УИХ-аар Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцдаа нийгэмд зөрчилтэй байдлыг бий болгох шахав. Өчигдөр уг хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Хэвлэл мэдээллээр хүн гүтгэвэл сэтгүүлчийг 10 сая, түүнийг хэвлэн нийтэлсэн байгууллагыг 100 сая төгрөгөөр торгох” саналыг гаргаж УИХ-ын байнгын хорооны гишүүд дэмжив. Харин хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцэв. Өчигдөр орой гэхэд л МҮОНТ-ээс бусад нь эфирээ нэг цаг хааж, “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэх дэлгэц дүүрэн бичиг, түгшүүрийн дохиогоор хариу барилаа. Сонинууд яг энэ эсэргүүцлээр нүүр хуудсаа “чимж”, сайтууд хүч нэмлээ.
Үдшийн бүрийгээр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, дараахан нь дээрх заалтыг гэнэт оруулж ирсэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав саналаа татаж буйгаа Фэйсбүүкээрээ мэдэгдэв. Тэрбээр уг мэдэгдэлдээ “Яагаад иргэд, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийнхэн хоорондоо ийм зөрчилтэй харилцаанд ороод байна вэ” хэмээн асуужээ.
Нээрээ яагаад Монголын нийгэм даяар зөрчилтэй харилцаатай, үл итгэсэн, хардлага тээсэн уур амьсгалд бид амьдарцгаах болов? Энэ асуултын хариуг нийгмийн массаас хайгаад олдохгүй.Хэвлэл мэдээллийнхнээс хайгаад ч бүрэн дүүрэн хариулт гарахгүй.
Учир нь хэвлэл мэдээллийнхний хийдэг ажил, биелүүлдэг үүрэг нь бодит ертөнцөд болж буйг байгаагаар нь олон нийтэд мэдээлэх, болохгүй бүтэхгүйг шүүмжлэх,болж бүтэж байгааг дэмжих юм.
Харин яагаад бид нийгмээрээ зөрчилт харилцаанд байна вэ гэдгийг улстөрчдөөс, төр, засгаас хайвал хариулт гарч ирнэ. Монголын нийгэм тэр чигээрээ улстөрийн асар их нөлөөнд байгааг үгүйсгэх хүн гарахгүй л болов уу.
Сонгууль боллоо, маргаашнаас нь “хуулийн дархлаатай” гэх төрийн алба, шүүх, цагдаа, прокурор нь хүртэл хуйгаараа солигддог нь улстөрийн нөлөөний нэг л жишээ. Солио, холио уг нь “намын” гэх нийтлэг шалгуураар хийгддэг байсан бол нэн шинэ үед “улстөрчийн халаасны” гэх шалгуураар солигдсон. Энэ бол шударга ёс алдагдсаны том жишээ юм.
Өөрөөр хэлбэл, улс гэрийг тохинуулахаар улс нийтээс санал авч төрийн жолоон дээр суусан хүмүүс хэтэрхий шударга бус маш олон зүйлийг хийж байгаа учраас нийгмийн эв нэгдэлд цав суулгачихжээ. Урт удаан хугацааны улстөрчдийн шударга бус байдал хийгээд хариу үзүүлсэн нийгмийн бухимдалд аль аль нь туйлдчихаад байна.
Уг нь бол ардчилсан нийгэмд засаглаж байгаа парламент, Засгийн газар нь нийгмийн сайн сайхны төлөө шударга ёсыг тогтоож ажиллах үүрэгтэй юм. Гэвч уг үнэт үүргээ гүйцэд ухамсарлаагүй хүмүүс төрийн өндөр албан тушаалд гарсаар, хувийн хэт явцуу эрх ашигтаа хөтлөгдсөөр байх нь асар их хортойг Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад болсон үйл явдлууд харууллаа.
“Монгол хүн ээж, ааваас өгсөн ариун сайхан нэр төртэй. Сайн сайхан хүн байхгүй мэтээр гүтгэж байхад бидний үр хүүхдүүд хэнээс үлгэр жишээ авч амьдрах вэ” хэмээн Ц.Гарамжав гишүүн ярьжээ. Өнөөдөр бол нийгэм улстөрчдөөс л үлгэр жишээ авч байгаа. Орой бүр айл бүрийн хойморт улстөрчид өөр хоорондоо толхилцсон өнгө өнгийн хэрүүлээ түгээж байж үлгэр дууриаллын буруу жишээг бусдаас хайх хэрэггүй.
