“Валентины захидал” монголын уран сайхны кино нээлтээ хийж байгаа билээ. Тус киноны гол дүрд тоглосон загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг 2009 оны “Монголын мисс” өргөмжлөлт Х.Бадамгэрэлтэй ярилцлаа. Ингээд түүний амьдрал, уран бүтээлийнх талаар дэлгэрэнгүй ярилцсанаа хүргэе.
-’’Валентины захидал” кинонд гол дүр бүтээсэн. Киноны талаар яриагаа эхлэе?
-Найруулагч Д.Баярсайхан ах энэ кинонд тоглохыг санал болгосон. Ингээд зохиолтой нь танилцаж үзээд тоглохоор шийдсэн дээ. Романтик, инээдмийн жанрын гэдэг утгаараа залуучуудад зориулсан кино. Зураг авалт нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Кино маань гурван эрэгтэй, гурван эмэгтэй гол дүртэй. Эрэгтэй гол дүрд мэргэжлийн жүжигчид болох Э.Мөнхтөр, Э.Ууганбаяр, Б.Батзаяа харин эмэгтэй дүрд П.Шүүдэрцэцэг, Б.Бадамцэцэг нар тоглосон. Надаас бусад нь кинонд тоглож байсан туршлагатай хүмүүс байсан л даа. Харин миний хувьд анхны дэлгэцийн бүтээл маань болж байна. Өмнө нь надад кинонд тоглох санал ирж байсан ч зохиол болон дүр нь таалагдаагүй учраас тоглодоггүй байсан.
-Кинонд чухам ямар дүр бүтээв. Жүжиглэх амаргүй байв уу?
-Дөлгөөн гэдэг даруухан сайн охины дүрд тоглосон. Гол дүрийн залуугийн дурлалт бүсгүйн дүр л дээ. Ер нь нэг их жүжиглэлт шаардсан хүнд дүр биш. Надтай зарим талаараа төстэй юм шиг санагдсан. Загвар өмсөгч хүн нүүр хагарсан байдаг. Ийм ч болохоор жүжиглэх харьцангуй амар байсан.
-Одоо та ямар ажил эрхэлж байна?
-“Азийн модель” агентлагийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Мөн агентлагтаа багшилдаг. Мисс Ч.Содтуяа эгчийн агентлаг гэдгээр хүмүүс андахгүй байх. Мөн Монголын дизайнеруудын холбооны гэрээт загвар өмсөгч.
-Хэр удаан багшилж байна. Нийт хэдэн шавьтай болж байна?
-Багшлаад жил гаруй болж байна. Ойролцоогоор 150-иад шавьтай. Манай агентлаг зөвхөн загварын дамжаа гэхээс гадна биеэ зөв авч явах соёл, харилцаа зэрэг хувь хүний хөгжил рүү чиглэсэн олон хичээл заадаг. Үүгээрээ ч бусад агентлагаас ялгардаг. Өнгөрсөн жилийн “Мисс Монголиа” тэмцээний тэргүүн байрын шагналт И.Төгсөө гэхэд Ч.Содтуяа багшийн ууган шавь. Мөн тус тэмцээнд Б.Билгүүнзаяа хоёрдугаар байранд шалгарсан бөгөөд миний анхны шавь нарын нэг.
-Монголын загварын ертөнцийн өнөөгийн хөгжилд хэр сэтгэл хангалуун явдаг вэ?
-Ер нь сэтгэл хангалуун байдаг шүү. Өдрөөс өдөрт хөгжиж, урагшилж байна. Олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргаж байна. Загвар өмсөгчдийн хувьд бусад орны загвар өмсөгчдөөс дутах зүйлгүй гэж би бардам хэлнэ. Гадаадад загварын шоунд манай загвар өмсөгчид оролцохоор бусад хүмүүс дуу алддаг. Бүр Монгол Улсад загвар ийм ендөр хэмжээнд хөгжсөн байдаг юм уу гэж асууж байсан ч удаатай.
-Хэдхэн хоногийн дараа Тэгээн хайрын баяр” болох гэж байна. Хайрын тухай санал бодлоо хуваалцаач?
-Хайр дандаа үнэн байгаасай гэж би хүсдэг. Хэн нэгний надад егсөн итгэлийг алдахгүй байх ёстой. Мөн би хайрыг аз жаргалын үндэс гэж ойлгодог. Би үргэлж эргэн тойрны хүмүүстээ хайр бэлэглэж, халуун дулаан үгс түгээхийг хичээдэг. Ийм ч болохоор өгсөн хайрынхаа хэмжээгээр тэднээсээ хайр хүсдэг. Ийм нэгэн хайраар бялхсан орчинд би амьдардагтаа баярладаг.
-Валентины баяраар авч байсан хамгийн гоё бэлэг?
-Их сургуулийн нэгдүгээр курст байхдаа Валентины баяраар найз залуутайгаа хамтдаа зуслан явсан юм. Тэгээд тэр найз тойруулан зүрхэн хэлбэртэй болсоор дунд нь зогсчихоод өөрийн зохиосон дууг дуулж байж билээ. Энэ л хамгийн гоё бэлэг авсан даа.
-Эрчүүдийг ямар байгаасай гэж хүсдэг вэ. Мөрөөдлийн ханхүүгээ хэрхэн төсөөлж байна вэ?
