг хүргэе.
Дээрхи үндсэн сэдвийн хүрээнд:
- Төрийн албаны зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох
- Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх.
- Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах гэсэн гурван саналыг хэлэлцүүлэхээр танилцуулж, хэсэг тус бүр хэлэлцсэн билээ.
Ингээд нэгдсэн хуралдаанд хэсгүүдээс ирүүлсэн асуултуудад экспертүүд хариулт өглөө.
8, 12, 24 дүгээр хэсгээс Төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болгох тулгамдсан шаардлага бий юу. Ингэснээр улстөрөөс хараат бус байж чадах уу гэсэн асуултыг тавьсан.
Эксперт Ч.Энхбаатар, Төрийн албаны тогтолцоонд хамгийн их хор учруулж буй хоёр зүйл бий гээд энэ нь авлига, сонгуулийн дараа хийгддэг халаа сэлгээ гэлээ. Төрийн албаны эрх зүйн байдлыг Үндсэн хуульд тусгаснаар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр халсан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж, тухайн албан тушаалтантай хариуцлага тооцох боломжтой болно хэмээн тэрбээр тодотгосон.
Эксперт М.Батчимэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Төрийн албаны зөвлөлийн улс төрөөс хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулах гэж байгаа гэж би ойлгож байгаа. Төрийн алба улс төрийн золиос, намуудын тоглоом болоод байгаа учир дээр хэлсэн зарчмыг Үндсэн хуулиар тогтоох нь зүйтэй гэж хариулсан.
1, 3, 26 дугаар хэсгээс дээр яригдаад байгаа асуудлыг Төрийн албаны тухай хуулийг боловсронгуй болгох замаар шийдэх боломж бий юу гэсэн асуулт тавьсан.
Эксперт Д.Тогтохсүрэн, Үндсэн хуульд төрийн албаны талаар тун бүрхэг тусгагдсан. Төрийн алба улс төрөөс ангид байх, төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх зэрэг таван үндсэн зарчмыг Үндсэн хуульд тусгах саналтай байгаа. Ингэж чадвал бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаад явах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.
1, 17, 38, 48 дугаар хэсгээс Сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг халах явдал байнга гардаг. Үүнээс хамгаалж Үндсэн хуульд ямар заалт оруулах вэ гэсэн асуулт тавив.
Эксперт Д.Тогтохсүрэн, Улстөрийн сонгуулийн дараа төрийн албан хаагчдын халаа сэлгээг бүтцийн өөрчлөлт нэрээ хийдэг. Үүнийг болиулах нэг гарц нь яамдын нэрийг Үндсэн хуульд тусгах. Ингэснээр яамдын нэр солигдож, бүтэц орон тоо өөрчлөгдсөн нэрээр төрийн албан хаагчдыг халах явдал зогсоно. Цаашдаа салбар хуулиудаар ажлын байранд тавигдах шаардлагуудыг нарийвчилж өгөх шаардлага бий гэсэн бол эксперт М.Батчимэг, сонгуулийн дараа ажлаасаа өөрчлөгдсөн төрийн албан хаагчдын тоо 10 мянга давдаг. Гэтэл олон оронд төрийн албан хаагчдын тогтвортой ажиллах нөхцөлийг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Бид ч ийм зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн хариултыг өглөө.
31, 39, 40 дүгээр хэсгээс төрийн алба улстөрөөс ангид байх, мерит байх зарчмыг Үндсэн хуульд тусгаснаар ямар үр дүн гарах вэ гэж асуув.
Эксперт Ч.Энхбаатар, Д.Баатарсайхан, Д.Тогтохсүрэн нар Энэ зарчмууд Үндсэн хуульд туссанаар төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан албан тушаалтантай хариуцлага тооцох боломжтой болж, Төрийн албаны зөвлөл жинхэнэ утгаараа төрийн албан хаагчдыг хамгаалдаг манаач болно хэмээн хариулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулсан анхдугаар Зөвлөлдөх санал асуулгад оролцсон төлөөлөгчид хоёр өдрийн турш нийт зургаан сэдвийн хүрээн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, экспертүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
“Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах”, “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах”, “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага Хурал гэсэн хоёр танхимтай байх” зэрэг нийт зургаан сэдвийн хүрээнд тодорхой мэдлэг мэдээлэл авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад оролцсон Монгол Улсын бүх аймаг, сум, хот, дүүргээс хүрэлцэн ирсэн, нийгмийн бүх давхарга, ажил мэргэжил, сонирхлын бүлэг, нас хүйсийг төлөөлөл болсон 750 орчим төлөөлөгч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх санал асуулгын хуудсыг бөглөлөө.
Санал асуулга найман хуудастай, 80 асуултаас бүрдэж байгаа бөгөөд асуулгын хариултад иргэд “дэмжихгүй байна”, “дэмжиж байна” эсвэл “хүчтэй эсэргүүцэж байна” гэх хариултыг сонгох ба хэр эсэргүүцэж байгаа эсвэл дэмжиж байгаагаа 0-10 хүртэлх тоогоор тодорхойлж өгөх юм байна. Тодруулбал, дэмжиж буйгаа тав гэсэн тоогоор илэрхийлвэл дунд зэрэг дэмжиж байна, тэгийг сонгосон бол огт дэмжихгүй гэж байгаагийн илэрхийлэл хэмээн тооцно гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал тайлбарлав. Түүнчлэн санал асуулгын хуудас дахь хариултуудад “Мэдэхгүй” гэсэн сонголт ч бий ажээ.
Нийт төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөж дууссаны дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын хаалтын арга хэмжээ болно. Үндэсний статистикийн хорооны Хүн ам, орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбалын мэдээлснээр санал асуулгын хуудсыг таблет дээр шивж, өчигдөрт багтаан электрон хэлбэрт оруулахаар Үндэсний статистикийн хорооны 91 тоологч ажиллаж байгаа гэж байсан. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд зааснаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын санал асуулгын дүнг 2017 оны тавдугаар сарын 05-ны дотор нэгтгэн гаргах бөгөөд Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн зөвлөмж гаргаж, УИХ-д танилцуулах юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.