ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авсан юм.
-“Эрдэнэс Тавантолгой” компани БНХАУ-ын “Чалко” компанид өрөө төлж барагдууллаа. Цаашид нүүрсээ өндөр үнээх худалдаалах нөхцөл бүрдэж байна гэсэн үг үү?
-Хятадын “Чалко” компанид өгөх өрийг бид төлж барагдууллаа. Засгийн газрыг ажлаа авахад “Чалко” компаниад төлөх 110 сая ам.долларын, хөрс хуулалтын өр гээд 60 орчим сая ам.долларын өр байсан. Энэ өрийг зургаан сар гаруйн хугацаанд төллөө. Өөрөөр хэлбэл, Баруун цанхийг нээх Засгийн газрын шийдвэр гарсантай холбоотой, мөн нүүрс худалдаалахдаа анх удаа дуудлага худалдааны зарчмаар хамгийн өндөр үнэд хүргэж худалдсан. Хоёр гурван компани ширээний ард суугаад тохирдог байсан үе Тавантолгойн нүүрс худалдаалах зарчимд байхгүй болж байна. “Чалко”-гийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн. Өмнөх Засгийн газар энэ гэрээг цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг найман сар, 350 сая ам.долларыг өрийг 1.6 жилийн хугацаанд төлөөд дуусах боломж байжээ гэдгийг өнөөдрийн үйл явдал харуулж байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа өөрөө шийдээд явах боломж бий. Үүнээс гарах гарц бий гэдгийг харуулж байна.
-УИХ-ын дарга, Сангийн сайдын айлчлалаар гадаадын хэд хэдэн улсаас хөнгөлөлттэй зээл авах нөхцөл бүрдлээ. Өр зээлийг ингэх ихээр авах нь хэр оновчтой юм бэ?
-ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдаж байгаатай холбоотойгоор хоёр орон, гурван байгууллага санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Үүний үр дүнд Японы Засгийн газраас авах 850 сая ам.доллар бол Монгол Улсын эдийн засагт маш том нөлөө үзүүлнэ. БНСУ-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл орж ирэх асуудал шийдэгдсэн. Саяхан Сангийн сайд Турк улсад айлчлахад 300 сая ам.долларын зээл авах тухай яригдаж байсан нь одоо 700 орчим сая ам.доллар болж нэмэгдэх боломж байгаа гэсэн эерэг мэдээтэй хаврын чуулганаа угтаж байна.
-Энэ оны төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байсан. Ямар шалтгаанаар зардал ийн өсч байна вэ?
-2017 оны төсвийг батлахдаа яамд, Засгийн газар сайдуудын багцыг байж болох бүх хэмжээнд танасан. Сангийн яам энэ асуудлаар илүү тодорхой мэдээлэл өгнө.
-Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлэх Засгийн газрын шийдвэр хууль зөрчиж байна гэдгийг 49 хувийг эзэмшиж байсан тал мэдэгдэж буй. Энэ талаар ямар байр суурьтай байгааг тань сонирхоё?
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан. Тиймээс Засгийн газар УИХ-аас өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлсэн. Манай ажлын хэсэг 49 хувийг эзэмшигч талтай уулзах хүсэлтийг хэд хэдэн удаа тавьсан. Гэвч тэд хүлээн аваагүй. Засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийг төрийн төлөөллөөс бүрдүүлсэн. Тус үлйдвэрийн ТУЗ хуралдаж, орлогч захирлаа өөрчилсөн. 49 хувийг төлөөлж Эрдэнэтэд байгаа Б.Шинэбаатар гэдэг хүн нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 49 хувийн төлөөлөл тодорхой хэмжээгээр байж, яриа хэлцэл хийх боломжийг бид үлдээсэн.
-Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын ТУЗ-ийн гишүүдийн цалингийн хэмжээний талаарх мэдээлэл гараад байна. Үнэхээр ийм өндөр цалин хангамж авах нь зөв юм уу?
-Төрийн өмчийн асуудал эрхэлсэн сайдын хувьд хариуцлагатайгаар хэлэхэд Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн нэг ч удаа цалин аваагүй. Тус үйлдвэрийн ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ батлаагүй байгаа. Энэ бол зохион байгуулалттайгаар тарааж буй ташаа мэдээлэл.
-Цалингийн хэмжээ хэд байвал үндэслэлтэй вэ?
-Засгийн газрын тогтоолоор төрийн өмчийн компаниуд, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулах шийдвэр гарсан. Энэ шийдвэр хэрэгжээд явж байна. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Эрдэнэтийн ТУЗ-д өгсөн.
Холбоотой мэдээ
-
иргэн (April 06, 2017 11:21:20 am )
Ганц хүний төлөөлөл ч гэж юу байхав. Уг нь улс төрчдийг эвээн тэтгэж элдэв шахаа, хийхгүй болчихвол “ЭРДЭНЭТ” гэх энэ саалийн үнээ хэдий хөгширч байгаач гэсэн монголынхоо ард түмэнг тэжээх тэнхээ байгаа.. Даанч энэ мэт юмнууд сайхан яруу тод худлаа ярьж зээл ярьсаар юу ч болохгээд байна. Ядахнаа оффширчидод ёс зүйн хариуцлага хүлээлгээд ажлаас нь хууль гартал түтгэлзүүлэх эрх зүй байж л байгаа . Ийм юмаа хийхгүй зээл ярьж, татвар төлөгч дийг сөхрүүлэх бодлого барьж буй та бүхнээс олон нийт залхах маягтай болж байнадоо.
-
Anonymous (April 06, 2017 11:56:22 am )
hasah,nemeh hoyriin yalgaag medehgui deel meel davharlaj umsuj shogtoj baisan bandi nar said bolj togloj baih um daa.Zeel avsanaa id bah bolgoj yariad l. ZEEL GEDEG CHINI UR. ETSET N YADARSAN ARD TUMEN TULNU
2 Comments