Хэвлэл мэдээлэл та бүхний бодит байдлыг олон түмэнд мэдээлснийхээ төлөө нийгмийг зөрчилт харилцаанд оруулсан гэм буруутан болох ёсгүй. Сэтгүүлчид мэргэжлийн болох гэж, мэргэжилдээ үнэнч байх гэж чадан ядан хичээж байна.
Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин ядруухан, хөрөнгө санхүүгийн хувьд чадуухан байгааг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Эрх баригчдад ойр, улстөрчдийн харьяат хэвлэлүүд баян байж магадгүй ч нэг л гал тогооны бидний зовлон нэг. Дээр хэлсэнчлэн ардчилсан нийгмийн үнэт зүйлүүдийг хамгаалах, бэхжүүлэх үүргээ ухамсарлавал төр, засаг маань хамгийн түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлах учиртай байв. Уг хуулиар улстөрчдийн гэнэт дэрвэн босоод байгаа гүтгэх,гүтгүүлэх асуудал, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, төр, засаг ямар үүрэг хүлээх зэрэг зохицуулалтыг хийх бүрэн боломжтой.
Хэвлэлийн эрх чөлөөний олон улсын Хартын зарчимд “Чөлөөт хэвлэл гэж чөлөөт ард иргэдийг хэлнэ” хэмээн томьёолсон байдаг бөгөөд улс үндэстэн дотор болон хилийн чанадад мэдээлэл, мэдээг саадгүй түгээх, ардчилсан байгуулалтыг хамгаалах, хөгжүүлэх үүрэг хүлээсэн бүхнийг дэмжих тухай бичсэн байдаг. Шууд болон шууд бус цагдан хяналтыг үл зөвшөөрөх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийг чөлөөтэй цуглуулах, түгээх эрхийг хязгаарласан аливаа хууль, практик үйл ажиллагааг хориглох ёстойг мөн заажээ.
Харин төр, засгийн үүрэг нь ардчилсан нийгмийн үнэт зүйлүүдийг бэхжүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, хууль биелүүлэх гээд асар олон. Улстөрчид үнэхээр л аав, ээжээс өгсөн ариун сайхан нэр хүндээ хамгаалах гээд байгаа юм бол өөрсдөө шударга бай.Нийгмийн үнэт зүйлүүд унаж, ёс суртахуун гажуудаж, ард нийтээрээ сэтгэл хангалуун бус байгаад улстөрчид л буруутай. Хэвлэл мэдээллийнхэн та бүхний бусармаг үйлдлүүлийг засах гэж үүргээ гүйцэтгэснийхээ төлөө гэмтэн болох учиргүй юм.
Т.Үлэмж
gereg.mn
Холбоотой мэдээ
-
irgen (April 27, 2017 3:21:57 pm )
sain muu helegddeg setgyylchid, hevleliinhen baihgui bol ene tor byr duraaraa durgij, ard tymniig doromjilj duusahgui, diktaturiin huuli , ard tymniig doromjil shulsan uildel ni hemjee hyazgaaraas halih bailaa,,,ene tor garaad byr hooson tolgoitoi huviin uzel bodoloo heregjyyleh gesen hymyys baigaa ni batlagdaj baina, Garamjav gedeg hyn er ni bayan l um baigaa biz harin tord baih chadal ene hynd baigaa umuu ???????!!!!!!!!!
-
Н ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (April 27, 2017 3:35:31 pm )
ГҮТГЭЭД БАЙ ГҮТГЭЭД БАЙ ТЭГВЭЛ БИД УЛАМ БАЯН ТАРГАН ЦАТГАЛАН БОЛНО ДАРАА НЬ ЦАДХАД ЦАГААН ХУРГАНЫ СҮҮЛ ХАТУУ ГЭДЭГ НЬ БОЛНО ЕР НЬ БИД ГАДАА ГУДМАНД ХӨЛӨӨРӨӨ БИШ ТОЛГОЙГООРОО ЯВДАГ БОЛБОЛ ЯАСАН ЮМ БЭ? ИНГЭВЭЛ ТАРХИНЫ ЦУСАН ХАНГАМЖ САЙЖИРЧ ОЮУН УХААН САЙЖИРЧ БУЛТААРАА УХААНТАН БОЛОХ ЮМ БИШ ҮҮ. ТАМИНЬ ЭЭ манай ерөнхийлөгч үнэнч бай худлаа ч бай ер нь мэдэрсэн болгоноо бичээд бай тэгвэл ухаажих юм хэлээд байгаа юм бишүү !!!!