-Ухаалаг, боловсролтой залуус надад таалагддаг. Боловсролтой хүний аливаа зүйлд хандах хандлага нь өөр байдаг. Харин би мөрөөдлийн ханхүүгээ хүлээцтэй, ухаалаг, боловсролтой байгаасай гэж боддог. Мөн ажлыг минь хүндэлдэг байх хэрэгтэй. Миний хувьд олны нүдэнд ил байдаг учраас олон янзын хэл аманд ертдөг. Ийм үед хүлээцтэй тэвчээртэй хүн үгүйлэгддэг. Ер нь хайр итгэл дээр л тогтдог шүү дээ. Би өөрөө их эрч хүчтэй, яаруу хүн л дээ. Иймд миний ирээдүйн хань намайг тайвшруулж, зөөллөж, зөвлөдөг байх хэрэгтэй болов уу. Би өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьдаг. Миний нөхөр надаас хоёр, гурав дахин илүү боловсролтой байх ёстой. Тэгж байж тэр хүнийг би хүндэлж хайрлана
-Ингэхэд найз залуутай бил үү?
-Байгаа.
-Олны танил учраас хэл аманд багагүй өртдөг биз. Бухимдлаа хэрхэн тайлдаг вэ?
-Хүмүүс хүнийг өрөвдөх нэг бол муу хэлэх гээд байдаг шиг санагддаг. Сайн явахаар энэ муу яаж ингэв гээд л. Харин муу явахаар арчаагүйгээр нь дууддаг. Гэхдээ хүмүүсийн хэл ам намайг яаж ч чадахгүй. Би хэн ч юу ч гэсэн өөрийнхөөрөө, зорилгынхоо төлөө тэмцсээр байх болно. Бухимдсан үедээ ээжтэйгээ сайхан ярилцаад, тайтгарчихдаг. Мөн хааяа дүү нараа загначихдаг талтай. (инээв)
-Та Монголын олон залуусын үлгэр дууриалал мөн. Өөртөө сэтгэл хангапуун бус явдаг залуучууддаа хандаж зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүс, мөрөөд, зорь, тэмц гэж хэлье. Хүн бол дэлхий ертөнц дээрх хамгийн ухаантай амьтан. Энэ гайхалтай төрлийг олж төрчихөөд юу ч бүтээхгүй байна гэдэг харамсалтай. Ямар ч тохиолдолд хэн хүнээс илүү байх ёстой гэж өөртөө хэлж үргэлж урам зориг, эрч хүч тэмүүллээр дүүрэн бай.
-Ихэнх хүмүүс загвар өмсөгчийн ажлыг хөнгөхөн ажил гэж ойлгох нь бий. Энэ талаар та юу гэж хариулах вэ?
-Хүмүүс загварынхныг маш их шүүмжилдэг. Тэгээд яг энэ ташаа ойлголтоо насан туршдаа тээж явдаг нь харамсалтай. Хүмүүсийн туйлшрамтгай зангийн илрэл ч гэх юм уу даа. Гэтэл хорвоо дээрх бүх л зүйлс өөрчлөгдөж байдаг. Загвар өмсөгчийн мэргэжил дэлхийд тавдугаар байранд ордог. Би мэргэжлээрээ бахархдаг. Хүн болгон загвар өмсөгч болж чаддаггүй шиг энэ мэргэжил амархан биш шүү. Загвар өмсөгчийн мэргэжил надад олон зүйл зааж сургасан. Би хөтлөгч, жүжигчин болж бас хүүхдүүдийн боловсролд хувь нэмрээ оруулж байна шүү дээ.
-Ирээдүйн зорилгоосоо хуваалцаач?
-Би ШУТИС-ийн КМТС-ийн маркетингийн удирдлагын ангийг 2011 онд төгссөн. 2007 oнд 38 дугаар сургуулийн Герман хэлний ангийг төгссөн. Герман, англи хэлтэй. Одоо Батлан Хамгаалахын их сургуулийн Төрийн захиргааны менежментийн ангид магистраар суралцаж байгаа. Би өөрийн маркетингийн, удирдлагын түвшинд суралцсан учир мэргэжлийнхээ салбарт хүч үзнэ. Хувийн бизнесийн гараагаа хэдийнэ эхэлчихсэн яваа. Гэхдээ одоохондоо энэ талаар нууцалж байгаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Ам бүл зургаа. Манай гэр бүл хатуу чанга, дэг журамтай айл. Энэ нь өвөөгөөс маань эхлэлтэй. Өвөө маань мэргэжлийн боксчин байсан. Хатуу чанга, зарчимч байхыг сургаж ирсэн дээ. Гурван дүү маань гурвуулаа эрэггэй. Хүмүүжилтэй сайн хүүхдүүд бий. Ээж маань миний үлгэр дууриалал. Миний амжилт, өдий зэрэгтэй яваа минь ээжтэй минь холбоотой.
-Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?
-Сайхан байхын нууц нь зөв хооллолт, амралт болов уу. Би гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Монгол бүтээгдэхүүнээ сонгож хэрэглэдэг. Тогтмол цагг унтаж байх нь арьсыг амраадаг.
-Боловсролдоо хэр анхаардаг вэ?
-Их анхаардаг. Эмэгтэй хүн мэргэжил боловсролгүй, чадал чансаагүй байвал эр хүнд дээрэлхүүлнэ. Бүсгүй хүн эрэгтэй хүнээр хайрлуулж, түүндээ эрхэлж амьдрах ёстой болохоос дээрэлхүүлж амьдрах ёсгүй. Ээж маань дайчин, ухаалаг эмэгтэй. Иймдээ ч ээжийнхээ ачийг хариулахын тулд ээжээсээ илүү байх ёстой. Хэрэндээ зүтгэж л байна даа. Би бүх салбарт хүч үзнэ гэж боддог. Яагаад болохгүй гэж. Хүн хийж байж чадах чадахгүйгээ мэднэ шүү дээ.
Э. Саруул
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 12, 2012 3:32:17 pm )
zov bodoltoin bn amjilt husii daa.
-
Anonymous (February 12, 2012 8:40:35 pm )
amjilt husey
2 Comments