antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 4, 2017 1 comment

Тэр тун сайхан бөх дөө

нийтлэсэн Admin
“Тэр тун сайхан бөх дөө” гэж олон түмэн ярих нь бий. Гэхдээ сайхан гэдгийн цаана бас юм юм бий л дээ. Бие бялдар нь гойд, гараа дэвээ нь үлгэрийн юм шиг тийм бөх байдаг. Гэхдээ тэр бүхэн эхний л шинж. Тэгвэл монгол бөхийн өөр олон шинж бий. Зодог шуудгаа тохируулж өмссөнөөс эхлээд өөр бусадтай харьцахдаа төлөв түвшин, барилдахдаа хүнлэг жудагтай гээд л. Ер нь үлгэр дууриал авах юм бөхөд ихээ. Тийм есөн төрлийн шинжийг бүрдүүлсэн бөхийн нэг нь Монгол Улсын заан Дамирангийн Бумбаяр юм.
Увс аймгийнхан бөхөөрөө улсдаа тэргүүлдэг. Тэр дотор Тэс сумаас алдартан, цолтон олон төрсөн байдаг. Энэ тухай Бумбаяр заан хэлэхдээ:
-Манай нутаг байгаль нь бөхөд зориулсан мэт санагддаг. Байгалийн дэвжээтэй гэж болох байх. Бүгд л нуурынхаа элсэн дээр тоглож өссөн. Хожим нь бэлтгэлээ тэндээ хийж эрмэг дайчин чанарыг олж авсан. Бөх төрнө гэдэг цаанаасаа л заяадаг юм шиг байна гэсэн бий.
Бас чөлөөт, жүдогоор нэг үед, одоо ч Увсынхан л дөнгүүр яваа гэдгийг хэлдэг. Нэрээ ч олимпийн хүрэл медальт, улсын начин Т.Артаг, мөн олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баатаржав нарын олон алдартнууд Тэсээр овоглодог юм билээ. Увсаас төрсөн үндэсний бөхийн аваргуудыг нэрлэх ч илүүц биз. Олон түмэн даанч андахгүй. Монгол Улсын далай даян дархан аварга, дэлхийн бөхийн од, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх гээд л эхэлнэ. Тэгвэл сүүлийн жилүүдийн улсын баяр наадмын манлай бөхчүүд голдуу Увсаас төрж буйг олон хүчин зүйлтэй холбон хэлж болох юм. Түүний нэг нь улсын заан Д.Бумбаярын хичээл зүтгэл их нөлөөтэй байгаа юм. Аймгийн арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Н.Батсуурь нар улсын баяр наадамд түрүүлэхэд сэтгэл нь хамгийн их огшсон хүний нэг Бумбаяр заан. Аргагүй л юм. Увсынхан бэлтгэлдээ гарахаар нэг л өөр. Хаширууд нь ихийг заадаг. Бас наадамд барилдах арга тактикийг нь хүртэл боловсруулдаг гэдэг. Тэгэхээр Увсынханд өвөрмөц нэг “школь” байнаа даа. Тэр дотор заан Бумбаярын арга барил, заавар зөвлөгөөний хүч их.
Өнөө үед эдний сумаас өвөрмөц сайхан барилдаж байгаа бөхчүүдийн тоонд улсын харцага Т.Баасанхүү, цэргийн арслан Б.Ганзориг нар бий. Тэд Бумбаярыг багш гэдэг. Мөн “Алдартан” бөхийн клуб байгуулж 100 гаруй хүүхэд бэлтгэл сургууль хийлгэдэг. Сүүлийн жилүүдэд улсын аварга шалгаруулах тэмцээнээс тус клубынхэн тогтмол медаль авдаг болсон байх юм. Улсын хүчтэй заан д.Бумбаярт Тува улс гавьяат тамирчин цолоо хүртээсэн. Тэгвэл одоо Монгол Улс гавьяат дасгалжуулагч цолоо хайрлах л үлдэж. Түүний амжилтын тухай нэхэн саная л даа.
Хүүхэд байхаасаа барилдаж эхлээд 1981 онд Ардын хувьсгалын 60, Увс аймаг байгуулагдсаны 50 жилийн ойн наадмын хүүхдийн барилдаанд үзүүрлэснээс хойш 35 дахь жилдээ барилдаж яваа хүн. Аав, ижийгийн хоёр талын бөхийн удамтай гэдэг. Барилдаж эхэлснээсээ 20 жилийн дараа улсын цолонд хүрсэн гэхээр бас нөрүүхэн замнал харагддаг. Бөхийн “Шонхор” сургуульд элсэхийг хүссэн өргөдөлдөө Бумбаяр “Би улсын заан болно” гэж бичсэн юм билээ. Бас л ирээдүйгээ зөгнөсөн том амлалт байгаа биз. Тэгээд 1993 онд улсын баяр наадамд Х.Баянмөнх аваргаар тав давж улсын начин болсон бол 2001 онд тавын даваанд аймгийн арслан Ж.Ганзоригийг, зургаад цэргийн арслан Б.Бадам-Очирыг орхиод долоогийн даваанд улсын заан Б.Гантогтохыг өвдөг шороодуулан наймд үлдэж улсын заан цол хүртсэн юм. Түүнээс хойш гурван удаа тав, нэг удаа зургаа давсан амжилт бас бий.
Бумаа зааны нэг сайхан шинж нь чин шударгыг эрхэмлэдэг нь. Бөхийн найраа сүүлийн жилүүдэд улаан цайм хийгддэг болсныг эрс буруушааж байна лээ. Ялангуяа аймгийн наадмуудад илт харагдах болсныг. Одоо заан барилдаанд зодоглох нь ховордож хөлийн цэцээр ажиллаж байгаа.
-Үзэгчид дэвжээ рүү ундааны сав шидэж байгааг юутай холбож ойлгох вэ? гэсэн асуултад тэр хариулахдаа:
-Үзэгчдэд савтай ундаа зарахгүй гэдэг гол нь биш л дээ. Гагцхүү хөлийн цэц, засуулууд бөхийн унаа, давааны шийдвэрийг зөв гаргах нь л чухал юм шүү дээ. Сүмогийнхон шиг барилдааныг зөв шүүж байвал хэн юу шидэх юм бэ гэж байсан.
Басхүү бөхдөө хайртай монголчуудыг эмзэглүүлж байгаа нэг зүйл байдаг нь сэргээш гэдэг асуудал. Тэгвэл энэ тухайд Бумбаяр заан өөр санаа бодолтойгоо шударгаар хэлсэн байгаа. Үндэсний бөх зөвхөн монголчуудын л баяр наадам. Олон улс, тив дэлхийн чанартай спорт биш. Тиймээс монгол бөхөд сэргээшийн шинжилгээ гэдэг юм илүүц юм санагддаг. Сэргээш гэдэг зүйлээс болж бөхийн нэр хүнд унаж байна. Ер нь сэргээш ийм хор нөлөөтэй гэдгийг тайлбарлахад л хангалттай санагддаг гэж шуудхан хэлсэн үгс бас Бумаа зааных. Энэ санаа бодлоосоо одоо ч хувираагүй яваа биз ээ тэр.
Д.НАДМИД

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Zochin99 (April 05, 2017 11:41:50 am )

    Баянаа аварга чинь Хяргасаар овоглодог шүү, мэбэж бичээч

antalya rent a car