
Энергийн ундааны эерэг талууд
Энэ төрлийн ундаанууд хүнийг цовоо сэргэлэн болгож, оюуны чадавхийг сайжруулан сэтгэл санааг нь дээшлүүлдэг. Энергийн ундаа нь дотроо 3 төрөлд хуваагддаг тул хүмүүс өөртөө тохирсныг худалдан авч болно. Зарим төрөл нь кофеиний найрлагатай байдаг бол зарим нь амин дэм, нүүрстөрөгчийн хольцтой байдаг. Кофеиний найрлагатай энергийн ундааг туйлын хөдөлмөрч, өдөр шөнөгүй сурч, ажиллаж байдаг хүмүүс хэрэглэхэд их тохирожтой гэнэ. Харин амин дэм болон нүүрстөрөгч агуулсан энергийн ундаануудыг биеийн тамираар хичээллэдэг хүмүүс уувал зохилтой аж. Нэг аяга кофений үйлчилгээ 1-2 цаг байдаг бол энергийн ундааных 3-4 цаг байдаг аж. Үүнээс гадна энергийн бараг бүх төрлийн ундааг хийжүүлсэн байдаг учир хүний биед түргэн хугацаанд үйлчилж чаддаг нь кофеноос ялгарах чухал хүчин зүйлд тооцогддог байна. Мөн кофе, цайг бодвол энергийн ундаанууд эвтэйхэн савалгаатай учраас хаана ч, хэдийд ч хэрэглэхэд тохиромжтой байдаг гэсэн давуу талуудтай.
Сөрөг талууд
Энергийн ундаанууд эерэг үйлчилгээтэй мэт боловч сөрөг талуудтай аж. Юун түрүүнд, энэ төрлийн ундааг өдөрт 2 лаазаас илүү хэтрүүлж болдоггүй юм байна. Зарим эмч бол бүр 1 лаазаас хэтрүүлж болохгүй гэж сануулсан нь ч бий. Хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээг өсгөхийн сацуу даралт ихэсгэдэг аюултай аж.
Энэ төрлийн ундааг Франц, Дани, Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг бөгөөд эмийн төрөлд багтаан үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалахыг зөвшөөрдөг байна. Өнгөрөгч сард ОХУ-ын Төрийн Думын гишүүд ч энергийн ундааг хориглох тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Харин өнгөрөгч оноос Шведэд энэ ундааны улмаас хүмүүс нас барсан байж болзошгүй хэмээгээд үхлийн шалтгааныг шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, нэгэн үдэшлэг дээр энэ ундааг архитай хольж ууснаас 3 залуу нас барсан аж. Харин Ирландын сагсан бөмбөгийн 18 настай тамирчин Росс Куни энергийн ундаанаас 3 лаазыг уугаад тэмцээний талбай дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан.
Энергийн ундаан доторх амин дэмүүд монголчуудын хэлж заншсанаар витаминий комплексийг орлож чадахгүй гэнэ.
Зүрх судасны өвчтэй болон даралт багатай эсвэл даралт нь ихэсдэг хүмүүст тохиромжгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд огт хэрэглэж болохгүй аж. Бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн энэ ундаанаас зайлсхийх ёстой гэнэ. Учир нь глюкоз, кофеиний агууламжтай энергийн ундаанууд залуу бие махбодид тун хортой гэж үздэг байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.