-
Зочин (April 27, 2017 4:37:20 pm )
Энэ мөнгөний сэтгүүл зүйг жаахан цэгцэлсэн нь зөв. Энэ олон замбараагүй олон ТВ, сонин, сайтууд, дээр нь фэйсбүүкээр төрийн нууц, улсын нууц, албан газрын нууц, хувь хүний нууцууд, завхай зайдан явдал, хэрүүл тэмцэл эх захгүй, зах замбараагүй явж энэ улс орныг хэрүүлийн дайнд хамруулж монгол хүний хүн чанар, нинжин сэтгэл, нууж хаах явдал энэ тэр гэж байхгүй болж хүүхэд залуусын хүмүүжил доройтож, тэд ном уншихын оронд хов жив, хэрүүл тэмцлийн түймэр дунд өсөн торниж Монгол орны ирээдүй баларч байгааг та бид харж бухимдацгааж байна. Хүн гүтгэж доромжилсон, хувийн нууцад халдсан, улсын болон албаны нууцыг ил болгосон л бол хатуу цээрлүүлэх хэрэгтэй. Эс тэгвээс гадны тусгай албадын бэлэн идэш болж Монгол улсын аюулгүй байдал байхгүй болно…. Сэрэмжтэй байгтун… монголчуудаа… Зарим ХМХ-үүд гадныхны хөрөнгөөр санхүүжиж гадны бодлогоор удирдуулж байж магадгүй. Их Нацагдоржийн шүлгэнд гардаг шиг энэ зах замбараагүй ХМХ-үүд ………………………..шуудан шиг… гай болж байгаа шүү. Жоохон ёс жудагтай байцгаа…
-
Ачу (April 27, 2017 5:47:04 pm )
Үнэн.Бузарын улс төрчид өөрсдөө л булайгаа чирдэг.Түүнийгээ хэвлэл мэдээлэлийнхэнд авиачаад тохож тэднийг үхдэл болгох шоронжсон башир нүглээ хийх гэж томоос эхлэж байгаа нь энэ.Үлдэгдэл нь хохиролтой 1-3 заалт үлдээж таарах байхдаа дотоодын дайснууд.
-
Зочин (April 27, 2017 8:10:01 pm )
Улсын их хурлын гишүүд ариун сайхан нэртэй байдаг гэнээ, УИХ-ынхан бүгдээрээ луйварчид байж! хэрвээ хүн гүтгэж байгаа бол тэр нь Их хурлын гишүүн л байдаг шүү дээ.
-
Жагаа (April 28, 2017 2:48:12 pm )
Яагаад ганц улсторчид гутгэгддэг гэж. Тэд ч бас энэ улсын иргэн, илуу ч угуй, дутуу ч угуй. Хэн нэгэн тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэн нэгнийг сургаар, захиалгаар, судалгаа баримтгуй гутгэж болох уу. Иргэд унэнийг л мэдэх эрхтэй болохоос хуудал хуурмагийг сонсох естой гэж уу. Уунийг хуульчлан цэгцлэхийг яагаад эсэргууцээд байгааг ойлгохгуй байна. Баталж чадахгуй бол гутгэхээ л больчих хэрэгтэй. Гутгуулсэн нэг нь худлаа байсан гэдгийг баталж чадах бол юунаас нь айгаад байгаам бэ
-
орд (April 28, 2017 6:25:55 pm )
нэр төр гэж их яридаг хүмүүс хамгийн үл бүтэх ноход байдаг. Хэрэв тэр нэр төр гэдэг юм чинь тийм чухал бол тэрийгээ өөрөө хамгаалж бай. Элдэв хогийн юмтай хутгалдчаад дараа нь хэн нэг хүнийг гүтгэн нэр төр гутаалаа гэх нь улс төрчдийн дунд газар авсан үзэгдэл гэсэн шүү.
7 Comments