Таван цагдаа нийлж нэг иргэнийг хамжиж зодсон талаар зарим хэвлэл мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнө иргэн М-ыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 32-ын тойрогт байрлах “Formula F1” авто угаалгын газарт таван цагдаа зодсон гэх.

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Ийм хэрэг гарсан нь үнэн. Чухам ямар асуудал үүссэнийг одоогоор хэлэх боломжгүй, шалгалтын ажиллагаа явагдаж байна” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар иргэн М тухайн авто угаалгын газрыг ажиллуулдаг бөгөөд хэрэг гардаг өдөр согтуу байсан аж. Улмаар цагдаа нартай маргалдаж, зодуулсан байна. Хэрэгт холбогдсон цагдаа нарын хувьд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид гэнэ. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.

Мөн иргэн М тухайн өдөр цагдаа нарт зодуулсныхаа дараа авто угаалгын газрынхаа үүдэнд машинд мөргүүлсэн байжээ. Түүнийг мөргөсөн жолоочийг саатуулан шалгаж, байгаа юм байна.

Уг асуудлаар өнөөдөр 11.00 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийнэ.

Эх сурвалж: eagle.mn